| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Гэршихбөртэ |
| Хэргийн индекс | 166/2024/0409/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/432 |
| Огноо | 2024-09-25 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Наранмөнх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/432
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2024/0409/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Наранмөнх,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2418000000579 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1995 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 3, ээж, аавын хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, *******,*******од оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй,
урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан.
******* овогт ******* *******, (*******)
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 05 дугаар тал/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 07 дугаар тал/, Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хх-ийн 09 дүгээр тал/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 12-14 дүгээр тал/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 15 дугаар тал/, хохирогч ******* мэдүүлэг/хх-ийн 18-19 дүгээр тал/, Хаан банкны дугаартай иргэн ******* харилцах дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 20-21 дүгээр тал/, яллагдагч *******ийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр тал/, яллагдагч *******ийн мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр тал/ гэх нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:
1. Үйл баримт:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд шүүгдэгч ******* нь 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр, иргэн хамт явах үедээ Хаан банкны харилцах картыг авч, улмаар 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 08 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Магнолиа хүнсний дэлгүүрт байрлах АТМ /автомат тооцооны машин/-аас иргэн ******* эзэмшлийн Хаан банкны виза картаас 4,000,000 төгрөгийг бэлнээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар гарган авч хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цугларсан:
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх- ийн 05 дугаар тал/,
- Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хх- ийн 09 дүгээр тал/,
- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 12-14 дүгээр тал/,
- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 15 дугаар тал/,
- Хохирогч *******: “...Миний Хаан банкны тоот данснаас 2024 оны 08 сарын 27-ны өдөр 13 цаг 24 минутад 4.000.000 төгрөг зарлагаар АТМ-аас гарсан гэсэн мессеж миний гар утсан дээр ирсэн байсныг нь би 1 цагийн дараа харсан юм. Би өөрөө энэ данснаасаа энэ 4.000.000 төгрөгийг аваагүй болохоор яагаад миний данснаас 4 сая төгрөг гарсан юм бол гэж бодоод Хаан банкны тоот дансны виза картаа хайсан чинь алга болчихсон байсан. Тэгээд би Хаан банкны лавлах утас руу залгаад виза картаа алга болгочихсон чинь 4 сая төгрөгийн зарлага гарчихлаа гэж хэлсэн чинь гомдол гаргавал шалгаад өгье, эргээд тантай холбогдъё гэсэн. Тэгсэн удалгүй миний гар утас руу Хаан банкны 75071917 дугаараас залгаад таны данснаас гарсан 4.000.000 төгрөгийг Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт байрлах цэргийн ангийн хажуу талын Магнолиа дэлгүүрийн АТМ-аас 2 гар, цээж хэсэгтээ шивээстэй, туранхай биетэй эрэгтэй хүн авч байгаа дүрс бичлэг байна гэж хэлсэн. Ингээд би алдсан 4 сая төгрөгөө олж авах зорилгоор цагдаад гомдол гаргаж байна. Миний Хаан банкны тоот дансны виза карт алдагдаж миний тоот данснаас 2024 оны 08 сарын 27-ны өдөр 13 цаг 24 минутад 4.000.000 төгрөг алдагдсан. Надад өөр хохирол байхгүй. Би өчигдөр буюу 2024 оны 08 сарын 26-ны орой 20 цагийн үед Дархан сумын 4 дүгээр баг төмөр замын вокзал дээр ачаа тээшинд өгч байсан чинь манай буудалд засварын ажил хийж өгсөн ******* гэх залуу миний гар утас руу залгаад "та хаана байна" гэсэн. Би "вокзал дээр ачаа тээшинд өгч байна, ирээд жоохон зөөгөөд өгчих" гэсэн чинь ирсэн. Би *******тэй тээшээ өгчхөөд машиндаа хамт суугаад өнгөт хороолол ороод юм аваад Нүүдэлчин буудал явах замд ******* Төмөр замд Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны харалдаа зам дээр буугаад үлдсэн юм. Миний Хаан банкны тоот дансны виза карт миний машины голын хайрцаг дээр ил дангаараа байсан юм. ******* миний машинд суухдаа хойд талын суудал дээр суусан юм. ******* буухдаа миний виза картыг аваад буучихсан юм шиг байна лээ. Өөр хүн миний машинд суугаагүй юм. Би ******* гэж хүнийг авсан гэж бодож байна. Учир нь Хаан банкнаас над руу залгаад таны данснаас гарсан 4.000.000 төгрөгийг Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт байрлах цэргийн ангийн хажуу талын Магнолиа дэлгүүрийн АТМ-аас 2 гар, цээж хэсэгтээ шивээстэй, хар майктай, туранхай биетэй эрэгтэй хүн авч байгаа дүрс бичлэг байна гэж хэлсэн. ******* нь 2 гар болон цээж хэсгээрээ битүү шивээстэй ба өчигдөр хар өнгийн майктай явж байсан юм. Хаан банкны ажилтны дүрсэлсэн нь *******ийн биеийн содон шинжтэй таарсан гэсэн үг. Мөн 2024 оны 08 сарын 26-ны өдөр ******* л миний машинд суугаад буусан. Миний виза карт машины голын хайрцаг дээр ил байсан юм. ******* ******* гэдэг. 30 гаран настай, эрэгтэй хүн. Би өөрийн ажиллуулдаг Нүүдэлчин нэртэй буудлын өрөөний барилгын засварын ажил хийлгэх хүн хайж байгаад 2024 оны 05 сарын сүүлээр танилцаад засварын ажил хийлгэсэн юм. ******* нь биеийнхээ ил хэсэгт гар, мөр, цээж хэсгээрээ дүүрэн шивээстэй, туранхай биетэй хар царайтай. Эхнэр 2 хүүхэдтэй гэсэн. Гэхдээ эхнэрээсээ салчихсан гэж байсан. Эцэг эхтэйгээ Дарханд Нэхийгийн байранд амьдардаг гэсэн. *******ийн утасны дугаар нь ...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр тал/,
- Хаан банкны дугаартай иргэн ******* харилцах дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 20-21 дүгээр тал/,
- Яллагдагч *******ийн сэжигтнээр өгсөн: “...Би 2024 оны 08 сарын 27-ны өдөр 13 цагийн үед Дархан сумын 8 дугаар баг Магнолиа дэлгүүр дотор байдаг Хаан банкны АТМ-аас ******* Хаан банкин дахь тоот дансны виза картыг нь хийж 4.000.000 төгрөг бэлнээр авсан. Тухайн үед надад ******* виза карт нь байсан юм. Би өмнө нь картаар гүйлгээ хийж байсан болохоор виза картных нь нууц кодыг мэддэг байсан юм. Би 2024 оны 08 сарын 26-ны өдөр төмөр замын вокзал дээр уулзаад машинд нь хамт явж байгаад виза картыг нь авсан юм. Би дэлгүүр орж юм авахдаа ******* виза картыг авч орсон. Тэгээд тэр чигтээ өгөлгүй виза карт нь надад байсан юм. Би 3.500.000 төгрөгийг нь хүүхдийн тэтгэмжийн мөнгө гэж хүүхдийнхээ ээжид өгсөн юм. Би өмнө нь эхнэр, 2 хүүхэдтэй байсан юм. Эхнэрээсээ шүүхээр орж салаад 2 хүүхдийн тэтгэмж төлдөг. Миний салсан эхнэрийг гэдэг. Дарханд амьдардаг. утасны дугаартай. Би 500.000 төгрөгөөр нь 2 хүүхэдтэйгээ гадуур хоолонд орж эд зүйл авч өгөөд хэрэглэж дууссан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр тал/,
- Яллагдагч *******ийн мэдүүлэг/хх-ийн 41 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.
2. Эрх зүйн дүгнэлт:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог.
Шүүгдэгч *******ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн арван долоодугаар бүлэгт заасан Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд хулгайлах гэдэгт бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох зорилго, шунахайн сэдэлтэйгээр хүч хэрэглэхгүйгээр эзэмшигчийн эзэмшлээс нууцаар, хууль бусаар авч өөрийн эзэмшилд авч зарцуулах эрх олж авахыг,
Хүч хэрэглэхгүйгээр гэж эзэмшигчийн амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулахгүйгээр халдахыг,
Хууль бусаар авах гэж эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нууц далд аргаар авч өөрийн мэдэлд шилжүүлэхийг гэж тус тус ойлгоно.
Шүүгдэгч 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр иргэн хамт явах үедээ Хаан банкны харилцах картыг авч, улмаар 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 08 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Магнолиа хүнсний дэлгүүрт байрлах АТМ /автомат тооцооны машин/-аас иргэн ******* эзэмшлийн Хаан банкны виза картаас 4,000,000 төгрөгийг бэлнээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүний үйлдэлд зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар үйлдсэн гэмт хэрэгтээ гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсан гэж үзнэ.
Иймд улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч: “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан учруулсан хохирлыг төлснөөр гэмт хэргийг хөнгөрүүлэх нөхцөлд авч үзсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг барагдуулсан зэргийг харгалзан шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” саналыг,
Шүүгдэгч ******* “...Хийсэн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би шоронд хоригдмооргүй байна. Хамтран амьдрагч жирэмсэн болсон.” гэх тайлбарыг тус тус гаргасан.
Эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 39/-аар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь өмнө гэмт хэрэг үйлдэж байсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, эрх зүйн байдлыг доордуулах үндэслэл болохгүй ч шүүхээс шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтооход авч үзэх нь зүйтэй.
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 /дөрвөн зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, “Дархан хотын тохижилт үйлчилгээний газар” ОНӨААТҮГ-т, өдөрт наймаас дээшгүй цагаар эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч *******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 2 ширхэг сидийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 /дөрвөн зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар, “Дархан хотын тохижилт үйлчилгээний газар” ОНӨААТҮГ-т эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 2 ширхэг сидийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРШИХБӨРТЭ