Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2025 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 001/хт2025/00235

 

“Т” ХХК, Ц.Ч нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батчимэг, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн

2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 191/ШШ2025/02771 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 210/МА2025/01256 дугаар магадлалтай,

“Т” ХХК, Ц.Ч нарын нэхэмжлэлтэй,

“Х” ХК, “Т” ХХК-д тус тус холбогдох,

1. Талуудын хооронд байгуулагдсан “Банкны зээлийн өр төлбөрт тооцон газар эзэмших эрх шилжүүлэх болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ”, “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”, “Өмчлөх эрх шилжих нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, нийт 5 үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр “Т” ХХК-ийг, 1 газрыг Ц.Ч (эрх залгамжлагч С.М) эзэмших эрхтэй болохыг тус тус тогтоолгох, *** нэгж талбарын дугаартай газар болон эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг даалгах, “Т” ХХК нь “Эрх шилжих нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ”-г хийх эрхтэй этгээд биш болохыг тогтоолгох, “Т” ХХК нь 15,591,600,525 төгрөгийг хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт “Х” ХК-д төлөх үүрэгтэй болохыг тогтоолгох,

2. 143 нэр төрлийн машин тоног төхөөрөмж, 109 ширхэг тээврийн хэрэгсэл, 2,829 ширхэг тавилга, эд хогшил, 341 ширхэг компьютер, техник хэрэгсэл, программ хангамж, 5 багц бараа материал буюу хөдлөх хөрөнгө зэргийг “Т” ХХК-д буцаан олгохыг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн төлөөлөгч Ц.Чт, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Н нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн төлөөлөгч Ц.Чт, нэхэмжлэгч Ц.Ч-ын эрх залгамжлагч С.М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У, өмгөөлөгч Б.Н, Б.Г, хариуцагч “Х” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, Х.А, хариуцагч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Т” ХХК нь хариуцагч “Х” ХК, “Т” ХХК-д тус тус холбогдуулан

1. Талуудын хооронд байгуулагдсан “Банкны зээлийн өр төлбөрт тооцон газар эзэмших эрх шилжүүлэх болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ”, “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”, “Өмчлөх эрх шилжих нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, нийт 5 үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр “Т” ХХК-ийг, 1 газрыг Ц.Ч (эрх залгамжлагч С.М) эзэмших эрхтэй болохыг тус тус тогтоолгох, *** нэгж талбарын дугаартай газар болон эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг даалгах, “Т” ХХК нь “Эрх шилжих нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ”-г хийх эрхтэй этгээд биш болохыг тогтоолгох, “Т” ХХК нь 15,591,600,525 төгрөгийг хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт “Х” ХК-д төлөх үүрэгтэй болохыг тогтоолгох,

2. 143 нэр төрлийн машин тоног төхөөрөмж, 109 ширхэг тээврийн хэрэгсэл, 2,829 ширхэг тавилга, эд хогшил, 341 ширхэг компьютер, техник хэрэгсэл, программ хангамж, 5 багц бараа материал буюу хөдлөх хөрөнгө зэргийг “Т” ХХК-д буцаан олгохыг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

2. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 191/ШШ2025/02771 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.4, 56.4 дэх хэсэгт зааснаар “Т” ХХК болон “Х” ХК нарын хооронд байгуулагдсан 2015.10.30-ны өдрийн “Банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015.03.04-ний өдрийн 1466 дугаартай захирамжаар албадан дуудлага худалдаагаар худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангах,

Ц.Ч болон “Х” ХК нарын хооронд байгуулагдсан 2015.10.30-ны өдрийн M дугаартай “Банкны зээлийн өр төлбөрт тооцон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г,

“Х” ХК болон “Т” ХХК нарын хооронд хийгдсэн 2015.12.18-ны өдрийн S дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г,

“Т” ХХК болон “Т” ХХК нарын хооронд байгуулагдсан 2015.12.24-ний өдрийн F дугаартай “Өмчлөх эрх шилжих нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар *** тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-*** бүртгэлтэй оффисын зориулалттай барилга,

*** тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-*** бүртгэлтэй үйлчилгээний зориулалттай барилга,

*** тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-*** бүртгэлтэй агуулахын зориулалттай барилга,

*** тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-*** бүртгэлтэй гаражийн зориулалттай барилга,

*** тоот, 720 м.кв талбайтай контор, үйлдвэрлэлийн зориулалттай хоёр ширхэг, үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр “Т” ХХК тогтоож,

***-р хороо нэгж талбарын *** дугаар бүхий 13000 м.кв талбайтай эзэмшлийн *** дугаар гэрчилгээтэй,

***-р хороо нэгж талбарын *** дугаар бүхий 7752 м.кв талбайтай эзэмшлийн *** дугаар гэрчилгээтэй газруудыг /талийгаач/ Ц.Ч эзэмших эрхтэй болохыг тус тус тогтоож, эрх залгамжлагчид буцаан шилжүүлэхийг хариуцагч “Х” ХК, “Т” ХХК-д даалгаж,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт зааснаар “Т” ХХК болон “Т” ХХК нарын хооронд байгуулсан “Өмчлөх эрх шилжих нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ”-гээр шилжүүлсэн гэрээний хавсралтад заасан 36 нэр төрлийн эд хөрөнгийг “Т” ХХК-ийн өмчлөлд шилжүүлж,

Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1, 493.6 дахь хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлд барьцаалаагүй хөдлөх эд хөрөнгө болох 143 ширхэг машин тоног төхөөрөмж, 109 ширхэг тээврийн хэрэгсэл, 2788 ширхэг тавилга эд хогшил, 383 ширхэг компьютер техник хэрэгсэл, 634 ширхэг бараа материал зэрэг эд хөрөнгийг “Т” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч “Х” ХК-д даалгаж, /шийдвэрийн хавсралт-1/    

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар “Т” ХХК-аас 15,591,600,625 төгрөг гаргуулан “Х” ХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 100,794,963 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас 100,794,963 төгрөгийг хувь тэнцүү хуваан гаргуулж нэхэмжлэгч нарт олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2022.09.07-ны өдрийн 11651 дугаартай захирамж, 2023.12.19-ний өдрийн 21499 дугаартай захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ хүчинтэй хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 210/МА2025/01256 дугаар магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 191/ШШ2025/02771 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч “Х” ХК, “Т” ХХК-уудад холбогдох,

-“Х” ХК болон Ц.Ч-ын хооронд байгуулагдсан 2015.10.30-ны өдрийн M тоот “Банкны зээлийн өр төлбөрт тооцон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, ***-р хороонд байршилтай, нэгж талбарын *** дугаар бүхий, 7752 м.кв талбайтай контор, үйлдвэрлэлийн зориулалттай газрыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах,

-“Х” ХК болон “Т” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015.10.30-ны өдрийн “Банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, Ү-*** дугаарт бүртгэлтэй, ***-р хороо, *** тоот хаягт байршилтай, 4536 м.кв талбайтай оффисын зориулалттай барилгыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах,

-“Х” ХК болон “Т” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015.12.18-ны өдрийн S тоот “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, Ү-*** дугаарт бүртгэлтэй, ***-р хороо, *** тоот хаягт байршилтай, 4536 м.кв талбайтай оффисын зориулалттай барилга, Ү-*** дугаарт бүртгэлтэй, ***-р хороо, *** тоот хаягт байршилтай, 2304 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, Ү-*** дугаарт бүртгэлтэй, ***-р хороо, *** тоот хаягт байршилтай, 1008 м.кв талбайтай агуулахын зориулалттай барилга, Ү-*** дугаарт бүртгэлтэй, ***-р хороо, *** тоот хаягт байршилтай, 4608 м.кв талбайтай гаражийн зориулалттай барилга, Ү-*** дугаарт бүртгэлтэй, *** тоот хаягт байршилтай, 720 м.кв талбайтай контор, үйлдвэрлэлийн зориулалттай 2 ширхэг барилгын өмчлөгчөөр тус тус “Т” ХХК-ийг тогтоолгох,

-“Т” ХХК болон “Т” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015.12.24-ний өдрийн F тоот “Өмчлөх эрх шилжих нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, “Т” ХХК нь “Эрх шилжих нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ”-г хийх эрхтэй этгээд биш болохыг тогтоолгох,

-***-р хороонд байршилтай, нэгж талбарын *** дугаар бүхий, 7752 м.кв талбайтай контор, үйлдвэрлэлийн зориулалттай газрыг Ц.Ч (эрх залгамжлагч С.М) эзэмших эрхтэй болохыг тогтоолгох,

-143 ширхэг машин тоног төхөөрөмж, 109 ширхэг тээврийн хэрэгсэл, 2,829 ширхэг тавилга, эд хогшил, 341 ширхэг компьютер, техник хэрэгсэл, программ хангамж, 5 багц бараа материал зэргийг “Т” ХХК-д буцаан олгохыг даалгуулах,

-“Т” ХХК нь 15,591,600,525 төгрөгийг хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт “Х” ХК-д төлөх үүрэгтэй болохыг тогтоолгох тухай,

нэхэмжлэгч “Т” ХХК, Ц.Ч (эрх залгамжлагч С.М) нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Х” ХК-аас 2025.05.06-ны өдөр урьдчилан төлсөн 100,794,963 төгрөг, хариуцагч “Т” ХХК-аас 2025.05.06-ны өдөр урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн төлөөлөгч Ц.Чт, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Н нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...

4.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасны дагуу “Т” ХХК, Ц.Ч нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх нь хууль хэрэглээний дараах зөрүүг гаргасан. ... Нэхэмжлэгч “Т” ХХК, Ц.Ч нарын нэхэмжлэлтэй, хариуцагч “Х” ХК, “Т” ХХК нарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.4, 56.4 дэх хэсгийг, Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1, 171 дүгээр зүйлийн 171.3 дахь хэсгүүдийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэснийг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.4, 56.4 дэх хэсгийг, Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1, 171 дүгээр зүйлийн 171.3 дахь хэсгийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа, талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүдийг байгуулах болсон шалтгаан, хүсэл зориг, үр дүн, үр дагаврыг тус тус харгалзан, шүүхэд гэрчээр мэдүүлэг өгсөн гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгчид учирсан үр дагавар, хариуцагч талд бий болсон үр дагавар зэргийг харгалзан үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Харин Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийг зөрчиж, талуудын хооронд бий болсон эрх зүйн харилцаа, хэргийн материалд авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулалгүйгээр үндэслэлгүй дүгнэлт гаргаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

Давж заалдах шатны шүүхийн магадлалын 5.6-д “энэхүү магадлалын хянавал хэсгийн 5.1-5.5-д дурдсаныг нэгтгэн дүгнэвэл Х болон “Т” ХХК-ууд хуулийн хүрээнд, гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлж, хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж, зээлдэгч “Т” ХХК-ийн хүлээсэн төлбөрийг үлдэх үүрэг 4,503,971,485 төгрөг (ЗГ/33 тоот зээлийн гэрээний дагуу) болон 4,384,983 ам.доллар (ЗГ/210 тоот зээлийн гэрээний дагуу)-т тус тус тооцон “Т” ХХК-ийн өмчлөлийн Ү-*** дугаарт бүртгэлтэй ... үл хөдлөх эд хөрөнгө, Ц.Ч-ын эзэмшлийн, нэгж талбарын *** дугаар бүхий, 7752 м.кв талбайтай контор, үйлдвэрлэлийн зориулалттай газар зэргийг тус тус “Х” ХК-ийн өмчлөл, эзэмшилд шилжүүлэхээр тохирсон гэж үзэхээр байна” гэж дүгнэсэн.

Давж заалдах шатны шүүхийн энэхүү дүгнэлт нь хэргийн материалд авагдсан нотлох баримт, талуудын хооронд хийгдсэн гэрээнүүдийг бүхэлд нь хяналгүйгээр, зөвхөн хязгаарлагдмал буюу “Т” ХХК болон Х нарын хооронд “Банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулсан хүрээнд дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг зөрчиж байна. Учир нь дээр дурдсан магадлалын хянавал хэсгийн 5.6-д заасан дүгнэлтийг хийхдээ магадлалын 5.1-5.5 дахь хэсэгт дүгнэсэн дүгнэлтүүдээ үндэслэсэн байна. Тодруулбал 5.1-5.2 дахь хэсэгт “Т” ХХК болон Х-ны хооронд 2012-2013 онуудын хооронд байгуулагдсан Зээл болон барьцааны гэрээний үйл баримтуудыг, 5.3 дахь хэсэгт “2012 оны Зээлийн гэрээний хүрээнд гарсан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015.03.04-ний өдрийн 102/ШШ2015/01466 дугаар захирамжийн үйл баримт”, 5.4 дэх хэсэгт “талуудын хооронд 2015.10.30-ны өдөр Х болон “Т” ХХК нарын хооронд “Банкны зээлийн өр төлбөрт тооцон газар эзэмших эрх шилжүүлэх”, “Банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх” гэрээнүүд байгуулсан үйл баримтуудыг” тус тус дүгнэсэн.

Энэхүү дүгнэлтээ үндэслэн талуудын хооронд банкны зээлийн өр төлбөрт үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших эрхээ шилжүүлсэн нь хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлтийг хийсэн нь учир дутагдалтай. Тодруулбал давж заалдах шатны шүүх нь үргэлжлүүлээд талуудын хооронд явагдсан дараах хууль зүйн фактуудыг дүгнэсний үндсэн дээр нэхэмжлэгч яагаад өөрт хохиролтой, хэт нэг талын эрх ашиг сонирхол давамгайлсан, мөн өөрийг давхар санхүүгийн түрээсийн төлбөр болон зээлийн өр төлбөрт оруулах хэлцлүүдийг хийх болсон хяналтын дүгнэлтээ гаргах шаардлагатай байсан.

2015.12.18-ны өдөр Х болон “Т” ХХК-уудын хооронд байгуулагдсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” энэхүү гэрээгээр дээр дурдсаны дагуу “Т” ХХК-аас шилжүүлэн авсан үл хөдлөх эд хөрөнгүүд болон газар эзэмших эрхүүдээ “Т” ХХК-pyy шилжүүлсэн, 2015.12.24-ний өдөр “Т” ХХК нарын хооронд байгуулагдсан “Өмчлөх эрх шилжих нөхцөлтэй “Санхүүгийн түрээсийн гэрээ”-ээр “Т” ХХК-аас Х-инд шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгүүд “Т” ХХК-руу шилжмэгц буцаагаад “Т” ХХК-д өмчлөх эрх шилжих нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээгээр шилжүүлэх харилцааг зохицуулсан.

“Х” ХК болон “Т” ХХК нарын хооронд 2016.01.20-ны өдөр байгуулагдсан “Зээлийн гэрээ”-ээр Х нь “Т” ХХК болон “Т” ХХК нарын хооронд байгуулагдах “Өмчлөх эрх шилжих нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ”-ний батлан даагчаар оролцсоны хувиар нийт 11,706,825.16 ам.долларыг “Т” ХХК-д олгохоор байгуулсан гэрээ юм.

“Х ХК болон “Т” ХХК нарын хооронд 2016.01.20-ны өдөр байгуулагдсан “Зээлийн барьцааны гэрээнүүд-Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээгээр 4 орон сууцыг, ЗБ/СС160115007-16/01/01 дугаартай Зээлийн барьцааны гэрээгээр 22 ширхэг орон сууцыг, ЗБ/СС160115007-16/01/02 дугаартай Зээлийн барьцааны гэрээгээр 10 өрмийн машин, ирээдүйд борлуулалтаас орж ирэх мөнгөн хөрөнгө, авлага, бараа материалыг, ТЗБ/СС160115007-16/01 Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл барьцаалах барьцааны гэрээгээр 15034Х, 15035X хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг барьцаалуулж, мөн БГ/СС160115007-16/01 дугаартай Ф/СС160115007-3-16 дугаартай Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ/Фидуци/-гээр 15 төрлийн тээврийн хэрэгсэл, уул уурхайн машин тоног төхөөрөмжийн өмчлөлийг шилжүүлсэн гэрээ, хэлцэл байгуулсан.

“Т” ХХК, “Х” ХК, “Т” ХХК нарын хооронд 2016.01.20-ны өдөр байгуулагдсан “Гурван баталгааны гэрээ” Санхүүгийн түрээсийн гэрээний үүргээ “Т” ХХК биелүүлээгүй тохиолдолд түүний үүргийг батлан даагч Х үл маргах журмаар биелүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулсан.

Эдгээр гэрээнүүдээс гадна нэлээдгүй олон зээлийн нэмэлт гэрээ, барьцааны нэмэлт гэрээг “Х” ХК болон “Т” ХХК, “Т” ХХК нар байгуулсан. Эдгээр гэрээнүүдийг он цагийн дарааллаар нь авч үзвэл дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

2012-2013 оны үйл явдлууд: “Т” ХХК нь Х-тай байгуулсан үндсэн хоёр зээлийн гэрээ болох 5,000,000 ам.долларын 2012.03.15-ны өдрийн ЗГ/33 тоот зээлийн гэрээ, 2012.12.17-ны өдрийн 3,000,000 ам.долларын ЗГ/210 тоот зээлийн гэрээнүүд болон эдгээрийг үндэслэн байгуулсан зээлийн барьцааны ЗБГ/33/1-8 хүртэл гэрээнүүд, мөн ЗБГ/210/1-8 хүртэл гэрээнүүдийг байгуулснаар “Т” ХХК нь өөрийн бүх үл хөдлөх эд хөрөнгүүд болон компанийн хувьцаа эзэмшигчид болох Ц.Ч, Ц.Чт, Г.Гоёцэцэг нарын нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан.

2015-2016 оны үйл явдлууд:

а. ЗГ/33 тоот зээлийн гэрээний 5,000,000 ам.долларын зээлийн үлдэгдэл, хүүгийн хамт 2,723,653 ам.долларын үлдэгдлийг нэхэмжилж, хариуцагч түүнийг хүлээн зөвшөөрч дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015.03.04-ний өдрийн “хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж гарч уг төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд “Т” ХХК-ийн 4356 м.кв оффисын зориулалттай барилгыг албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн.

b. Х-ны тавьсан саналын дагуу 2015.10.30-ны өдрийн “Банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ”, “Банкны зээлийн өр төлбөрт тооцон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-нүүдийг байгуулсан. Зээлийн барьцаа үл хөдлөх эд хөрөнгүүд, газар эзэмших эрхүүдийг шилжүүлэн авсан. Х нь тус хөрөнгүүдийг “Т” ХХК-руу шилжүүлэхээр 2015.12.18-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ”-г байгуулж бүх хөрөнгүүдийг 15,591,600,525.66 төгрөгөөр худалдсан.

с. Хөрөнгүүд “Т” ХХК-руу шилжсэний дараа 2015.12.24-ний өдөр “Өмчлөх эрх шилжих нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ”-г байгуулж, тус гэрээгээр Х руу шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгө болон газар эзэмших эрхүүдээ буцаан гурван талын өмнө тохирсон дүн буюу дээр дурдсан Худалдах, худалдан авах гэрээний дүн болох 15,591,600,525.66 төгрөгөөр авахаар тохирсон.

d. “Х” ХК нь “Т” ХХК-ийн үлдсэн хөдлөх эд хөрөнгүүд /ажлын 28 орон сууц, хувьцаа эзэмшигчдийн 4 орон сууц/, бусад хөдлөх хөрөнгүүдийг барьцаалан 2016.01.20-ны өдөр 11,706,825.16 ам.долларын зээл олгохоор гэрээг байгуулсан. Гэрээний зорилго нь дээр дурдсан “Өмчлөх эрх шилжих нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ”-ний батлан даагч болох, “Т” ХХК-ийн өмнөөс санхүүгийн түрээсийн төлбөр төлөх зорилгоор байгуулсан.

е. Энэхүү гэрээний дагуу бүхий л хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалах барьцааны гэрээнүүдийг байгуулсан. Мөн хөдлөх хөрөнгүүдийг барьцаалан 2016.01.20-ны өдөр “Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуци” гэрээг байгуулсан.

f. Гурван тал болох “Х” ХК, “Т” ХХК, “Т” ХХК нар нь 2016.01.20-ны өдөр “Гурван талт баталгааны гэрээ”-г байгуулсан. Энэхүү гэрээгээр хөрөнгө нийлүүлэгч гэх банк нь өөрөө худалдан авагч талдаа баталгаа гаргаж, худалдагчид төлөх төлбөрийг нь түүний өмнөөс үл маргах журмаар төлөхөө баталгаажуулсан.

Дээр дурдсан үйл баримтуудын дагуу нэхэмжлэгч “Т” ХХК-д учирсан үр дагаврыг дараах байдлаар тодорхойлж болно. ...2015 оны байдлаар “Т” ХХК нь 2012 оны ЗГ/210 тоот зээлийн өр төлбөр 3,000,000 ам.доллар, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015.03.04-ний өдрийн 102/ШШ2015/01466 дугаар захирамжаар тогтоогдсон 5,300,855,548 төгрөгийн өр төлбөртэй байсан. “Т” ХХК нь нэгэнт зээлийн өр төлбөрөө төлж чадахгүй буюу зээлийн хувьд муу ангилалтай байсан. Зээлдэгч нь нэгэнт төлбөрийн чадваргүй болсныг мэдсэн мөртөө “Х” ХК нь “зээлийг бид бүрэн хариуцна, танай том оффисоор зээлийг хаах боломжтой, бонд босгох хугацаа давчуу байх тул яаралтай танай зээлийг лизинг рүү шилжүүлэх шаардлагатай байна” гэж санал гаргасны үндсэн дээр дараах санхүүгийн эрсдэлтэй гэрээг байгуулснаар “Т” ХХК-д дараах үр дагавар үүссэн.

а. “Т” ХХК-тай байгуулсан “Өмчлөх эрх шилжих нөхцөлтэй Санхүүгийн түрээсийн гэрээ”-ний төлбөр 15,591,600,525.66 төгрөгийн өр төлбөр,

b. Х-тай 2016.01.20-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээний төлбөр 11,706,825.16 ам.долларын өр төлбөрт орсон байна.

Энэ талаар Х-ны шүүхэд гаргасан хариу тайлбартаа “Т” ХХК нь нийт 35,308,492,248,33 төгрөгийн өр төлбөртэй гэж дурдсан. Нийт 15,591,600,525.66+35,308,492,248,33=50,900,092,773.99 төгрөгийн өр төлбөрт орсон байна. Эдгээр зээлийг зээлээр хаах, дахин зээлийн гэрээ байгуулах, охин компани болох лизингийн компаниараа дамжуулан санхүүгийн түрээсийн гэрээ байгуулах замаар харилцагчаа давхар өр төлбөрт оруулж үйл явдлыг зураглавал: Компанийн зээл /банкнаас авсан/-Зээлээ төлж чадахгүй өр үүсэв-банк хөрөнгийг авна-Банк хөрөнгийг охин компанид шилжүүлэв-Охин компани /Компанид санхүүгийн түрээсийн гэрээ/-Банк батлан даагч оролцсон шугаман зээлийн гэрээ-Компанид давхар өр үүсэв-Компанийн төлбөрийн чадваргүйдэл /Банк хөдлөх хөрөнгийг авсан, Охин компани үл хөдлөх хөрөнгийг авсан/

Эдгээрээс харахад “Т” ХХК нь дараах тоон үзүүлэлтээр өр төлбөр нь анх олгосон зээлийн гэрээнүүдээс хэд дахин давсан болох нь харагдаж байна. 2012 оны ЗГ/210, ЗГ/33 тоот зээлийн гэрээний үлдэгдэл: Х-15,591,600,525.66 төгрөг /2015 онд талуудын тохиролцсон дүнгээр /Хэрэв хуулийн дагуу барьцаа хөрөнгөөр зээл төлүүлсэн бол ганцхан 4536 м.кв оффисоор төлүүлэх боломжтой байсан./ “Т” ХХК-2015 оны “Өмлөх эрх шилжих нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ”, 15,591,600,525.66 төгрөг, 2016 оны Зээлийн гэрээ, 35,308,492,248.33 төгрөг, нийт 50,900,092,773.99 төгрөг /Зээл хэд дахин өссөн буюу зээл огт хаагдаагүй болох нь харагдаж байна./

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Х” ХК болон “Т” ХХК нарын хуулийн этгээдийн дэлгэрэнгүй мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас нотлох баримтаар татуулсан бөгөөд түүнээс харахад тус хоёр компанийн эцсийн өмчлөгчөөр Должингийн Эрдэнэбилэг, Эрдэнэбилэгийн Тулга нар бүртгэлтэй болох нь тогтоогдоно. Мөн тус хоёр компанийн гүйцэтгэх удирдлагыг эдгээр гэрээ хэлцлүүд байгуулагдаж байх үед О.Орхон хэрэгжүүлж байсан нь гэрээнүүдээс харагдана. Мөн Хинд “Т” ХХК-ийн төлсөн худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг банк өөрөө түүнд зээлийн гэрээ байгуулж олгосон байдаг. Эцсийн дүндээ манай компанийн зээлийн өр төлбөр бодитойгоор хаагдах биш толгой компанийн бүртгэлээс охин компанийн бүртгэл рүү шилжих схемийг банкны зүгээс хэрэгжүүлсэн. 15 тэрбум төгрөгийн төлбөрийг төлж чадахгүй харилцагчаа банк нь өөрт байгаа давуу тал, нэгдмэл ашиг сонирхол бүхий буюу эцсийн өмчлөгч, гүйцэтгэх удирдлага нэгтэй “Т” ХХК-тай хамтран, санхүүгийн салбарт олон жил ажилласан зах зээлийн давамгай байдал, санхүүгийн хүндрэлд орсон харилцагчдаа амлалт өгөх байдлаар байгуулсан “Банкны өр төлбөрт үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх”, “Банкны өр төлбөрт газар эзэмших эрх шилжүүлэх” гэрээнүүдийг Иргэний хуулийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.4 дэх хэсгүүдэд заасан хүчин төгөлдөр бус болохыг анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн.

Банк зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулж, гэрээний үүргээ хангуулах хүсэл зориг байгаагүй. Учир нь тэд хөдлөх хөрөнгүүдийг өөртөө дахин зээлийн гэрээгээр барьцаалах, үл хөдлөх эд хөрөнгүүдийг охин компани болох “Т” ХХК-рүү шилжүүлэх хүсэлтэй байсан. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “Х нь барьцааны зүйлүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулаагүй нь Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана”, 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэх заалтыг зөрчсөн байна” гэж дүгнэсэн  нь үндэслэлтэй юм.

Мөн Х-ны энэхүү хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хийж, харилцагчийн санхүүгийн хүндрэлийг ашиглан түүний хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүдийг шилжүүлэн авсан үйлдлийг анхан шатны шүүх үндэслэх хэсэгтээ “Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг бүрэн буюу хэсэгчлэн хангаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх түүнд шилжинэ гэж тохирсон хэлцэл хуульд өөрөөр заагаагүй бол хүчин төгөлдөр бус байна.” гэж хуульд заасан хориглолтыг зөрчсөн байна гэж үндэслэлтэй дүгнэсэн. Талуудын хооронд бий болсон үйл баримтуудыг нэгтгэн дүгнэж, эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Тодруулбал анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт шууд худалдах аргыг хэрэглэхэд барьцаалагч барьцаалуулагч нарын сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцсоноор худалдах худалдан авах гэрээ байгуулсан байхыг шаардана. Нэхэмжлэгч нь энэ гэрээг харилцан тохиролцож хүсэл зоригоо илэрхийлснээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан гэж үзэх боломжгүй байна” гэж үндэслэлтэй дүгнэсэн. Учир нь “Т” ХХК-ийн зээлийн үүргийг Х-ны зүгээс хэзээ ч дуусгавар болгоогүй буюу харин ч лизингийн компанид нэмж давхар өртэй этгээд болгон хувиргасныг зөв олж тогтоосон.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч “Т” ХХК, Ц.Ч нарын нэхэмжлэлтэй, хариуцагч “Х” ХК, “Т” ХХК нарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3. 56.1.4, 56.4 дэх хэсгийг, Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1, 171 дүгээр зүйлийн 171.3 дахь хэсгүүдийг анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлаж, хэрэглэсэн. Харин давж заалдах шатны шүүх нь зөвхөн талуудын хооронд 2012 онд үүссэн зээлийн харилцаа, 2015 онд байгуулсан өр төлбөр барагдуулах гэрээгээр хяналтын хүрээгээ тогтоон, хэргийг тал бүрээс нь үнэн зөв, бодитойгоор үнэлэлгүйгээр шийдвэр гаргасан байх тул түүнийг хүчингүй болгож өгнө үү.

4.2. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь 2025.07.26-ны өдрийн 210/МА2025/01256 дугаартай магадлалыг гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.3-т заасны дагуу Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3 дахь хэсгийг, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.1.4 дэх хэсгийг Монгол Улсын дээд шүүхийн 2010.06.22-ны өдрийн 17 дугаар “Иргэний хуулийн 5,6,7 дугаар бүлгийн зарим, зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоол, мөн Улсын дээд шүүхийн 2024.12.17-ны өдрийн 001/XT2024/00315 дугаар тогтоолуудад дурдсанаас өөрөөр хэрэглэсэн талаар: ...Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсгийн 5.7-д “... Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг бүрэн буюу хэсэгчлэн хангаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх түүнд шилжинэ гэж тохиролцсон хэлцэл нь хуульд өөрөөр заагаагүй бол хүчин төгөлдөр бус байна” гэж заажээ. Хуулийн дээрх зохицуулалт нь талууд гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг барьцаагаар хангахаар тохирсон атлаа тус барьцаа хөрөнгийг өмчлөгчийн эрх нь үүрэг гүйцэтгүүлэгчид шилжих нөхцөлийг нэгэн зэрэг хамтад нь хэрэглэхээр тохирсон бол тухайн хэлцэл хүчин төгөлдөр бус байхыг ойлгоно. Гэтэл талууд барьцааны гэрээ болон газар эзэмших эрх шилжүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээг өөр өөр цаг хугацаанд тус тусад нь байгуулсан байх тул тэдгээр гэрээг Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3-т зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт буруу” гэж Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3 дахь хэсгийг дараах үндэслэлээр буруу тайлбарлан хэрэглэсэн.

Банк нь зээлдэгчийн зээлийн барьцааны зүйлийг өмчлөх эрх буцаан авах нөхцөлтэй худалдах худалдан авах гэрээ байгуулж, барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг өөрийн нэр дээр бүртгүүлж, түүний эзэмшлээс хариуцагчийг албадан нүүлгэж, чөлөөлүүлэх тухай маргааныг хяналтын журмаар хянан шийдвэрлэсэн Монгол Улсын дээд шүүхийн 2024.12.17-ны өдрийн 001/ХТ2024/00315 дугаар тогтоолын Хянавал хэсгийн 13.2-т “...175 дугаар зүйлийн 175.1-д хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус зохицуулсан ба Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2-т зааснаар үүрэг гүйцэтгэгч буюу барьцаалуулагч үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй, ...энэ шаардлагыг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй гэж тус тус хуульчилсан. Иймд зээлдэгч буюу хариуцагч зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь барьцааны хөрөнгийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахын тулд барьцааны хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй байтал зээлийн өр төлбөр төлөх үүргийн оронд барьцааны хөрөнгийг зээлийн өр төлбөрт тооцож, өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар хэлцэл байгуулсан үйл баримт тогтоогдсон байх тул тухайн гэрээг Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв, харин хуулийн дээрх зохицуулалт талуудын байгуулсан гэрээнд хамаарахгүй талаарх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн.

Тэгвэл “Т” ХХК-ийн хувьд 2012 онд байгуулсан зээл болон барьцааны гэрээ, түүнд нэмэлт оруулан 2013 оны зээл болон барьцааны нэмэлт гэрээнүүдээр барьцаалсан хөрөнгүүдийг Х-ны өмчлөлд дараах нөхцөлүүдийн дагуу өөртөө буцаан авахаар шилжүүлсэн.

Барьцаа хөрөнгүүдийн өмчлөлийг Хинд шилжүүлмэгц банк нь түүнийг өөрийн охин компани болох “Т” ХХК-д шилжүүлэх, “Т” ХХК нь “өмчлөх эрх шилжих нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ”-г байгуулах замаар үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаан “Т” ХХК-д өгөх, “Өмчлөх эрх шилжих нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ”-ний батлан даагч Х өөрөө оролцох тул эрсдэлгүй, зээлээ төлж чадахгүйд хүрвэл зөвхөн 4536 м.кв оффисын барилгаар гэрээний үүргийн гүйцэтгэлийг хаах боломжтой, учир нь лизингийн төлбөрийг банк төлж эхлэхээр хөрөнгүүд болон зээлийн асуудал буцаан банкны мэдэлд орно.

Гэтэл энэхүү хэлцлүүдийг байгуулахаас өмнө ганц Хинд зээлийн үлдэгдэлтэй байсан “Т” ХХК нь банк болон “Т” ХХК нарт өр төлбөртэй болж хувирсан төдийгүй төлбөрийн хэмжээ үлэмж нэмэгдсэн болохыг дээр дурдсан. Мөн банк нь дээрх амлалтаа зөрчиж зээлийн гэрээнийхээ үүргийн гүйцэтгэлд “Т” ХХК-ийн хөдлөх хөрөнгүүдийг, “Т” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлэн авсан. Иймд дээрх байдлаар банк нь үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахдаа түүнийг өөрийн нэгдмэл ашиг сонирхолтой этгээд болох лизингийн компаниар дамжуулан буцаан өгөх нөхцөлтэй гэрээ байгуулах нь Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3 дахь хэсэгт заасныг зөрчиж байгаа талаар Монгол Улсын дээд шүүхийн 2024.12.17-ны өдрийн 001/ХТ2024/00315 дугаар тогтоолд дурдсан байх тул Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3 дахь заалтыг дээр дурдсанаар өөрөөр хэрэглэсэн.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын 5.5-д “Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүнийг агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж, 43 дугаар зүйлийн 43.2.1-д “талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан” тохиолдолд хэлцэл хийсэн гэж үзнэ, 196 дугаар зүйлийн 196.1.2-т “... талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах...-аар” гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус зохицуулсан гэж дүгнээд мөн магадлалын 5.6-д “энэхүү магадлалын хянавал хэсгийн 5.1-5.5-д дурдсаныг нэгтгэн дүгнэвэл Х болон “Т” ХХК-ууд хуулийн хүрээнд, гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлж, хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж, зээлдэгч “Т” ХХК-ийн хүлээсэн төлбөрийг үлдэх үүрэг 4,503,971,485 төгрөг (ЗГ/33 тоот зээлийн гэрээний дагуу) болон 4,384,983 ам.доллар (ЗГ/210 тоот зээлийн гэрээний дагуу)-т тус тус тооцон “Т” ХХК-ийн өмчлөлийн Ү-*** дугаарт бүртгэлтэй ... үл хөдлөх эд хөрөнгө, Ц.Ч-ын эзэмшлийн, нэгж талбарын *** дугаар бүхий, 7752 м.кв талбайтай контор, үйлдвэрлэлийн зориулалттай газар зэргийг тус тус “Х” ХК-ийн өмчлөл, эзэмшилд шилжүүлэхээр тохирсон гэж үзэхээр байна” гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүх нь манай “Т” ХХК-г гэрээнд нэгэнт гарын үсэг зурсан тул энэхүү хэлцлийг хүчин төгөлдөр гэх агуулгаар дүгнэсэн нь Монгол Улсын дээд шүүхийн 2010.06.22-ны өдрийн 17 дугаар “Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн зарим, зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 1.2-т “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хэлцэл хийх хүсэлтэй этгээдийн уг эрмэлзлээ илэрхийлсэн байдлыг нөгөө тал ойлгож, утга санааг нь ухамсарласан тохиолдолд “хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авсан” гэж үзнэ. Хүсэл зоригийн илэрхийллийг хүлээж авсан явдлыг хүсэл зоригийг өөрийг нь хүлээн зөвшөөрсөн гэж ойлгохгүй” гэж тайлбарласнаас өөрөөр хэрэглэж байна. “Т” ХХК нь өөрийн үл хөдлөх эд хөрөнгүүдээ буцаан авах зорилгоор түүнийг Х-ны тавьсан шаардлагын дагуу, тухайн банк яаралтай бонд босгох хэрэгцээ шаардлагад тулгуурлан, улмаар “Т” ХХК-руу шилжүүлэх зорилгоор гэрээнд гарын үсэг зурсан болохыг давж заалдах шатны шүүх огт дүгнээгүй.

Талуудын хүсэл зориг нь “Банкны зээлийн өр төлбөрт үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх”, “Банкны зээлийн өр төлбөрт газар эзэмших эрх шилжүүлэх” гэрээнүүдийг байгуулахдаа зээлийн өр төлбөрийг дуусгавар болгоогүй, дахин зээлийн гэрээ үргэлжлүүлэн байгуулж, “Т” ХХК нь банк болон лизингийн өр төлбөртэй болж байгаа үйл баримтад дүгнэлт хийгээгүй. Монгол Улсын дээд шүүхийн 2010.06.22-ны өдрийн 17 дугаар “Иргэний хуулийн 5,6,7 дугаар бүлгийн зарим, зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 1.2-т “хүсэл зоригийн илэрхийллийг хүлээж авсан явдлыг хүсэл зоригийг өөрийг нь хүлээн зөвшөөрсөн гэж ойлгохгүй” гэж тайлбарласан бөгөөд гарын үсэг зурснаар нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан нөхцөлийг бүрдүүлсэн гэж тайлбарлах боломжгүй байна. 2015-2016 онуудын хооронд хийгдэж буй энэхүү гэрээнүүд нь бүгд хариуцагч талын буюу “Х” ХК болон түүний охин компани болох “Т” ХХК нарын хүсэл зоригийн дагуу хийгдэж байгаад огт дүгнэлт хийгээгүй.

Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын 5.8-д “Х 2015.10.30-ны өдрийн “Банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ”, “Банкны зээлийн өр төлбөрт тооцон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г хууль зөрчиж, дүр үзүүлж, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор, хэлцэл хийгч Ц.Ч болон “Т” ХХК-ийг ноцтой төөрөгдүүлж хийсэн гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй” гэж дүгнэсэн нь Монгол Улсын дээд шүүхийн 2010.06.22-ны өдрийн 17 дугаар “Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн зарим, зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 5.2, 5.3 дахь хэсгүүдэд заасан тайлбараас өөрөөр хэрэглэсэн байна. Монгол Улсын дээд шүүхийн 2010.06.22-ны өдрийн 17 дугаар “Иргэний хуулийн 5,6,7 дугаар бүлгийн зарим, зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 5.2 дахь хэсэгт “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг болно.” гэж заасан.

Талуудын хооронд 2015.10.30-ны өдрийн “Банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ”, “Банкны зээлийн өр төлбөрт тооцон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-нүүд байгуулагдсан хэдий ч бодит байдал дээр гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө зээлдэгч “Т” ХХК-ийн эзэмшил, ашиглалтад байсан төдийгүй банкны эзэмшилд бодитой шилжээгүй. Уг гэрээг гагцхүү Хинд бүртгэлтэй байгаа “Т” ХХК-ийн зээлийг цэгцлэх, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг “Т” ХХК-д шилжүүлэх замаар өмчлөх эрх шилжих нөхцөлтэй санхүүгийн гэрээг байгуулах зорилгоор анхнаасаа тохиролцож байгуулсан. Давж заалдах шатны шүүх дээр дурдсаны дагуу талуудын хооронд хийгдсэн бүх гэрээний харилцан хамаарал, зорилго, мөнгөн гүйлгээ, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг дүгнээгүй.

Монгол Улсын дээд шүүхийн 2010.06.22-ны өдрийн 17 дугаар “Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн зарим, зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 5.3 дахь хэсэгт “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл” гэдгийг тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл гэж ойлговол зохино” гэж тайлбарласан. Уг тайлбартаа уялдуулан авч үзвэл Х болон “Т” ХХК нар нь хоорондын зээлийг хаах зорилгоор биш түүнийг зөвхөн банкны балансаас хасах, гадаад харагдах хэлбэрийг нь өөрчилж буюу 2016.01.20-ны өдрийн Зээлийн гэрээ болгон өөрчлөх, охин компани болох “Т” ХХК-тай өмчлөх эрх шилжих нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ болгон хувиргах зорилгоор 2015.10-12 сарын хооронд хийгдэж байгаа болохыг давж заалдах шатны шүүх харгалзан үзээгүй.

4.3. Энэхүү “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Х” ХК, “Т” ХХК нарт холбогдох иргэний хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэсэн 2025.07.26-ны өдрийн 210/МА2025/01256 дугаартай магадлалыг хяналтын журмаар хянах нь дараах үндэслэлээр “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.07.26-ны өдрийн 210/МА2025/01256 дугаартай магадлал хэвээр үлдэх буюу Улсын дээд шүүхийн хяналтын журмаар хэлэлцэгдэхгүй тохиолдолд Банкны салбар дахь зээл, барьцааны харилцаанд хууль хэрэглээний сөрөг жишиг эрсдэлтэй гэж үзэж байна. Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх үеэрээ тусгай зөвшөөрөл бүхий арилжааны банк дэргэдээ охин компанитай байж болох эсэх, банк нь зээл болон хадгаламжийн үйл ажиллагаанаас өөр төрлийн үйл ажиллагаа эрхлэх эсэх асуудал удаа дараа хэлэлцэгдэж байна. “Т” ХХК нь Х-наас авсан зээлүүдээ төлж чадахгүй тохиолдолд түүний үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцаа үнэхээр хангалттай байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Тодруулбал 2012.12 сард ЗГ/33 тоот зээлийн гэрээгээр 5 сая ам.долларын зээлийг оффисын барилгаа дуусгах зорилгоор авсан бөгөөд тус зээлийг зориулалтын дагуу ашиглаж барьсан 4536 м.кв талбайтай оффисыг нэмж барьцаалсан. Мөн 2012.12 сард ЗГ/210 тоот зээлийн гэрээгээр 3 сая ам.долларын зээлээр худалдан авсан CSD 3000-1, CSD 3000-2 маркийн өрмийн машинуудыг бүгдийг нь нэмж барьцаалсан. Мөн ажилчдын 28 ширхэг орон сууц, хэргийн материалын 3 дугаар хавтсанд авагдсан шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлд зургаар тусгагдсан, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад дурдагдаад буй 143 ширхэг машин тоног төхөөрөмж, 109 ширхэг тээврийн хэрэгсэл, 2788 ширхэг тавилга эд хогшил, 383 ширхэг компьютер техник хэрэгсэл, 634 ширхэг бараа материал зэрэг эд хөрөнгүүдийг барьцаалсан. Хэрэв “Х” ХК нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 165 дугаар зүйлийн 165.1, 169 дүгээр зүйлийн 169.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1, мөн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2-т зааснаар дээрх барьцааны зүйлүүдийг худалдахыг шаардах эрхийнхээ хүрээнд шаардах, түүнийг биелүүлэхгүй тохиолдолд шүүхэд хандаж, шүүхийн журмаар албадан дуудлага худалдаанд оруулан зээлийг төлүүлэх хуульд заасан ажиллагаа хийсэн бол “Т” ХХК-д ямар ч гомдол байхгүй. Барьцааны зүйлүүдээс ганцхан 4536 м.кв талбайтай оффисыг 1 м.кв талбайг нь 1000 ам.доллароор борлуулахад зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах бүрэн боломжтой байсан. Гэтэл Хны зүгээс банкны систем дэх давамгай байдлаа ашиглан, өөрт тулгарсан бонд босгох хэрэгцээгээ түрүүнд тавьж харилцагчаа шахаж дээр дурдсан схем бүхий гэрээнүүдийг байгуулсан. Үүний улмаас “Т” ХХК нь хөрөнгүүдээ дараах байдлаар алдсан байна.Үүнд:

Х, “Т” ХХК, “Т” ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээнүүдийн үр дагаварт банк болон лизингийн компанид шилжсэн хөрөнгүүд

Х:

1. Ажилчдын 28 ширхэг орон сууц,

2. ***, *** хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл,

3. 10 ширхэг өрмийн машин,

4. Уул уурхайн зориулалттай тээврийн хэрэгслүүд,

5. 43 ширхэг машин тоног төхөөрөмж, 109 ширхэг тээврийн хэрэгсэл, 2788 ширхэг тавилга эд хогшил, 383 ширхэг компьютер техник хэрэгсэл, 634 ширхэг бараа материал,

Т XXK:

1. Оффисын зориулалттай, 4536 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө,

2. Барилга, үйлдвэрийн зориулалттай, 2304 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,

3. агуулахын зориулалттай, 1008 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө,

4. Контор, үйлдвэр зориулалттай, 2 ширхэг 720 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө,

5. 7752 м.кв талбай бүхий газар эзэмших эрх,

6. Үйлчилгээний зориулалттай, 13000 м.кв талбай бүхий газар эзэмших эрх,

7. Үйлдвэрийн зориулалттай, 13249 м.кв талбай бүхий газар эзэмших эрх,

“Т” ХХК:

Т ХХК нь нийт 8 сая ам.долларын зээл авсан бөгөөд төлөгдөөгүй үлдсэн зээлийн гэрээний төлбөрт Хинд үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүд, “Т” ХХК-д үл хөдлөх хөрөнгүүдээ бүгдийг хураалгаж, одоогийн байдлаар нэг ч хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөгүй болоод байна. “Х” ХК нь “Т” ХХК-ийн өмнөөс санхүүгийн түрээсийн төлбөрийг “Т” ХХК-д төлсөн тохиолдолд тухайн дүнгээр үл хөдлөх эд хөрөнгүүдээ авч, харин банкинд баталгааны төлбөрийг төлөх ёстой байсан. Гэтэл Х “Т” ХХК-ийн өмнөөс зээл төлсөн хэмээн өр үүсгээд, “Т” ХХК санхүүгийн түрээсээ нэг ч удаа төлөөгүй гээд давхар өр үүсгээд, компанийг зориуд санхүүгийн хүнд байдалд оруулан гэрээгээ цуцлаад бүх хөрөнгүүдийг хүч хэрэглэн авсан үйл баримт тогтоогдож байна.

Иймээс Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.07.26-ны өдрийн 210/МА2025/01256 дугаартай магадлал хэвээр үлдэх тохиолдолд банк өөрийн охин компани буюу нэгдмэл ашиг сонирхолтой этгээдтэйгээ хамтран харилцагчийн зээлийн гэрээний үүргийг хангах барьцааны хөрөнгийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахгүй, харин санхүүгийн схем бүхий зохион байгуулалттай гэрээ, хэлцлүүдийг байгуулан өөрийн болон охин компанийнхаа өмчлөлд авч үлдэх эрх зүйн боломж бүрдэхээр байна. Монгол Улсын дээд шүүх нь Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсэгт заасны дагуу энэхүү иргэний хэргийг хяналтын журмаар хянан шийдвэрлэх замаар хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангаж өгөхийг хүсье. Дээр дурдсан үндэслэлүүдээр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.07.26-ны өдрийн 210/МА2025/01256 дугаартай магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.3, 172.2.4 дэх хэсэгт заасныг хангаж байх тул энэхүү гомдлыг хүлээн авч, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.04.02-ны өдрийн 191/ШШ2025/02771 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

5. Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн төлөөлөгч Ц.Чт, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Н нарын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлүүдийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.11.19-ний өдрийн 001/ШХТ2025/01082 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн төлөөлөгч Ц.Чт, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Н нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

7. Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч “Х” ХК, “Т” ХХК-д тус тус холбогдуулан гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, үр дагаврыг шийдвэрлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж өөрчилсөн бөгөөд дараах шаардлагыг гаргажээ. Үүнд:

7.1. Ц.Ч болон “Х” ХК-ийн хооронд байгуулагдсан 2015.10.30-ны өдрийн M дугаартай “Банкны зээлийн өр төлбөрт тооцон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох,

7.2. “Т” ХХК болон “Х” ХК-ийн хооронд байгуулагдсан 2015.10.30-ны өдрийн “Банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох,

7.3. “Х” ХК болон “Т” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015.12.18-ны өдрийн S дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох,

7.4. “Т” ХХК болон “Т” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015.12.24-ний өдрийн F дугаартай “Өмчлөх эрх шилжих нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, “Т” ХХК нь “Эрх шилжих нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ”-г хийх эрхтэй этгээд биш болохыг тогтоолгох,

7.5. Улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэлтэй, ***-р хороо, *** тоот хаягт байршилтай, 4536 м.кв талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,  

Улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэлтэй, ***-р хороо, *** тоот хаягт байршилтай, 2304 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

Улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэлтэй, ***-р хороо, *** тоот хаягт байршилтай, 1008 м.кв талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх,

Улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэлтэй, ***-р хороо, *** тоот хаягт байршилтай, 4608 м.кв талбайтай, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

Улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэлтэй, *** тоот хаягт байршилтай, 720 м.кв талбайтай, контор, үйлдвэр зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тус тус “Т” ХХК-ийг тогтоох,

7.6. ***-р хороонд байршилтай, нэгж талбарын *** дугаар бүхий, 7752 м.кв талбайтай, контор, үйлдвэрлэлийн зориулалттай газрыг Ц.Ч (эрх залгамжлагч С.М) эзэмших эрхтэй болохыг тогтоолгох,

7.7. 143 нэр төрлийн машин тоног төхөөрөмж, 109 ширхэг тээврийн хэрэгсэл, 2,829 ширхэг тавилга, эд хогшил, 341 ширхэг компьютер, техник хэрэгсэл, программ хангамж, 5 багц бараа материал буюу хөдлөх хөрөнгө зэргийг “Т” ХХК-д буцаан олгохыг даалгуулах,

7.8. ***-р хороонд байршилтай, нэгж талбарын *** дугаар бүхий, 7752 м.кв талбайтай контор, үйлдвэрлэлийн зориулалттай газрыг болон Ү-*** дугаарт бүртгэлтэй, ***-р хороо, *** тоот хаягт байршилтай, 4536 м.кв талбайтай оффисын зориулалттай барилгыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах,

7.9. “Т” ХХК нь 15,591,600,525 төгрөгийг хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт “Х” ХК-д төлөх үүрэгтэй болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэл тус тус гаргасан.

8. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

8.1. “... “Т” ХХК нь 2012.03.15-ны өдөр Х-тай ЗГ/33 тоот Зээлийн гэрээ болон 2012.09.24-ний өдөр ЗГ/33-01 тоот Зээлийн нэмэлт гэрээ, 2012.03.15-ны өдөр 35/33/2 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”, 2013.01.15-ны өдөр ЗБ/33/2-01 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны нэмэлт гэрээ”, 2012.03.15-ны өдөр ЗБ/33/4 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулж 5,000,000 ам.долларын зээлийг сарын 1,1 хувийн хүүтэй, 33 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлдэгч “Т” ХХК нь ... гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж чадаагүй тул “Х” ХК нь “Т” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,300,855,548 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх хүлээн авч улмаар тус шүүхийн 2015.03.04-ний өдрийн 102/ШШ2015/01466 дугаартай шүүгчийн захирамжаар “Т” ХХК-аас 5,300,855,548 төгрөг гаргуулах болон “Т” ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэгдсэн, *** тоот хаягт байрлах 4536 м.кв талбай бүхий оффисийн зориулалттай барилга, иргэн Ц.Ч-ын эзэмшлийн гэрчилгээний *** дугаартай, *** дүгээр хороо, нэгж талбарын *** дугаар бүхий 7752 м.кв талбайтай контор, үйлдвэрлэлийн зориулалттай газрын хамт тус тус албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. ...

8.2. ... “Т” ХХК нь “Х” ХК-тай 2012.12.17-ны өдөр “ЗГ/210 дугаар зээлийн гэрээ, 2013.08.20-ны өдөр ЗГ-210-01 дугаартай нэмэлт зээлийн гэрээ, 2017.04.17-ны өдөр ЗГ/210-2 тоот зээлийн нэмэлт гэрээ, 2012.12.17-ны өдөр ЗБ-210 дугаар үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2012.12.17-ны өдөр ЗБ/210/02 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2012.12.17-ны өдөр ЗБ/210/03 дугаар зээлийн барьцааны гэрээ, 2013.08.20-ны өдөр ЗБ/210/03-01 дугаартай зээлийн барьцааны нэмэлт гэрээ, 2013.08.20-ны өдөр ЗБ/210/09 дугаартай зээлийн барьцааны гэрээ, 2013.01.15-ны өдөр ЗБ/210-01 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны нэмэлт гэрээ, 2012.12.17-ны өдөр Ф/210 дугаартай эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/, 2013.08.20-ны өдөр Ф/210/01 дугаартай эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээ, 2012.12.17-ны өдөр ЗХБД/210 дугаартай зээлийн хувийн батлан даалтын гэрээ”-г тус тус байгуулж, гэрээгээр 3,000,000 ам.долларыг сарын 1,1 хувийн хүүтэй, 23 сарын сарын хугацаатай зээлсэн.

8.3. ... Шүүгчийн захирамжийн дагуу барьцааны зүйлийг албадан дуудлага худалдаанд оруулж “Т” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан байхад “Х” ХК нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийг ноцтой зөрчиж зээл болон барьцааны гэрээнүүдэд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгүүдийг өмчлөлдөө шилжүүлэн авах зорилго агуулж, түүнийгээ халхавчилж, 2015.10.30-ны өдрийн M дугаартай “Банкны зээлийн өр төлбөрт тооцон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, 2015.10.30-ны өдрийн “Банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ”-г тус тус байгуулах саналыг гаргасан. Уг саналыг гаргахдаа “... эхлээд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг өөрийн өмчлөлд бүртгүүлэн, дараа нь өөрийн хамаарал бүхий “Т” ХХК-д шилжүүлэх зорилгоор түүнтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулж, танай компанид дахин эргэлтийн зээл олгох байдлаар дэмжлэг үзүүлэн барьцаалсан үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүдийг буцаан олгох боломжтой.” гэх нөхцөлийг тавьсан. Эдгээр гэрээнүүд нь бодит байдал дээр зээлийн өр төлбөрийг хаагаагүй. Нэхэмжлэгчийг зээлийн гэрээний үүргээ биелүүлж чадахгүй байхад нэмж санхүүгийн түрээсийн гэрээнд заасан зохиомол өндөр дүнгээр зээл олгосон байдлаар гэрээлж, түүнийхээ хүүг нэхэх замаар нэхэмжлэгчийг гэрээний үүргийн зөрчил гаргасан нөхцөл байдлыг санаатай бий болгож, түүний хөрөнгүүдийг өөрийн өмчлөлд авах гэсэн үйл ажиллагаа юм. Иймд биднийг хэлцэл хийхдээ төөрөгдүүлж, хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг хийхэд зориуд хүргэсэн тул 2015.10.30-ны өдрийн M дугаартай “Банкны зээлийн өр төлбөрт тооцон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, 2015.10.30-ны өдрийн гэрээ”-г тус тус Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлтэй байхаас гадна Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1, 58.2.2-т зааснаар ноцтой төөрөгдлийн улмаас хийгдсэн хэлцэл болно.

8.4. Х нь 2015.12.18-ны S дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж манай компанийн барьцаанд байршуулсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг “Т” ХХК-руу шилжүүлсэн. ...Х өөрийн хамаарал бүхий “Т” ХХК-аар дамжуулан “Т” ХХК-ийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүдийг өөрийн өмчлөлд авсан. Банкинд энэ үйл ажиллагааг зөвшөөрөөгүй. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлд зааснаар барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд шүүхийн журмаар болон шүүхийн бус журмаар оруулах үүрэгтэй. Өөрийн охин компанидаа шилжүүлэх замаар буцаан өөрийн өмчлөлд авах түүнийг захиран зарцуулах эрх банкинд байхгүй. Хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн “Х” ХК болон “Т” ХХК-тай байгуулсан худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус. Х нь “Т” ХХК-тай худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Үүнд “Т” ХХК оролцоогүй. Гэхдээ манай үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлж байгаа учраас бид Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т зааснаар сонирхогч этгээд гэдэг утгаар гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Үр дагавар нь манайд хамааралтай. Санхүүгийн түрээсийн гэрээ хийх зорилгоор худалдах худалдан авах гэрээ байгуулсан гэж үзэж байна.

8.5. Нэхэмжлэгчийг зээлийн гэрээний үүргээ биелүүлж чадахгүй байхад, “Т” ХХК-тай Санхүүгийн түрээсийн гэрээг байгуулж, нэмж санхүүгийн түрээсийн гэрээнд заасан зохиомол өндөр дүнгээр зээл олгосон байдлаар гэрээлж, түүнийхээ хүүг нэхэх замаар нэхэмжлэгчийг гэрээний үүргийн зөрчил гаргасан нөхцөл байдлыг санаатай бий болгож, түүний хөрөнгүүдийг өөрийн өмчлөлд авах гэсэн үйл ажиллагаа явуулсан. Хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн “Т” ХХК болон “Т” ХХК-тай байгуулсан Санхүүгийн түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус.

8.6. Х нь манай компанийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлэхдээ манай компанийн тэдэнд төлбөл зохих 2 зээлийн гэрээ буюу 2012.03.15-ны өдөр Зээлийн гэрээний нийт үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр, хүү, нэмэгдүүлсэн, торгууль, алданги зэрэг болон өөрт учирсан хохирлоо тооцож, нийт 15,591,600,525.66 төгрөгөөр “Т” ХХК-д худалдсан. ...Уг 15,591,600,525.66 төгрөгийг Хинд төлснөөр хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар арилах бүрэн боломжтой.

8.7. Маргаан бүхий гэрээнүүдийн алинд нь ч барьцаалагдаагүй эд хөрөнгүүдийг хариуцагч нар нь өнөөдрийг хүртэл бидний ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр өөрсдийн мэдэлд авч ашиглаж үйл ажиллагаа явуулсаар байна. Тухайлбал, 2021.08.24-ний өдөр эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр “Т” ХХК-ийн оффис, үйлдвэрийн байр, засварын цех, авто гараж, агуулах бүхий үйлдвэрийн цогцолборыг дур мэдэн битүүмжилж, хамгаалалт тавьснаар бид өнөөдрийн байдлаар компанийнхаа хөдлөх хөрөнгө болох хөрөнгүүдийг эзэмшиж, ашиглах, захиран зарцуулах боломжгүй болсон. Нэхэмжлэгч нь хариуцагч нарын хууль бус эзэмшилд байгаа, “Т” ХХК-ийн өмчлөлийн машин тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, тавилга, эд хогшил, компьютер, техник хэрэгсэл, программ хангамж, бараа, материал гэсэн таван төрлийн хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч “Т” ХХК-д буцаан олгохыг хариуцагч нарт даалгаж өгнө үү. ...” гэж тодорхойлжээ.

9. Хариуцагч “Х” ХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч:

9.1. “... “Т” ХХК нь тус банктай 2012.03.15-ны өдөр №3Г/33 тоот дугаартай Зээлийн гэрээ болон 2012.09.24-ний өдөр 31/33-1 зээлийн гэрээг тус тус байгуулж, 5,000,000.00 ам.долларын зээлийг сарын 1,1 хувийн хүүтэй, 33 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгө санхүүжүүлэх, техникүүд худалдаж авах, оффисын барилгын ажлыг санхүүжүүлэх зориулалтаар зээл авсан. Улмаар эдгээр зээлийн гэрээний үүргийг баталгаажуулж, ... бусад гэрээнүүдийг байгуулсан. “Т” ХХК нь зээлийг зохих ёсоор төлөөгүй байсан тул хариуцагч банкны нэхэмжлэлээр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015.03.04-ний өдрийн 102/ШШ2015/01466 дугаартай шүүгчийн захирамжаар нийт 2,723,653.19 ам.доллар буюу 5,300,855,548.00 төгрөг гаргуулах, төлөөгүй тохиолдолд баталгаа болон барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эцэслэн шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, уг шүүхийн шийдвэрт заасан өр төлбөрийг “Т” ХХК нь төлөх үүрэг хүлээсэн ба үүнээс зээлийн өр төлбөрийн үлдэгдэл төлбөр болох 4,951,971,485.43 төгрөг үлдсэн.

9.2. “Т” ХХК нь тус банктай 2012.12.17-ны өдрийн ЗГ/210 тоот Зээлийн гэрээг байгуулж, 3,000,000.00 ам.долларын зээлийг сарын 1.1 хувийн хүүтэй, 23 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгө санхүүжүүлэх зориулалтаар зээл авч, 2013.08.20-ны өдрийн ЗГ/210-01 тоот Зээлийн нэмэлт гэрээг байгуулсан бөгөөд зээлийг 4,384,983.15 ам.доллар болгон нэмэгдүүлэн, 1,1 хувийн хүүтэй, 47 сарын хугацаатай зээлийг дахин авсан. Уг зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй байдал, “Т” ХХК-ийн барьцаанд байгаа хөрөнгөө дахин олж авах боломж зэрэг хүсэл зоригийн илэрхийлэлд үндэслэн барьцаанд байсан нийт 5 үл хөдлөх хөрөнгө, 4 ширхэг газрын өмчлөл, газар эзэмших эрхийг шилжүүлэх замаар зээлийн өр төлбөрт тооцон барагдуулсан.

9.3. Банкны барьцаанд байсан хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулахгүйгээр зээлийн гэрээний үүрэгт тооцон шилжүүлэх талуудын харилцан тохиролцоо нь хуулиар зөвшөөрсөн хэм хэмжээнд хамаарч байхад хууль зөрчсөн хэлцэл хэмээн байгуулсан гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй юм. Хэдийгээр банк нь тухайн хөрөнгийн өмчлөл, газар эзэмших эрхийг олж авсан хэдий ч тухайн хөрөнгүүдийг нэхэмжлэгчийн хувьд чөлөөтэй эзэмшиж, ашиглан үйл ажиллагаагаа 2021.08.25-ны өдрийг хүртэл хэвийн явуулж ирсэн байдаг.

9.4. Хариуцагч банк нэхэмжлэгчид тухайн хөрөнгийг буцаан авах боломжийг “Т” ХХК-аар дамжуулан лизинг хэлбэрээр эрхийг нээснээс гадна хөрөнгийн эзэмшил, ашиглалтын төлбөр авалгүйгээр ашиглуулсан нь харилцан ашигтай хэлцэл болсон. “Т” ХХК нь зээлийн өр төлбөрийг хэсэгчлэн төлөх замаар хөрөнгүүдийг буцаан авах хүсэлт, Х-наас зээл нэмж олгох байдлаар зээлийн өр төлбөрийг хаах боломжгүй нөхцөл байдалд тохируулан “Т” ХХК-аар дамжуулан Санхүүгийн түрээсийн гэрээгээр буцаан авах хэлцэл хийгдсэн.

9.5. Х нь “Т” ХХК-тай 2015.12.18-ны өдрийн SPА 027/2015 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, маргаан бүхий 5 үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн өр төлбөр, татвар, холбогдох бусад зардал, хохирлын дүнгээр оруулан нийт 15,591,600,525.66 төгрөгөөр худалдаж, өмчлөх эрхийг “Т” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн бөгөөд “Т” ХХК-аас энэ хэлцлийг дэмжиж, санхүүгийн түрээсийн гэрээ байгуулан хөрөнгүүдийг буцаан авах нөхцөлийг таатайгаар хүлээн авсан байдаг. Энэ үндэслэлээр тус банкнаас өөрийн өмчлөлийн хөрөнгийг худалдах байдлаар “Т” ХХК-д хөрөнгийг санхүүгийн түрээсийн журмаар буцаан авах боломж олгосон хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь заалтад зааснаар хүчин төгөлдөр бусад тооцогдох үндэслэл болохгүй.

9.6. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид хөрөнгийг олж авах боломжийг олгосон, өмнөх зээлийн өр төлбөрийг үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийг хүлээн авч, тодорхой алдагдал хүлээсэн байхад үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй.

9.7. Нэхэмжлэгчийн санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт Х нь баталгааны дээд лимитийн хүрээнд буюу нийт 11,706,825,16 ам.долларын төлбөрийн баталгааны үүргийг хүлээсэн. “Т” ХХК нь “Т” ХХК-тай байгуулсан “Өмчлөх эрх шилжих нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ”-ээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу санхүүгийн түрээсийн төлбөрийг хуваарьт хугацаандаа нэг ч удаа төлж байгаагүй тул банкнаас 2017 оны 05 дугаар сараас эхлэн 2018 оны 12 дугаар сар хүртэл нийт 6,530,949.58 ам.долларын баталгааны төлбөр төлсөн. Уг баталгаагаар үүссэн зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг маргаан бүхий хөрөнгүүдийг чөлөөлүүлж авсан өдрөөр буюу 2021.08.25-ны өдрийн байдлаар зээлийн хүүг зогсоосон байгаа ба нийт 35,308,492,248,33 төгрөгийн зээлийн өр төлбөрийн үлдэгдэлтэй байна.

9.8. ...Хариуцагчаас хөдлөх эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, “Т ХХК-аас “Өмчлөх эрх шилжих нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ”-г эцэслэн цуцалж, 2021.08.25-ны өдрийн байдлаар нийт 5 объект бүхий хөрөнгийг газрын хамт өөрсдийн бодит эзэмшилдээ авсан. Уг маргаан бүхий хөрөнгүүдийг тус банк нь “Т” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн оронд шүүхийн шийдвэр болон зээлийн гэрээний үндсэн дээр тооцон авч, Х-ны өмчлөлд 2022 оны 11 дүгээр сар гэхэд бүхэлд нь шилжүүлсэн, ... “Т” ХХК-ийн 2012 онд авсан хоёр зээл, 2016 онд гаргуулсан эх үүсвэргүй баталгааны хүрээнд барьцаа хөрөнгө болгож өгсөн машин тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, тээврийн хэрэгсэл давхардсан байдлаар явж байгаа бөгөөд төлөгдөөгүй үлдсэн зээлийн өр төлбөрт хөдлөх хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй юм. Нөгөө талаар, “Т” ХХК нь банкны объектод байгаа зарим хөрөнгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар бараа материал хэлбэрээр барьцаалсан ба уг хөрөнгүүдээс тус банк үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй.” гэж маргажээ.

10. Хариуцагч “Т” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...

10.1. “Т” ХХК-аас 2015.10.13-ны өдрийн 05/306 дугаартай хүсэлтийн дагуу Х-ны өмчлөлийн 5 ширхэг үл хөдлөх хөрөнгийг санхүүгийн түрээсийн гэрээгээр авах санал гаргасан. Үүний дагуу “Т” ХХК нь Х-тай 2015.12.18-ны өдрийн S дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, 5 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авч, 2015.12.24-ний өдөр “Т” ХХК-тай F дугаартай “Өмчлөх эрх шилжих нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ”-ээр түрээслүүлэгч болох “Т” ХХК-аас 5 ширхэг үл хөдлөх хөрөнгийн эзэмшил, ашиглалтыг шилжүүлэн өгөх, түрээслэгч “Т” ХХК нь түрээсийн төлбөр болох 7,817,915.42 ам.долларыг жилийн 10,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар хэсэгчлэн буюу хуваарьт хугацаагаар төлөхөөр тохиролцсон. Дээр дурдсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” нь Санхүүгийн түрээсийн гэрээг байгуулах урьдчилсан нөхцөл болох бөгөөд түрээслэгч болох “Т” ХХК-ийн хүсэлтээр өөрийнх нь сонгосон хөрөнгө байх ёстой бөгөөд үүнийг “Т” ХХК нь худалдан авах замаар санхүүгийн түрээс олгож, түрээслэгчтэй гэрээний нөхцөл, хуваарь, төлбөрийг тохиролцож байгуулдаг. Өөрөөр хэлбэл, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах замаар хөрөнгийн өмчлөлийг шилжүүлэн авч, санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслэгчид олгох гэрээний эрх зүйн харилцаа нь Иргэний хуулийн 312 дугаар зүйл, Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар хуулийн эрх олгосон, зөвшөөрсөн хэм хэмжээ бөгөөд ингэж байгуулахдаа талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар сайн дурын үндсэн дээр, хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох Иргэний хуулийн нийтлэг журамд заасан шаардлага болон бичгээр байгуулах шаардлагыг тус тус хангасан, хуулийн хүчин төгөлдөр гэрээ байгуулсан.

10.2. “Т” ХХК нь “Т” ХХК-тай байгуулсан Санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор талуудын хооронд 2015.12.24-ний өдөр СТБГ027/2015 дугаартай барьцааны гэрээ байгуулж, Х болон арилжааны банкууд дахь Барьцаалуулагчийн дансны орлого, авлага, борлуулалтын орлого, бараа, материалын үлдэгдэл, ***, 2 COR маркийн өрмийн машиныг барьцаалсан бөгөөд мөн “Т” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Ц.Ч-тай 2015.12.24-ний өдөр СТБДГ027 дугаартай Батлан даалтын гэрээ байгуулж, батлан даалт гаргуулсан.

10.3. Түүнчлэн Санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор Х, “Т” ХХК болон “Т” ХХК нар нь 2016.01.20-ны өдөр БГ/СС160115007-16/01/01 дугаартай гурван талт баталгааны гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээгээр Х нь “Т ХХК-ийн өмнө нийт 11,706,825.16 ам.долларын төлбөрийн баталгааны үүргийг хүлээсэн. Гэтэл, нэхэмжлэгч “Т” ХХК-аас санхүүгийн түрээсийн төлбөрийг зохих ёсоор төлөөгүй буюу гэрээ байгуулсан цагаас хойш нэг ч удаа төлбөр төлөөгүй бөгөөд удаа дараа хандсан боловч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Улмаар, Санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд гаргасан баталгааг Х-наас төлүүлсэн.

10.4. Цаашид “Т” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болох нь тодорхой байсан тул “Т” ХХК нь 2018.12.19-ний өдрийн 469/2018 дугаартай албан бичгээр гэрээг цуцалсан. Учир нь “Т ХХК-ийн 2018 оны 2-р улирлын санхүүгийн тайланд үндсэн хөрөнгө 7,534,289,000.00 төгрөг, эргэлтийн хөрөнгө нь 8,548,139,000.00 төгрөг, нийт өр төлбөр 32,952,467,000.00 төгрөг байх ба эдгээрээс өөрийн хөрөнгө нь 16,870,039,000.00 төгрөг байсан бөгөөд “Т” ХХК нь цаашид санхүүгийн төлбөр төлөх эх үүсвэргүй болсон буюу төлбөрийн чадвар нь эрс муудсан байсан. Улмаар, 2021.08.11-ний өдрийн 349/2021 дугаартай албан бичгээр түрээсийн зүйлийг “Т ХХК-ийн эзэмшил, ашиглалтаас чөлөөлүүлсэн байна. Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.2 дахь хэсэгт гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох тохиолдолд гэрээний нийт үнийг төлж дуусах журмыг гэрээнд заана гэснийг үндэслэн Санхүүгийн түрээсийн гэрээний 14.4.1 дэх заалтад заасны дагуу түрээслүүлэгч нь түрээсийн зүйл болон түрээсийн хөрөнгийг түрээслэгчээс буцааж авсан бөгөөд Гурван талт баталгааны гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх заалтад зааснаар төлсөн баталгааны төлбөр болон тус банктай байгуулсан 2018.12.19-ний өдрийн ЗГ/СС181219003-3-1 тоот Зээлийн гэрээний дагуу төлөх зээлийн төлбөрт тооцон маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг Х-ны өмчлөлд шилжүүлэн өгсөн өнөөдрийн байдлаар “Т” ХХК-ийн нэр дээр өгөх хөрөнгө байхгүй. ...” гэж маргажээ.

11. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн бөгөөд шийдвэрт:

11.1. “... Хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох шаардлагын талаар: ... Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015.03.04-ний өдрийн 102/ШШ2015/01466 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулаагүй нь Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг зөрчсөн. ... Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт шууд худалдах аргыг хэрэглэхэд барьцаалагч барьцаалуулагч нарын сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцсоноор худалдах худалдан авах гэрээ байгуулсан байхыг шаардана. ...Талууд хэн аль нь хөрөнгийг худалдах, худалдан авах хүсэл зоригоо чөлөөтэйгөөр илэрхийлж хэлцлийг хийсэн гэж үзэхэд учир дутагдалтай байна. Нөгөөтэйгүүр нэг цаг хугацаанд “Банкны зээлийн өр төлбөрт тооцон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, “Банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулснаас үзвэл анхнаасаа хөрөнгийг банкны өмчлөлд шилжүүлэх хүсэл зориг байгаагүй ... байна. Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3-т заасан хориглолтыг зөрчсөн, ... Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4.1-д газраас үүргийн гүйцэтгэлийг шүүхийн бус аргаар хангуулахыг хуулиар хориглосон тул талуудын хооронд байгуулагдсан 2015.10.30-ны өдөр M дугаартай “Банкны зээлийн өр төлбөрт тооцон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, 2015.10.30-ны өдрийн “Банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ” нь  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн хэлцэл гэж үзнэ. Дээрх 2 гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарч байх тул тухайн гэрээг үндэслэн хийгдсэн “Х” ХК болон “Т” ХХК нарын хооронд байгуулагдсан 2015.12.18-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ”, “Т” ХХК болон “Т” ХХК нарын хооронд байгуулагдсан 2015.12.24-ний өдрийн FLA027/2015 дугаартай “Өмчлөх эрх шилжих нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ” нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарна.

11.2. Үл хөдлөх эд хөрөнгө болон газрын өмчлөгч, эзэмшигчээр тогтоолгох шаардлагын талаар:

“Т” ХХК болон Х нарын хооронд байгуулагдсан 2015.10.30-ны өдөр M дугаартай “Банкны зээлийн өр төлбөрт тооцон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, “Т” ХХК болон Х нарын хооронд байгуулагдсан 2015.10.30-ны өдрийн “Банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ”-нүүдийг үндэслэн *** дүгээр хороо, нэгж талбарын *** дугаар бүхий 7752 м.кв талбайтай контор, үйлдвэрлэлийн зориулалттай газрыг Ц.Ч-ын эзэмших эрх болон Эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэгдсэн, *** тоот хаягт байрлах 4536 м.кв талбай бүхий оффисын зориулалттай барилгын өмчлөх эрх нь Х-инд бүртгэгдсэн энэ үйлдэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.4 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндсэн дээр шилжсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ талууд харилцан буцааж өгөх үүрэгтэй тул *** дүгээр хороо, нэгж талбарын *** дугаар бүхий 7752 м.кв талбайтай контор, үйлдвэрлэлийн зориулалттай газрыг Ц.Ч-ын эзэмшилд, *** тоот хаягт байрлах 4536 м.кв талбай бүхий оффисын зориулалттай барилгыг “Т” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг Х-инд даалгаж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр “Т” ХХК-ийг, газрын эзэмшигчээр Ц.Ч-ыг тогтоов.

11.3. Нэмэгдүүлсэн шаардлагын тухайд нэхэмжлэгчийн оффис, агуулах, гараж, засварын зориулалтай барилгад байрлах машин тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, тавилга эд хогшил, компьютер техник хэрэгслийг хариуцагч нар нь гэрээний үүргийн төлбөрт барьцаалаагүй болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. ... Авто тээврийн хэрэгсэл, эзэмших өмчлөх эрхийн лавлагаа болон Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, Хараат бус аудитын тайлан, шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэл, бараа материалын үлдэгдэл, компанийн эргэлтийн хөрөнгийн жагсаалт, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр оффис, агуулах, гараж, засварын зориулалтай барилга дотор байрлах хөдлөх эд хөрөнгүүдийг хариуцагч Х-ны хууль бус эзэмшлээс чөлөөлж, “Т” ХХК-д буцаан олгох нь зүйтэй байна.

11.4. Нэхэмжлэгч нь 2 удаагийн зээлийг бодитоор авсан, бусад зээлийн гэрээнүүд нь зээлийг зээлээр хаасан, бодитоор зээл аваагүй болох нь тогтоогдсон. Х нь “Т” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлэхдээ тус компанийн төлбөл зохих дээрх 2 зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, өөрт учирсан хохирлоо тооцож нийт 15,591,600,525 төгрөгөөр “Т” ХХК-д үл хөдлөх эд хөрөнгүүд болон газрыг худалдсан байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ талууд харилцан буцааж өгөх үүрэгтэй тул нэхэмжлэгч “Т” ХХК-аас 15,591,600,525 төгрөг гаргуулан Хинд олгох хууль зүйн үндэслэлтэй.” гэж дүгнэжээ.

12. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба магадлалд:

12.1. “Х” ХК болон “Т” ХХК нь хуулийн хүрээнд, гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлж, хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурж, тамга дарж, зээлдэгч “Т” ХХК-ийн хүлээсэн төлбөрийн үлдэх үүрэг 4,503,971,485 төгрөг болон 4,384,983 ам.долларт тус тус тооцон “Т” ХХК-ийн өмчлөлийн, Ү-*** дугаарт бүртгэлтэй, ***-р хороо, *** тоот хаягт байршилтай, 4536 м.кв талбайтай оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ц.Ч-ын эзэмшлийн, ***-р хороонд байршилтай, нэгж талбарын *** дугаар бүхий, 7752 м.кв талбайтай контор, үйлдвэрлэлийн зориулалттай газар зэргийг тус тус зээлдүүлэгч “Х” ХК-ийн өмчлөл, эзэмшилд шилжүүлэхээр тохирсон гэж үзэхээр байна. Ийнхүү тохиролцсон нь зээлдүүлэгч “Х” ХК нь цаашид ЗГ/33 тоот болон ЗГ/210 тоот зээлийн гэрээний дагуу зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү тооцохгүй байх, ЗГ/33 тоот болон ЗГ/210 тоот зээлийн гэрээний дагуу зээлдэгч “Т” ХХК-ийн хүлээх үүрэг дуусгавар болох үр дагавартай. Иймд хожим 2017.04.17-ны өдөр “Х” ХК болон “Т” ХХК, Ц.Ч нарын хооронд байгуулагдсан ЗГ/210-02 тоот зээлийн нэмэлт гэрээнд ...зээлдэгч “Т” ХХК нь ЗГ/210 тоот болон ЗГ/210-01 тоот зээлийн гэрээний дагуу нийт 118,930 ам.долларын хуримтлагдсан хүүгийн төлбөрийн үүргийг хүлээх... мэт тусгасан нь үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар ... аливаа шүүхийн шийдвэрийг төлбөр авагч, төлбөр төлөгч талууд тэргүүн ээлжид сайн дураар хэрхэн биелүүлэх талаар өөр хоорондоо тохиролцож болох, ийнхүү сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх байгууллагад хандах агуулгатай зохицуулалт юм. Гэтэл анхан шатны шүүх төлбөр авагч, төлбөр төлөгч талуудыг заавал шийдвэрийг албадан гүйцэтгэх байгууллагад хандаж шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх байсан мэтээр дүгнэж, ...магадлалын хянавал хэсгийн 5.3-т дурдсан шүүгчийн захирамжийг хэрхэн биелүүлэх талаарх талуудын тохиролцоог Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг тус тус зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3-т заасан зохицуулалт нь талууд гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг барьцаагаар хангахаар тохирсон атлаа тус барьцаа хөрөнгийн өмчлөгчийн эрх нь үүрэг гүйцэтгүүлэгчид шилжих нөхцөлийг нэгэн зэрэг хамтад нь хэрэглэхээр тохирсон бол тухайн хэлцэл хүчин төгөлдөр бус байхыг ойлгоно. Гэтэл талууд барьцааны гэрээ болон газар эзэмших эрх шилжүүлэх, үл хөдлөх хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээг өөр өөр цаг хугацаанд, тус тусад нь байгуулсан байх тул тэдгээр гэрээг Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3-т зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт буруу. “Х” ХК нь ... 2015.10.30-ны өдрийн M тоот “Банкны зээлийн өр төлбөрт тооцон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” болон “Банкны өр төлбөрт тооцон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ”-г хууль зөрчиж, дүр үзүүлж, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор, хэлцэл хийгч Ц.Ч болон “Т” ХХК-ийг ноцтой төөрөгдүүлж хийсэн гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

12.2. “Т” ХХК нь ... үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан авах үед тэдгээрийн өмчлөгчөөр “Х” ХК тус тус улсын бүртгэлд бүртгэлтэй байжээ. Иймд “Х” ХК-ийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг “Т” ХХК улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг үнэн зөв гэж тооцож түүнтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан хүчин төгөлдөр гэрээнд хамаарна. Давж заалдах шатны шүүхээс 2015.10.30-ны өдрийн M тоот “Банкны зээлийн өр төлбөрт тооцон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” болон “Банкны өр төлбөрт тооцон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй гэж өмнө дүгнэсэнтэй холбоотойгоор 2015.12.18-ны өдрийн S тоот “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй.

12.3. “Т” ХХК-ийн үйл ажиллагааны үндсэн чиглэлийг автомашин, тоног төхөөрөмжийн түрээс гэж улсын бүртгэлийн гэрчилгээнд нь тэмдэглэсэн байх ба үүний дагуу ...“Т” ХХК нь 2015.12.24-ний өдөр F тоот “Өмчлөх эрх шилжих нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ”-г “Т” ХХК-тай байгуулж, санхүүгийн түрээсийн зүйлийг хүлээлцжээ. Дээрх гэрээгээр “Т” ХХК нь 36 сарын хугацаатай “Т” ХХК-ийн ашиглалтад ... 4536 м.кв талбайтай оффисын зориулалттай барилга, 2304 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, 1008 м.кв талбайтай агуулахын зориулалттай барилга, 4608 м.кв талбайтай гаражийн зориулалттай барилга, 720 м.кв талбайтай контор, үйлдвэрлэлийн зориулалттай 2 ширхэг барилга (“Х” ХК-аас худалдаж авсан) зэргийг шилжүүлэх, “Т” ХХК нь түрээсийн үндсэн төлбөр 10,163,376 ам.долларыг хүү 1,543,449 ам.долларын хамтаар 24 сарын хугацаанд тохирсон хуваарийн дагуу төлөх (эхний 12 сард үндсэн болон хүүгийн төлбөрөөс чөлөөлсөн) нөхцөлийг тохирсон нь Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д заасан санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээний зохицуулалтад нийцжээ. “Т” ХХК нь дээрх гэрээг хууль зөрчиж, дүр үзүүлж, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор, хэлцэл хийгч “Т” ХХК-ийг ноцтой төөрөгдүүлж хийсэн гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар мөн тогтоогдсонгүй. “Т” ХХК нь “Т” ХХК-тай 12,300,000 ам.долларын санхүүгийн түрээсийн гэрээ байгуулах үүднээс “Т” ХХК-д зээлийн гэрээний үнийн дүнд эх үүсвэргүй баталгаа гаргаж өгнө үү гэсэн хүсэл зоригоо 2015.09.28-ны өдрийн албан бичгээр “Х” ХК-д илэрхийлж байжээ. Түүнчлэн, “Т” ХХК нь “Т” ХХК-тай байгуулсан F тоот “Өмчлөх эрх шилжих нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ”-ний дагуу хүлээсэн эхний 3 сарын төлбөрийн үүргийг “Х” ХК-аас зээл авч төлөх хүсэлтэй байгаа тухай албан бичгийг 2017.01.31-ний өдөр “Х” ХК-д хүргүүлж байжээ.

12.4. Аливаа барьцааны гэрээ, фидуцийн гэрээний зүйлд хамаарахгүй эд зүйлс, эд хөрөнгүүдийн хувьд нэхэмжлэгч нар (өмчлөгч) тэдгээрийг хариуцагч нарын эзэмшил, ашиглалтаас гаргуулахаар шаардсан, ийнхүү шаардахад нь хариуцагч нар өгөхгүй татгалзсан үйл баримт тогтоогдоогүй тул холбогдох шаардлагыг хангах үндэслэлгүй. Учир нь, шүүх маргаантай асуудлыг шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллага бөгөөд нэхэмжлэгч нар (өмчлөгч) өөрийн өмчлөлийн эд зүйлс, эд хөрөнгүүдийг (аливаа барьцаа, фидуцийн гэрээний зүйл биш) хариуцагч нарын эзэмшил, ашиглалтаас шаардан авахад заавал шүүхийн шийдвэр шаардлагагүй болно.

12.5. “Т” ХХК нь 15,591,600,525 төгрөгийг хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт “Х” ХК-д төлөх үүрэгтэй болохыг тогтоолгох тухайд: Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нарын гаргасан 2015.10.30-ны өдрийн M тоот гэрээ, 2015.10.30-ны өдрийн “Банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ”, 2015.12.18-ны өдрийн S тоот гэрээ, 2015.12.24-ний өдрийн F тоот гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбоотойгоор дээрх шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

12.6. Нэхэмжлэгч “Т” ХХК, Ц.Ч нар 2012.03.15-ны өдрөөс 2017.10.23-ны өдөр хүртэлх хугацаанд дээрх эрх шилжүүлэх гэрээ, худалдах, худалдан авах гэрээ, санхүүгийн түрээсийн гэрээтэй холбоотойгоор олон тооны (30 орчим) зээлийн гэрээ (зээлийн нэмэлт гэрээ), барьцааны гэрээ (барьцааны нэмэлт гэрээ), фидуцийн гэрээ, батлан даалтын гэрээ, баталгааны гэрээ, 3 талт баталгааны гэрээ зэргийг тус тус байгуулсан байх тул тухайн гэрээний талууд анхнаасаа хүсэл зоригоо тодорхойлж, хэн аль нь үр дагаврыг ойлгож, мэдэж хэлцэл хийсэн гэж үзнэ. Иймд тэдгээрийг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-д зааснаар хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн, 58.2.2-т зааснаар хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн гэж үзэх боломжгүй. “Т” ХХК нь “Х” ХК-аас зээл авч, тухайн үеийн санхүүгийн хэрэгцээгээ хангаж, улмаар зээлийн гэрээний үүргээ биелүүлж чадаагүйтэй холбоотойгоор зээлийн гэрээний төлбөрт тооцон үл хөдлөх эд хөрөнгө болон газрын эрхээ шилжүүлэн өгч, үүний дагуу ирээдүйд төлөх зээл, зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн үүргээс чөлөөлөгдөж, ийнхүү зээлийн төлбөрт тооцон бусдад шилжүүлэн өгсөн үл хөдлөх эд хөрөнгө, газраа “Т” ХХК-тай байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээний үндсэн дээр эзэмшиж, ашиглаж, үйл ажиллагаа явуулах боломжтой болсон атлаа санхүүгийн түрээсийн гэрээний үндсэн төлбөр, хүүг төлөх үүргээ огт биелүүлэхгүй баталгаа гаргагч “Х” ХК-аар төлүүлж, эцэст нь 2015 онд өөрийн хүсэл зоригоор байгуулсан эрх шилжүүлэх гэрээ, санхүүгийн түрээсийн гэрээ болон бусдын байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор 2022 онд шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасантай нийцэхгүй юм. Анхан шатны шүүх гэрч Т.Ганболдын өгсөн гэрчийн мэдүүлгийг үндэслэн “...нэхэмжлэгч нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд болон газрыг худалдах, хүсэл зориг анхнаасаа байгаагүй, Олон улсын зах зээлд “Х” ХК нь 2016 оны эхэнд 500,000,000 төгрөгийн Бонд босгоход банкны активыг цэвэр байлгах үүднээс дээрх гэрээнүүдийг хийсэн...” гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ. Учир нь, хөндлөнгийн этгээд буюу гэрчийн мэдүүлэг нь гэрээ хэлцэл хийгч талуудын өмнөөс тэдгээрийн хүсэл зоригийг тодорхойлох баримт болж чадахгүй.” гэжээ. 

13. Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн төлбөр барагдуулах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх тухай гэрээ болон үүнээс улбаатайгаар байгуулагдсан бусад гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар ялгаатай дүгнэлт хийж, маргаанд хамаарах хуулийг өөр өөрөөр тайлбарлан хэрэглэсэн байна.

14. Хэргийн баримтаар дараах үйл баримт тогтоогдсоныг хоёр шатны шүүх зөв дүгнэсэн. Үүнд:

14.1. “Т” ХХК нь “Х” ХК-тай 2012.03.15-ны өдөр ЗГ/33 дугаар Зээлийн гэрээ байгуулж, гэрээгээр 5,000,000 ам.долларын зээлийг сарын 1,05 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлэхээр тохиролцсон, 2012.09.24-ний өдөр ЗГ/33/-1 дугаартай зээлийн нэмэлт гэрээ байгуулж, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан,

14.2. “Х” ХК нь дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор “Т” ХХК-тай 2012.03.15-ны өдөр ЗБ/33, 2012.07.03-ны өдөр ЗБ/33-1, 2012.03.15-ны өдөр ЗБ/33/2, 2013.01.15-ны өдөр ЗБ/33/2-01, 2013.02.18-ны өдөр ЗБ/33/2-02,   Ц.Чт-тай 2012.03.15-ны өдөр ЗБ/33/1, Г.Гоёцэцэгтэй 2012.03.15-ны өдөр ЗБ/33/3, Ц.Ч-тай 2012.03.15-ны өдөр ЗБ/33/4 дугаартай барьцааны гэрээг, “Т” ХХК-тай  2012.07.03-ны өдөр Ф/33 дугаартай эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/, Ц.Ч-тай 2012.03.15-ны өдөр ЗХБД/33, Ц.Чт-тай 2012.03.15-ны өдөр ЗХБД/33/1 дугаартай дугаартай зээлийн хувийн батлан даалтын гэрээг тус тус байгуулсан,

14.3. “Т” ХХК нь “Х” ХК-тай 2012.12.17-ны өдөр ЗГ/210 дугаар Зээлийн гэрээ байгуулсан, гэрээгээр 3,000,000 ам.долларыг сарын 1,1 хувийн хүүтэй, 23 сарын сарын хугацаатай зээлэхээр тохиролцсон, уг гэрээнд 2013.08.20-ны өдрийн ЗГ-210-01 дугаартай нэмэлт зээлийн гэрээгээр 4,384,983.15 ам.долларын зээлийг 47 сарын хугацаагаар олгохоор нэмэлт өөрчлөлт оруулсан, мөн 2017.04.17-ны өдрийн ЗГ/210-2 тоот зээлийн нэмэлт гэрээгээр өөрчлөлт оруулж, зээлийн хүүд 118,930.37 ам.долларыг төлөхөөр тохиролцсон.

15. Зохигч Ц.Ч болон “Х” ХК-ийн хооронд байгуулагдсан 2015.10.30-ны өдрийн M дугаартай “Банкны зээлийн өр төлбөрт тооцон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, “Т” ХХК болон “Х” ХК-ийн хооронд байгуулагдсан 2015.10.30-ны өдрийн “Банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ”, “Х” ХК болон “Т” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015.12.18-ны өдрийн S дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”, “Т” ХХК болон “Т” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015.12.24-ний өдрийн F дугаартай “Өмчлөх эрх шилжих нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ”-ийн хүчин төгөлдөр байдлын талаар маргажээ.

16. Нэхэмжлэгч гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхдээ хариуцагч “Х” ХК нь хууль зөрчсөн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэсэн агуулгаар шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

17. Анхан шатны шүүх зохигчийн хооронд байгуулагдсан дээрх “Банкны зээлийн өр төлбөрт тооцон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, “Банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ”-г тус тус Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1, 171 дүгээр зүйлийн 171.3, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасныг зөрчсөн буюу ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар худалдаагүй, талуудад барьцаа хөрөнгийг банкны өмчлөлд шилжүүлэх хүсэл зориг байгаагүй гэсэн үндэслэлээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж, улмаар “Х” ХК болон “Т” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015.12.18-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”, “Т” ХХК болон “Т” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015.12.24-ний өдрийн “санхүүгийн түрээсийн гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн нь хуульд заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй, маргаанд хамаарах хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээрх алдааг залруулж “Банкны зээлийн өр төлбөрт тооцон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, “Банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр гэж үзсэн нь зөв боловч бусад гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй.

Иймээс хяналтын шатны шүүхээс дараах дүгнэлтийг хийж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна.

18. Нэхэмжлэгч “Т” ХХК болон “Х” ХК нь 2015.10.30-ны өдөр “Банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ”, тdbm/344/2015 дугаартай “Банкны зээлийн өр төлбөрт тооцон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, Ц.Ч болон “Х” ХК-ийн хооронд 2015.10.30-ны өдөр M дугаартай “Банкны зээлийн өр төлбөрт тооцон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, Ц.Чт болон “Х” ХК-ийн хооронд 2015.10.30-ны өдөр “Банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ” тус тус байгуулагдсан.

Нэхэмжлэгч “Т” ХХК нь зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн зөрчил гаргаснаас талууд 2012.03.15-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 5,000,000 ам.долларын үүрэгт нийт 5,300,855,548 төгрөгийг төлөх, уг төлбөрийг “Т” ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, Ц.Ч-ын эзэмшлийн гэрчилгээний *** дугаартай, нэгж талбарын *** дугаар бүхий газрыг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хариуцагч буюу “Т” ХХК зөвшөөрсөн болохыг баталж, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015.03.04-ний өдрийн 102/ШШ2015/01466 дугаар шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

Талууд эдгээр гэрээгээр дээрх шүүхийн шийдвэрт заасан 2012.03.15-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг 5,300,855,548 төгрөгөөс төлөөгүй үлдсэн 4,503,971,485.43 төгрөг, 2012.12.17-ны өдрийн болон 2013.08.20-ны өдрийн нэмэлт зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 4,384,983.15 ам.доллар, 2012.12.17-ны өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл 448,000,000 төгрөгийн зээлийн төлбөрийг барагдуулж дуусгах зорилгоор гэрээнд заасан 5 үл хөдлөх эд хөрөнгө /Ү-***, Ү-***, Ү-***, Ү-2201031069, Ү-***/, Ц.Ч-ын эзэмшлийн гэрчилгээний *** дугаартай, ***-р хороо, нэгж талбарын *** дугаар бүхий 7752 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай газар, Ц.Ч-ын эзэмшлийн гэрчилгээний *** дугаартай, ***-р хороо, нэгж талбарын *** дугаар бүхий 13000 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай газар, Ц.Ч-ын эзэмшлийн гэрчилгээний *** дугаартай, ***-р хороо, нэгж талбарын *** дугаар бүхий 13249 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай газрын эзэмших эрхийг, “Т” ХХК-ийн эзэмшлийн газар эзэмших эрхийн *** дугаартай гэрчилгээтэй, ***хороонд байрлах, нэгж талбарын *** дугаартай 5482 м.кв талбайтай, конторын зориулалттай газрын  эзэмших эрхийг тус тус “Х” ХК-д шилжүүлэн өгөхөөр тохиролцсон.

Дээрх банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон газар эзэмших эрх шилжүүлэх агуулга бүхий нийт 4 гэрээнээс нэхэмжлэгч “Т” ХХК болон “Х” ХК-ийн хооронд байгуулагдсан 2015.10.30-ны өдрийн “Банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ”, Ц.Ч болон “Х” ХК-ийн хооронд байгуулагдсан 2015.10.30-ны өдрийн M дугаартай “Банкны зээлийн өр төлбөрт тооцон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор шаардлага гаргасан.

Давж заалдах шатны шүүх дээрх 2 гэрээг хүчин төгөлдөр гэж үзэхдээ “...анхан шатны шүүх төлбөр авагч, төлбөр төлөгч талуудыг заавал шийдвэрийг албадан гүйцэтгэх байгууллагад хандаж шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх байсан гэсэн агуулга бүхий дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан биелүүлэх тухай зохицуулалтад нийцээгүй, улмаар талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 171 дүгээр зүйлийн 171.3, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг тус тус зөрчсөн гэж үзэхгүй ...”  талаарх дүгнэлт нь үндэслэлтэй бөгөөд хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн.

19. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй.” гэж, 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана.” гэж тус тус заасан.

Энд зааснаар ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдах боловч шаардлагыг өөр аргаар хангах талаарх талуудын тохиролцоог хязгаарлах нь гэрээний талуудын чөлөөт байдлын зарчимд нийцэхгүй.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.” байдаг тул нэгэнт шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөрийг шүүхийн шийдвэрт заасан хөрөнгөөр барагдуулах талаар талууд тохиролцсон, 2012.12.17-ны өдрийн болон 2013.08.20-ны өдрийн нэмэлт зээлийн гэрээний үүргийн дүн 4,384,983.15 ам.долларын хувьд гэрээний хугацаа дуусаагүй байсан боловч нэхэмжлэгч буюу үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр талууд гэрээний үүрэгт ипотекийн зүйлийг шилжүүлж өгснөөр үүргийг дуусгавар болгохоор тохиролцсон нь хууль зөрчсөн гэж үзэхгүй.

Гэрээг байгуулах талуудын хүсэл зоригийн илэрхийлэл нь зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгох зорилготой байсан нь хэргийн баримтаар тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч нар эдгээр хөрөнгийг банкны өмчлөл, эзэмшилд шилжүүлэхдээ дүр үзүүлсэн буюу тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн гэж үзэх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн шинж агуулагдаагүй, улмаар Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1, 58.2.2-т заасан хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн, хэлцэл хийгч этгээд хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн буюу ноцтой төөрөгдсөн гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

20. “Х” ХК нь “Т” ХХК-тай 2015.12.18-ны өдөр  S тоот “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, гэрээгээр “Т” ХХК болон Ц.Чт нараас шилжүүлэн авсан улсын бүртгэлийн Ү-***, Ү-***, Ү-***, Ү-***, Ү-*** дугаарт тус тус бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг нийт 15,591,600,525.66 төгрөгөөр худалдсан, “Т” ХХК нь “Т” ХХК-тай 2015.12.24-ний өдөр F тоот “Өмчлөх эрх шилжих нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ”-г байгуулж, гэрээгээр түрээсийн зүйлийн үнэ 7,817,915.42 ам.доллар, түрээсийн үндсэн төлбөр 10,163,376.08 ам.доллар, жилийн 10.8 хувийн хүүтэй байхаар тохиролцож, дээр дурдсан 5 үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэхээр тохиролцсон, уг гэрээний үүргийн биелэлтийг хангахтай холбогдуулан СТБГ027/2015 дугаартай барьцааны гэрээ байгуулж, гэрээгээр “Т” ХХК-ийн Х болон арилжааны банкууд дахь дансны орлого, авлага, борлуулалтын орлого, бараа материалын үлдэгдэл, *** маркийн өрмийн машин, *** маркийн өрмийн машин зэргийг барьцаалсан.

Мөн “Т” ХХК болон “Т” ХХК, Ц.Ч нар 2015.12.24-ний өдөр СТБДГ027 дугаартай батлан даалтын гэрээ, “Т” ХХК, “Х” ХК, Ц.Ч нар нь 2016.01.20-ны өдөр БГ/СС160115007-16/01/01 дугаартай “Гурван талт баталгааны гэрээ”-г байгуулж, гэрээгээр “Х” ХК нь дээрх санхүүгийн түрээсийн гэрээнд баталгаа гаргасан, улмаар “Х” ХК нь “Т” ХХК-тай 2016.01.20-ны өдөр ЗГ/СС160115007-16/01 дугаартай эх үүсвэргүй аккредитив нээх, баталгаа гаргах гэрээ, 2016.01.20-ны өдөр ЗГ/СС160115007-16/01 дугаартай зээлийн гэрээ байгуулж, гэрээгээр 11,706,825.16 ам.долларын зээлийг жилийн 15 хувийн хүүтэй зээлүүлэхээр тохиролцсон, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.31-ний өдрийн 181/ШШ2022/01283 дугаар шүүгчийн захирамжийг биелүүлэхтэй холбоотойгоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар болон “Өр төлбөрт тооцож, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэн авах” тухай “Х” ХК болон “Т” ХХК-ийн хооронд 2022.10.19-ний өдөр байгуулагдсан гэрээний дагуу “Т” ХХК-аас эрхийн улсын бүртгэлийн Ү-***, Ү-***, Ү-***, Ү-***, Ү-*** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг тус тус “Х” ХК-ийн өмчлөлд шилжүүлсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон.

Дээрх “Х” ХК болон “Т” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015.12.18-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”, “Т” ХХК болон “Т” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015.12.24-ний өдрийн “санхүүгийн түрээсийн гэрээ”-г хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч “Т” ХХК болон хариуцагч “Х” ХК-ийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ” байгуулагдсан.

Улмаар зохигч дээрх худалдах, худалдан авах гэрээ болон санхүүгийн түрээсийн гэрээ байгуулах болсон шалтгааныг хариуцагч банкнаас олгосон зээлийн гэрээний үүрэг, түүнийг гүйцэтгэхтэй холбоотой болохыг харилцан тайлбарлаж маргаагүй.

Гэвч эдгээр гэрээний хүчин төгөлдөр байдлыг дүгнэхэд банкны эрхлэх үйл ажиллагааны хуульд заасан чиглэл хүрээ, хязгаар буюу хориглосон хэм хэмжээг харгалзан үзэх шаардлагатай.

Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Банк, энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2.1-6.2.6-д зааснаас бусад үйл ажиллагаа эрхлэхийг хориглох бөгөөд зээлийн барьцаалсан эд хөрөнгийг зээлийн төлбөр төлүүлэх, өр барагдуулах зорилгоор түр эзэмших болон өмчлөх, үйл ажиллагааны зардлаа нөхөх зориулалтаар хөлслүүлэх, түрээслүүлэх, худалдах үйл ажиллагаа үүнд хамаарахгүй.” гэж заасан.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд банк зээлийн төлбөр төлүүлэх, өр барагдуулах зорилгоор зээлд барьцаалсан эд хөрөнгийг түр эзэмших болон өмчлөх, үйл ажиллагааны зардлаа нөхөх зориулалтаар хөлслүүлэх, түрээслүүлэх, худалдахыг хориглоогүй гэж үзэхээр байна.

Энэ хэргийн тохиолдолд хариуцагч “Т” ХХК нь “Х” ХК-тай хамаарал бүхий, ашиг сонирхол нэг хуулийн этгээдүүд болох нь тогтоогдсон бөгөөд хариуцагч “Х” ХК нь “Т” ХХК болон “Т” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015.12.24-ний өдрийн “Санхүүгийн түрээсийн гэрээ”-д үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс мөнгөн төлбөрийн үүргийг гүйцэтгэхээр баталгаа гаргаж, улмаар “Т” ХХК-тай 2016.01.20-ны өдөр БГ/СС160115007-16/01/01 дугаартай гурван талт баталгааны гэрээг байгуулсан зэргээс үзэхэд нэхэмжлэгч “Т” ХХК-ийн эд хөрөнгийг буцаан өмчлөлдөө авах хүсэлтийг харгалзсан, зээлийн төлбөр төлүүлэх, өр барагдуулах зорилготой байсан гэж үзэх үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр “Х” ХК-ийг зээлийн гэрээний үүргийг төлүүлэхдээ үл хөдлөх эд хөрөнгийг хуульд заасан журмын дагуу худалдан борлуулсан гэж үзэхгүй бөгөөд түүний “Т” ХХК-тай 2015.12.18-ны өдөр байгуулсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг зөрчсөн буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзнэ.

Тодруулбал, хариуцагч “Х” ХК нь зээлийн төлбөр барагдуулах зорилгоор барьцаалсан эд хөрөнгийн өмчлөлийг шилжүүлэн авснаар Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-т заасан “үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан” буюу үүрэг дуусгавар болсон байхад уг хөрөнгийг нэхэмжлэгчид түрээслүүлэх зорилгоор өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдэд худалдсан нь Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д нийцээгүй тул тусдаа шинэ харилцаа үүссэн гэж үзэхгүй.

21. Хариуцагч “Х” ХК болон “Т” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015.12.18-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус гэж үзсэн тул энэ хэлцлийг үндэслэн хийсэн “Т” ХХК болон “Т” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015.12.24-ний өдрийн “санхүүгийн түрээсийн гэрээ” нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус байна.

Учир нь дээрх худалдах-худалдан авах гэрээ болон санхүүгийн түрээсийн гэрээ нь тус тусдаа бие даасан гэрээ боловч хоорондоо харилцан уялдаатай байгуулагдсан буюу худалдах-худалдан авах гэрээний зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгө нь санхүүгийн түрээсийн гэрээний түрээсийн зүйл болсон, уг зорилгоор гэрээг байгуулсан нь тогтоогдсон тул санхүүгийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн гэж үзнэ.

Түүнчлэн Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар санхүүгийн түрээс нь гэрээний хугацаа дуусгавар болоход түрээсийн зүйлийг түрээслэгчийн өмчлөлд шилжүүлэхээр гэрээнд тусгасан байх, гэрээний хугацааг тухайн түрээсийн зүйл болох эд хөрөнгийн ашиглалтын хугацааны дөрөвний гурваас багагүй байхаар тогтоосон байх, гэрээний нийт үнийг тухайн түрээсийн зүйл болох эд хөрөнгийн үнийн дүнгийн 90 болон түүнээс дээш хувьтай тэнцүү байхаар тогтоосон байхыг шаардсан бөгөөд хуулийн 5.2-т зааснаар … хугацааг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуульд заасан хугацааг баримтлан тогтооно.

Гэтэл талууд түрээсийн гэрээний зүйл нь үл хөдлөх эд хөрөнгө байхаар тохирсон атлаа гэрээг 36 сарын хугацаатай байгуулсан нь дээрх хуульд нийцээгүй.

Харин нэхэмжлэгчийн “Т” ХХК-ийг “Эрх шилжих нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ”-г хийх эрхтэй этгээд биш болохыг тогтоолгох тухай шаардлага нь бие даасан шаардлага биш санхүүгийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох шаардлагын үндэслэл болгосон байгааг дурдах нь зүйтэй.

22. Зохигчийн хооронд байгуулагдсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” болон “санхүүгийн түрээсийн гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн хэдий ч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар уг гэрээний зүйл буюу түрээсийн зүйлийн хувьд үр дагаврыг шийдвэрлэх шаардлага үүсээгүй байна.

Өөрөөр хэлбэл зохигчийн хооронд 2015.10.30-ны өдөр байгуулагдсан “Банкны зээлийн өр төлбөрт тооцон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, “Банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ” хүчин төгөлдөр тул уг гэрээний үүрэг ёсоор нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан улсын бүртгэлийн Ү-***, Ү-***, Ү-***, Ү-***, Ү-*** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг болон ***-р хороонд байршилтай, нэгж талбарын *** дугаар бүхий, 7752 м.кв талбайтай, контор, үйлдвэрлэлийн зориулалттай газрын эзэмших эрхийг хариуцагч “Х” ХК-д шилжүүлсэн нь хэвээр үлдэнэ.

Энэ үндэслэлээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр “Т” ХХК-ийг тогтоох, ***-р хороонд байршилтай, нэгж талбарын *** дугаар бүхий, 7752 м.кв талбайтай, контор, үйлдвэрлэлийн зориулалттай газрыг Ц.Ч (эрх залгамжлагч С.М) эзэмших эрхтэй болохыг тогтоох шаардлагыг тус тус хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгоно.

Мөн нэхэмжлэгч нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015.03.04-ний өдрийн 102/ШШ2015/01466 дугаартай шүүгчийн захирамжид заасан үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг даалгах тухай шаардлага гаргасан боловч энэ нь бие даасан шаардлага биш уг гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагын үндэслэл байх боломжтойг анхан шатны шүүх анхаараагүй, хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.  

23. Улмаар “Банкны зээлийн өр төлбөрт тооцон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, “Банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ”-ээр “Т” ХХК-ийн “Х” ХК-тай байгуулсан 2012.03.15-ны өдрийн, 2012.12.17-ны өдрийн болон уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан 2013.08.20-ны өдрийн гэрээний дагуу 4,384,983.15 ам.доллар, 2017.04.17-ны өдрийн нэмэлт зээлийн гэрээний дагуу 118,930.37 ам.долларыг төлөх үүрэг тус тус дуусгавар болсон гэж үзэх тул 15,591,600,525 төгрөгийг хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт “Х” ХК-д төлөх үүрэгтэй болохыг тогтоолгох шаардлага хангагдахгүй.  

24. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн оффис, агуулах, гараж, засварын зориулалтай барилгад байрлах 143 нэр төрлийн машин тоног төхөөрөмж, 109 ширхэг тээврийн хэрэгсэл, 2,829 ширхэг тавилга, эд хогшил, 341 ширхэг компьютер, техник хэрэгсэл, программ хангамж, 5 багц бараа материал буюу хөдлөх хөрөнгийг “Т” ХХК-д буцаан олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1, 493.6-д нийцсэн.

Давж заалдах шатны шүүх дээрх шаардлагын хувьд зохигч маргаангүй үйл баримт учраас хариуцагч нарын эзэмшил, ашиглалтаас шаардан авахад заавал шүүхийн шийдвэр шаардлагагүй гэж үзсэн нь нотлох баримт үнэлэх журам болон мэтгэлцэх зарчимд нийцээгүй.

Хариуцагч “Х” ХК болон “Т” ХХК нар энэ шаардлагыг эс зөвшөөрч “... тус хөрөнгөд “Т” ХХК-ийн 2012 онд авсан хоёр зээл, 2016 онд гаргуулсан эх үүсвэргүй баталгааны хүрээнд барьцаа хөрөнгө болгож өгсөн машин тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, тээврийн хэрэгсэл давхардсан байдлаар хамаарсан бөгөөд төлөгдөөгүй үлдсэн зээлийн өр төлбөрт хөдлөх хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй ...” гэж маргасан.

Энэ тогтоолын 18, 19-д дүгнэснээр нэхэмжлэгч “Т” ХХК болон “Х” ХК-ийн хооронд 2015.10.30-ны өдөр байгуулагдсан “Банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ”, Ц.Ч болон “Х” ХК-ийн хооронд байгуулагдсан “Банкны зээлийн өр төлбөрт тооцон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр гэж үзсэн тул 2012.03.15, 2012.12.17-ны өдрийн зээлийн гэрээ болон 2012.12.17-ны өдрийн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулсан 2013.08.20, 2017.04.17-ны өдрийн нэмэлт гэрээний үүргийг уг гэрээнд заасан  газар эзэмших эрх болон үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч “Х” ХК-д шилжүүлж дуусгавар болсон гэж үзнэ.

Харин “Х” ХК болон “Т” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”, “Т” ХХК болон “Т” ХХК-ийн хооронд байгуулагдсан “санхүүгийн түрээсийн гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус гэж үзсэн тул энэ талаарх хариуцагч нарын татгалзал, тайлбар үндэслэлгүй.

Учир нь зохигчийн маргаанд хамааралтай 2 зээлийн гэрээний үүргийг дээр дурдсанаар дуусгавар болсон, худалдах-худалдан авах гэрээ, санхүүгийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тус тус үзсэн тул уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар байгуулсан барьцааны гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ болон санхүүгийн түрээсийн гэрээний дагуу барьцаалсан хөдлөх эд хөрөнгийг /давхардсан байдлаар/ хариуцагчаас буцаан гаргуулах нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д нийцнэ.

Гэвч анхан шатны шүүх “Т” ХХК болон “Х” ХК-ийн хооронд 2012.12.17-ны өдрийн зээлийн гэрээний дагуу хийгдсэн мөн өдрийн Ф/210 дугаартай үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ болон 2013.08.20-ны өдрийн Ф/210/01 дугаартай нэмэлт гэрээний зүйл болох нийт 36 ширхэг тээврийн хэрэгслийг шийдвэрийн тогтоох хэсэгт санхүүгийн түрээсийн гэрээний зүйл гэж шийдвэрлэсэн нь алдаатай, эдгээр тээврийн хэрэгсэл нь 109 тээврийн хэрэгсэл гаргуулах шаардлагад давхардсан байдлаар багтсан байгааг анхаараагүй тул залруулна.

25. Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид нийт 100,793,763 төгрөгийг төлсөн /2022.04.05-10,000,000, 2023.11.15-70,200х4, 2024.05.14-19,000,000+9,346,883, 2024.05.28-15,000,000х3+17,166,080/ ба улсын тэмдэгтийн хураамжийг дутуу төлсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасны дагуу нэхэмжлэлийн үнэд тохируулан нөхөн төлүүлэх нь зүйтэй.

Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед зохигч энэ талаар мэтгэлцэж, шүүхээс нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлж улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлөхийг даалгаж шийдвэрлэсэн, нэхэмжлэгч 4 гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, үр дагавар шийдвэрлүүлэх, энэ агуулгад үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах, мөн олон тооны хөдлөх эд хөрөнгө болон бараа материал гаргуулах зэрэг олон шаардлага гаргаснаас үзэхэд нэхэмжлэл гаргах үед нэхэмжлэлийн үнийг тогтооход бэрхшээлтэй байсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон байна.

Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага түүний үнийг дараах байдлаар тодорхойлно. Үүнд:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.4-т заасан гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай буюу нэхэмжлэгч “Т” ХХК болон “Х” ХК-ийн хооронд 2015.10.30-ны өдөр байгуулагдсан “Банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ”, Ц.Ч болон “Х” ХК-ийн хооронд байгуулагдсан “Банкны зээлийн өр төлбөрт тооцон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагад гэрээний үнийн дүнг 17,686,590,178.6 төгрөг /4,503,971,485 төгрөг + 13,182,618,693.6 төгрөг (4,384,983.15 ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн 2022.04.05-ны өдрийн ханш 3,006.31 төгрөгөөр тооцоход)/ гэж үзэх бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдах тухай шаардлага нь гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагад хамаарах түүний үр дагавар буюу бие даасан шаардлага гэж үзэхгүй.
  2. “Х” ХК болон “Т” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”, “Т” ХХК болон “Т” ХХК-ийн хооронд байгуулагдсан “санхүүгийн түрээсийн гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагын хувьд уг гэрээний хүчин төгөлдөр байдал нь бие биеэсээ харилцан хамааралтай, уялдаа холбоотой, нэг бие даасан шаардлага болох тул энэ шаардлагын үнийн дүнг худалдах, худалдан авах гэрээний дүн 15,591,600,525 төгрөг гэж үзнэ.
  3. Улмаар 143 нэр төрлийн машин тоног төхөөрөмж, 109 ширхэг тээврийн хэрэгсэл, 2,829 ширхэг тавилга, эд хогшил, 341 ширхэг компьютер, техник хэрэгсэл, программ хангамж, 5 багц бараа материал буюу хөдлөх хөрөнгө гаргуулах тухай шаардлагаас зарим тээврийн хэрэгсэл, машин тоног төхөөрөмж нь давхардсан байдлаар зээлийн гэрээний барьцаа хөрөнгө, фидуцийн гэрээний зүйл, санхүүгийн түрээсийн гэрээний барьцааны зүйл байхаас гадна уг шаардлага нь гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагын үр дагаварт хамааралтай байна.
  4. Эдгээрийг нэгтгэн дүгнэвэл нийт нэхэмжлэлийн үнийн дүн 33,278,190,703.6 төгрөг /17,686,590,178.6+15,591,600,525/ ба үүний улсын тэмдэгтийн хураамж 166,548,903.52 төгрөг, үүнээс нэхэмжлэгч 100,793,763 төгрөгийг төлсөн тул үлдэх 65,755,140.52 төгрөгийг нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ.

 

Нэхэмжлэлийн шаардлагаас “Х” ХК болон “Т” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”, “Т” ХХК болон “Т” ХХК-ийн хооронд байгуулагдсан “санхүүгийн түрээсийн гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилж, хариуцагч нараас 15,591,600,525 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид нийт 78,115,953 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 210/МА2025/01256 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 191/ШШ2025/02771 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг

“Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10, 56.5-д зааснаар “Х” ХК болон “Т” ХХК нарын хооронд байгуулагдсан 2015.12.18-ны өдрийн S дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”, “Т” ХХК болон “Т” ХХК нарын хооронд байгуулагдсан 2015.12.24-ний өдрийн FLA027/2015 дугаартай “Өмчлөх эрх шилжих нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож,

нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх “Т” ХХК болон “Х” ХК-ийн хооронд байгуулагдсан 2015.10.30-ны өдрийн “Банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжүүлэх” гэрээ, Ц.Ч болон “Х” ХК-ийн хооронд байгуулагдсан 2015.10.30-ны өдрийн M дугаартай “Банкны зээлийн өр төлбөрт тооцон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэлтэй, ***-р хороо, *** тоот хаягт байршилтай, 4536 м.кв талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,  улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэлтэй, ***-р хороо, *** тоот хаягт байршилтай, 2304 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэлтэй, ***-р хороо, *** тоот хаягт байршилтай, 1008 м.кв талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэлтэй, ***-р хороо*** тоот хаягт байршилтай, 4608 м.кв талбайтай, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэлтэй, *** тоот хаягт байршилтай, 720 м.кв талбайтай, контор, үйлдвэр зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тус тус “Т” ХХК-ийг тогтоох, ***-р хороонд байршилтай, нэгж талбарын *** дугаар бүхий, 7752 м.кв талбайтай, контор, үйлдвэрлэлийн зориулалттай газрыг Ц.Ч (эрх залгамжлагч С.М) эзэмших эрхтэй болохыг тогтоох, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт “Х” ХК-д 15,591,600,525 төгрөгийг төлөх үүрэгтэй болохыг тогтоолгох тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

Шийдвэрийн тогтоох хэсгийн 2, 3, 5 дугаар заалтыг хүчингүй болгож, 4 дүгээр заалтыг 2 гэж дугаарлан,

Шийдвэрийн тогтоох хэсгийн 6 дугаар заалтыг 3 гэж дугаарлан, уг заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Т” ХХК, Ц.Ч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100,793,763 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид 65,755,140.52 төгрөгийг нөхөн төлүүлж, улсын орлогод оруулж, хариуцагч “Х” ХК болон “Т” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид нийт 78,115,953 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгосугай.” гэж тус тус өөрчилж,

Шийдвэрийн тогтоох хэсгийн 7, 7 дугаар заалтыг 4, 5 гэж дугаарлан, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Т” ХХК-ийн төлөөлөгч Ц.Чт, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Н нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч “Т” ХХК-ийн төлөөлөгч Ц.Чт-ын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025.09.02-ны өдөр төлсөн 100,794,963 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Н.БАТЗОРИГ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                                     Н.БАТЧИМЭГ

                                                                                           Б.УНДРАХ

                                                                                           Д.ЦОЛМОН