Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 2024/ШЦТ/215

 

Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Т даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,  

улсын яллагч: Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А,

шүүгдэгч Б.Дийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн,  өмгөөлөгч Д.Э /цахимаар/, Я.С,

шүүгдэгч Н.Мын өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн,  өмгөөлөгч Х.З,

шүүгдэгч С.Еын өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн,  өмгөөлөгч Х.Б,

шүүгдэгч Б.Д, Н.М, С.Е нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Бы Д, Ш овогт Нгийн М, Б ж овогт Сн Е нарт холбогдох эрүүгийн 000000000000 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, Ш овогт Бы Д, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Б аймгийн Ө суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Б аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал ажилтай, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Б аймгийн Т сумын *** дугаар багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, РД:00000000000,

2. Монгол Улсын иргэн, Ш овогт Нгийн М, 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Б аймгийн Т суманд төрсөн, 61 настай, эрэгтэй, дээд боловсролтой, орос хэл, уран зохиолын багш мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт гарсан, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Б аймгийн Т сумын *** дугаар багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, РД:00000000000,

3. Монгол Улсын иргэн, Б ж овогт Сн Е, 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Б аймгийн Т суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Б аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуульд монгол хэл, уран зохиолын багш ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Б аймгийн Т сумын 05 дугаар багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:00000000000.

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

1. Шүүгдэгч Б.Д нь Б аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа тус сургуулийн сургалтын менежер Н.М, анги удирдсан багш С.Е нартай бүлэглэж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж 2021-2022 оны хичээлийн жилд тус сургуулийн 12 дугаар ангид суралцаагүй Е.Аад 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр бүрэн дунд боловсролын үнэмлэх олгож бусдад давуу байдал бий болгосон,

2. Шүүгдэгч Н.М нь Б аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерээр ажиллаж байхдаа тус сургуулийн захирал Б.Д, анги удирдсан багш С.Е нартай бүлэглэж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж 2021-2022 оны хичээлийн жилд 12 дугаар ангид суралцаагүй Е.Аад 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хавсралтад гарын үсэг зурж, бусдад давуу байдал бий болгосон,

3. Шүүгдэгч С.Е нь Б аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн багшаар ажиллаж байхдаа тус сургуулийн захирал Б.Д, сургалтын менежер Н.М нартай бүлэглэж,  албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж 2021-2022 оны хичээлийн жилд 12 дугаар ангид суралцаагүй Е.Аад 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хавсралтад дүн шивж, гарын үсэг зурж, бусдад давуу байдал бий болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас гаргасан мэдүүлэг.

1.Шүүгдэгч Б.Д мэдүүлэхдээ: “Би энэхүү хууль бус үйлдлийг 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр мэдсэн. Засаг даргын албан тоот ирж, уг албан тооттой танилцсан. Уг албан тоотыг танилцуулж хурал хийж, энэ зөрчлийн талаар мэдэж, Засаг даргад 60 дугаартай албан тоотоор хариу өгсөн. Уг хууль бус үйлдлийг мэдснээс хойш нуун дарагдуулаагүй. Харин 2022 оны 08 дугаар сарын 28, 30-ны өдрүүдэд аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас явуулсан сургалт, семинарт оролцох үед тухайн үеийн газрын дарга Ад мэдээлж,  31-ний өдөр захирлын дэргэдэх зөвлөлийн хурал хийсэн. Үүнд бичиг баримттай холбоотой гарсан зөрчил, тийм алдаа гаргахгүй талаар мэдэгдсэн. Тэр хуралд суусан хэн нэг нь энэ зөрчлийн талаар Засаг дарга мэдэгдсэн. 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр албан тоот ирэх үед нь мэдсэн.

