Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 154/ШШ2021/00140

 

 

 

 

 

2021 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 154/ШШ2021/00140

Булган сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймгийн Булган сум дахь Cум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Булган суманд 1971 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр төрсөн. 50 настай, Ховд аймгийн Булган сумын Далт багт оршин суух, /РД:*******/******* овогт*******ын Алтанцэцэгийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч М.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч М.Алтанцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Баянөлгий аймгийн Булган сумын Салтанат нэгдэлд саальчнаар ажиллаж байсан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул миний шүүхэд өгсөн баримтыг үндэслэн шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү. Би Ховд аймгийн Булган суманд хүнтэй суугаад ирснээс хойш 20 гаруй жил болж байгаа болохоор танай шүүхэд хандаж өргөдлөө гаргасан.

Иймд намайг Баянөлгий аймгийн Булган сумын Салтанат нэгдэлд 1986-1991 он дуустал саальчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

М.Алтанцэцэг нь 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Баян-Өлгий аймгийн Булган сумын Салтанат нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хүсэлт гаргагч М.Алтанцэцэгийн шүүхэд гаргасан нэхэмжпэлийн шаардлага нь хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн:

Баянөлгий аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2021 оны 01 сарын 12-ны өдрийн 45 тоот... Булган сумын Салтанат нэгдлийн цалин хөлсний 70 дугаар дансны баримтаас иргэн*******ын 1986, 1991 онд ажилласан жилийн хөлсийг маягтанд тодорхойлж өгөв гэх архивын лавлагаа,

1989 онд Баян-Өлгий аймгийн Булган сумын Салтанат нэгдлээс М.Алтанцэцэгт олгосон баярын бичиг,

Гэрч Мянгад эмч овогт Балсангийн Түвшинбаярын шүүхэд гэрчээр өгсөн:.... М.Алтанцэцэг нь 1986 онд 8-р анги төгсөөд илгээлтээр хөдөө гарч аав, ээжийн хамт Баян-Өлгий аймгийн Булган сумын Салтанат нэгдлийн 7-р бригадад 1991 оныг дуустал саальчин байсан. Би 1979 оноос эхлэн тус нэгдлийн 7-р бригадад 1991 оныг дуустал саальчин байсан. Бид нар айл хамт олон жил мал маллаж сааль сүү хийж байсан. Манай нэгдлийн даргаар Төлөйвая, бригадын даргаар Чадраабал, бригадын нягтлангаар Хатба нар ажиллаж байсан. Тухайн үед саальчид 20-30 төгрөгний цалин хөлс авдаг байсан байх. Би сайн мэдэхгүй байна. Хөдөлмөрийн хөлс тэр үед өрхийн тэргүүний нэр дээр боддог байсан. Засгаас өгсөн төлөвлөгөөг биелүүлэхгүй бол бид нарт ногдол ашиг олгодоггүй байсан. Ноолуур 1 кг нь 4 төгрөг байсан гэх мэдүүлэг,

Гэрч Оорцог хорхон овогт Лөөрийн Партизаны шүүхэд гэрчээр өгсөн:... М.Алтанцэцэг нь 1986 онд 8-р анги төгсөөд илгээлтээр хөдөө гарч аав, ээжийн хамт Баян-Өлгий аймгийн Булган сумын Салтанат нэгдлийн 7-р бригадад 1991 оныг дуустал саальчин байсан. Салтанат нэгдэл нь 1991 онд хувьчлагдсан. М.Алтанцэцэг нь заводын үхэр саадаг байсан. Бас ямаа маллаж байсан. Би 1980 оноос эхлэн тус нэгдлийн 7-р бригадад 1991 оныг дуустал малчин байсан. Бид нар насаараа мал маллаж байгаа хүмүүс. Салтанат нэгдлийн даргаар Төлөйвая, бригадын даргаар Чадраабал, бригадын нягтлангаар Хатба, малын эмч Шүхэрхан нар ажиллаж байсан. Тухайн үед саальчид, малчид 80-100 төгрөгний цалин хөлс авдаг байсан гэх мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж, цуглуулж авсан байх тул нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч М.Алтанцэцэгийг 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баян-Өлгий аймгийн Булган сумын Салтанат нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар******* овогт*******ын Алтанцэцэгийг 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баян-Өлгий аймгийн Булган сумын Салтанат нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч М.Алтанцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