Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2021 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 154/ШШ2021/00200

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 154/ШШ2021/00200

Булган сум

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:Ховд аймаг Жаргалант Шанд ХХК-ний захирал Н.Нямдорж /РД:4070348/-ийн нэхэмжлэлтэй.

Хариуцагч:Ховд аймгийн Үенч сумын Нарийн гол багт оршин суух, Үенч, Булган голын сав газрын захиргаанд байгаль хамгаалагч ажилтай Ач залан овогт Батсүрэнгийн Бирваа /РД: ПК 73101611/-д холбогдох 10.454.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

Нэхэмжлэгч Н.Нямдоржийн өмгөөлөгч Д.Хуягбаатар /онлайнаар/,

Хариуцагч Б.Бирваа,

Гэрч: Ш.Энхмаа /онлайнаар/ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Жаргалант Шанд ХХК-ны захирал Н.Нямдорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай Жаргалант Шанд ХХК нь Ховд аймагт мах бэлтгэл, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Ховд аймгийн Үенч сумын иргэн Б.Бирваатай анх 2019 оны 06 сарын 07-ны өдөр 01 дугаартай Мал, мах худалдах худалдан авах гэрээ-г гэрээний нөхцөлийн дагуу худалдагч нь эрүүл, чанарын шаардлага хангасан мал болон махыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь барааг хүлээн авч төлбөрийг хийхээр харилцан тохиролцож байгуулаад 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн урьдчилгаа мөнгийг 20,000,000 /хорин сая/, 20,000,000 /хорин сая/ төгрөгийг 2 удаагийн үйлдлээр нийт 40,000,000 /дөчин сая/ төгрөгийг ХААН банкны 5857037778 тоот дансанд эхнэр Ш.Энхмаагийн эзэмшлийн 5863126888 дугаартай данснаас шилжүүлж өгсөн.

Улмаар эхнэр Ш.Энхмаагийн данснаас 2019 оны 06 сарын 15-ны өдөр 20,000,000 /хорин сая/ төгрөг, 2019 оны 08 сарын 13-ны өдөр 50,000,000 /тавин сая/ төгрөгийг шилжүүлж өгсөн. Мөн өөрийн эзэмшлийн 5845184398 дугаартай данснаас 2019 оны 08 сарын 07-ны өдөр ХААН банкны 5854050464 тоот дансанд 20 000 000 /хорин сая / төгрөг, 2019 оны 08 сарын 01-ний өдөр 20.000.000 төгрөг тус тус Б.Бирваад шилжүүлэн өгсөн. Нийт 150,000,000 / нэг зуун тавин сая/ төгрөгийг ХААН банкны дансаар Б.Бирваад шилжүүлж өгсөн ба компаний менежер С.Магсаржаваар дамжуулан бэлнээр 3,900,000 /гурван сая есөн зуун мянган/ төгрөгийг 2019 оны 07 сарын 28-ны өдөр өгсөн юм.

Ингээд нийт 153,900,000 /нэг зуун тавин гурван сая есөн зуун мянган/ төгрөгииг Б.Бирваагаас мал, мах худалдан авахаар харилцан итгэлцлиин үндсэн дээр ямар нэгэн барьцаа, болзолгүйгээр өгсөн юм. Худалдан авагчийн хувьд Б.Бирваагаас гэрээнд заасан малын үнийг хатуу баримтлалгүй тухайн үеийн зах зээлийн үнээр тооцож гэрээний үнээс илүү үнээр тооцож авч ирсэн малыг нь авсан бөгөөд Б.Бирваа нь гэрээгээ зөрчиж 10,454,000 төгрөгийн мал, махыг өгөхгүй, үлдэгдэл тооцоогоо хийж дуусгаач гэхээр удахгүй хийж дуусгана гэж зөвшөөрч байснаа хамгийн сүүлд 2020 оны 09 сард 2,000,000 төгрөг шилжүүлж өгөөд үлдсэнийг нь дараа өгье гэж хэлээд явсан ба мөнгөө нэхэж утсаар ярих гэхээр утсаа авахгүй ирж уулзахгүй хохироож байна. Иймд Б.Бирваагаас 10.454.000 / арвсан сая дөрвөн зуун тавин дөрвөн/ төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Н.Нямдоржийн өмгөөлөгч Д.Хуягбаатар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2019 оны 06 сарын 07-ны өдөр анх худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан. Мал махыг тодорхой үнээр авахаар тохиролцож урьд нь 20.000.000 төгрөг өгч нийт 153.900.000 төгрөг нийлүүлсэн. Б.Бирваа нь тухайн үед гэрээний дагуу мал махаа нийлүүлж байгаад сүүлдээ нийлүүлэхээ больж холбоо барихгүй болсон. Тухайн авсан мөнгөний дүнд маргахгүй боловч мал мах нийлүүлэлтэндээ зөрүү гарсан гэж тайлбарладаг тэр нь тодорхой бус гэрээний үүргээ зөрчиж байгаа үйлдэл юм.

Иймд Б.Бирваагаас одоо үлдэгдэл 10.454.000 төгрөгийг гаргуулж Жаргалант Шанд ХХК-д олгож өгнө үү гэв.

Хариуцагч Б.Бирваа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Нямдорж бид хоёр гэрээ байгуулан мал мах нийлүүлэхээр болсон үнэн. Тухайн мөнгийг аваад тухайн цаг хугацаанд нь мал нийлүүлж байсан. Сүүлийн мал нийлүүлэхэд би Н.Нямдоржид учир байдлыг хэлж мал үнэтэй боллоо хүмүүс үнэтэй авч байна гэхэд зэрэгцээд мал аваарай гэж хэлсэн. Ингээд мал аваад очиход амьдын жингээр авахгүй, малаа нядлуулаад килограммаар тооцож авсан. Үүний зөрүүнээс би 23.0 сая төгрөгийн өрөнд орж малчны зээл болон цалингийн зээл авч хагас мөнгийг нь өгсөн. Одоо үлдэгдэл нэхэмжилж байгаа 10.454.000 төгрөгийг төлөхдөө өөрөөс гарсан зардлаа тооцож хасаад үлдэх мөнгийг төлөх боломжтой гэв.

Гэрч Ш.Энхмаа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2019 оны 06 сарын 07-нд анх гэрээ хийхдээ бог мал авахаар тохирсон. Бод мал авах талаар тохиролцоогүй.Б.Бирваагийн нийлүүлж байгаа мал нь бага насны, заримдаа сарлагийн тугал хүртэл нийлүүлж байсан. Малаа хүлээлгэж өгөхдөө өөрөө ирж тооцож өгдөггүй дандаа хүнээр хүлээлгэж өгдөг байсан. Энэ талаар удаа дараа шаардахад утсаа авахгүй надтай ярихгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Бид нар бэлэн мөнгө өгсөн учир Б.Бирваагийн авч ирсэн малыг нь үнэлээд авдаг байсан. Сүүлчийн малаа авч ирээд өөрөө хот руу орж зарна гээд явсан. Түүнээс хойш холбогдоогүй гэв.

Зохигчид шүүх хуралдаанд эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрлийн гэрээний дагуу асуудлаа шийдвэрлүүлэхээр тохиролцож нэхэмжлэлийн шаардлагаас тээврийн зардал 2.400.000 төгрөг, мал хөлсөөр маллуулсны хөлс 1.054.000 төгрөгийг хасаад үлдэх 7.000.000 төгрөгийг 2022 оны 04 сарын 01-ны өдөр төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан баримтууд болон нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбар зэргийг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Нямдорж нь10.454.000 төгрөгийг хариуцагч Б.Бирваагаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б.Бирваа нь 2019 оны 06 сарын 07-ны өдөр нэхэмжлэгчтэй гэрээ байгуулан мал мах нийлүүлэн ажиллаж нийлүүлэлтийн улмаас 10.454.000 төгрөгийг дутагдуулсан нь нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбар болон гэрч Ш.Энхмаагийн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хариуцагч Б.Бирваа нь нийт нэхэмжилж байгаа нэхэмжлэлээс Ховд аймгийн Үенч сумаас ачааны машин хөлсөлж мах ачиж оруулсан зардал 1 машин 800.000 төгрөгөөр тооцож 3 машинаар ачсан зардал 2.400.000 төгрөг, худалдаж авсан малаа малчнаар маллуулж байсан малчны хөлс 1.054.000 төгрөгийг хасаж тооцно гэж тайлбарлаж байгааг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч зохигчид 7.000.000 /Долоон сая/ төгрөгийн хэмжээнд эвлэрэн хэлэлцэж, 7.000.000 төгрөгөө 2022 оны 04 сарын 01-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахыг хариуцагч хүлээн зөвшөөрч сайн дурын үндсэн дээр эвлэрэн хэлэлцсэн байна.

Шүүх шийдвэр гаргахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд зохигч эвлэрэх эрхийнхээ дагуу нэхэмжлэгч хариуцагч нар нь эвлэрч гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө,хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй,хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Зохигчид нэхэмжлэлийн шаардлагад эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байх тул улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 182.214 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Нэхэмжлэгч Н.Нямдорж нь хариуцагч Б.Бирваагаас 10.454.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж зохигчид 7.000.000 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 182214 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах,хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах,тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