Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 22

 

Н.О-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Эрдэнбилэг даргалж, шүүгч Н.Энхмаа, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн

2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 146/ШШ2018/00306 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Н.О-н нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Н-д холбогдох

“Хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 20.000.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хариуцагч Б.Н-н гаргасан давж заалдах гомдлоор 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Г.Мөнх-Ундрал, хариуцагч Б.Н, хариуцагчийн өмгөөлөгч П.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Б.Н бид хоёр гэрлэлтээ шүүхээр цуцлуулсан. Бидний дундын өмч болох 00218541 дугаартай, Хархорин сумын Вангийн-Овоо баг, Одын 9-16 тоотод байрлах 120м2 тайлбай бүхий үйлчилгээний зориулалттай, 65000000 төгрөгөөр үнэлэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг хувааж, өөрийн хувь болох 20000000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Уг дундын эд хөрөнгө дөрвөн хүний өмч учир хуулийн дагуу 2 хүүхэд миний асрамжид байгааг үндэслэн дөрөв хуваасны гурвыг нэхэмжлэх эрх надад бий боловч миний бие хүлцэнгүй хандсан. Энэ үл хөдлөх эд хөрөнгийг удаа дараа банкнаас зээл авч барьсан гэжээ.

Хариуцагч Б.Н шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хархорин сумын Вангийн-Овоо баг, Одын 9-16   тоотод   байрлах 120м2 талбай  үйлчилгээний зориулалттай байрыг анх миний ааваас

зарим материалыг гаргуулсан. Одоог хүртэл аавд мөнгийг нь өгөөгүй байгаа. Уг үйлчилгээний зориулалттай байрыг 2008 оноос эхлэн барьж 2012 онд ашиглалтад оруулсан. Би Солонгос улсад ажиллаж байсан. Намайг 2009 онд ирэхэд уг байр баригдаж л байсан. Миний мөнгө болон Н.О зээл авч барьж байсан. Би уг байрны дээд давхарыг дэн буудлын зориулалтаар ажиллуулж байгаа, нэг давхарт зоогийн газрын зөвшөөрөл авахаар хүсэлт гаргасан. Н.О эндээс явахдаа 2 өрөө тавилгатай байраа грашийн хамт зарчихаад явсан. Энэ үл хөдлөх хөрөнгө бол 2 хүүхэд болон миний хөрөнгө. Би 20000000 төгрөгийг Н.Од өгөх боломжгүй...” гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.2, 130 дугаар зүйлийн 130.1, 130.3 дахь хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1 дүгээр баг, Вангийн-Овоо, Одын 9 дүгээр гудамжны 16 тоотод байршилтай, үйлчилгээний зориулалттай 120 м2 талбайтай, улсын бүртгэлийн Ү-1017001015 дугаарт бүртгэгдсэн, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000218541 дугаарын гэрчилгээтэй хамтран өмчлөх дундын үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Б.Н-н өмчлөлд үлдээж, хариуцагч Б.Н-с хамтран өмчлөх дундын үл хөдлөх эд хөрөнгөөс 20000000 /хорин сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.О-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Н-с 257950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.О-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц зохигч, түүний өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргаж болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Н шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгч Н.О-н шүүхэд гаргаж өгсөн материал болон хамтын эзэмшлийн хөрөнгөтэй холбоотой зарим асуудалд өөрөө гэрч болоогүй зэргээс шалтгаалан шийдвэр үнэн байдлаас өөрчлөгдөж гарчээ. Учир нь дан ганц нэхэмжлэгч талын гаргасан худал хуурмаг матеариалд хэт үнэмшиж, түүнийг холбогдох байгууллага газраас нягтлан үзээгүй, өмч хөрөнгийг хамтран эзэмшигчдын санал, тайлбар, нотолгоо авалгүйгээр хүн бүр эрх тэгш байх эрхийг зөрчсөн шийдвэр гарлаа гэж үзэж байна. Нэхэмжлэгч Н.О нь хамтын хөрөнгө болох буудлын барилгыг аавын хамт 2009 оноос 2010 он хүртэл барьж босгосон нь үнэн. Уг барилгыг барих материал дутагдаж байсан учир ааваас зарим матариалыг авсан. Дараа нь дээрх материалыг авч өгөхөөр тохиролцсон. Дээрх материалуудыг ааваас авсныг Н.О өөрөө гэрчилнэ. Анхан шатны шүүх шийдвэрт нотлох баримт байхгүй гэсэн нь учир дутагдалтай байна. Нэхэмжлэгч Н.О нь 2014 онд аймаг орж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авч байсан. Мөн 2014 онд Н.О үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 20000000 төгрөгөөр тогтоолгож байсан. Анхан шатны шүүхийн шийдвэрт байшинг барихаар нэхэмжлэгч зээл авч байсныг нотлох баримттай гэж дурьжээ. Уг байшинг барихад Н.О байшин барих зориулалттай биш бизнесийн зээл авч байсан. Миний аав барилга баригдсанаас хойш бизнес хийхэд нь зориулан 10000000 төгрөгийн зээл авч өгч байсан. Харин миний хувьд Солонгосоос старекс хоёр машин явуулж байсан ба аав машиныг 10500000 төгрөг болон 14500000 төгрөгөөр тус тус зарж Н.О-д мөнгийг нь өгч байсан. Н.О тус мөнгийг барилгын материал болон ахуйн хэрэглээндээ зарцуулсан гэдгийг аав нотолдог. Энэ бүхний баримт нотолгоо Н.О өөрөө билээ. Н.О шүүхээр гэрлэлтээ цуцлуулахдаа 2 өрөө байрыг бүрэн тавилгатай нь зарж мөнгийг нь өөрөө авахдаа чамаас өөр авах эд хөрөнгө байхгүй гээд надтай тохирч надад нэг ч төгрөг өгөлгүй явсан. Энэ 2 өрөө байрыг худалдаж авахад Солонгос улсаас явуулсан суудлын машиныг зарж тухайн байрыг худалдаж авч байсан. Н.О 25000000 төгрөгийн хөрөнгө аваад явсан. Өмнө нь үйлчилгээний зориулалттай 120 м2 талбайтай байрыг 20000000 төгрөгөөр үнэлүүлж байсан мөртлөө одоо дахин үнэлгээ хийлгүүлж 65000000 төгрөг болгосон байна. Миний хоёр хүүхэд манай аав, ээжийн гар дээр өсөж хүмүүжсэн. Иймд 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 306 дугаартай шийдвэрийг хянан үзэж миний гаргасан гомдлыг хүлээн авч хэргийг бодит байдалд нийцүүлэн дахин хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.   

Нэхэмжлэгч Н.О нь хариуцагч Б.Н-д холбогдуулан гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 20000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.   

Хариуцагч Б.Н “...нэхэмжлэгч талын гаргасан худал хуурмаг матеариалд хэт үнэмшиж, түүнийг холбогдох байгууллага газраас нягтлан үзээгүй, барилгыг барих материал дутагдаж байсан учир ааваас зарим матариалыг авсан. Анхан шатны шүүх шийдвэрт нотлох баримт байхгүй гэсэн нь учир дутагдалтай байна. Н.О шүүхээр гэрлэлтээ цуцлуулахдаа 2 өрөө байрыг бүрэн тавилгатай нь зарж мөнгийг нь өөрөө авахдаа чамаас өөр авах эд хөрөнгө байхгүй гээд надтай тохирч надад нэг ч төгрөг өгөлгүй явсан. Өмнө нь үйлчилгээний зориулалттай 120 м2 талбайтай байрыг 20000000 төгрөгөөр үнэлүүлж байсан мөртлөө одоо дахин үнэлгээ хийлгүүлж 65000000 төгрөг болгосон байна...” гэсэн гомдол гаргасан байна.

Хариуцагч өөрөө нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд харин хуульд заасан үндэслэлээр хүсэлт гаргаж шүүхээр нотлох баримт бүрдүүлэх эрхтэй байдаг. Н.О шүүхээр гэрлэлтээ цуцлуулахдаа 2 өрөө байрыг бүрэн тавилгатай нь зарж 25000000 төгрөгийн хөрөнгө аваад явсан, үйлчилгээний зориулалттай 120 м2 талбайтай байрыг 20000000 төгрөгөөр үнэлүүлж байсан мөртлөө одоо дахин үнэлгээ хийлгүүлж 65000000 төгрөг болгосон гэж байгаа боловч хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.  

 Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд үүссэн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд нотлох баримтад тулгуурлан дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүхээс үгүйсгэх үндэслэлгүй байх тул хариуцагч Б.Н-н давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй үзлээ.

Хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисон тул түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 257950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг  удирдлага болгон

ТОГТООХ  нь:

1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 08 сарын 08-ны өдрийн 146/ШШ2018/00306 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Намжилын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч Б.Н-с давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 257950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.