| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2021/00599/И |
| Дугаар | 156/ШШ2022/00037 |
| Огноо | 2022-01-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 156/ШШ2022/00037
156/ШШ2022/00037
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2021/00599/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Сүхбаатарын нэрэмжит талбай 5, Голомт банкны төв байранд байрлах, Голомт банк /РД:2075377/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймаг, Чулуунхороот сум 3 дугаар багийн харьяат, одоогоор Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 419 дүгээр нээлттэй хорих ангид ял эдэлж байгаа Ганбатын Баянмөнхөд холбогдох 15,583,330.69 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Э.Мөнхзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргал /онлайнаар/, хариуцагч Г.Баянмөнх нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Баянмөнх нь 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Голомт банктай ЗГ4705113520 дугаартай зээлийн гэрээгээр 12,000,000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэйгээр, 48 сарын хугацаатай зээл авсан болно. Голомт банкны зүгээс хариуцагчийн оршин сууж байсан хаягаар Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 15-ны өдрийн 138/ШЗ2020/04081 тоот шүүгчийн захирамжаар хариуцагч оршин суух хаягтаа байхгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн хаягийг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 419 дүгээр нээлттэй хорих анги хэмээн тодруулсан тул дахин нэхэмжлэл гаргаж байна. Зээлдэгчийн зээлийн хугацаа ЗГ4705113520 дугаартай зээлийн гэрээний хугацаа 2022 оны 11 дүгээр сард дуусах боловч эргэн төлөлтийг тасалдуулж үндсэн зээл, зээлийн хүүг төлөхгүй байгаа бөгөөд 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар үндсэн зээл 11,017,145.26 төгрөг, зээлийн хүү 4,435,786.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 130,399.04 төгрөг, нийт 15,583,330 төгрөг байна. Иймд Г.Баянмөнхөөс зээл, зээлийн хүү, нийт 15,583,330 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргал нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Г.Баянмөнх нь зээлийн төлбөрөө 2025 оны 6 сараас хойш төлөх хүсэлтэй байна гэсэн. Хариуцагч 2025 оны 6 дугаар сар хүртэл буюу 40 сарын дараа төлөлт хийнэ гэхэд манай байгууллагад хүндрэлтэй байна. Г.Баянмөнх нь зээлээ зохих хэмжээнд хугацаанд нь төлөөгүй тул гэрээний 3.3.4-д зааснаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж зээлийн төлбөрөө нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Г.Баянмөнх нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Голомт банкнаас гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Одоогоор би Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 419 дүгээр нээлттэй хорих ангид 6 жил, 4 сарын хугацаатайгаар ял эдэлж байгаа учир энэ хугацааг дуустал зээлийн төлбөрийг төлөх боломжгүй байна. Ял эдлээд дуусах хугацаа 2025 оны 6 сард дуусаж хорих ангиас суллагдана. Тэгээд банкны зээлээ төлнө. Одоо орлого, цалингүй байгаа учраас хоригдох хугацаа дуусахаар зээлээ төлж барагдуулах хүсэлттэй байна гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк ХХК нь хариуцагч Г.Баянмөнхөд холбогдуулан зээл, зээлийн хүү нийт 15,583,330 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчдын шүүхэд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч Голомт банк ХХК нь хариуцагч Г.Баянмөнхтэй 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ЗГ4705113520 дугаартай зээлийн гэрээ байгуулан 12,000,000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэйгээр, 48 сарын хугацаатай олгосон болох нь хэрэгт авагдсан 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ4705113520 дугаартай зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зээлийн эргэн төлөх хуваарийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Голомт банкны улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбаруудаар нотлогдож байна.
Энэхүү гэрээнээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд хариуцагч нь үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээний талаар маргаагүй ба зээлийн гэрээний 3.1.1-т үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг тооцохоор тохиролцож, энэ дагуу нэмэгдүүлсэн хүүг тооцсон нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн заалтыг зөрчөөгүй байна.
Талууд уг зээлийг төлөх хугацаа дээр санал зөрсөн ба хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан ...би Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 419 дүгээр нээлттэй хорих ангид 6 жил, 4 сарын хугацаатайгаар ял эдэлж байгаа, ялыг 2025 оны 6 сард эдлэж дуусна, тэгээд хорих ангиас суллагдаад банкны зээлээ төлнө... гэх тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрөөгүй болно.
Талууд төлбөр төлөх хуваарийг тохиролцох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зөвхөн хэргийн оролцогчдын эдлэх эрх учир шүүхэд төлбөр төлөх хуваарь тогтоох эрх хэмжээ байхгүй.
Иймд хариуцагч нь гэрээний зөрчил гаргасан, гэрээний үүргийг хариуцах ёстой учир Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Г.Баянмөнхөөс үндсэн зээлийн төлбөр 11,017,145.26 төгрөг, зээлийн хүү 4,435,786.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 130,399.04 төгрөг, нийт 15,583,330 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Голомт банканд олгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235,866 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Баянмөнхөөс улсын тэмдэгтийн хураамж 235,866 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Г.Баянмөнхөөс зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 15,583,330 /арван таван сая таван зуун наян гурван мянга гурван зуун гуч/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235,866 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Баянмөнхөөс 235,866 /хоёр зуун гучин таван мянга найман зуун жаран зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА