| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Гэршихбөртэ |
| Хэргийн индекс | 166/2024/0382/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/433 |
| Огноо | 2024-09-25 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/433
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2024/0382/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болортуяа,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,
Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарт холбогдох эрүүгийн 2418000000518 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 356 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 240 дүгээр зүйлийн 1-т зааснаар 40,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн
******* овогт ******* ******* ()
******* овогт ******* ******* ()
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *******, ******* нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр: 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдөр улсын дугаартай Нyundai Grandeur маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 03-04-р хуудас/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 08-11-р хуудас/, эд зүйлийг хохирогч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 12-р хуудас/, хохирогч мэдүүлэг /хавтаст хэргийн 15, 18-р хуудас/, гэрч мэдүүлэг/хавтаст хэргийн 22-р хуудас/, сэжигтэн *******ын мэдүүлэг /хавтаст хэргийн 28-р хуудас/, сэжигтэн *******ын мэдүүлэг/хавтаст хэргийн 26-р хуудас/,“Капитал Зууч” ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн эд хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 32-33-р хуудас/ гэх нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:
1. Үйл баримт:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр, 12 цагийн орчим, Дархан-Уул аймаг, Дархан сум, 2 дугаар баг, Хараа голын эрэг дээрээс иргэн эзэмшлийн хийлдэг майхан, хийлдэг матрас, аяллын эвхэгддэг ширээ, сандал зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 2,190,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цугларсан:
- 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр улсын дугаартай Нyundai Grandeur маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 03-04-р хуудас/,
- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 08-11-р хуудас/,
- Эд зүйлийг хохирогч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 12-р хуудас/,
- Хохирогч : “...2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 17 цагийн орчим би ажлынхаа хамт олонтой хараа голын эрэг гарсан юм аа. Ингэж гарахдаа би өөрийнхөө майхан, ширээ, сандал, матрас зэргийг аваад гарсан бөгөөд бөөнөөрөө орой сууцгааж байгаад манай ажлынхан гэр рүүгээ явцгааж би ажлын хамтаар голын эрэг дээр майхандаа хамт хоносон. Тэгээд өнөөдөр буюу 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 12 цагийн орчим ажил дээрээ очих хэрэг -араад хамтаар явсан ба майхнаа голын эрэг дээр үлдээгээд явсан. Тэгээд 1 цаг орчим явчхаад эргээд иртэл голын эрэг дээр байсан миний майхан болон бусад зүйлс нь байхгүй болсон байсан учир майхнаа хайж эхэлсэн. бид 2-ыг ажил дээр очоод буцаад ирж байхад голын эрэг дээрээс гэсэн улсын дугаартай хар өнгийн жижиг тэрэг зөрсөн ба буцаж яваад нөгөө хар машиныг зогсоогоод уулзахад арын цонхоор нь миний майхан харагдсан юм. Тэгэхээр нь би тэр машиныг шалгаад үзсэн чинь арын тээшний хэсэгтээ ширээ сандлыг ачсан байсан. Тэгэхээр нь би шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан юм аа...” гэсэн мэдүүлэг/хавтаст хэргийн 15, 18-р хуудас/,
- Гэрч : “...2024 оны 07 дугаар сарын 19-ний орой 17 цагийн орчим манай ажлынхан хараа голын эрэг гарч хэсэг суусан. Ингэж явахад хамт ажилладаг өөрийнхөө майхан, ширээ сандал, матрас зэргийг аваад явсан ба орой манай ажлын хүмүүс буцацгааж бид 2 майхандаа хоносон. Тэгээд өнөөдөр буюу 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 12 цагийн орчим бид 2 ажил дээрээс очиж ус авахаар явсан ба голын эрэг дээр хамаг юм аа үлдээгээд явсан. Тэгээд ажил дээр очиж цэвэр ус аваад буцаад 50 орчим минутын дараа голын эрэг дээр ирэхэд манай майхан болон ширээ сандал, 1 матрас алга болсон байсан бөгөөд тэр орчмоор хайж нэлээд явж байгаад зам дээр хар өнгийн жижиг тэрэгтэй таарч майхнаа асуутал тэр машины арын сандал дээр гийн майхан байж харагдсан. Тэгэхээр нь бид нар буугаад машиных нь арын багажийг онгойлгоод үзтэл ширээ, сандал, матрас зэрэг нь явж байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-р хуудас/,
- Сэжигтэн *******ын: “...Тэгээд голын эрэг дээр авсан архи дарсаа ууж байхад нь согтоод унтаад өгсөн бөгөөд бид нарын зогсож байсан газартай ойрхон бариастай нэг майхан байхаар нь би тэрийг олж хараад *******т хандаж би өмнө нь майхантай байж байгаад голын эрэг дээрээс алдаж байсан гээд ярьсан чинь ******* өөдөөс ахаа хоёулаа энд 30 орчим минут суулаа, ямар ч хүн ирэхгүй байна, хүмүүс орхиод явчихсан юм биш үү гэж ярилцаж байгаад би гар утсаар эхнэртэйгээ ярих санаатай байж байгаад нэг харсан чинь ******* голын нөгөө талд сэлж гараад нөгөө майхан дээр очоод хийг нь гаргаад буулгасан байсан. Тэгснээ ******* ахаа хүрээд ир хүмүүс нь хаяад явсан юм шиг байна гэсэн. Тэгээд ******* нөгөө майхан болон бусад эд зүйлсийг бүгдийг нь хулгайлаад нэг бөөрөнхий зүйл болгоод чирч яваад машиныхаа арын суудал дээр чихэж хийгээд харин намайг сандал ширээг нь аваад ир гэхээр нь би зөвшөөрч нэг жижиг ширээ болон түшлэгтэй 3 ширхэг сандлыг нь аваад машинд нь хийсэн. Тэгээд хөдлөөд явж байтал нөгөө майхны хүмүүс замд таараад майхныг нь ачиж явааг мэдээд цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 28-р хуудас/,
- Сэжигтэн *******ын: “...Ингээд ******* бид 2 сууж байхад голын эсрэг талын эрэг дээр барьсан эзэнгүй майхан байхаар нь би эхлээд гол гарч нөгөө майхан дээр очсон чинь ямар ч хүн байхгүй өмнө нь хүмүүс архи дарс уусан бололтой архины шил, пивоны лааз зэрэг байсан. Тэгээд хүн ирэхгүй болохоор нь *******ыг дуудаад би өөрөө тэр майхны хийг гаргадаг зүйлээр нь зориулалтын дагуу гаргаад дотор нь байсан хийлдэг матрасыг нь мөн ном журмаар нь гаргаад эвхсэн. Тэгээд бүгдийг нь хуйлаад би машиныхаа арын сандал дээр тавьж, харин ******* ах ширээ, сандлыг нь аваад машины ард хийсэн. Тэгээд тэндээс хөдлөөд явсан ба замдаа явж байгаад архиа мартсан байна гээд буцаж авахаар явж байгаад нөгөө майхны эзэдтэй таарч баригдсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 26-р хуудас/,
- “Капитал Зууч” ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн эд хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлтээр “8-10 хүний багтаамжтай хийлдэг майхан 1 ширхэг 1,400,000 төгрөг, хийлдэг матрас 1 ширхэг 480,000 төгрөг, эвхэгддэг ширээ 1 ширхэг, түшлэгтэй сандал 3 ширхэг 310,000 төгрөг, нийт 2,190,000 төгрөг байна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 32-33-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.
2. Эрх зүйн дүгнэлт:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог.
Шүүгдэгч *******, ******* нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн арван долоодугаар бүлэгт заасан Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд хулгайлах гэдэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох зорилго, шунахайн сэдэлтэйгээр хүч хэрэглэхгүйгээр эзэмшигчийн эзэмшлээс нууцаар, хууль бусаар авч өөрийн эзэмшилд авч зарцуулах эрх олж авахыг,
Хүч хэрэглэхгүйгээр гэж эзэмшигчийн амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулахгүйгээр халдахыг,
Хууль бусаар авах гэж эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нууц далд аргаар авч өөрийн мэдэлд шилжүүлэхийг гэж тус тус ойлгоно.
Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 12 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар баг Хараа голын эрэг дээрээс иргэн эзэмшлийн хийлдэг майхан, хийлдэг матрас, аяллын эвхэгддэг ширээ, сандал зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 2,190,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүний үйлдэлд зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Шүүгдэгч нар нь өөрийн үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар үйлдсэн гэмт хэрэгтээ гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсан гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан.
Улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч Б *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч: “Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1 жил 6 сарын хугацаатай хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан.
Эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч *******, ******* нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай болох нь шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 75,87/-аар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78,90/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь өмнө гэмт хэрэг үйлдэж байсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, тэдний эрх зүйн байдлыг доордуулах үндэслэл болохгүй ч шүүхээс түүний хувийн байдлыг тогтооход авч үзэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж,
3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүр 2 жилийн хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч нарт тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******, ******* нар нь хохирогчид хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, хохирогч Б. гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч *******, ******* нарт тус бүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус анхааруулсугай.
5. Шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРШИХБӨРТЭ