Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2026 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 001/хт2026/00039

 

Э.Д-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн

2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 310/ШШ2025/00481 дүгээр шийдвэртэй,

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 218/МА2025/00010 дугаар магадлалтай,

Э.Д-гийн нэхэмжлэлтэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С-ын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Э.Д нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 310/ШШ2025/00481 дүгээр шийдвэрээр: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Очир овогт Эрдэнэбаатарын Долгормаа /РД:ЗЮ72100101/ нь 1989.01.01-ний өдрөөс 1994.12.31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн “Хөгжимт жүжгийн театрт”-т дуучин, хөгжимчнөөр ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1995.01.01-ний өдрөөс 2001.12.31-ний өдрийг дуустал хугацаанд Дундговь аймгийн “Төв халхын дуулалт жүжгийн театр”-т дуучин, хөгжимчнөөр ажиллаж байсныг тогтоолгох тухайн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 2012 оны 09, 10, 11 дүгээр сар, 2014 оны 11 сард Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрт дуучнаар ажиллаж байсныг тогтоолгох шаардлагаасаа татгалзсан болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 218/МА2025/00010 дугаар магадлалаар: Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 310/ШШ2025/00481 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.10.29-ний өдрийн 218/МА2025/00010 дугаартай магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдлыг гаргаж байна. Үүнд:

Нэхэмжлэгч шүүхэд эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэлээ гаргасан бөгөөд энэхүү нэхэмжлэлийн шаардлага нь 1989-2000 онд ажиллаж байсныг тогтоолгох буюу эрх зүйн ач холбогдолтой үйл явдал болоод байна. Өөрөөр хэлбэл 1989-2002 онд дуучин болон гоцлол дуучин байсан нь өндөр насны тэтгэвэр хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоолгоход ач холбогдолтой юм. Гэтэл анхан шатны шүүх 1995 оноос хойш Нийгмийн даатгалын хууль /хүчингүй болсон/ батлагдсантай холбогдуулан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал биш нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөнөөр ажилласан байдал нь тогтоогдоно гэж дүгнэж байгаа нь үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гарсан, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчөөгүй, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй байна гэж дүгнэсэн.

Гэвч нэхэмжлэгчийн 1995 оноос хойш дуучнаар, гоцлол дуучнаар, хөгжимчнөөр ажиллаж байсныг 1995 оноос хойш нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эсэх үндэслэлээр ялгаж тодорхойлох боломжгүй бөгөөд үүнийг зөвхөн хэрэгт авагдсан баримтад үндэслэн сэргээн тогтоосноор хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх учир эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг сэргээн тогтоож байгаа явдал юм. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай 2023 оны хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7-д зааснаар гоцлол дуучин, бүжигчин болон хөгжимчин, үлээвэр хөгжимчин гэх мэт мэргэжлээр ажилласан хүмүүсийн хөдөлмөрийн нөхцөлийг өөрчлөн тогтоосон учир энэхүү өмнөх онуудад ажиллаж байсан хамааралтай хүмүүсийн ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоолгох зайлшгүй үр дагавар үүссэн юм. Иймээс нэхэмжлэгчийн дуучин ч бай, гоцлол дуучин ч бай дээрх хугацаанд ажилласан байдлыг 1995 оноос хойш ажиллаж байснаа тогтоолгох нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаатай болж байгаа юм. Нэхэмжлэгч Э.Д нь Дундговь аймгийн Хөгжимт жүжгийн театрт 1989 оноос 2001 оныг дуустал гоцлол дуучин, хөгжимчнөөр ажилласан байдаг. Тухайн үед анх ажилд орох үед нь гоцлол дуучин, хөгжимчдийг жүжигчин гэж нийтэд нь ангилалд оруулдаг байсан учир ажилд ороход нь гоцлол дуучин гэж огт тушаал гаргаагүй байна. Сүүлд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэрт тогтоолгоход хамаарах ангилалд гоцлол дуучнаар 15 жил ажилласан тохиолдолд өндөр насны тэтгэвэр тогтоолгож болохоор заажээ. Гэтэл нэхэмжлэгч Э.Д нь гоцлол дуучин байсны хувьд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл дээрх хугацааны ажиллаж байсныг гэрчлэх баримтууд огт тодорхой биш байгаа нь түүний хууль ёсны эрх ашигт сөрөг үр дагавар үүсч улмаар эрхээ бүрэн эдэлж чадахгүй хохирч байгаа юм. Мөн нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дуучин, хөгжимчин байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хүрээнд шийдвэрлэсэн нь хууль ёсны байгаа ч эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлын хувьд хуульд нийцэхгүй дүгнэлт хийсэн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байгаа учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж, эрх ашгийг хангуулахын тулд дахин шийдвэрлүүлэх шаардлагатай байгаа.

