Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 130/ШШ2022/00102

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, шүүгч Б.Мангилик, шүүгч А.Жархынгүл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ш /РД:00000, утас: 00000/. Хаяг: Б аймаг, Т сум  . дугаар баг, Хөх толгойд оршин суух үндсэн хаягтай, одоогоор Б аймаг, Өлгий сумын 10 дугаар багт түр оршин суух,

Хариуцагч: Х /РД:00000, утас:00000, 00000/. Хаяг: Б аймаг, Д сумын . дугаар баг, С оршин суух үндсэн хаягтай, одоогоор Б аймаг, Өлгий сумын 13 дугаар багт түр оршин суух, 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт 14,693,676 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М,

Хариуцагчийн өмгөөлөгч Н,

Иргэдийн төлөөлөгч С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Арманбек нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ш болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Б нараас хариуцагч Х т холбогдуулан 2020 оны 01 дүгээр сараас 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх 6 сарын хугацааны цалин хөлс 4,880,424 (813,404х6 сар) төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын  31-ний өдөр дуусталх 13 сарын хугацааны цалин хөлсний зөрүү  525,404 (813,404-288,000 төгрөг Нийгмийн халамжийн тэтгэвэр ) төгрөг ба 13 сарын цалин хөлсний зөрүүд 6,830,252 (525,404х13 сар) төгрөг, эрүүл мэндийг сайжруулахын тулд эмийн сангаас худалдаж авсан эмийн үнэ 2,983,000 төгрөг  бүгд 14,693,676 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Хариуцагч Х  нь 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, “Б” дэлгүүрийн урьд талын замын явган хүний гарц дээр “Тоёота приус” маркийн 69-59 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулалтгүй гарц руу ойртон ирсэн жолоо хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчдод зогсож зам тавьж  өгнө” гэсэн заалтыг зөрчиж, нэхэмжлэгч Ш ы биед хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна. Х ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн болохыг гурван шатны шүүх тогтоосон бөгөөд одоо шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Хариуцагч Х  нь шүүхээр гэмт хэргээ шийдвэрлүүлэх үед нэхэмжлэгч Ш д 5,500,000 төгрөгийн хохирлыг төлж өгсөн байна. Тухайн үед шүүхээс Ш д хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг шийтгэх тогтоолд дурдаж өгсөн байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгчээс эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 432 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээж шийдвэрлэсэн. Улмаар Улсын дээд шүүх тухайн эрүүгийн хэргийг хяналтын журмаар хянаж үзээд 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 310 дугаар тогтоолоор шийтгэх тогтоол болон магадлалд өөрчлөлт оруулж Х т оногдуулсан хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсүүлсэн. Үүнээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгчид гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан. Х  нь Улсын Дээд Шүүхийн тогтоолоор суллагдсаны дараа хохирол төлөх талаар арга хэмжээ авч, хохирогчид хохирол төлж өгөөгүй учраас гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Ш ы гэмтэл бүрэн эдгэрээгүй, зовуурьтай, одоо хүртэл эм ууж байгаа. Анх нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн үнийн дүнг 13,831,173 төгрөг, 14,168,179 төгрөг гэж хоёр янзаар бичигдсэн байна. Ш нь 2020 оны 7 дугаар сараас эхлэн одоо хүртэл хөдөлмөрийн чадвар алдсаны групп тогтоолгосон байна. Тэрээр авто аваарт орохоос өмнө Улаанбаатар хотод “М “ХХК-д зөөгчийн орон тоонд хөдөлмөр эрхэлж байсан. Уг ажлаас нь энэхүү авто аваарт орсны дараа өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн байна. Тус зөөгчийн орон тоонд ажиллаж байх үеийн буюу 2019 оны 10,11,12-р дугаар саруудын цалингаар дундаж цалин тооцоход 813,404 төгрөг болж байна. Нэхэмжлэгч Ш ы 2020 оны 01 дүгээр сараас эхлэн ажлаас чөлөөлөгдсөн тул уг сараас 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх 6 сарын хугацааны цалин хөлс 4,880,424 (813,404х6 сар) төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Нийгмийн халамжийн тэтгэвэрт 288,000 төгрөг  тогтоолгосон ба зөрүү нь 525,404 төгрөг гарч байгаа бөгөөд 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдөр дуустал 13 сарын хугацааны цалингийн зөрүү 6,830,252 (525,404х13 сар) төгрөг нийт цалингийн хохирол 11,710,676 (4,880,424+6,830,252) төгрөг  гарч байна. Харин анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа эрүүл мэндийн сайжруулахын тулд эмийн сангаас худалдаж авсан эмийн үнийг 2,457,500 төгрөг гэж буруу бичигдсэн байх тул эмийн үнэ 2,983,000 төгрөг нийт 14,693,676 (11,710,676+2,983,000) төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгөхийг хүсье. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан нэмж хэлэхэд нийгмийн халамжийн сангаас орж ирсэн 2020 оны 1 сарын хөдөлмөрийн чадвар алсан тэтгэмж болох 209706 төгрөгийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцоход татгалзах зүйлгүй үлдсэн шаардлагаа дэмжиж байгаа. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эгч нь гэх У  гийн ХААН банкны дансаар нэхэмжлэгчид 1,000,000 төгрөг өгсөн ба уг мөнгийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй. Тухайн үед хариуцагчаас эмчилгээнд зарцуулаарай гэж өгсөн мөнгө байсан гэв.

