| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2021/00265/И |
| Дугаар | 156/ШШ2022/00014 |
| Огноо | 2022-01-10 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 156/ШШ2022/00014
156/ШШ2022/00014
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2021/00265/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр баг, Дэнжийн 3-309 тоотод оршин суух, ЛД96102001 регистрийн дугаартай, Охиншарнууд овогт Амарсанаагийн Анударьмаагийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Цацлын 3б19 тоотод оршин суух, СЮ87060174 регистрийн дугаартай, Боржигон овогт Соёлмаагийн Баярчулуунд холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Анударьмаа, хариуцагч С.Баярчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Анударьмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие А.Анударьмаа 2013 онд С.Баярчулуунтай танилцаж улмаар 2017 оны 3 дугаар сарын 05-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Биднийг хамт амьдрах хугацаанд 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдөр охин Б.Номингоо, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүү Б.Цэлмэг нар төрсөн. Хамт амьдрах хугацаанд С.Баярчулууны зан авир нь өөрчлөгдөж надад гар хүрэх болсон. Ажиллаа хийж байх хугацаанд ажил руу залгаж сүрдүүлдэг байсан. Энэ байдлаас болж би ажлаасаа гаргасан. Миний бие 2020 оны 3 сард ажилд орохоор Улаанбаатар хот руу явсан. Охин, хүү хоёроо хадам эх болох Шуумаржавын Соёлмаагийн асрамжид түр орхисон юм. Тэрнээс хойш хүүхдүүдтэйгээ уулзахаар очиход С.Баярчулуун ирж хэл амаар доромжилж байсан. Хүүхдүүдээ өгөхгүй гэж хэлэх болсон. Ээж болон дүү нарынхаа хажууд алгадаж цохиж байсан. Хүүхдүүддээ үг зааж өгч тань дээр очихгүй гэж хэлүүлж байсан. Одоо бид цаашид амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Охин Б.Номингоо, хүү Б.Цэлмэг нарыг миний асрамжид үлдээж, эцэг С.Баярчулуунаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хүүхдүүд маань 2 жил гаруй хугацаанд эмээтэйгээ байсан. С.Батчулуун мал маллаад гэртээ очдоггүй. С.Баярчулууны ээжтэй ярихад С.Баярчулуун хөдөө байгаа гэж хэлдэг байсан. Харин одоо С.Баярчулуунтай ярилцаад хоёр хүүхдээ түүний асрамжид үлдээж, сургууль цэцэрлэгийн амралт болохоор нь хүүхдүүдээ би өөр дээрээ авч байхаар тохиролцлоо гэв.
Хариуцагч С.Баярчулуун нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие А.Анударьмаатай 2013 онд танилцаж, 2017 онд албан ёсны гэр бүл болж, 2017 онд охин Б.Номингоо, 2018 онд хүү Б.Цэлмэг нар төрсөн. Одоо хоёр хүүхэд маань миний асрамжид амьдардаг. Миний бие хоёр хүүхдээ элэг бүтэн хайр халамжаар дутаахгүй өсгөхийг хүсэж байна. Өөрийн зүгээс гаргасан алдаа дутагдлаа засаж сайхан амьдрахыг хүсэж байна. Бид хоёрын дунд багахан үл ойлголцол үүсэх үед хадам аав ээж манай амьдралд оролцож охиноо чамаас салгаж авна гэж хэлэх болсон. А.Анударьмаа Улаанбаатар хотод ажил хийдэг би Баянхутаг суманд мал маллаж амьдардаг. Хүүхдүүд маань ээжийгээ саналаа гэхээр нь утсаар яриулах гээд залгахаар А.Анударьмаа утсаа авдаггүй. Хот руу очиж уулзуулъя гэхээр ковид-19 цар тахал, хөл хорионы улмаас очиж чадахгүй байсан. Би хүүхдүүдээ өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. А.Анударьмаа харин ээжтэй ярих шаардлага байхгүй шууд надтай яриад хүүхдийн амралтын үеэр нь өөрөө ирээд хүүхдүүдтэйгээ уулзаж, авч явж болно. Би хүүхдүүдэд тэтгэлэг авахгүй, мөн бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Анударьмаа нь хариуцагч С.Баярчулуунд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч А.Анударьмаа, хариуцагч С.Баярчулуун нар нь 2013 оны 3 дугаар сарын 05-ны өдөр гэр бүл болж, 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдөр охин Б.Номингоо, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүү Б.Цэлмэг нар төрсөн, хүүхдүүд нь эрүүл эсэн мэнд бойжиж байгаа болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тэмүүжин цогцолбор сургуулийн захирлын тодорхойлолт болон зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар нотлогдож байна.
Шүүхээс гэрлэгчдийн хоорондын таарамжгүй байдал, тэдгээрийн гэр бүлийн амьдралаа цаашид хэвийн хадгалан үргэлжлүүлэх хүсэлгүй болсон, хоёулаа гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрсөн, мөн тэдгээрийн хооронд эхнэр нөхрийн дотно харьцаа байхгүй болсон, шүүхээс гэрлэгчдэд эвлэрүүлэх хугацаа олгосон боловч эвлэрээгүй зэрэг шалтгааныг харгалзан үзэж гэрлэлтийг шууд цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэрлэгчид нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин Б.Номингоо, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн хүү Б.Цэлмэг нарыг эцэг С.Баярчулууны асрамжид үлдээхээр харилцан тохиролцсон байх тул охин, Б.Номингоо, хүү Б.Цэлмэг нарыг эцэг С.Баярчулууны асрамжинд үлдээж шийдвэрлэв.
Гэрлэгчид нь гэр бүлийн дундын эд хөрөнгийн болон хүүхдийн тэтгэлгийн талаар маргаангүй гэснийг дурдав.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч А.Анударьмаа нь улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Баярчулуунаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Анударьмаад олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Боржигон овогт Соёлмаагийн Баярчулуун, Охиншарнууд овогт Амарсанаагийн Анударьмаа нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин Б.Номингоо, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн хүү Б.Цэлмэг нарыг эцэг С.Баярчулууны асрамжид үлдээсүгэй.
3.Зохигчид нь гэр бүлийн дундын эд хөрөнгийн болон хүүхдийн тэтгэлгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч А.Анударьмаа нь улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Баярчулуунаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Анударьмаад олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг Хэнтий аймгийн Иргэний гэр бүлийн бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Ариун-Эрдэнэд даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА