Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2020/0502/3\Н |
Дугаар | 128/ШШ2021/0119 |
Огноо | 2021-01-09 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 128/ШШ2021/0119
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч: С ХХК, Ц ХХК,
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/788 тоот захирамжийн С ХХК болон Ц ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, нэхэмжлэгч Ц ХХК-ийн төлөөлөгч Б.А нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ш.А, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. гэв.
Нэхэмжлэгч Ц ХХК-ийн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. гэв.
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ш.А шүүх хуралдаанд гаргасан тайлбар, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Миний бие нэхэмжлэгч нарын өмгөөлөгчөөр оролцож байна. Энэ хэрэгт оролцож байхад 2 нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага нь адилхан байгаа. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А\788 тоот тушаалын нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. С ХХК-ийн хувьд 2002 оны 05 дугаар сарын 14-ний өдөрт 30 жилийн хугацаатайгаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон ба олгогдсон тусгай зөвшөөрлийн дагуу тоосгоны үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
Ингэж үйл ажиллагаа явуулахдаа Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль болон бусад хуульд заасан бүх шаардлагын дагуу үйл ажиллагаа явуулдаг байсан.
Мөн хуульд заасны дагуу татвар болон нэмэлт даатгалыг холбогдох татвар төлж ирсэн. Байгал орчин, аудитын газрын төлөв байдал, агаарын болон хөрсний шинжилгээ, дуу чимээ, зэргийг тогтмол хэмжүүлэн зохих стандартад байгаа эсэх талаар магадлуулж ирсэн. Жил бүрийн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтуудад хамрагдан үр дүн нь хууль дүрэмд нийцүүлэн ажиллагаагаа явуулдаг тухай шаардлагуудыг авч, өгсөн зөвлөмжийн дагуу хэрэгжүүлэн ажилладаг компаниуд юм.
2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийсэн. Тухайн хяналт шалгалтын дүгнэлтээр холбогдох хуулийн заалтуудыг биелүүлж ажиллаж байна гэж гарсан буюу 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар ямар нэгэн зөрчилгүй гэдэг дүгнэлт гаргасан.
Гэтэл Нийслэлийн Байгал орчин, аялал жуулчлалын газраас 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр тус газрын улсын байцаагч нь нэхэмжлэгч нарт сонсгох ажиллагаа хийлгэх бичиг үзүүлээд Нийслэлийн Засаг даргын 2019 оны иргэдийн аюулгүй байдал орчны хангахад чиглэсэн 5 дугаар албан даалгаврыг хэрэгжүүлэхээр ажилласан талаар иргэдийн эрхийг хангахаар суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулж буй түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалж дуусгавар болгох гэж байгааг мэдэгдэж сонсгох ажиллагаа хийж байна гэх тайлбар тавьсан байдаг.
Үүнтэй нэр бүхий 5 байгууллага танилцаад үүнд нэхэмжлэгч нар орж байгаа. Эдгээр нэр бүхий 5 байгууллагууд нь 2020 оны 6 дугаар сарын 07-ны өдөр үйл ажиллагаа тус бүсэд суурьших иргэдэд саад болж байгаа талаар хэзээ хэрхэн яаж тогтоосон талаар мэдээлэл гаргаж өгөх, ямар үндэслэлээр цуцалж байгаа талаар тайлбар хүсэлт өг гэж хүсэлт өгсөн байдаг. Энэ тайлбарыг хүлээж аваагүй учир 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 09 тоот албан бичгээр нэр бүхий 5 байгууллага нь дундаа нэг өмгөөлөгч аван, тус өмгөөлөгч нь Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу тайлбар гаргасан. Ямар нэгэн хариу өгөхгүй байж байгаад 06 дугаар сарын 22-ны өдөр цуцалсан шийдвэр гаргасан.
Энэ цуцалсан шийдвэрийг танилцуулахдаа 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын захирамжийг гардуулсан. Захирамжийн агуулга нь Сонгино-хайрхан дүүргийн 6,7,8,11,12 дугаар хорооны нутаг дэвсгэрт олборлож тоосго үйлдвэрлэлт эрхэлдэг аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа нь хамгийн чухал нь хүн амын эрүүл мэнд аюултай байдал бий болгож байгаа учир цуцалсан шийдвэр гарсан байдаг. Хүн амын эрүүл мэндэд аюултай нөхцөл байдал бий болгож байгаа гэсэн ганцхан үндэслэлээр цуцалсан.
Энэхүү захиргааны акт нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 37 дугаар зүйлийн 37.1.2, 37.1.4-т тус тус заасан болоод мөн Захиргааны ерөнхий хуульд заасан заалтуудыг тус бүр хангахгүй байна гэж үзээд Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т Аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 37.1.1-37.1.4-т заасан цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана гэж заасны дагуу мэдэгдээгүй. 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр цуцлаад үүнийгээ 06 дугаар сарын 22-ны өдөр мэдэгдсэн байдаг. 20 хоногийн дараа мэдэгдсэн гэсэн үг.
Захиргааны ерөнхий хуульд заасан сонсгох ажиллагаа түүнд тавигдах шаардлагууд мөн зөрчигдсөн. Ямар агуулга байдаг вэ гэхээр үндэслэл бүхий тайлбар болон нотлох баримтуудыг өгсөн боловч хүлээж авах юм уу үгүй гэдэг хариу тайлбарыг өгөөгүй.
Мөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-37.1.4-т заасан тусгай зөвшөөрлүүдийг цуцлах хууль зүйн боломж буюу үндэслэлүүд хангагдахгүй байсан. Өөрөөр хэлбэл өнөөдөр нотлох баримтаар өгсөн орчны шинжилгээ, дуу авиа болон тоосжилтын шинжилгээг Монгол улсын хууль дүрмийн дагуу буюу нормдоо байсан. Дээрээс нь 06 дугаар сарын 02-ны өдөр буюу акт гарах өдөр Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гарсан байдаг. Энэ дүгнэлтээр С ХХК-ийн хувьд зөрчилгүй тухай дүгнэлтүүдийг гаргасан байдаг.
Жишээлбэл 2012 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлт нь 10 бүхий хүчин зүйлүүдээс 93.2 хувьтай буюу хангалттай үнэлгээтэй дүгнэгдсэн байгаа. 2019 оны үнэлгээ 94.2 хувийн үнэлгээгээр хангалттай гэж дүгнэгдсэн байна. Энэ хүчин зүйлүүдэд юу ордог вэ гэхээр нөхөн сэргээлт, химийн бодисын эрсдэлийн менежмент, хог хаягдлын менежмент, орчны хяналт шинжилгээ төлөвлөгөөний биелэлт гэх мэт актад дурдагдсан эрүүл мэнд аюулгүй байдал, хортой нөхцөл байдал үүссэн эсэх талаар дүгнэлт гардаг. Энэ бүх нөхцөл байдлууд нь дүгнэгдэж хангалттай сайн гэдэг дүгнэлт гарсан. Мөн шүүхээс үзлэг хийсэн Шүүхээс үзлэг хийхэд хүн амын аюулгүй байдал хортой нөхцөл байдалд байгаа эсэх талаар тогтоогдоогүй гэж ойлгож байна.
Нэхэмжлэлийн үйл баримт агуулгын хувьд хууль зүйн үндэслэлийн хувьд ижилхэн ба Ц ХХК-ийн хувьд тодруулах хэдэн зүйл байгаа. Энэ нь 2018, 2019 болон 2020 онуудын дүгнэлт хэрэгт авагдсан. Өнөөдрийн өгсөн баримтуудаар Байгаль орчин, хэмжил зүйн лабораторийн өгсөн бичгээр 05 дугаар сарын 26-ны өдөр сорьц авахад Монгол улсын стандартад нийцсэн үйл ажиллагаа явуулдаг байсан нь тогтоогдсон.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 болон 4.2.5-т зааснаар тухайн акт арахдаа хууль зүйн үндэслэлтэй байх ёстой. Тэр үндэслэл нь бодит нөхцөл байдалтай нийцэж байх ёстой. Бодит нөхцөл байдал юуг илэрхийлж байна гэхээр дурдаж байгаа нөхцөл байдлууд нь Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль дүрмийн стандартад байна. Хууль ёсны байгууллагуудад нь тайлан тооцоогоо гаргаж өгөн хэвийн үйл ажиллагаа явуулж байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэж хүсэж байна.
Захиргааны актын гол үндэслэл нь иргэдийн амьдрах нөхцөлд аюултай байгаа гэдэг нь хэрхэн хангагдаж байгаа юм гэдэг талаар шүүх хуралдаан тойрч ярилцлаа. Хариуцагчийн зүгээс тайлбар байгаагүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол үүнийгээ тайлбарлах, нотлох баримтуудаа бүрэн гаргаж өгөх үүрэгтэй. Энэ хүрээнд Захиргааны байгууллага яг иргэдийн аюулгүй байдалд яаж халдаж байгаа нь түүнийг хэн тогтоосон юм гэдэг талаар тайлбарлагдах ёстой байсан болов уу. Гэвч нэхэмжлэгч нарын хэрхэн хууль дүрэм нийцүүлэн үйл ажиллагаа явуулж ажилладаг байсан тухай дүн тоотой тодорхой баримттайгаа бид ярилаа.
Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-ийг үндэслэсэн гэж байна. Тус заалт нь мөн эрүүл мэндэд хэрхэн яаж халдаж байгаа талаар үйл баримтыг нотлох ёстой. Материаллаг хуулийн хувьд ч тэр процессын хуулийн хувьд ч тэр аль аль байдлаар өнөөдөр хариуцагч гаргаж ирж ярьсангүй.
Бодит байдалд хугацааны хувьд ч гэсэн асуудал байгаа. 06 дугаар сарын 02-ны өдөр цуцлаад 06 дугаар сарын 19-ний өдөр үйл явдал болоод байгаа. Ямар нэгэн хууль дүрэм зөрчөөгүй байсан талаараа гомдлоо буюу урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар өгсөн боловч хариу ирүүлээгүй. Ингээд 06 дугаар сарын 22-ны өдөр албан ёсоор шийдвэрийг өгсөн. Үүнд нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн дагуу 10 хоногийн дотор мэдэгдэх үүргээ захиргааны байгууллага нь зөрчсөн байдаг. Захиргааны ерөнхий хуульд зааснаар мэдэгдэх үүргээ зөрчсөн бол хүчин төгөлдөр акт гэж үзэхгүй талаар зохицуулалт байгаа. Цаг хугацааны хувьд ч гэсэн акт хууль зүйн шаардлага хангахгүй.
Акт зорилгодоо нийцсэн тусгай шаардлага, зарчим байгаа. Энэ нь нэхэмжлэгч нарын хувьд хангагдаагүй. Хамгийн чухал нь Захиргааны ерөнхий хуульд заасан итгэлийг хамгаалах зарчим хөндөгдсөн гэж үзэж байгаа. Шалгадаг дүгнэлт гаргадаг, Мэргэжлийн хяналтын байгууллага нь 06 дугаар сарын 02-ны өдөр шалгалт явуулаад 06 дугаар сарын 03-ны өдөр зөрчилгүй гэдэг дүгнэлт өгсөн байдаг. Ийм байхад үндэслэлээ батлах баримтгүйгээр шийдвэр гаргасан байдаг. Үүнийгээ ч гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өнөөдөр иргэдийн хүсэлтийн дагуу гэж тайлбарлаж байна.
Нэмж хэлэхэд 2020 он, 2005 он, 2007 онд энэ байгууллагууд энэ үйл ажиллагаа явуулж байхад иргэд амьдарч байсан ч суурьшлын бүс болоогүй байсан. Бодит байдалд тус газарт амьдарч байсан хүмүүстэй хамтран ажиллаад, байгууллагатаа авч ажиллуулдаг байсан. Цаг хугацаа, процесс, хууль зүйн үндэслэлийн хувьд акт нь зөрчилтэй байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг дарга 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 788 тоот дугаар захирамжаар холбогдох байгууллагуудын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгохдоо Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн сайдаас ирүүлсэн албан бичиг болон Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ирүүлсэн хүсэлтийн дагуу судалгаа хийж, тусгай зөвшөөрлийг нь цуцалсан. Тусгай зөвшөөрлийг нь цуцлахдаа газар дээр нь очиж холбогдох хүмүүстэй нь уулзаж цуцлах гэж байгаа нөхцөл байдлыг нь танилцуулсан. Сонсгох ажиллагааны дараа суурьшлын бүсэд орсон аюулгүй байдал, амьдрах эрхийг нь хангахаар тус үйлдвэрүүдийн эрх ашгаас илүүтэйгээр иргэдийн эрх ашгийг илүү гэж үзсэн учир тусгай зөвшөөрлүүдийг дуусгавар болгосон.
Газрын хэвлийн тухай хуульд заасан Нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд тусгай зөвшөөрлийг цуцалсан байдаг. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай буюу шавар олборлох нь газрын хэвлийд явагдаж байгаа үйл ажиллагаа тул үүнээс үүдэн Газрын хэвлийн тухай хуулийн хүрээнд цуцалсан байдаг. Энэ Сонгинохайрхан дүүргийн тус хорооны иргэдээс 2013 оноос хойш хүсэлт ирүүлсээр ирсэн ба энэ тухай баримтууд хавтаст хэрэгт авагдсан. 2013 оноос иргэдийн аюулгүй эрүүл орчинд амьдрах эрх нь зөрчигдөж байсан гэж ойлгож болно. Тухай бүр Нийслэлийн Засаг даргаас тусгай зөвшөөрлийг цуцлах боломжгүй нөхцөл байдал байсан ба судалсаар 2020 онд иргэдийн хүсэлтийг үндэслэн гаргасан шийдвэр юм.
2017 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар суурьшилтын бүсийг тогтоосон. Тус найрамдлын шаврын ордууд нь бүгд суурьшлын бүсэд багтаж байгаа. Тиймээс иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах нь зүйтэй гэдэг үндэслэлээр энэ шийдвэрийг гаргасан байдаг. Иймд Нийслэлийн Засаг дарга нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд цуцлах шийдвэр гаргаж өгсөн гэж үзэж байна.
2014 онд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тус хорооны холбогдох иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулсан ба тухайн тэмдэглэл нь хавтаст хэрэгт авагдсан. Иргэд ямар орчинд ямар байдалтай байгаа нь тодорхой харагдаж байна. Тоосгоны үйлдвэрлэл явуулна гэдэг нь тодорхой хэмжээний дуу чимээ гаргана. Иймд иргэдийн эрүүл аюулгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах үндсэн эрх нь зөрчигдөж байна гэж үзэж байгаа. Магадгүй сорьцын шинжилгээг тоосгоны үйл ажиллагаа явуулах үед нь авсан бол өөр гарч магадгүй. Шүүхийн үүнийг харгалзан үзнэ үү. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С болон "Ц" ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/788 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
С ХХК нь Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу нэртэй газар 30 гектар талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах MV-004405 тусгай зөвшөөрлийг 2007 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 30 жилийн хугацаатай эзэмших эрхтэй, "Ц" ХХК нь Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу тосгоны шавар нэртэй газар 13 гектар талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах MV-003504 тусгай зөвшөөрлийг 2007 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 30 жилийн хугацаатай эзэмших эрхтэй тус тус болжээ.
Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 сарын 02-ны өдрийн А/788 дугаар захирамжаар нэхэмжлэгч нарын тусгай зөвшөөрлийг ...Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6, 7, 8, 11, 12 дугаар хороодын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа нь хүн амын эрүүл мэндэд аюултай байдал бий болгож байгаа... гэсэн үндэслэлийг дурдаж хүчингүй болгожээ.