 

2.Хариуцагч Х  болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М нарын хариу тайлбар, татгалзал: М би хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг гэх 14,168,179 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, энэ нь Х ын өмнө нь учруулсан гэмтэл болон одоо нэхэмжилж байгаа мөнгөн дүн хоорондоо шалтгаант холбоогүй гэж үзэж байна. Хариуцагч Х  нь Өлгий сумын 9 дүгээр багт оршин суудаг бөгөөд ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур амьдралтай иргэн юм. Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжилж буй хохирлыг бүрэн төлж барагдуулсан гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн эмийн үнэ гэж нэхэмжилж буй мөнгийг эмчилгээнд зарцуулсан болох нь түүний өвчний түүх, карт зэрэг нотлох баримтуудаар нотлогдохгүй байна. Мөн нэхэмжлэгчийн сарын дундаж цалин хөлсний зөрүү гэж нэхэмжилж буй мөнгийг зөвшөөрөхгүй байна. Учир нь Ш ы ажиллаж байсан гэх М ХХК-ийн захирлын 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 19/1-19 дугаар тушаалаар Ш ы сарын цалинг 450,000 төгрөг байхаар тогтоосон. Иймд сарын дундаж цалин хөлсийг 813,404 төгрөгөөр тооцоолсныг хариуцагчийн зүгээс үндэслэлгүй гэж үзэж байна. Ш гэмт хэрэгт өртсөний дараа хариуцагч Х  нь 5,500,000 төгрөг төлж өгснөөс гадна өөрийн эгчийн 5186152681 тоот дансаар Ш ы 5037696327 тоот дансанд нийт 4 удаагийн гүйлгээгээр буюу 2020 оны 03 дугаар сарын 20-ний өдөр 300,000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 300,000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 200,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 200,000 төгрөг тус тус шилжүүлж нэхэмжлэгчийн хохирлыг төлж өгсөн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Иргэдийн төлөөлөгч “нэхэмжлэгч Ш ы нэхэмжлэлтэй Х т холбогдох хохирол болох 14,168,179 төгрөгийг төлөхөд хүндрэлтэй байна гэж дүгнэж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй байна” гэсэн дүгнэлт гаргажээ.

