Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 30

 

 

А.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай     

                                                                                                                                                                                           Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: Б.Догмиддорж /цахим/,

            Шүүгдэгч: А.Б,  

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ууганбаяр нарыг оролцуулан,

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/58 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч А.Бд холбогдох, эрүүгийн 2020000190034 дугаартай, 1 хавтас, 110 хуудас бүхий хэргийг шүүгдэгч А.Б-н гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, А.Б-д холбогдуулан Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газрын прокурор Б.Догмиддоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Шүүгдэгч А.Б нь 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Өргөн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Т-н эзэмшлийн Самсунг Нөте-2 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч А.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-г 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-д оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-н цагдан хоригдсон 9 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бэс 170 000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А-д олгож,

 

Шүүхэд шүүгдэгчийн иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр,

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч А.Б давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оногдуулсантай санал нийлэхгүй байна...” гэв.

 

Прокурор Б.Догмиддорж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс А.Бд 6 сарын хорих ял оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг прокурорын зүгээс үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судалсан. Шүүгдэгч нь 170000 төгрөгийн хохирлыг төлөөгүй байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/58 тоот шийтгэх тогтоолтой хэргийг давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцээд тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Учир нь: Шүүгдэгч А.Бэс гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд бичигдсэн асуудалд хязгаарлагдалгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар тухайн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх ба мөрдөн байцаалт, прокурор болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч А.Б нь 2019 оны 10-р сарын 03-ны шөнө Дорноговь аймгийн Өргөн сумын 4-р багийн нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч Д.Т-н өмчлөлийн Самсунг Нөте-2 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан болох нь гэрч Б.М/хх-ийн 13-14/, Д.О /хх-ийн 15-16/, Ш.П /хх-ийн 17-18/ нарын мэдүүлгүүд, хохирогч Д.Т /хх-ийн 9-10/ болон түүний ээж Б.А хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр асуусан мэдүүлэг /хх-ийн 5-6/, эд хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээ /хх-ийн 23-26/ зэргээр тогтоогдсон ба шүүгдэгч А.Б нь гэм буруугаа мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн мэдүүлдэг болно.

 

Эдгээр нотлох баримтууд нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан баримтат мэдээллүүд байна.

 

Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд хэргийн оролцогч нарыг хавтаст хэргийн материалтай танилцуулсан ба тэдний зүгээс хэргийн талаар нэмж шалгуулах талаар санал, хүсэлт гаргаагүй байна.

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүх шүүгдэгч А.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн ба шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй болсон.

 

Шүүгдэгчийн насанд хүрээгүй хүүхдүүд болох Б.Мөнгөнтөр, Д.Оргилсайхан, Д.Тэмүүжин нартай гудамжинд таараад эхлээд мөнгө байна уу гэж нэхсэн, үүний дараа хүүхдүүдтэй дахин таарахдаа гэртээ аваачиж гар утсаа өгөхийг хүүхдүүдээс шаардсан, насанд хүрээгүй Д.Тэмүүжин айсандаа гэрт гар утас байгаа гэснээр түүнийг дагуулан гэрт нь очиж гар утсыг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол” гэсэн шинжид нийцжээ.

 

Шүүгдэгч А.Б нь гэмт хэргийг санаатай буюу өөрийн үйлдэл нь хууль бус болохыг мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч зориуд хүсч үйлдэж, насанд хүрээгүй хохирогчийн гар утсыг хууль бусаар авч түүнд 170 000 төгрөгийн эд хөрөнгийн хохирлыг учруулсан гэж үзнэ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт “зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хорих ял шийтгэнэ” гэж заасан ба анхан шатны шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлыг төлж арилгаагүй байгаа зэрэг нөхцөл байдлуудад үндэслэн хорих ялын доод хэмжээ болох 6 сарын хорих ялыг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх “Шударга ёсны зарчим”-д нийцсэн гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

Эдгээр үндэслэлүүдээр шүүгдэгч А.Бэс гаргасан 6 сарын хорих ялыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн үндэслэл бүхий давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/58 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Б-н давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч А.Б-н цагдан хоригдсон 38 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

 

                                                ШҮҮГЧИД                                   Н.БОЛОРМАА

 

                                                                                                    А.САЙНТӨГС