Сургуульд шилжиж ирсэн, явсан сурагчийн талаарх мэдээллийг статистик хариуцсан менежер мэддэг. Мөн сурагчийн ирц, хасалтыг тэр хүн хариуцдаг. Энэ бүхэн мэдээллийн системээс хасалт хийгээгүйгээс эхлэлтэй болоод байна. Үүнд анги удирдсан багш, дүн тавьсан багш, эцэг эх бүгд холбоотой юм байна. Энэхүү байдлыг сургуулийн удирдлагад мэдэгдээгүйгээс бүх асуудал эхэлсэн. Хэрэв мэдэгдсэн бол хурал хийж, хамтын шийдвэр гарч болох байсан. Гэтэл Авлигатай тэмцэх газар болон прокурор бусдын хийсэн хэргийг надад тулгаж байна гэж үзэж байгаа.

Гэрч Е “удирдлагуудад мэдэгдсэн” гэсэн байна. Яг хэнд, хэзээ, яаж мэдэгдсэн талаар тодорхойгүй байна. Магадгүй Статистик хариуцсан менежер хоёр уг хэргийг эхлээд тавьсан байх. Түүнээс ямар нэгэн баримт шаардсан боловч одоо хүртэл гаргаж өгч чадаагүй. Еийн мэдүүлэгт 12 дугаар ангид өөрийн биеэр сураагүй шалтгаанаас болж бүрэн дунд боловсрол эзэмшиж чадахгүй байсан болохоор эцэг, эх нь өөрийн биеэр ангийн багш, бусад багш нарт сургуулийн удирдлагуудтай уулзаж танилцуулснаар ангийн багш бичиж өгсөн гэдгийг анхан шатны шийтгэх тогтоолын 4.11 дэх хэсэгт заасан. Боловсролын баримт бичиг ганц өдөр хэвлэлдэн гарч, 3 хүн гарын үсэг зурах зүйл биш. Үүнд жилийн турш дүнгийн нэгтгэл, шалгалтын дүн тавигдах ёстой. Тэр бүх процессыг хийж мэдээллийн системд бүртгэж, боловсролын гэрчилгээ олгохоос өмнө гарах Б маягтыг гаргаж, бүх хүүхдийн гарын үсгийг зурж, ангийн багш болон сургалтын менежерүүд баталгаажуулж дууссаны дараа надад гарын үсэг зуруулах ёстой.

С.Е мөрдөн байцаах үйл ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ “би захирал болон сургалтын менежер нар гарын үсэг зурчихаар нь өөрсдөө мэдээд зурж байна гэж бодсон” гэж мэдүүлж байгаа нь худал мэдүүлэг байгаа. Хамгийн түрүүнд тухайн ангиас төгссөн 24 сурагч гарын үсэг зурсан байх ёстой. Хамгийн түрүүнд тухайн хүүхэд гарын үсэг зурсан байгаа. Дараа нь ангийн багш нь гарын үсэг зурж, сургалтын менежер гарын үсэг зурж дууссаны дараа миний бие гарын үсэг зурах ёстой. Миний дараа аймгийн Боловсролын газрын дарга гарын үсэг зурах ёстой байгаа. Б маягт гэрчилгээ сумаас хэвлэгдэн гарч ирсэн. Тухайн үед миний бие аймгийн Боловсролын газарт албаны ажлаар явж байсан. Тухайн үед 10 дугаар анги төгсгөсөн Бота, Е багш нар аймгийн төвд ирж, боловсролын гэрчилгээ хэвлэгдэж гарсны дараа надад гарын үсэг зуруулсан.