 

4.Нэхэмжлэгчээс 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020/ДШМ/432 дугаартай  магадлал, Х ын өмгөөлөгч К ийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүхэд хяналтын журмаар гаргасан гомдол,  2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 310 дугаартай тогтоол,2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Б аймгийн  Нийгмийн даатгалын хэлтсээс  Ш ы “М ” ХХК-д ажилласан үеийн Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх 329 дугаартай лавлагаа,  2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн Тамгын газрын Ерөнхий шүүгчийн ажлын албаны даргын 6-3973 дугаартай Ш д хаягласан албан бичиг, 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн “Э ” эмийн сангаас Ш нь 337,000 төгрөгийн эм авсан талаарх зарлагын баримт, Т сумын Эрүүл мэндийн төвийн эргэлтийн эмийн сангаас 2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 75,000 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 169,500 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 614,000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 604,000 төгрөгийн эм тус тус Ш худалдаж авсан талаарх нэхэмжлэх, “Д ” ХХК-иас  2020 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 300,000 төгрөгт  2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 215,600 төгрөгт тус тус эм худалдаж авсан талаарх Зарлагын баримт, 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр нээлгэсэн амбулаториор эмчлүүлэгчдийн картын нүүр хэсэг, 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Б аймгийн  Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтыг 80 хувиар 6 сараар буюу 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх хугацаагаар, 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Б аймгийн  Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтыг 80 хувиар 12 сараар буюу 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх хугацаагаар, нэхэмжлэгч Ш ы иргэний үнэмлэх зэрэг бичгийн нотлох баримтуудын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, “Л ” эмнэлгийн компьютерт томографын шинжилгээ, “М ” ХХК-ийн захирал С ы 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 19/1-19 дугаартай Ш ыг зөөгчийн орон тоонд 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээний сүүлийн хуудас, 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А-21/014 дугаартай тодорхойлолт зэргийн хуулбар хувь, 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн нэхэмжлэгч Ш ы нэмэлт тайлбар, Ш ы  өмгөөлөгч  Б тай байгуулсан өмгөөллийн гэрээ, 2021 оны  12 дугаар сарын 22-ны өдрийн аймгийн ХХҮГазрын Т сум хариуцсан мэргэжилтэн С ы тодорхойлолт, Ш ы 0091460 дугаартай Халамжийн тэтгэврийн дэвтэр, Ш аас өмгөөлөгч Б д 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр  олгосон 2089 дугаартай итгэмжлэл, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, “М ” ХХК-ийн захирлын 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 19/1-19 дугаартай Ш ыг зөөгчийн орон тоонд 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн ажилд томилсон тушаал болон Ш ы  НДД№А01290907 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 211 дугаартай Шийтгэх  тогтоолын  хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

5. Хариуцагч  Х аас  2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр аймгийн тойргийн нотариатчийн 0756 дугаарт бүртгэж М т олгосон итгэмжлэл, хариуцагчийн Н тай байгуулсан өмгөөллийн гэрээ, 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М ийн тайлбар мөн 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр гаргасан хүсэлт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М ийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн тайлбар, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хариуцагчийн өмгөөлөгч Н ын 283 дугаартай албан бичгээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт,Улсын Дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааны тов, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт,хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  К тэй байгуулсан өмгөөллийн гэрээ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М ийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гаргасан хүсэлт, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч К ийн хүсэлт, УЕПГазрын эрүүгийн хэргийн төв архивын хуулбар үнэн тэмдэг дарагдсан  Хохирогч Ш ы эмчилгээний төлбөрт жолооч Х ын гаргаж өгсөн зардлыг тооцоо гаргасан ахлах мөрдөгч а/х О , У гийн ХААН банкны депозит дансны хуулга, Гэмтэл согоог судлалын үндэсний төвд Ш аас 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 80,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр  Эрүүл мэндийн үйлчилгээнд 300,000 төгрөг, Т 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр эм авсан үнэ 34,000 төгрөг,  Гэмтэл согог судлалын үндэсний төвд шинжилгээ өгөхдөө 507,960 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр эмийн сангаас 33,800 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр эмийн сангаас 5,000 төгрөгт эм авсан талаарх баримтууд мөн  Е ийн Т 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр  шинжилгээ өгөхдөө  21,800 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Гэмтэл согоог судлалын үндэсний төвд Е ийн шинжилгээ  өгөхдөө 238,260 төгрөг төлсөн баримтууд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  Ш ы гаргаж байсан хүсэлт, 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б болон Х  нарын Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатчид 36 дугаартай Хохирол барагдуулах хэлцэл, Д сумын 3 дугаар багийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн тодорхойлолт, Өлгий сумын 9 дүгээр багийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн тодорхойлолт, Х ын Төрийн мэдээллийн сангаас гарах Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх  мөн түүний үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаарх тус тус лавлагаа, 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн “Нэмэгдэл ялаас өршөөн хэтрүүлэх тухай” 2021/ХМШЗ/47 дугаартай шүүгчийн захирамж, У ийн 5186152681 дугаартай ХААН банкны депозит дансны  2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр дуустал хугацааны хуулга зэрэг нотлох баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

 

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б аймгийн  Нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч А гийн 227 дугаар албан бичиг, 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц ын 4031 дугаар албан бичиг, 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн  “М ” ХХК-ийн нягтлан бодогч Я ын А-21/033 дугаартай албан бичиг, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б аймгийн  Нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч А ийн 307 дугаар албан бичиг, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б аймгийн  Нэгдсэн эмнэлгийн дарга Х.М ийн 390 дугаар албан бичгээр Ш ы 2020 оны 01 дүгээр сард гэмтлийн тасагт, 2020 оны 03 дугаар сард мэдрэлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүхүүдийн хуулбарлаж ирүүлсэн, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч А ийн 305 дугаар албан бичиг, Б аймгийн  Т сумын Эрүүл мэндийн төвөөс Ш ы 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 78 дугаартай өвчний түүхийн эх хувь,  Б аймгийн  Т сумын Эрүүл мэндийн төвийн эм зүйч Ай ийг 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гэрчээр асуусан гэрчийн мэдүүлэг, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б аймгийн  Т сумын Эрүүл мэндийн төвийн дарга Бе ийн 47 дугаар албан бичиг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Ш аас анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагч Х аас гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт нийт 14,168,179 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас эмийн сангаас худалдаж авсан эмийн үнийн дүнг  2,457,500 төгрөг гэж буруу бичигдсэн байгаа тул нийт худалдаж авсан эмийн үнэ 2,983,000 төгрөг  мөн 2020 оны 01 дүгээр сараас 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх 6 сарын цалин 4,880,424 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдсаны цалингийн зөрүү 6,830,252 төгрөг бүгд 14,693,676 (2,983,000+4,880,424+6,830,252) төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан тул шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс  9,273,626 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 5,420,050 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

2.Нэхэмжлэгч Ш болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б нараас дараах үндэслэлээр  шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Х  нь Ш ы эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэм буруутай болох нь тогтоогдож, анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ялыг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 310 дугаартай тогтоолоор тэнсэн хянан харгалзаж, Х т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгчид гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан мөн Ш нь  хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг шийтгэх тогтоолд дурдаж өгсний дагуу хариуцагчаас хөдөлмөрийн чадвар алдсан хугацааны цалингийн зөрүү болон цалин мөн эрүүл мэндээ сайжруулахын тул авсан эмийн үнийн хамт нэхэмжилж байна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлажээ.

 

