Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 29

 

 

У.Ё-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай     

                                                                                                                                                                                       Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: Б.Мөнгөнтуяа,

            Хохирогч: Б.У /цахим/,

            Хохирогчийн өмгөөлөгч: Ө.Өлзиймаа /цахим/,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Т.Урангоо,

            Шүүгдэгч: У.Ё,  

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ууганбаяр нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/44 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч У.Ё-д холбогдох, эрүүгийн 1919003290014 дугаартай, 2 хавтас, 264 хуудас бүхий хэргийг шүүгдэгч У.Ё, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо нарын гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, У.Ё-д холбогдуулан Дорноговь аймгийн прокурорын газрын прокурор Б.Мөнгөнтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Шүүгдэгч У.Ё нь 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Шанд плаза” зочид буудалд архидан согтуурч, хохирогч Б.У-г зодсоны улмаас баруун нүдний шиллэг биеийн гоожилт, хоёр нүдний хараагүйжүүлэлт гэмтэл учирч түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч У.Ё-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Ё-г 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч У.Ё-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 48 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцон 6 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 7 жил 6 хоногийн хугацаагаар тогтоож, 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан У.Ё-н цагдан хоригдсон 75 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Ё-д оногдуулсан 7 жил 6 хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч У.Ё-с 2 000 000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Уд олгож,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч Б.У нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 150 000 000 төгрөг, бусад зардлын 3 628 130 төгрөгийг нотлох баримтаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Ё-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...У.Ё нь хэргийн мөрдөн байцаалтын шатнаас эхлэн өөрийн үйлдэлдээ гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч, хохирогчид тухайн үедээ эмнэлэгийн болон бусад тусламж үзүүлсэн тухайгаа мэдүүлдэг. Энэ нь түүний хавтаст хэрэгт авагдсан сэжигтэн, яллагдагчийн мэдүүлэг болон шүүх хуралдаанд хохирогч Б.Уы өгсөн мэдүүлгээр тогтоогддог. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2, 1.5 дахь хэсэгт заасны дагуу гэм буруугийн талаар анхнаасаа маргаагүй, мөн 2 000 000 гаруй төгрөгийн хохирлыг хохирогчид барагдуулсан болох нь хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал юм. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгчээс хохирол төлбөрт 2 000 000 төгрөгийг хохирогч авсан талаар шүүх хуралдаанд маргаагүй ч хор уршгийг арилгасан гэж үзэх үндэслэлгүй гэж үзсэн. У.Ёаас хохирогчид тодорхой хэмжээний хохирлыг барагдуулсан. Хор уршгийн тухайд шүүгч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасны дагуу иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсан. Өнөөдрийг хүртэл шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулан шийдвэрлэж байгаа байдлыг авч үзвэл тодорхой, нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэхүйц баримтыг хохиролд үнэлэн түүнийг гаргуулахаар шийдвэрлэдэг. Гэвч яг ямар хохирлоос нотлох баримт гэж үзэн 2 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд У.Ёын хувийн байдлыг хэрэгт авагдсан нотлох баримт болох шийтгэх тогтоолуудаас харахад хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгт удаа дараа ял шийтгүүлж байсан ба эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх зохицуулалтыг хэрэглэх үндэслэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсонгүй гэжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан Шударга ёсны зарчмын дагуу нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна гэх заалтыг хэргийг шийдвэрлэхдээ анхаарч үзсэнгүй, мөн түүнд ял шийтгэлийг хөнгөрүүлж үзэх үндэслэл бий хэмээн дээр дурдсан. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх , түүнийг нийгэмшүүлэхэд оршдог. Гэтэл У.Ёыг гэм буруутай болохыг тогтоосны дагуу улсын яллагчаас 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр санал гаргахад хохирогчийн өмгөөлөгч 8 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх санал гаргаж, анхан шатны шүүхээс 7 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь уг эрүүгийн хариуцлагын зорилго алдагдаж, тухайн этгээд нийгэмших, хохирогчийн цаашид гарах хохирлыг төлж барагдуулах зэрэг боломжгүй байдал бий болгож байна. Иймд анхан шатны шүүхээс У.Ё-д оногдуулсан ялыг улсын яллагчийн гаргасан санал дүгнэлтийн дагуу хугацаа, дэглэм зэргийг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч У.Ё давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үндэслэлгүй бичиг баримт бүрдүүлж надаас хохирол нэхэмжилсэн байна. Надад 7 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр ял оногдуулчихаад 150 000 000 төгрөг нэхэмжлээд байдаг. 7 жил хаалттай хорих байгууллагад суучихаад гарч ирээд 150 000 000 төгрөгийг төлөх юм уу, ямар учиртай юм бэ, би сайн ойлгохгүй байна. Надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

 

Хохирогч Б.У давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би гомдолтой байна. Үргэлж хүний асаргаанд байна. Ах дүү нарыгаа хүртэл үргэлж дарамтанд байлгаж байна...” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүгдэгчийн хувийн байдал гэмт хэрэг үйлдсэн аргыг харгалзан үзээд 7 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үнэн зөв дүгнэлт өгсөн хууль ёсны шийтгэх тогтоол болсон гэж үзэж байна. Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад өөрийн гэмт хэрэг үйлдсэн арга хэрэгслийг Б.Уы нүүрэн тус газарт 1 удаа цохисон гэж мэдүүлдэг. Гэтэл хохирогч шүүх хуралдаанд намайг цохиогүй би согтоод орон дээр унтаж байсан болохоор муудалцах ямар ч үндэслэл байхгүй, миний 2 нүдэнд хуруугаа хийж хүчтэй өвтгөсний улмаас би тэмцээд газарт унасан. Миний 2 нүд дахин сэргэх хараагүй болтлоо би хохирсон гэж мэдүүлэг өгсөн. Шүүгдэгч нь хэргийн үйл баримтаа үнэн зөв мэдүүлдэггүй, хохирогчийг насан туршид нь хараагүй болгох хэргээ үйлдэхээсээ өмнө хүний амь насыг хөнөөж байсан. Миний үйлчлүүлэгчийн 2 нүдийг хараагүй болгочихоод 2 000 000 төгрөг нэхэмжилж байгаатай маргаж байгаа зэрэг нь одоо болтол хийсэн хэрэгтээ гэмшээгүй байна гэсэн байдал харагдаж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна...” гэв.

 

Прокурор Б.Мөнгөнтуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Уг гэмт хэрэг нь 2018 онд үйлдэгдсэн байдаг. Хохирогч шүүгдэгч нарын харилцан тохиролцсоноос болоод энэ гэмт хэрэгт жил гаруй хугацааны дараа мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байдаг. Мөрдөн шалгах ажиллагаа явуулахад хохирогч нь хараагүй болж эргэж сэргэх боломжгүй болсон хор уршгийн хувьд эд эрхтнээсээ хагацсан хор уршиг учирсан. Хэрэг шалгах явцад шүүгдэгчийн хэрэгт хандаж байгаа хандлага, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийн санаачилгаар дуудахад ирээгүй цагдаагийн албан хаагч өөрөө очиж авсан. Зарим мөрдөн шалгах ажиллагааг харьяаллын бус даалгавраар хийлгэх зэргээр хэргийг шалгах гэж нилээдгүй хугацаа зарцуулсан. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид давхар хувийн байдлыг нь харгалзан үзээд 7 жилийн хорих ял оногдуулж, хаалттай хорих байгууллагад ялыг эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй юм. Анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагч 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан хэдий ч прокуророос шийтгэх тогтоолыг хүлээн авч зохих ёсны дээд шатны прокурортой хэлэлцэн ял нь тохирсон байна гэж үзсэн учраас эсэргүүцэл бичээгүй. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийн хувьд тохирсон гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч өмгөөлөгчтэй оролцоод 150 000 000 төгрөг нэхэмжилсэн байдаг. Шүүх хуралдаан эхлэхийн өмнө 5 628 130 төгрөгийн баримтуудыг шүүхэд ирүүлсэн байгаа. Энэ баримтуудыг шинжлэн судалж үзээд шүүхээс 2 000 000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэсэн. Хохирогчийн хувьд хэзээ ч эргэж сэргээгдэхгүй хараагүй болж, харах эрхтнээсээ салсан хор уршиг учирсан. Энэ үйл баримтуудыг үнэлээд шүүх 2 000 000 төгрөгийг нэмж гаргуулахаар шийдвэрлэсэн. Бусад нэхэмжлэлтэй холбоотой 3 628 130 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэгэнт хор уршиг тодорхой учраас цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй орхиж шийдвэрлэсэн. Хэргийг цагдаагийн байгууллагад мэдэгдэхээс өмнө шүүгдэгч нь хохирогчийг эмнэлгийн байгууллагад үзүүлсэн байдаг. Үзүүлж байх хугацаанд 2 000 000 төгрөгийн зардал гарсан гэдэг. Хохирогч нь байнгын хүний асаргаанд байдаг, эмнэлгийн хяналтанд байдаг гэдэг нь тогтоогдсон. Иймд 2 000 000 төгрөгийг гаргуулах нь үндэслэлтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны болсон гэж үзэж хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/44 тоот шийтгэх тогтоолтой хэргийг давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцээд тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Учир нь: Шүүгдэгч У.Ё, түүний өмгөөлөгч Т.Урангоо нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд бичигдсэн асуудлуудад хязгаарлагдалгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар тухайн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх ба мөрдөн байцаалт, прокурор болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч У.Ё нь 2018 оны 11-р сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3-р багт байрлах “Шанд плаза” зочид буудалд архи ууж согтуурсан үедээ хохирогч Б.Уы 2 нүд рүү гараа хийж гэмтээсний улмаас хохирогчийн 2 нүд хараагүй болсон болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 09-р сарын 22-ны өдрийн 02/0446 тоот шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 35-36/, хохирогч Б.Уы /1-р хх-ийн 64-65, 88-89/ болон гэрч Б.Ариунжаргал /1-р хх-ийн 70-71/, Д.Сайнбилиг /1-р хх-ийн 86-87/, Г.Батсайхан /1-р хх-ийн 89-90/, Г.Хандсүрэн /1-р хх-ийн 91-93/, С.Ариунболд /1-р хх-ийн 94-95/, С.Отгонбаяр /1-р хх-ийн 96-97/, Б.Өлзийдэлгэр /1-р хх-ийн 98-100/, Д.Энхбаяр /1-р хх-ийн 151-154/ нарын мэдүүлгүүд зэргээр тус тус тогтоогдсон ба шүүгдэгч хохирогчийн нүүр рүү гараараа цохисон гэж гэм буруугаа мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрдөг болно.

 

Эдгээр нотлох баримтууд нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан баримтат мэдээллүүд байна.

 

Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгчийг хавтаст хэргийн материалтай танилцуулсан, хохирогчид танилцах боломж олгосон боловч биеийн эрүүл мэндийн байдлаас болоод танилцахгүй гэсэн ба тэдний зүгээс хэргийн талаар нэмж шалгуулах санал, хүсэлтийг гаргаагүй байна.

 

            Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч У.Ёыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн ба шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна.

 

            Шүүгдэгч хохирогчийн 2 нүд рүү гарын хуруугаа хийсний улмаас хохирогчид баруун нүдний алимны доргилт, эвэрлэгийн урагдал, шиллэг бие доторх цус хуралт, зүүн нүдний шиллэг биеийн гоожилт, 2 нүдний хараагүйжилт гэмтэл үүссэн нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.1-д зааснаар хоёр нүд бүрмөсөн хараагүй буюу нүдний хараа 0.04 ба түүнээс доош буурах буюу гэмтлээс үүссэн үлдэц уршиг бий болсон, хохирогчид учирсан гэмтэл нь уг журамд үндэслэж гарсан шүүх эмнэлгийн шинжээчийн 02/0446 тоот дүгнэлт /1-р хх-ийн 35-36/, хөдөлмөрийн чадварыг 100 хувь алдсан тухай Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 0226316 тоот шийдвэр /1-хх-ийн 218/ зэргээр тогтоогдсон,

 

            Шүүгдэгч нь архи ууж согтуурсан үедээ хохирогчийг согтоод унтсан байх үед нь 2 нүд рүү нь гарын хуруугаа хийж 2 нүдийг зориуд гэмтээж хүнд хор уршигт хүргэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол” гэсэн гэмт хэргийн шинжид тус тус нийцсэн байна.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт “арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр заасан ба анхан шатны шүүх хохирогчийн гомдолтой байгаа байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгчид 7 жилийн хорих ялыг оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх “Шударга ёсны зарчим”-д нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүхээс үзсэн.

 

            Шүүгдэгч У.Ё Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08-р сарын 01-ний өдрийн 301 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн боловч уг ялаас 48 цагийн ялыг эдэлж дуусаагүй байсныг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2-д заасныг тус тус баримтлан нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногийн хорих ялаар тооцож 6 хоногийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 7 жилийн хорих ялд нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 7 жил 6 хоногоор тогтоосон нь үндэслэлтэй зөв болсон.

 

            Хохирогч Б.Уаас анхан шатны шүүхэд Сэлэнгэ, Дархан, Улаанбаатарын хооронд явсан замын зардал, байрны түрээсийн төлбөр, ус, дулаан, цахилгаан хэрэглээний зардал болон хоол хүнсний зардалд 5 628 130 төгрөг, цаашид амьдрах амьжиргааны зардалд 150 000 000 төгрөгийг тус тус шүүгдэгч У.Ёаас гаргуулахаар нэхэмжилснээс анхан шатны шүүх 2 000 000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар шийдвэрлүүлэх эрхийг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй бөгөөд шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч 100 хувь хөдөлмөрийн чадвараа алдаж байнгын хүний асрамжинд байх шаардлагатай болсон нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна.

 

            Эдгээр үндэслэлүүдээр шүүгдэгч У.Ё, түүний өмгөөлөгч Т.Урангоо нарын гаргасан шүүгдэгчид улсын яллагчийн ялын саналаас илүү ял оногдуулсныг багасгах, 2 000 000 төгрөгийн хохирлыг үндэслэлгүйгээр гаргуулахаар шийдвэрлэсэн зэргийг зөвшөөрөхгүй гэсэн үндэслэлүүдээр бичсэн давж заалдах гомдол үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3,  39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/44 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч У.Ё, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч У.Ёын цагдан хоригдсон 55 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

 

                                                ШҮҮГЧИД                                   Н.БОЛОРМАА

 

                                                                                                    А.САЙНТӨГС