Гэтэл нэхэмжлэгч нарын үйл ажиллагааны улмаас тухайн орчны иргэдийн эрүүл мэндэд аюултай байдал үүссэн, эсхүл үүсч болзошгүй болохыг тогтоосон эрх бүхий байгууллага албан тушаалтны дүгнэлт, шийдвэр гараагүй байна.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг доор дурдсан үндэслэлээр цуцална гээд цуцлах үндэслэлийг нэрлэн заажээ.
Дээрх үндэслэлд иргэдийн эрүүл мэндэд аюултай нөхцөл байдал бий болсон гэх үндэслэлийг дурьдаагүй байна.
Харин тус хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3.тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй, байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага дүгнэлт гаргасан; гэжээ.
Хэдийгээр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 02-05-201/1272 дугаар дүгнэлтээр Сонгинохайрхан дүүрэгт шавар олборлогч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд шалгалт хийж, уг дүгнэлтээр нөхөн сэргээлт хийгээгүй үндэслэлээр нэхэмжлэгч нарын тусгай зөвшөөрлийг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-д зааснаар цуцлах үндэслэл бүрдсэн гээд тус газрын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 02-03/3795 тоот албан бичгээр Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч даргад хүргүүлж байсан боловч уг дүгнэлтийг үндэслэж маргаан бүхий захиргааны актыг гаргаагүй байна.
Мөн Газрын хэвлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-д энэ хуулийн 21 дүгээр зүйлд заасан тохиолдолд газрын хэвлийг ашиглах эрхийг хуульд заасан эрх хэмжээнийхээ дотор дуусгавар болгох, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5-д хүн амын эрүүл мэндэд аюултай байдал бий болсон гэжээ.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тус газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн даргын удирдамжаар 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хяналт шалгалт хийж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.С, нийслэлийн Засаг даргын тамгын газраас ирүүлсэн үүрэг даалгаврын дагуу С ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулж 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 02-05-198/775 дугаар дүгнэлтийг гаргаж, дээрх дүгнэлтэд ... Тусгай зөвшөөрөл эзэмшигч С ХХК эрх зүйн баримт бичгийн бүрдүүлэлт хангаж олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5.2, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3, Гамшгаас хамгаалах төлөвлөгөө, Ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрэмд заасныг тус тус биелүүлсэн гэж дүгнэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Мөн маргаан бүхий захиргааны акт гарахаас өмнө буюу 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Цаг уур, орчны шинжилгээний газрын Байгаль орчин, хэмжил зүйн төв лаборатороос агаар, дуу чимээ, хөрсний сорьц авсан бөгөөд нэхэмжлэгч Ц ХХК-ийн үйл ажиллагаа нь MNS 5850:2019,4585:2016 дугаар стандартуудаас бага гэсэн сорьцын шинжилгээ гарчээ.
Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч нарыг иргэдийн эрүүл мэндэд аюултай үйл ажиллагаа явуулсан, үйл ажиллагааных нь улмаас дээрх нөхцөл байдал бий болж болзошгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд хариуцагч нь маргаан бүхий захиргааны актын үндэслэлд дурдсан иргэдийн эрүүл мэндэд аюултай байдал бий болсон гэх үндэслэлээ хуульд заасан үндэслэл журмын дагуу шалган тогтоогоогүй, нотлох баримтын хүрээнд хангалттай нотлоогүй байх тул Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 сарын 02-ны өдрийн А/788 дугаар захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нарын үйл ажиллагаа явуулж буй газар нь Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн А/18 дугаар захирамжаар баталсан Улаанбаатар хотын суурьшлын бүсэд хамаарч байгаа хэдий ч маргаан бүхий захиргааны актад дээрх үндэслэлийг дурьдаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын хэвлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4, 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3, 37 дугаар зүйлийн 37.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч С ХХК, Ц ХХК нарын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/788 дугаар захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид тус бүр төлсөн 70200 төгрөгнөөс 35100, 35100 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт хуваан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