3.Хариуцагч Х  болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М нараас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг  хүлээн зөвшөөрөхгүй, Х ын өмнө нь учруулсан гэмтэл болон одоо нэхэмжилж байгаа мөнгөн дүн хоорондоо шалтгаант холбоогүй. Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжилж буй хохирлыг бүрэн төлж барагдуулсан мөн нэхэмжлэгчийн эмийн үнэ гэж нэхэмжилж буй мөнгийг эмчилгээнд зарцуулсан болох нь түүний өвчний түүх, карт зэрэг нотлох баримтуудаар нотлогдохгүй байна. Мөн нэхэмжлэгчийн сарын дундаж цалин хөлсний зөрүү гэж нэхэмжилж буй мөнгийг зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Ш ы ажиллаж байсан гэх М ХХК-ийн захирлын 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 19/1-19 дугаар тушаалаар Ш ы сарын цалинг 450,000 төгрөг байхаар тогтоосон. Иймд сарын дундаж цалин хөлсийг 813,404 төгрөгөөр тооцоолсныг хариуцагчийн зүгээс үндэслэлгүй гэж үзэж байна. Ш гэмт хэрэгт өртсөний дараа хариуцагч Х  нь 5,500,000 төгрөг төлж өгснөөс гадна өөрийн эгчийн 5186152681 тоот дансаар Ш ы 5037696327 тоот дансанд нийт 4 удаагийн гүйлгээгээр нийт 1,000,000 төгрөг шилжүүлж нэхэмжлэгчийн хохирлыг төлж өгсөн гэж үгүйсгэж тайлбарлажээ.

 

4.Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 211 дугаартай шийтгэх тогтоолоор  Х ыг 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 цаг 36 минутын үед Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, “Б” дэлгүүрийн урьд талын замын явган хүний гарц дээр “Тоёота приус” маркийн 69-59 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулалтгүй гарц руу ойртон ирсэн жолоо хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчдод зогсож зам тавьж  өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ш , Е ь нарыг мөргөж, Ш ы эрүүл мэндэд нь хүнд хохирол, Е ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус уруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 01 жил хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, шүүгдэгч Х  нь иргэний нэхэмжлэгч Е ьд төлөх төлбөргүй, хохирогч Ш д 550,000 төгрөг төлсөн болохыг  мөн хохирогч Ш нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн ба уг шийтгэх тогтоолыг талууд давж заалдах болон хяналтын журмаар гомдол гарснаар 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн  Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 310 дугаартай тогтоолоор Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 211 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 43 дугаар магадлалд: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Х ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзах”-аар, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэх арга хэмжээ авах”-аар, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х т 2 /хоёр/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын 2,3,7 дахь заалтыг хүчингүй болгож, шүүгдэгч Х ыг нэн даруй суллаж, түүний өмгөөлөгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэсэн байжээ. /хэргийн 3-15 дугаар тал болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргаж өгсөн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 211 дугаартай шийтгэх тогтоолоор/

 

5.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч Х ын учруулсан хохирол, хор уршгийн улмаас эрүүл мэндийг сайжруулахын тул эм худалдаж авч эм ууж мөн одоо хүртэл хөдөлмөр эрхлээгүй хөдөлмөр чадвар алдалтын 80 хувиар нийгмийн халамжийн тэтгэвэр авч байгаа тул худалдаж авсан эмийн үнэ, цалин болон цалингийн зөрүү нэхэмжилж байгаа гэсэн ба хариуцагчаас өмнө нь учирсан гэмт хэрэг болон одоо нэхэмжилж байгаа мөнгөн дүн хоорондоо шалтгаант холбоогүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

6.Хариуцагч Х  нь 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 цаг 36 минутын үед Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, “Б” дэлгүүрийн урьд талын замын явган хүний гарц дээр “Тоёота приус” маркийн 69-59 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулалтгүй гарц руу ойртон ирсэн жолоо хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчдод зогсож зам тавьж  өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ш , Е ь нарыг мөргөж, Ш ы эрүүл мэндэд нь хүнд хохирол, Е ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус уруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан  2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 211 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 43 дугаар магадлал, 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн  Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 310 дугаартай тогтоол болон талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдон тогтоогдож байна.

 

7.Түүнчлэн 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 211 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад хохирогч Ш нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн  Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 310 дугаартай тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч Х т “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэх арга хэмжээ авах”-аар тус тус шийдвэрлэсэн ба Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “...эд хөрөнгөд... гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж , мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т “...бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан... бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч Ш нь хариуцагч Х ын гэм буруугаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулснаас үүсэн хохирол, хор уршгаа түүнээс шаардах эрхтэй байна.

Хариуцагч Х  нь нэхэмжлэгч Ш д учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй тул хариуцагчийн өмнө нь учирсан гэмт хэрэг болон нэхэмжлэгч Ш ы нэхэмжилж байгаа мөнгөн дүн хоорондоо шалтгаант холбоогүй гэж маргаж байгаа хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.

 

8.Иргэний хуулийн  9 дүгээр зүйлийн 9.1-д “иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна” гэж мөн зүйлийн 9.4 дэх хэсэгт иргэний эрхийг хамгаалах 10 үндэслэлийг заасан ба түүний 9.4.4-д “ учруулсан хохирлыг арилгуулах”-аар заасан уг хохирлыг арилгахдаа мөн хуулийн  228 дугаар зүйлийн 228.1-д “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно” гэж  мөн зүйлийн 228.3-т “Эрүүл мэндийг хохироосноос хохирогч хөдөлмөрийн чадвараа алдсан буюу хөдөлмөрийн чадвар нь буурсан, эсхүл хэрэглээ зардал нь нэмэгдсэн бол гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд хохирогчид сар тутам мөнгө /тэжээн тэтгэхтэй холбогдсон тэтгэлэг/ төлөх замаар гэм хорыг арилгах үүрэгтэй” гэж мөн зүйлийн 228.6-д “.Хүндэтгэн үзэх шалтгаан байвал хохирогч энэ хуулийн 228.3-т заасан сар тутмын мөнгөн төлбөрийн оронд нэг удаагийн нөхөн төлбөр авахаар шаардаж болно” гэж тус тус  зааснаар хариуцагч Х  нь нэхэмжлэгч Ш ы  эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулснаас түүний хөдөлмөрийн чадвар алдсанаас үүссэн гэм хорыг арилгах үүрэгтэй байна.

 

9.Нэхэмжлэгч Ш нь “М ” ХХК -д 2019 оны 9 дүгээр сараас  2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр авто аваарт орох өдөр хүртэл зөөгчийн орон тоонд ажилласан болох нь хавтаст хэрэгт авагдсан М ” ХХК захирлын Ш ыг зөөгчийн ажилд томилсон тушаал, аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс Ш ы нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх лавлагаа, Ш ы  НДД№А01290907 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн  “М ” ХХК-ийн нягтлан бодогч Н.Янжиндуламын А-21/033 дугаартай албан бичиг зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

 

10.Шинжээчийн 1172 дугаартай дүгнэлтээр “... Ш ы биед баруун дагз ясны суурь хэсгээс хөхлөг сэртэн,суурь яс, суурийн хөндий рүү үргэлжилсэн шугаман хугарал,зүүн чамархай, духны дэлбэнгийн цусархаг няцрал,аалзан хальсны доорх цус харвал,зүүн хажуугийн ховдлын цус харвалт, баруун гуянд цус хураалт” зэрэг гэмтэл авч нэхэмжлэгч Ш эрүүл мэндэд нь хүнд хохирол авсан байх ба улмаар  2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл “Тархи бяцарч гэмтсэн,тархины аалзан бүрхэвчийн дээд доод цус хурсан,тархины эдийн гүн дэх цус хураалт” гэсэн оношоор 80 хувьтай хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгож сард 288,000 төгрөгийн Нийгмийн халамжийн тэтгэвэр авдаг болох нь хэрэгт авагдсан 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Б аймгийн  Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтыг 80 хувиар 6 сараар буюу 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх хугацаагаар, 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Б аймгийн  Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтыг 80 хувиар 12 сараар буюу 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх хугацаагаар мөн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 307 дугаар албан бичиг, 2021 оны  12 дугаар сарын 22-ны өдрийн аймгийн ХХҮГазрын Т сум хариуцсан мэргэжилтэн С ы тодорхойлолт, Ш ы 0091460 дугаартай Халамжийн тэтгэврийн дэвтрийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

 

11.Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ... зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан ба нэхэмжлэгч Ш нь “М ” ХХК -д 2019 оны 9 дүгээр сараас  2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр авто осолд орох хүртэл зөөгчийн орон тоонд ажилласан байх бөгөөд нэхэмжлэгч Ш аас 2019 оны 10,11,12 дугаар сарын цалингаар, цалингийн дунджийг 813,404 төгрөг гэж тодорхойлсон, харин хариуцагчаас нэхэмжлэгчийг ажилд томилсон тушаалд сарын үндсэн цалинг 450,000 төгрөг тогтоосон тул тухайн цалингаар бодогдох ёстой гэж маргажээ.

