Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2021/0180

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: С ХХК,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын байцаагч Э.Н,

Гомдлын шаардлага: Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын байцаагч Э.Нгийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 0159502 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, хариуцагч Э.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Мэргэжлийн хяналтын төлөвлөгөөт шалгалтын дагуу хариуцагч нь манайд хяналт шалгалт хийсэн. Ногдуулсан торгууль шийдвэрийг эс зөвшөөрсөн. Хууль дүрмийн дагуу шийтгэлийг ногдуулсан боловч тухайн үед надад учир шалтгаан байсан. 2018 оны 2 дугаар сард ар гэрийн гачигдалтай буюу төрсөн эх маань зүрхний шигдээсээр өөд болсон үед манай үйл ажиллагаа явуулдаг газраас нүүнэ үү гэсэн шаардлага тавиад би тухайн үедээ Мандах СӨХ-ийн зоорины давхарт нүүж орсон. Би тэр хоорондоо санаа сэтгэл зовнин өөр байр хайж байсан. Ингээд явж байтал аав маань бурхан болсон. Тэгээд ажил явдал дуусаад 49 хоног нь дуусаж байтал цар тахал гарсан. Тэгээд 2020 оны 06 дугаар сараас цар тахалтай холбоотойгоор халдваргүйжүүлэлт хийгээд явж байтал байцаагч ирж шалгасан. Байцаагчийн торгуулийн үндэслэл нь зөв байсан. Зөрчлийн хууль зөрчиж байснаа ойлгосон. Тухайн үед тухайн байрандаа оффист суудаг. Сейф дотор 4 төрлийн бодис хадгалдаг.

...Шинээр голомтууд илэрсэнтэй холбоотойгоор голомтын халдваргүйжүүлэлт үнэгүй хийж байгаа. Тоо гаргаж үзэхэд 02 дугаар сарын 03-ны өдрөөс 20 голомтод ариутгал хийсэн байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд үүнийгээ хийж байгаа гэж бодож байгаа. Бид эрсдэл тээн халдварыг хумихын тулд л явж байгаа.

Ийм нөхцөл байдалд Засгийн газар ажлын байрыг нь хэвээр хадгалж, эдийн засгийг дэмжих гээд өдөр шөнөгүй ажиллаж байгаа нь мэдээгээр, олон нийтийн сүлжээгээр гарч байна. Би төлөвлөгөөт шалгалтын зорилго нь мэргэжил арга зүйгээр туслах, зөрчил дутагдлыг арилгах, сануулахад оршиж байгаа гэж ойлгосон. Гэтэл надад хууль дүрмээрээ шийдвэр тавьсан ч гэсэн тухайн шийтгэврийг төлөх чадал алга. Иймд шийтгэврийг хүчингүй болгож өгнө үү гэж хүсэж байна.

Хариуцагч нь үүнтэй холбоотойгоор надад албан даалгавар өгсөн. 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор та нүүгээрэй гэсэн. Би энэ их ажлын хажуугаар хайсаар байгаад байр олсон. Хан-Уул дүүргээс олоогүй боловч Баянгол дүүргийн 2 дугаар хорооны Эс Би төвийн 5 давхарт байр олсон. Тухайн газар нь 3 өрөө ба агуулах нь тусдаа байгаа. Тэгээд тухайн газартаа засвар хийгээд сайн бэлгэшээлтэй өдөр нүүж орох төлөвлөгөөтэй байна.

...Тухайн үед хэлж байсан аж ахуй нэгжийг 3.000 нэгжээр болон иргэнийг 300 нэгжээр торгох хуулийн зохицуулалттай байсан учир намайг ойлгоод иргэн хүнээр нь арга хэмжээ авч болохгүй юу гэдгээ. Амьдрал болон цаг үеийн байдлыг ойлгоно уу гэж хүсэж байна. Би алдаа дутагдлаа засна. Иймд шийтгэврийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэж хүсэж байна. гэв.

Хариуцагч Э.Номин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мэргэжлийн хяналтын байгууллагын 2021 оны төлөвлөгөөний дагуу хяналт шалгалт хийхээр төлөвлөсөн ахуйн хортон шавж, мэрэгч устгал, халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудад Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 02-01/01 дугаар удирдамжийн хүрээнд Эрүүл мэндийн тухай, Эрүүл ахуйн тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай, Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль болон тэдгээрт нийцүүлэн гаргасан стандарт, тушаалын холбогдох заалтын хэрэгжилтийг шалгаж, үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үйлчилгээний чанар аюулгүй байдлыг хангуулах зорилгоор Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан үндэслэлийн дагуу гомдол гаргагчийн эрүүл ахуйч М.Эрдэнэчимэгийг байлцуулан төлөвлөгөөт хяналт шалгалт хийсэн.

