Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 23

 

Д.С-н нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Н.Энхмаа, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 145/ШШ2018/00707 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Д.С-н нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Ш-д холбогдох

“3151000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Г.Мөнх-Ундрал, нэхэмжлэгч Д.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Ш нь “би эхнэрээсээ салаад удаж байна Солонгос явж ирээд чамтай сууна. Тийм болохоор надад виз хөөцөлдөхөд мөнгөөр туслах хэрэгтэй байна. Чи машинаа зараад өөр машин ав” гэснээр би цалингийн зээлээ тулган авч 3 удаа машин авч зарим илүү гарсан мөнгөө түүнд зээлүүлж нийт 671000 төгрөг болсон. Мөн машины мөнгөө дансанд нь байршуулж, хоёр удаа виз хөөцөлдөхөд нь хоол, унаа, байрны бүх зардлыг нь би хариуцдаг байсан. 2017 оны 8 дугаар сард хил дээр буусан машин авч өгнө гээд 1000000 төгрөг хүнд шилжүүлсэн боловч машин ч аваагүй миний мөнгийг ч буцааж өгөөгүй. Мөн “Хаан кредит” ББСБ-д 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр миний машиныг барьцаалан 1000000 төгрөгийн зээл авч хүүтэйгээ 1480000 төгрөг болсон боловч одоог хүртэл төлж өгөөгүй байна. Иймд Б.Шгаас 3151000 төгрөгийг гаргуулж, миний хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Б.Ш шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.С-д би эхнэрээсээ салаад удаж байгаа Солонгос явж ирээд өөртэй нь суух, гэрлэх талаар ярьж байгаагүй, найз нөхдийн холбоотой байсан юм. Түүний нэхэмжлэлд дурьдсан надад машинаа зарснаас илүү гарсан 671000 төгрөг өгч байсан зүйл байхгүй би л харин Д.С-д мөнгө өгөх, зээлүүлэх зэргээр тусалж байсан. Виз хөөцөлдөж явахад байр унааны мөнгөөр туслаж байсан нь бол үнэн тийм ч учраас би Д.С-с нэхэмжилсэн 3000000 төгрөгний нэхэмжлэлийн зарим хэсгээс буюу 700000 төгрөгнөөс татгалзаж, 2300000 төгрөг түүнээс гаргуулахаар тус шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 483 тоот шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн. Уг 2300000 төгрөгийг төлөхгүй байсан тул албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргасан. 2017 оны 08 дугаар сард хил дээр буусан машин авч өгнө гээд 1000000 төгрөг авч байсан удаа байхгүй. Үүнийг надаас нэхэмжилж байгаа нь огт үндэслэлгүй юм. “Хаан кредит” ББСБ-с 1000000 төгрөгийг зээлэн авч надад өгсөн гэдэг нь худлаа. Энэ 1000000 төгрөг бол хадам ээжээсээ 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1150000 төгрөг зээлээд 1000000 төгрөгийг нь Д.С-д зээлсэн ба энэ өрийг надад буцааж төлөх гэж “Хаан кредит” ББСБ-с авсан зээл учир би хариуцахгүй гэжээ.

            Нэхэмжлэгч Д.С шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Ш нь эхнэрээсээ салж, чамтай сууна гэж хэлээд манай аав, ээжийнд байнга очдог байсан. Би тухайн үед надад худлаа ярьж намайг хуурч мэхэлж байна гэж бодоогүй. Би нөхөргүй хоёр хүүхэдтэй учраас итгэсэн. Б.Ш нь Солонгос улсын виз хөөцөлдөхөд туслаач Солонгос яваад чиний мөнгийг өгнө гэж хэлээд надаар 3 удаа цалингийн зээл авахуулж, 3 удаа машин солиулсан. Би итгэсэн учраас цалингийн зээл авч мөнгө байршуулж, мөн машинаа зарж хямдхан машин авч байсан. Мөн хил дээр буусан машин авна гээд миний 1000000 төгрөгийг  хулхидуулсан. Надад эргүүлээд олоод өгнө гэсэн боловч олж өгөөгүй. Надад машин авахдаа өөрийнхөө мөнгөнөөс 2300000 төгрөг нэмж 7300000 төгрөгөөр машин авч байсан. Тэр мөнгөө надаас гаргуулах гэж нэхэмжлэл гарсаныг хүлээн зөвшөөрч уг мөнгийг нь би төлнө гээд эвлэрсэн. Харин одоо надаас авсан мөнгөө хүлээн зөвшөөрөхгүй байгаад нь би гомдолтой байгаа. Б.Ш намайг сэтгэл санааны болон санхүүгийн том дарамтанд оруулсан. Миний дансыг хүртэл хаасан байгаа. Тийм учраас миний энэ асуудлыг үнэн зөвөөр шийдэж өгөөч гэж хүсч байна гэжээ.