Мөн шүүхийн шийдвэр гарснаас хойш уг гоцлол дуучин байсан учир гоцлол дуучин байсныг тогтоолгох шаардлага үүсч хэрэгт авагдсан зарим нэг баримтууд болох “Соёлын тэргүүний ажилтан” олгосон баримт, Төв халхын дуулалт жүжгийн театр /Хөгжимт жүжгийн театр/ санхүүгийн баримтуудад ямар учраас шимтгэл төлөгдөөгүй үлдсэн талаар тодруулалгүй шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон гэж үзэж байна. Бусад баримтуудад нь нэхэмжлэгчийг гоцлол дуучнаар ажиллаж байсантай холбоотой олгосон уу, дуучин, эсхүл хөгжимчин байсантай нь холбогдуулан олгосон уу гэдгийг нягтлан дахин нотлох баримт бүрдүүлж байж шийдвэрлэх нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход илүүтэйгээр үндэслэл бүхий болоод хууль ёсны байх шаардлагыг хангах байсан байна.

Иймд Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.10.29-ний өдрийн 218/МА2025/00010 дугаартай магадлал болон Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025.09.02-ны өдрийн 310/Ш2025/00481 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр тус хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С-ын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026.01.12-ны өдрийн 001/ШХТ2026/00031 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

 ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

7. Нэхэмжлэгч Э.Д- нь Дундговь аймгийн Хөгжимт драмын театр болон Төв халхын дуулалт жүжгийн театрт 1989.01.01-ний өдрөөс 2002.10.31-ний өдөр хүртэл, Төв халхын дуулалт жүжгийн театрт 2012 оны 9, 10, 11 сар, 2014 оны 11 сард тус тус дуучин, хөгжимчнөөр ажиллаж байсныг тогтоолгох тухай шаардлага гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2012 оны 9, 10, 11 сар, 2014 оны 11 сард хамаарах хугацаанд ажиллаж байсныг тогтоолгох шаардлагаас татгалзаж, үндэслэлээ “... Дундговь аймгийн Хөгжимт драмын театрт 1989.01.01-ээс 2002.10.31-нийг дуустал дуучин, хөгжимчнөөр ажиллаж байсан. Ажиллаж байсантай холбоотой хөдөлмөрийн дэвтэр нь үрэгдсэн, зарим тушаалууд нь аймгийн архиваас гардаггүй. Иймд хуульд заасан хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгоход дуучнаар ажиллаж байсан нь ач холбогдолтой юм.  ...” гэж тодорхойлжээ.

8. Анхан шатны шүүх “... Э.Д- нь 1989.01.01-ний өдрөөс 1994.12.31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн “Хөгжимт жүжгийн театр”-т дуучин, хөгжимчнөөр ажиллаж байсан болох нь тогтоогдсон, Э.Д-гийн тэтгэвэрт гарах эрхийг үүсгэх, түүний 1989.01.01-ний өдрөөс 1994.12.31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн “Хөгжимт жүжгийн театр”-т дуучин, хөгжимчнөөр ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр байхгүй, ажлаас гарсан тушаал, шийдвэр, холбогдох баримт архивын байгууллагад байхгүй тул ... түүний ажиллаж байсан байдлыг шүүхээс өөр журмаар сэргээх боломжгүй байна. Иймд ... нэхэмжлэгч Э.Д-гийн нэхэмжлэлийн шаардлагаас 1989.01.01-ний өдрөөс 1994.12.31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн “Хөгжимт жүжгийн театр”-т дуучин, хөгжимчнөөр ажиллаж байсан байдлыг шүүхээс сэргээн тогтоох үндэслэлтэй.  Нэхэмжлэгч Э.Д- нь 1995 оны 1-3 дугаар сард, 1996 оны 6-11 дүгээр сард, 1997 оны 05, 09 дүгээр сард, 1998 оны 06, 07 дугаар сард, 2000 оны 01-12 дугаар саруудад, 2001 оны 01-12 дугаар саруудад “Төв халхын дуулалт жүжгийн театр”-т ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан болох нь ... тогтоогдож байна, гэхдээ нэхэмжлэгч Э.Д-гийн ажиллаж байсан “Төв халхын дуулалт жүжгийн театр” байгууллага нь татан буугдаагүй, үйл ажиллагаа явуулж байгаа, уг байгууллагаас нэхэмжлэгч Э.Д-гийн ажиллаж байсан гэх дээрх зарим хугацаанд ... нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлсөн байгаа нь нэхэмжлэгч Э.Д- нь ажил олгогчтой хөдөлмөрийн эрх зүйн харилцаа, эсхүл иргэний эрх зүйн харилцаа үүссэн байна гэж үзэх бөгөөд энэ нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал биш юм. Иймээс “Төв халхын дуулалт жүжгийн театр”-т ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт байсаар байхад шүүхээс түүний энэ хугацаанд ... дуучин, хөгжимчнөөр ажиллаж байсныг тогтоох хууль зүйн үндэслэлгүй байна. Харин нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 1995-2001 оны хоорондох нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй он, саруудад Э.Д-г Дундговь аймгийн “Төв халхын дуулалт жүжгийн театр”-т ажиллаж байсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. ...” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

9. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн ба магадлалд “... Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг 1989.01.01-ний өдрөөс 1994.12.31-ний өдрийг дуустал хугацаанд Дундговь аймгийн “Хөгжимт жүжгийн театр”-т дуучин, хөгжимчнөөр ажиллаж байсан үйл баримтыг зөв тогтоож, холбогдох нэхэмжлэлийг хангасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д нийцсэн. ... Нийгмийн даатгалын хууль /хүчингүй болсон/-ийн 16 дугаар зүйлд заасны дагуу ажилтны сар бүрийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр суутган Нийгмийн даатгалын санд тухайн сардаа багтаан төвлөрүүлэхийг ажил олгогчид үүрэг болгосон, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 38 дугаар зүйлд нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, төлөлт, төвлөрүүлэлтэд хийх хяналт шалгалтыг нийгмийн даатгалын байгууллага хэрэгжүүлэх эрх хэмжээтэй байхаар хуульчилсан байна. Хэрэгт авагдсан баримтаар Нийгмийн даатгалын байгууллагаар уг асуудлыг шийдвэрлүүлэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдоогүй тул Э.Д-гийн гаргасан ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэж буйтай холбогдуулан анхан шатны шүүхийг өөрийн санаачилгаар нотлох баримт дутуу бүрдүүлсэн үндэслэл тогтоогдсонгүй.” гэсэн дүгнэлт хийжээ. 

10. Дээрх байдлаар анхан шатны шүүх эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу хүний ажиллаж байсан байдлыг тогтоохдоо хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх журмыг зөрчсөн бөгөөд давж заалдах шатны шүүх алдааг залруулаагүй тул шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэв.

11. Нэхэмжлэгч ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлагын үндэслэлээ өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхийг үүсгэх зорилготой болохоо тайлбарлаж, тодорхойлсон байх ба Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7-д “... мэргэжлийн урлагийн байгууллагад гоцлол дуучин, бүжигчин, … 20-оос доошгүй жил ажилласан, эсхүл нийтдээ 25-аас доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил дурдсан мэргэжлээр ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, … бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэж заажээ.

Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх дээрх хуульд зааснаар гоцлол дуучнаар ажиллаж байсан нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох нөхцөл болохыг анхаараагүй, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулалгүй дуучин, хөгжимчнөөр ажиллаж байсныг тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 118 дугаар зүйлийн 118.5-д тус тус нийцээгүй.

12. Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хугацааг нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтаар тогтоох бөгөөд тухайн байгууллага нь татан буугдаагүй, үйл ажиллагаа явуулж байгаа үндэслэлээр эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал биш гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1, 135.2.6, 135.3-д нийцээгүй.

Тодруулбал “Төв халхын дуулалт жүжгийн театр” нь татан буугдаагүй, үйл ажиллагаа явуулж байгаа гэх боловч нэхэмжлэгчийн ажиллаж байсныг нотлох баримтыг олж авах боломжгүй болохыг буюу үрэгдсэний улмаас сэргээх  боломжгүй нөхцөл байдал байгаа эсэхийг тодруулалгүйгээр эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал биш гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болоогүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасан мэтгэлцэх зарчмын дагуу нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигчид талууд гаргах боловч энэ нь хэргийг хуулийн 133 дугаар зүйлд заасны дагуу хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхэд хамаарахгүй ба энэ тохиолдолд шүүх өөрийн санаачилгаар нотлох баримт цуглуулах ажиллагааг хийх боломжтой.

13. Иймээс эдгээр үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 310/ШШ2025/00481 дүгээр шийдвэр, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 218/МА2025/00010 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С-ын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025.11.27-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД                                                                      Н.БАТЗОРИГ

                                                                                                        Н.БАТЧИМЭГ

                                                                                           Б.УНДРАХ

                                                                                           Д.ЦОЛМОН