Хяналт шалгалтаар Хан-Уул Дүүргийн 1 дүгээр хороо 40 дүгээр байрны 1 дүгээр орцны зоорины давхарт байрлах ахуйн хортон шавж, мэрэгч устгал халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаа эрхлэгч С ХХК нь орон сууцны зориулалттай барилгын зоорины давхарт үйл ажиллагаа эрхэлдэг буюу шавж, мэрэгч устгал халдваргүйжүүлэлтэд хэрэглэх бодисыг нөөцөлж, найруулсан байсан нь дундын өмчлөлийн засвар үйлчилгээний хуримтлалын гэрээний хуулбар, холбогдогчоос авсан мэдүүлэг, шалгалтын явцад хуурай болон найруулсан бодисоо авсан дээжийг Төв лабораторид шинжлүүлсэн шинжилгээний дүнд үндэслэн бичсэн улсын байцаагчийн дүгнэлт, фото зураг зэргээр нотлогдож байгаа. Иймд гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 12.4-т заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байсан тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6-т заасныг удирдлага болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэн 3000 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүлсэн. Хориглосон үйлчилгээ гэдэг нь Орон сууцны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх заалтад хамаарна.

...Гомдол гаргагчийн ярьж байгаа нөхцөл байдлыг би ойлгож байгаа. Гэхдээ би хуулиас давсан шийдвэр гаргах эрх байхгүй. Би өөрийн хэр хэмжээний хүрээнд урт хугацаатайгаар алдаа зөрчлөө арилгаарай гэж даалгавар өгсөн. Миний хийж чадах зүйл бол энэ л байна. Мөн миний дурдсанаар та торгуулаа 3 сараар хуваагаад төлөх боломж байгаа. Үүнээс давж шийдвэр гаргах эрх байхгүй. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын байцаагч Э.Нгийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 0159502 дугаар шийтгэлийн хуудсаар гомдол гаргагчийг Зөрчлийн тухай хуулийн 12.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан зөрчлийг гаргасан тооцож 3,000,000 төгрөгийн төлбөр ногдуулжээ.

Зөрчлийн тухай хуулийн 12.4 дүгээр зүйлийн 4-д Нийтийн зориулалттай орон сууцны байшинд барилгын төлөвлөлт, эрүүл ахуй, аюулгүй байдлын норм зөрчсөн, эсхүл хориглосон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлсэн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно, Орон сууцны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д Нийтийн зориулалттай орон сууцны байшинд барилгын төлөвлөлт, эрүүл ахуй, чанар, аюулгүй байдлын норм зөрчсөн, мөн дор дурдсан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хориглоно гээд 17.1.1-д химийн хорт бодистой харьцах гэжээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 02-01/01 дугаар удирдамжийн дагуу ахуйн хортон шавж, мэрэгч устгал, халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.

Уг шалгалтаар гомдол гаргагч нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 40 дүгээр байрны 1 дүгээр орцны зоорины давхарт үйл ажиллагаа явуулдаг болох нь Мандах СӨХ-той байгуулсан 22 тоот гэрээ, шалгалтын явцад бэхжүүлж авсан фото зураг, холбогдогчоос авсан мэдүүлэг,

Мөн тухайн ажлын байранд химийн бодистой харьцдаг болох нь 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр холбогдогчоос авсан өглөө нэг удаа идэвх тодорхойлох зорилгоор ОО-ын өрөөнд найруулдаг гэх мэдүүлгээр,

Нөгөөтээгүүр Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн тушаалын 7 дугаар хавсралтаар баталсан Ахуйн шавж, мэрэгч устгал, халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд мөрдөх эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрэм-ийн 2 дугаар бүлгийн 2.3-д Албан ажлын, амралтын болон хувцас солих /гадуур хувцас, цүнх зэрэг хувийн эд зүйлсийг хадгалах зориулалтын шүүгээтэй/, химийн бодис, хор, өгөөш/цаашид бодис гэх/ хадгалах болон найруулах, тоног төхөөрөмж, бусад хэрэгслийн өрөөнүүдтэй байна гэж заасан ба гомдол гаргагч нь тухайн шаардлагыг хангаагүй байранд үйл ажиллагаа явуулдаг болох нь түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд мэдүүлсэн уг байранд үйл ажиллагаа явуулж байсан нь үнэн, ар гэрийн гачигдлаас шалтгаалж нүүх боломжгүй байсан, улсын байцаагчийн шаардлагын дагуу Баянгол дүүргийн 2 дугаар хороо, ЭС БИ төвийн 5 давхарт нүүж орохоор болсон гэх мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

Хэдийгээр гомдол гаргагчаас манайхтай адил зоорины давхарт ижил үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд байхад адил нөхцөлд адил хандаагүй, бид ажлын байранд химийн бодистой харьцдаггүй, нийгмийн хариуцлагын хүрээнд үнэ төлбөргүй ажлуудыг хийсэн, шийтгэл ногдуулах биш зөвлөн туслах боломжтой байсан, цар тахлын улмаас эдийн засгийн хөндрөлтэй байгаагаас төлбөрийг төлөх боломжгүй гэж тус тус тайлбарлаж байгаа боловч энэ нь дээрх зөрчлийг үгүйсгэх, зөрчлөөс чөлөөлөх үндэслэл болохгүй байна.

Иймд гомдол гаргагчийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Орон сууцны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, Зөрчлийн тухай хуулийн 12.4 дүгээр зүйлийн 4-д тус тус заасныг баримтлан гомдол гаргагч С ХХК-ийн гомдолтой Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын байцаагч Э.Нд холбогдох Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын байцаагч Э.Нгийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 0159502 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүссэн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