Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 154/ШШ2021/00195

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 154/ШШ2021/00195

Булган сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймгийн Булган сум дахь Cум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Булган суманд 1966 оны 09 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 55 настай, Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багт оршин суух, /*******/,******* овогт*******гийн*******гийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргачгч Х.Даваасүрэн,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Х.Даваасүрэн нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие амьдралын шаардлагаар сургуулиас гарч Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн 1 дүгээр бригадад мал маллаж эхэлсэн. Би үхэр, ямаа маллаж байсан. Жаргалын зам нэгдэл хувьчлагдаж Түмний эх компани болоход үргэлжлүүлэн 1994 он хүртэл мал малласан. Иймд миний Жаргалын зам нэгдэл, Түмний эх ХК-д 1982-1994 он хүртэл хугацаанд малчинаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Х.Даваасүрэн нь Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд 1982 оны 01 сарын 01-ны өдрөөс 1992 оны 05 сарын 05-ны өдөр хүртэл Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар, 1992 оны 05 сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал Түмний эх ХХК-д малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хүсэлт гаргагч Х.Даваасүрэнгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн:

Түүний шүүхэд хандаж гаргасан хүсэлт

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 820 тоот архивын лавлагаа,

Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлээс Х.Даваасүрэнд олгосон ажиллаж байсан байдлын талаархи бичилттэй хөдөлмөрийн дэвтэр,

Гэрч Баасандайн Сүхбаатарын шүүхэд гэрчээр мэдүүлсэн: Би 1973 оноос эхлэн илгээлтээр хөдөө гарч Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн Баянгол багт бог мал маллаж байсан. Х.Даваасүрэн 1982 оноос эхлэн Булган сумын Жаргалын зам нэгдлийн 1 дүгээр бригадад буюу Баянгол багт үхэр маллаж байгаад 1985 онд цэргийн албанд татагдаж яваад 1988 онд цэргээс халагдаж ирсэн. Цэргээс ирээд тус нэгдлийн мөн багт үхэр малласан. Х.Даваасүрэн нь 1994 оныг дуустал мал малласан. Анхны хувьчлал 1991 онд болсон. 1994 онд сүүлчийн хувьчлал болсон. Тэр үед малчдын цалингийн 30 хувийг суутгаад 70 хувийг олгодог байсан. Нэгдэл нь малчдад хүнсний ногоо, гурил будаа болон янз бүрийн зүйлийг өгдөг байсан. Цалингийн 30 хувиасаа энэ мөнгөө тооцож авдаг байсан. Малчид бод, бог мал маллахаас хамаарч харилцан адилгүй цалин авдаг байсан. Бүх малчид хөдөлмөрийн дэвтэртэй байсан. Багийн тоо бүртгэгч хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийдэг байсан. Нэгдэл тарсны дараа маш олон хөдөлмөрийн дэвтэр устаж алга болсон. Малчид хөдөлмөрийн дэвтрээ тоо бүртгэгчээс авахаа мэддэггүй, хөдөлмөрийн дэвтэр хэрэг болно гэж мэддэггүй байсан. Х.Даваасүрэн нь мал маллаж байсан нь үнэн гэх мэдүүлэг,

Гэрч Дандарын Баттулгын шүүхэд гэрчээр мэдүүлсэн: Х.Даваасүрэн 1982 оноос эхлэн Булган сумын Жаргалын зам нэгдлийн 1 дүгээр бригадад мал маллаж байсан. Манай өвөлжөө Азрын хар гэдэг газарт байдаг байсан . Х.Даваасүрэнгийн гэр манайхтай айл саахалт байсан юм. Х.Даваасүрэн 400 гаруй ямаа, 100 гаруй үхэр малладаг байсан. Х.Даваасүрэн 1982 оноос 1994 оныг дуустал мал малласан. Нэгдлийн даргаар М.Баавдай байсан. Жаргалын зам нэгдэл тараад Жаргалын зам компани болсон. Х.Даваасүрэнгийн эцэг******* агентаар ажилладаг, Х.Даваасүрэн мал малладаг байсан. Сүмийн цагаан гэдэг газарт миний адуу өвөлждөг байна. Энэ газар*******гийн өвөө Төмөрийн өвөлжөө байсан. Тэр үеэс эхлэн сайн мэднэ. Бид нар хамт айл саахалт байсан тул Х.Даваасүрэнг мал маллаж байсныг сайн мэдэж байна гэх мэдүүлэг, малчнаар ажиллаж байхдаа авахуулсан гэрэл зураг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хүсэлт гаргагч Х.Даваасүрэнг 1982 оны 01 сарын 01-ны өдрөөс 1992 оны 05 сарын 05-ны өдөр хүртэл Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үндэслэн шүүхээс үнэлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэлийн шаардлагаас 1992 оны 05 сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал Түмний эх ХХК-д малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлага гаргаж байгаа боловч хэрэгт авагдсан баримтаар Түмний эх ХХК-нд ажиллаж байсан талаархи баримт шүүхэд ирүүлээгүй байх тул нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар******* овогт*******гийн*******г 1982 оны 01 сарын 01-ны өдрөөс 1992 оны 05 сарын 05-ны өдөр хүртэл Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2 Нэхэмжлэлийн шаардлагаас 1992 оны 05 сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал Түмний эх ХХК-д ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Х.Даваасүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ               Ц.ЭНХЖАРГАЛ