 

12.Гэвч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын  2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаартай тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.1-ийн 2.1.1 дэх хэсэгт” нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт сарын тоонд хувааж” гаргахаар журамласан байх тул нэхэмжлэгч Ш ы нийгмийн даатгалын шийтгэл төлсөн лавлагаа болон НДД№А01290907 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр дээрх бичилтийн үндэслэж түүний 2019 оны 9-12 дугаар саруудад олгосон цалингаар тооцоход нэг сарын цалин хөлс нь 675,518 (261,861+691,047+903,207+845,960= 2,702,075 / 4 сар) төгрөг гарч байгаа ба 2020 оны 01 дүгээр сараас 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх 6 сарын хугацааны цалин хөлс нь 4,053,108 (675,518 х 6 сар) төгрөг ба түүнээс нэхэмжлэгч Ш ы 2020 оны 01 дүгээр сард ажилласан 2 өдрийн цалин 70,010 төгрөг мөн хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийн мөнгө 209,706 төгрөгийг тус тус хасаж тооцоход 3,773,392 (4,053,108-70,010-209,706) төгрөг байна.

Мөн нэхэмжлэгч Ш нь 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 04-ний  өдрийг хүртэл “Тархи бяцарч гэмтсэн,тархины аалзан бүрхэвчийн дээд доод цус хурсан, тархины эдийн гүн дэх цус хураалт” гэсэн оношоор 80 хувиар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгож сард 288,000 төгрөг Нийгмийн халамжийн тэтгэвэр авдаг болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа ба цалин хөлсний зөрүү нь 387,518 (675,518-288,000) төгрөг гарч байгаа бөгөөд 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдөр дуустал 13 сарын цалин хөлсний зөрүү нь 5,037,734 (387,518х13 сар) төгрөг байна.

 

13.Нэхэмжлэгч Ш аас  нийт 2,315,100 төгрөгийн эм худалдаж авсан талаар 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн “Э ” эмийн сангаас Ш нь 337,000 төгрөгийн эм авсан талаарх зарлагын баримт, Т сумын Эрүүл мэндийн төвийн эргэлтийн эмийн сангаас 2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 75,000 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 169,500 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 614,000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 604,000 төгрөгийн эм тус тус Ш худалдаж авсан талаарх нэхэмжлэл, “Д ” ХХК-иас  2020 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 300,000 төгрөгт,  2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 215,600 төгрөгийн эм тус тус Ш худалдаж авсан талаарх Зарлагын баримтуудыг нотлох баримтаар ирүүлсэн боловч түүнээс Т сумын Эрүүл мэндийн төвийн эргэлтийн эмийн сангаас 1,462,500 төгрөгийн эмийг эмчийн жорын дагуу худалдаж авсан болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр гэрчээр асуугдсан Ай ийн  гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул уг мөнгийг хариуцагч Х аас гаргуулж,  үлдсэн 852,600 төгрөгийн эмийг эмчийн жорын дагуу худалдаж авсан эсэхээ нэхэмжлэгчээс бичмэл нотлох баримтаар нотолж чадаагүй тул эмийн үнэ гэж нэхэмжилсэн 852,600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлээ.

