Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадарчийн Марина |
Хэргийн индекс | 156/2022/00080/И |
Дугаар | 156/ШШ2022/00123 |
Огноо | 2022-03-16 |
Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 156/ШШ2022/00123
156/ШШ2022/00123
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2021/00265/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаан Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн .... сумын 2 дугаар ............ оршин суух, ...........овогт Ц.О.
Хариуцагч: Хэнтий аймгийн ...................сумын .... дугаар багт оршин суух, .................
Нэхэмжлэлийн шаардлага: Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Ц.О.
Хариуцагч: О.Ц.
Нарийн бичгийн дарга Э.М. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.О. нь хариуцагч О.Ц. холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1. Нэхэмжлэгч Ц.О. нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие О.Ц.тай 2016 оноос хойш дотно харилцаатай байж 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр охин О.Г. төрсөн. Бид хамт амьдарч байгаагүй, охин маань миний асрамжид өсч торниж байна. Бид тус тусдаа амьдралтай учир О.Ц. нь охин О.Г.ын эцэг мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч О.Ц. нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие эхнэр, 2 хүүхдийн хамт 2008 оноос хойш 14 жил хамт амьдарч байна. 2016 онд Засаг даргын Тамгын газрын нийгмийн даатгалын байцаагч Д.Н., Ц.О. нар миний амьдарч байсан Засаг даргын Тамгын газрын нийтийн байранд орой 8 цагийн үед ирсэн. Цай уучихаад Д.Н. эгч залуу хүмүүс та 2 юм ярихгүй юу гээд Ц.О. манайд орхиод явсан. Ц.О.г хариач гэхэд орон дээр хэвтчихээд явахгүй байсан. Тэр оройноос эхэлж гэр бүлээс гадуур харилцаа үүссэн тухайн үед манай гэр бүлийн хүн Чингис хотод амьдардаг би хагас бүтэн сайны амралтаар очдог байсан. 2017 онд манай гэр бүлийнхэн нүүж ирсэн. Үүнээс хойш эхнэрийг аймаг явсан хойно хааяа уулздаг байсан. Цуг амьдарч байгаагүй. Би Ц.О.т ...би гэр бүлтэй хүн, хүүхэдтэй болж болохгүй, хүүхэд эцэггүй өснө, хүүхэд хохирно гэж удаад дараа хэлсэн, харин Ц.О. нь ...чамаас хүүхэдтэй болмоор байна, ахындаа үрчлүүлнэ, намайг хүүхэд гаргаж өг гээд байгаа... гэж байсан. Тэгсээр байгаад жирэмсэн болсон хүүхдээ гаргана гэсэн. Түүнээс хойш би дотно харилцаа үүсгээгүй. Ц.О.ын санаа зорилго нь 3 хүүхэдтэй болж халамжаас өрх толгойлсон эхийн тэтгэмж, хүүхдийн мөнгө авах, том хүүхэддээ салсан нөхрөөсөө тэтгэмж авдаг намайг бодвол орлоготой. Би өөрөө өдөж хоргоож анх харилцаа үүсгээгүй, өөрөө л анх харилцаа үүсгэх зорилгоор манайд орж ирснийг одоо л ойлгож байна. Би сард 740,000 төгрөгийн цалин авдаг. 8 сая төгрөгийн цалингийн зээлтэй, сард 397,200 төгрөгийн цалингийн зээл төлдөг, үлдсэн 316,800 төгрөгөөр эхнэр, 2 хүүхдээ тэжээн амьдардаг. Надад цалингаас өөр орлого байхгүй, ганц 4 ханатай гэртэй. Ээж, аав маань нас барсан өөр харж хандах хүн байхгүй. Би хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй. Гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж, ёс зүйн алдаа гаргасан нь үнэн одоо үүндээ харамсаж байна. Хүүхдийн эцэг мөн эсэх дээр маргаагүй. 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр охин О.Г. миний хүүхэд мөн. Цалин амьдралд хүрэлцэхгүй байгаа учраас хүүхдийн тэтгэлэг төлөхөд хүндрэлтэй байна энэ нөхцөл байдлыг ойлгож үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хариуцагч О.Ц. нь нэхэмжлэлийн шаардлагаас 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин О.Г.ын эцэг мөн болохыг хүлээн зөвшөөрсөн, харин хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй гэсэн тайлбарыг гаргажээ.
Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээнээс үзэхэд нэхэмжлэгч Ц.О., хариуцагч О.Ц. нар нь 2016 оноос эхлэн дотно харьцаатай байсан бөгөөд тэдний дундаас 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр охин О.Г. төрсөн болох нь нотлогдож байна.
Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5-д зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг зохицуулсан.
Өөрөөр хэлбэл Ц.О., О.Цэ. нар нь нэг гэр бүл биш боловч тэдгээрийн дундаас төрсөн хүүхдийг эцэг эх нь тэжээн тэтгэх үүрэгтэй тул охин О.Г.д холбогдуулан эцэг О.Ц.аас Гэр бүлийн тухай хуульд заасан хувь, хэмжээгээр хүүхдийн тэтгэлгийг гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй. Мөн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг О.Ц. нь охин О.Г.ыг хүмүүжүүлэхэд эхийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцоно.
Иймд 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин О.Г.ын эцэг О.Ц. мөн болохыг тогтоож, эцэг О.Ц.аар охин О.Г.ыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Ц.О.т даалгах нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ц.О.ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Ц.аас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.О.т олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин Боржигин овогт О.Г.ын эцэг М.овогт О.Ц. мөн болохыг тогтоосугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин О.Г.ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байгаа бол 18 настай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг О.Ц.аар сар бүр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Ц.О.т даалгасугай
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ц.О.ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Ц.аас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.О.т олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА