| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2021/00181/И |
| Дугаар | 154/ШШ2021/00198 |
| Огноо | 2021-09-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 154/ШШ2021/00198
| 2021 оны 09 сарын 21 өдөр | Дугаар 154/ШШ2021/00198 | Булган сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь Cум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Булган суманд 1966 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, 55 настай, Ховд аймгийн Булган сумын Баянгол багт оршин суух, /*******/,******* овогт*******гийн*******гийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Г.Дашхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Г.Дашхүү нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Дашхүү би 1981 оноос 1992 онуудад Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд ээжтэйгээ хамт нэгдлийн үхэр сааж саальчнаар ажиллаж байсан. Намайг сургуулиа төгсөөд Жаргалын зам нэгдэлд саальчнаар ажиллаж байсныг нутгийн хүмүүс сайн мэднэ. Саальчид нь сааль сүүгээ саагаад зуны улиралд тосон тасагт тушааж өгдөг байсан. Би нэгдэл тараад хувьчлагдах хүртэл ажилласан. Одоо би өндөр насны тэтгэвэр тогтоолгох шаардлагатай байх тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлага гарсан учир танай шүүхэд хандсан. Миний шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг үндэслэн ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Г.Дашхүү нь Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд 1981 оны 06 сарын 01-ны өдрөөс 1992 оны 05 сарын 05-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хүсэлт гаргагч Г.Дашхүүгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн:
Түүний шүүхэд хандаж гаргасан хүсэлт
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 838 тоот лавлагаа,
Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлээс Г.Дашхүүд олгосон ажиллаж байсан байдлын талаархи бичилттэй хөдөлмөрийн дэвтэр,
Гэрч Дамирангийн Батсуурийн шүүхэд гэрчээр мэдүүлсэн: Би Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн Баянгол багт бог мал маллаж байсан. Г.Дашхүү 1981 оноос эхлэн Булган сумын Жаргалын зам нэгдлийн 1 дүгээр бригадад буюу Баянгол багт малчин саальчин байсан. Г.Дашхүү нь эцэг, эхийн хамт 500 гаруй ямаа маллахаас гадна саальчин байсан. Г.Дашхүү нь сайн малчин байсан. Нэгдлийн даргаар М.Баавдай ажиллаж байсан. Баянгол багийн даргаар Шовгор ажиллаж байсан. Баянгол баг нь 100 гаруй малчинтай байсан. Г.Дашхүү шагнал урамшуулал авч байгаагүй, Г.Дашхүү 1981 оноос 1992 оныг дуустал мал малласан. Мал маллахаас өөр ажил хийж байгаагүй, бид нар нэг бригадад хамт мал маллаж байсан гэх мэдүүлэг,
Гэрч Лэгшидийн Гэрэлжавын шүүхэд гэрчээр мэдүүлсэн: Би 1968 оноос эхлэн илгээлтээр хөдөө гарч Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн Баянгол багт бог мал маллаж байсан.Г.Дашхүү 1981 оноос эхлэн Булган сумын Жаргалын зам нэгдлийн 1 дүгээр бригадад буюу Баянгол багт малчин, саальчин байсан. Г.Дашхүү нь эцэг, эхийн хамт нэгдлийн төл мал маллахаас гадна саальчин байсан. Баянгол багийн малын эмчээр Төмөр, багийн даргаар Шовгор нар ажиллаж байсан. Малчид сард 100 гаруй төгрөгний цалин авдаг байсан. Г.Дашхүү 1981 оноос 1992 оныг дуустал мал малласан. Малчид мал маллахаас өөр ажил хийж байгаагүй, бид нар нэг бригадад хамт мал маллаж байсан тул сайн мэднэ. Г.Дашхүү нь нэгдэл тараад хувиараа ажил хөдөлмөр эрхлэх болсон гэх мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.
- Дээрхи нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, цуглуулсан баримтууд бах тул хүсэлт гаргагч Г.Дашхүүгийн 1981 оны 06 сарын 01-ны өдрөөс 1992 оны 05 сарын 05-ны өдөр хүртэл Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар******* овогт*******гийн*******г 1981 оны 06 сарын 01-ны өдрөөс 1992 оны 05 сарын 05ны өдөр хүртэл Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Г.Дашхүүгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