 

14.Харин 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 211 дугаартай шийтгэх тогтоол гарсны дараа хариуцагч Х ын эгч нь гэх У  гийн ХААН банкны 5186152681 дугаартай данснаас Х аас гэж 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 300.000 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 300,000 төгрөг, 2020 он 4 дүгээр сарын 01-ний өдөр 200,000 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 200,000 төгрөг нийт 1,000,000 /нэг сая/ төгрөгийг нэхэмжлэгчийн ХААН банкны 5037696327 тоот дансанд шилжүүлсэн болох нь У  гийн дансны хуулгаар тогтоогдож байх тул уг мөнгийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж нийт 9,273,626 ( 3,773,392+5,037,734+1,462,500 = 10,273,626 -1,000,000) төгрөгийг хариуцагч Х аас гаргуулан нэхэмжлэгч Ш д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 5,420,050 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

15.Иргэдийн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь үндэслэлгүй гэж дүгнэж байгаа боловч хариуцагч Х ын гэм буруутай үйлдлээс болж нэхэмжлэгч Ш ы эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүхээс хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

16.Хариуцагч талаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч УЕПГазрын эрүүгийн хэргийн төв архивын хуулбар үнэн тэмдэг дарагдсан  хохирогч Ш ы эмчилгээний төлбөрт жолооч Х ын гаргаж өгсөн зардлыг тооцоо гаргасан ахлах мөрдөгч а/х О , У гийн ХААН банкны депозит дансны хуулга, Гэмтэл согоог судлалын үндэсний төвд Ш аас 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 80,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр  Эрүүл мэндийн үйлчилгээнд 300,000 төгрөг, Т 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр эм авсан үнэ 34,000 төгрөг,  Гэмтэл согог судлалын үндэсний төвд шинжилгээ өгөхдөө 507,960 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр эмийн сангаас 33,800 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр эмийн сангаас 5,000 төгрөгт эм авсан талаарх баримтууд мөн  Е ийн Т 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр  шинжилгээ өгөхдөө  21,800 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр  Гэмтэл согоог судлалын үндэсний төвд Е ийн шинжилгээ өгөхдөө 238,260 төгрөг төлсөн баримтууд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд Ш ы гаргаж байсан хүсэлт, 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б болон Х  нарын Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатчид 36 дугаартай Хохирол барагдуулах хэлцэл, Ш ы аймгийн Нэгдсэн эмнэлгийн  гэмтлийн болон мэдрэлийн тасагт тус тус хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх болон Б аймгийн  Т сумын Эрүүл мэндийн төв хэвтэн эмчлүүлсэн 78 дугаартай өвчний түүх зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн боловч эдгээр бичгийн нотлох баримтуудыг талууд Х т холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцэж, шинжлэн судалж 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 211 дугаартай шийтгэх тогтоолд үндэслэл болгосон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж зааснаар уг бичгийн нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийг үндэслэл болгоогүй болно.

17.Мөн хариуцагч Х  нь  Д сумын 3 дугаар багт эхнэр нэг хүүхдийн хамт амьдардаг, тус багийн нэн ядуу өрх  талаарх мөн түүний нэр дээр ямар нэгэн үл хөдлөх эд хөрөнгөгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй гэж нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа, багын Засаг дарга нарын тодорхойлолтыг тус тус нотлох баримтаар ирүүлсэн боловч эдгээр бичгийн нотлох баримтаар хариуцагч Х  нь нэхэмжлэгч Ш ы эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийн хор уршгийг арилгах үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй болно.

 

18.Иймд өөрийн шаардлага болон татгалзлыг нотлох үүргийг зохигчид өөрөө хүлээх тул шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох хариуцагч Х аас  гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт  9,273,626 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 5,420,050 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлээ.

 

19.Энэхүү нэхэмжлэл нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэл тул нэхэмжлэгч Ш улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Х аас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээ болох 9,273,626 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 163,328 төгрөгийг гаргуулан улсын орлого болох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Ж ийн Х аас гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт 9,273,626 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 5,420,050 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Ш нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар хариуцагч Х аас улсын тэмдэгтийн хураамжид 163,328 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4.Энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн  Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Х.МЕЙРАМБЕК

 

                                        ШҮҮГЧИД                                           Б.МАНГИЛИК

 

                                                                                                    А.ЖАРХЫНГҮЛ