| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2024/1002/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1029 |
| Огноо | 2024-09-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ариунтөр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1029
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
улсын яллагч Б.Ариунтөр,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,
шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн Е танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Чын Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Быг хххх шилжих шөнө Баянзүрх дүүргийн хххх тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Бтай над руу агсарлаа гэх үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар зэвсгийн чанартай зүйлээр буюу хутгаар түүний зүүн дал тус газарт хатгасны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад:
шүүгдэгч Ч.Б нь ххххх шилжих шөнө Баянзүрх дүүргийн хххх тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Бтай над руу агсарлаа гэх үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж хутгаар түүний зүүн дал тус газарт хатгасны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 09/,
Хохирогч Б.Бгийн эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хх-ийн 37/,
Хэргийн газрын үзлэг хийсэн хххх өдрийн:
“Хэрэг учрал болсон гэх газар нь Баянзүрх дүүргийн хххх тоот хаяг байх ба уг тоот хаяг нь ертөнцийн зүгээр хойш харсан, 2 орцтой, 16-н давхар улаан, шаргал өнгийн орон сууц байсныг мэргэжилтэн гэрэл зургаар бэхжүүлж авав. Үзлэгийг цааш хэрэг учрал болсон гэх тоотод хийхэд уг тоот нь зүүн талын 2 дугаар орц нь 10 давхарт гарахад баруун зүгт харсан ххххх гэж дугаарласан хаалга байсныг мэргэжилтэн гэрэл зургаар бэхжүүлэн авав.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-12/,
Хохирогч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“ххххх-ны орой хххх гэрт найз хххх хэрэг болдог айлд оройны хххх цагийн орчимд замаараа хххх литрийн хххх нэртэй архи аваад орж уусан. Архиа уугаад сууж байх үед хххх хоёр маргалдсан. Б согтоод агсарч байснаа “чамайг алсан ч яадаг юм бэ” гэж хэлээд гэнэт гал тогооноос хүрэн өнгийн бариултай хутга аваад миний зүүн талын дал орчимд нэг удаа хатгасан. Тэгээд би 102-т дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,
Гэрч Б.Ганбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“ххх орой найз Бын гэрт ороход Б хоол хийж өгөөд Б, Б бид дөрөв 4 шил архи уусан. Тэгээд бид хэд бүгд согтсон. Б тасраад унаад өгсөн. Том өрөөнд Б, Б бид 3 юм яриад сууж байгаад Б, Б хоёр хоорондоо маргалдаад байх шиг байсан ямар учраас маргалдаад байгааг нь ойлгоогүй. Би нэлээн согтуу байсан. Гэнэт Б яая гээд орилох шиг болоход би босоод тэр хоёрын дундуур нь орж салгаад тэр хоёр бие бие рүүгээ салаавч гаргаад дайраад байсан. Б гартаа бор өнгийн иштэй хутга барьсан харагдсан. Би Бгийн цамцыг тайлж харахад нурууны дал хэсэгт нэг удаа хутгалсан. Цус гараад байсан. Тэр хоёр дахиад маргалдаад байсан. Б гэрээс гараад явсан. ...өглөө сэрээд Б би шөнө Бг хутгалчихсан, одоо яах вэ гэж байснаа дэлгүүрээс ахин нэг шил архи аваад уух гээд сууж байх үед цагдаа нар орж ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 23/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн хххх дугаар:
“Б.Бгийн биед нуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 26-27/,
Шүүгдэгч Ч.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“хххх өдрийн 15 цагийн орчимд Б гэх найз гэртээ уйдаад байх гэхээр нь чи тэгвэл манайд унаа олоод хүрээд ир гэж хэлсэн. Б хөлөө гэмтээсэн байсан учир Б гэх хүнээр хүргүүлж ирсэн. Б, Б хоёр манайд ирэхдээ ххх 0.75 литртэйг аваад орж ирэхээр нь би хоол цай хийж өгсөн. Б гараад явсны дараа Б бид хоёр авч ирсэн архийг хувааж уусан. Б Б руу залгаад ирэхдээ тамхи аваад ирээрэй гэж хэлсэн. Б ирэхдээ Гг дагуулсан, 0.75 литрийн ххх архи авч ирсэн. Б тасраад унтаад өгсөн. Г, Б бид гурав тал шил архийг хувааж ууж дуусгаад дахин 0.75 литрийн нэг шил архи уусан. Нийт 5 шил архи уусан. Бид гурав нэлээн согтсон байх үед Б над руу салаавч өгөөд ална чамайг гээд агсраад байсан. Би уурлаад түүнтэй маргалдаж байх үед дахин салаавч өгөөд миний ам руу тулгаад байхаар нь тэгвэл би чамайг ална гээд түүнийг айлгах санаатай гал тогооны шүүгээн дээр байсан бор өнгийн модон бариултай хутгыг аваад түүн рүү дайрахад Б цааш эргэх үед түүний ард талын далны орчимд хатгасан. Б чи намайг хутгалчихлаа гээд байхаар нь цамцыг нь сөхөөд харахад хутганы үзүүр орчихсон. Цус гарч байсан. Би эмнэлэг явж боолгоё гэхэд зүгээр зүгээр гээд гэрээс гараад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Баянзүрх дүүргийн прокурорын газарт:
“Батаа овогтой Б миний бие баримтаар нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэл санаад хохирол тогтоох шаардлагагүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт /хх-ийн 36/,
Хавтаст хэргээс шүүгдэгч Ч.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 31/, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 32/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 33/, эрүүл мэндийн даатгалын төлөлтийн тодорхойлолт /хх-ийн 34/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 35/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38/, хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 41-51/,
АСАП сангийн лавлагаа /хх-ийн 36-42/, шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт /хх-ийн 45/, тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 46/, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 52/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 54/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Гэм буруугийн талаар:
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ч.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ч.Б нь хүний эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч Ч.Б нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогчийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, энэ нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогджээ. Шүүгдэгч өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учруулж байгаа нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулжээ.
Иймд шүүгдэгч Ч.Бын хохирогч Б.Бгийн биед нуруунд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар шүүгдэгч нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.
Хохирогч Б.Б нь мөрдөн байцаалтын шатанд баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй ба тэрээр эрүүл мэндийн даатгалаас 230.000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байсныг шүүгдэгч Ч.Б нь Төрийн сангийн 100900020080 тоот дансанд 230.000 төгрөгийг төлсөн байна.
Хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан 1-т “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” 2-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” 3-т “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” 4-т “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” 5-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх” гэсэн хуулийн шаардлагуудыг хангасан эсэхийг хянаж, дээрх шаардлага хангагдсан бол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан оногдуулсан ялыг эдлэх боломжтой байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргадаг хууль зүйн зохицуулалттай.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.
Шүүгдэгч Ч.Бын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлыг төлж барагдуулсан байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргээ хянан шийдвэрлүүлэх санал гаргасан шүүгдэгчийн хувийн байдал, хэрэгт тогтоогдсон хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд, түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.Б нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Чын Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Быг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