Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 154/ШШ2021/00196

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 154/ШШ2021/00196

Булган сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймгийн Булган сум дахь Cум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Алтай суманд 1965 оны 08 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 56 настай, Ховд аймгийн Алтай сумын Барлаг багт оршин суух, /РД:ТЛ 65080166/, Халх овогт Бадмаанямбуугийн Цэцэгмаагийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Цэцэгмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Цэцэгмаа нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 1973 онд Баянхонгор аймгийн Өлзийт сумын дунд сургуульд суралцаж 1981 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр хөдөө гарч мал маллаж байгаад 1984-1988 он дуустал Баянхонгор аймгийн Өлзийт сумын ахуй үйлчилгээнд оёдолчноор 4 жил, 1989-1991 оныг дуустал Дархан хотын жимс ногооны сангийн аж ахуйд жимсчин барилгачнаар 3 жил тус тус ажилласан.

Би Цогзолмаа нэртэй 1990 он хүртэл явж байгаад бие өвдсөний улмаас нэр солигдсон. Иймд намайг 1984-1991 оны хооронд Баянхонгор аймгийн Өлзийт сумын Ахуй үйлчилгээнд оёдолчноор, Дархан хотын жимс ногооны сангийн аж ахуйд жимсчин барилгачнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ

Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.Цэцэгмаа нь 1984 оны 01 сарын 01-ны өдрөөс 1988 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Өлзийт сумын Ахуй үйлчилгээнд оёдолчноор, 1989 оны 01 сарын 01-ны өдрөөс 1991 оны 02 сарын 01-ны өдрийг дуустал Дархан хотын жимс ногооны сангийн аж ахуйд жимсчин, барилгачнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хүсэлт гаргагч Б.Цэцэгмаагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь шүүхэд ирүүлсэн түүний шүүхэд хандаж гаргасан хүсэлт

БНМАУ-ын Хөдөө аж ахуй, Хүнсний үйлдвэрийн яамны харъяа жимс ногооны үйлдвэрлэлийн нэгдлийн даргын 1988 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 260 дугаартай тушаал,

Дархан хотын жимс ногооны сангийн аж ахуйн даргын 1991 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 1/30 дугаартай тушаал, ,

Гэрч Ёндонгийн Баасангийн шүүхэд гэрчээр мэдүүлсэн: Б.Цэцэгмаа 1984 оноос хойш Өлзийт сумын ахуй үйлчилгээнд оёдолчноор ажилладаг байсан. Би тухайн үед Өлзийт суманд мухлагийн худалдагч хийдэг байсан. Бид нэг бригадын улсууд байгаа юм. Б.Цэцэгмаа Өлзийт суманд ажиллаж амьдарч байгаад 1989 онд Ховд аймаг руу айлын бэр болж явсан. Тэрнээс хойш Ховдод амьдарч байгаа, Б.Цэцэгмаа 1984-1988 он хүртэл Өлзийт суманд ажиллаж байсан нь үнэн гэх мэдүүлэг,

Гэрч Сангидоржийн Алгаагийн шүүхэд гэрчээр мэдүүлсэн: Б.Цэцэгмаа 1984 оноос хойш Өлзийт сумын ахуй үйлчилгээнд оёдолчноор ажилладаг байсан. Би тухайн үед Өлзийт суманд мал малладаг байсан. Бид олон жил айл саахалт амьдарсан. Б.Цэцэгмаа 1984 оноос 1988 оныг хүртэл Өлзийт суманд оёдолчноор ажилласан гэх мэдүүлэг

Гэрч Дагвагийн Нарангийн шүүхэд гэрчээр мэдүүлсэн: Би Баянхонгор аймгийн Өлзийт сумын ахуй үйлчилгээ байгуулагдсан цагаас эхэлж ажилласан. 1978 оноос 1991 он хүртэл ажилласан. Б.Цэцэгмаатай Баянхонгор аймгийн Өлзийт сумын нийтийн ахуй үйлчилгээнд хамт ажиллаж байсан. Тухайн үед Б.Цэцэгмаа нь үйлчлэгч хийж байсан.1984 оноос 1988 он хүртэл хамт ажилласан гэх мэдүүлэг болон гэрч нарын Баянхонгор аймгийн Өлзийт сумын Ахуй үйлчилгээнд оёдолчноор ажиллаж байсан талаархи бичилттэй хөдөлмөрийн дэвтэр наториатаар гэрчлүүлж шүүхэд ирүүлсэн зэргээр нотлогдон тогтоогдож байна.

- Дээрхи нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Б.Цэцэгмааг 1984 оны 01 сарын 01-ны өдрөөс 1988 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Өлзийт сумын Ахуй үйлчилгээнд үйлчлэгчээр, 1989 оны 01 сарын 01-ны өдрөөс 1991 оны 02 сарын 01-ны өдрийг дуустал Дархан хотын жимс ногооны сангийн аж ахуйд барилгын засал чимэглэлчнээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Халх овогт Бадмаанямбуугийн Цэцэгмааг 1984 оны 01 сарын 01-ны өдрөөс 1988 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Өлзийт сумын Ахуй үйлчилгээнд үйлчлэгчээр, 1989 оны 01 сарын 01-ны өдрөөс 1991 оны 02 сарын 01-ны өдрийг дуустал Дархан хотын жимс ногооны сангийн аж ахуйд барилгын засал чимэглэлчнээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.Цэцэгмаагийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