 

            Хариуцагч Б.Ш шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид хоёр 2017 оны 07 дугаар сард очиж машин авсан. Би тухайн үед Солонгос улсын виз хөөцөлдөөд дансандаа 5000000 төгрөг байршуулах шаардлагатай байсан. Хил дээр буусан машин авах гээд 1000000 төгрөг хулхидуулахад Д.С өөрөө надтай хамт байж, мөнгийг шилжүүлсэн. Тухайн үед миний дансанд Д.С-н 5000000 төгрөг, миний өөрийн 3000000 төгрөг гээд нийт 8000000 төгрөг байсан. Би таньдаг цагдаад хандаж мөнгийг олж өгөх талаар хөөцөлдөж байсан ч бүтээгүй. Би эхнэрээсээ сална гэж худлаа ярьж байгаагүй. Д.С-н гэрт 7 хоног тутам очдог байсан гэж худлаа ярьж байгаад нь гомдолтой байна. Би Д.С-н гэрт нь гурван удаа л очиж байсан. Би хүнээс 3000000 төгрөг зээлж, машинд нэмэрлэж 7900000 төгрөгөөр машиныг авч байсан. Мөн хадам ээжээсээ 1000000 гаруй төгрөг зээлж, Д.Сд зээлүүлж байсан. Тэр мөнгийг эхнэр маань мэдэж ав гэхээр нь 500000 төгрөг нэмэрлэж хадам ээжээс зээлсэн мөнгийг Д.С-с авч байсан. Байр хоол унааны зардал гээд 700000 төгрөг болсон гэж байсан гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Шгаас 1271000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.С-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1880000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч 35054 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 65366 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдан шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Ш гаргасан давж заалдах гомдолдоо: Өвархангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 145/ШШ2018/00707 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.С-н өмнө зээлсэн 1000000 төгрөгний өрөө төлсөн баримтыг хариуцагч Ш надад мөнгө зээлсэн гэж дүгнэсэн нь нотлох баримтыг буруу үнэлж байна. Мөн Д.С-д 71000 төгрөг төлөх ёстой гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж  байна. Иймд хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас нэг бүрчлэн судалж, нэхэмжлэгч Д.С-д 1271000 төгрөг төлүүлэх шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.С нь хариуцагч Б.Ш-д холбогдуулан 3151000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Ш-с 1271000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.С-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1880000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзвэл дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

1. Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрт зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлд заасан журмаар давж заалдах гомдол гаргах эрхтэй.

            Хариуцагчийн гомдолд хавсаргаж ирүүлсэн баримт нь /хавтаст хэргийн 111 дүгээр хуудас/ ямар утгатай гүйлгээ хийсэн нь тодорхойгүй, тухайн банкны тэмдэг, дардас байхгүй тул улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт гэж үзэхэд эргэлзээтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т давж заалдах журмаар гомдол гаргаж байгаа этгээдээс энэ хуулийн 57.1, 57.4-т заасан журмаар улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлүүлэхээр зохицуулсан байдаг.

2. Мөн хариуцагч Б.Ш нь 2018 оны 10 сарын 01-ний өдөр С.Батчимэгт иргэний хэрэгт шүүхэд төлөөлөх итгэмжлэл олгожээ. Гэтэл 2018 оны 10 сарын 15-нд буюу хуульд заасан бүх эрхээ С.Батчимэгт шилжүүлсэний дараа өөрөө гомдол гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д “Өмгөөлөгчөөс өөр этгээдээр төлөөлүүлж байгаа иргэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй. Биечлэн оролцох тохиолдолд өөрийг нь төлөөлж байгаа этгээдээс татгалзсан тухайгаа шүүхэд бичгээр мэдэгдэнэ.” гэж заасныг зөрчсөн байна.  

          Давж заалдах шатны шүүх хуралдааны явцад гомдлыг хүлээн авах боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон тул хариуцагчийн гомдлыг хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.  

         Давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзсан тохиолдолд гомдол гаргагчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг үндэслэн буцаан олгох нь энэ хуулийн 169 дүгээр зүйлд харшлахгүй тул хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн 35054 төгрөгийг буцаан олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т  заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 145/ШШ2018/00707 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Ш-н гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч Б.Ш-с төлсөн 35054 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.