Би гарын үсэг зурах ёстой, өөрийгөө хийх ёстой үйлдлээ хийсэн гэж үзэж байгаа. Мэдүүлэг өгсөн багш нараас нэг ч хүн захиралд мэдэгдсэн, мэдэж байсан талаар дурдаагүй байгаа нь миний энэ хэрэгт холбогдолгүй гэдгийг нотолж байна. Харин ангийн багш бол өөрөө буруугаа хүлээж байсан. Сургуулийн захирал цахим баталгаажуулалт хийнэ гэж заасан. Энэ бүх процесс хууль ёсны, сургуулийн захирал миний хувьд зөвхөн хянах үүрэгтэй. Мэдээллийн системд дүн тавигдсан. Б маягт, боловсролын гэрчилгээ хэвлэгдэн гарсан тул би ямар ч эргэлзэлгүйгээр гарын үсэг зурсан. Миний бие хуулийн дагуу үүргээ биелүүлсэн, хууль зөрчсөн зүйл байхгүй гэж үзэж байна. Хийх ёстой үйлдлээ хийснийхээ төлөө би гэм буруутайд тооцогдох ёсгүй. Иймд намайг гэм буруугүй гэж цагаатгаж өгнө үү. Элсэлтийн шалгалтад тухайн хүүхэд орох, орохгүй байх нь түүний эрх тул бидэнд буруу зүйл байхгүй. Тиймээс намайг цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

2. Шүүгдэгч Н.М мэдүүлэхдээ: “Тухайн хүүхэд хичээлийн агуулга эзэмшсэнийг багш нарын тавьсан дүн нь гэрчилж байгаа. Мэдээллийн системд уг хүүхдийн мэдээлэл байгаа болохоор уг хүүхэд сургуулиа төгсөх эрхтэй байгаа. Материалууд нь хэвлэгдэж гарч ирэхэд ямар ч зөрчилгүй, гарын үсэг зурахгүй байх ямар ч боломжгүй байсан. Хэрэв тухайн хүүхэд манай сургуулийн мэдээллийн санд бүртгэлгүй, дүн тавигдаагүй байсан бол боловсролын гэрчилгээ нь тавигдахгүй байх байсан. Бусад сурагчдын нэгэн адил бүх материал нь бэлэн байсан болохоор гарын үсэг зурсан. Өөрийгөө журмын дагуу чиг үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэж байгаа. Иймд намайг цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Бусад мэдүүлгийн хувьд Б.Дийн мэдүүлэгтэй ижилхэн” гэв.

3. Шүүгдэгч С.Е мэдүүлэхдээ: “Тухайн сурагчийн аав, ээж нь хүүхдийг эхлээд сургалтын менежер, статистик хариуцсан менежер дээр бүртгэсний дараа надад хэлсэн. Дараа нь сурагчийн эцэг, эх нь сургуулийн захирал, сургалтын менежер, удирдлагуудад өөрөө хэлнэ гэхээр нь би хэлээгүй. Сурагчийн эцэг, эх нь сургуулийн удирдлагад мэдэгдсэн байх гэж ойлгосон. Мөн сургуулийн удирдлага, менежерүүдээс надад тухайн хүүхдийн баримт зөрчилтэй, хасах талаар мэдэгдэл хийгээгүй тул мэдэж байгаа байх гээд бүртгэж, гарын үсгээ зурсан байгаа. Хамгийн гол нь тухайн үед зөрчилтэй гэж ойлгоогүй, ийм асуудал үүснэ гэж ойлгоогүй байсан” гэв.

4. Эрүүгийн 000000000000 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: иргэн Н.Еы Авлигатай тэмцэх газарт гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /1 дэх хавтаст хэргийн 07-08 дахь тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч А.Еийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 20-21 дэх тал/, гэрч Н.Еы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 23 дахь тал/, гэрч Ш.Еийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 25 дахь тал/, гэрч Х.Аигийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 30-31, 42 дахь тал/, гэрч У.Еы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 33 дахь тал/, гэрч Д.Кгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 35 дахь тал/, гэрч З.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 37 дахь тал/, гэрч Ш.Сийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 39-40 дэх тал/,  гэрч Х.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 50 дахь тал), гэрч Т.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 52 дахь тал/, гэрч А.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 54 дэх тал/, гэрч Х.Угийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 56 дахь тал/, гэрч Ө.Жийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 58 дахь тал/, гэрч Ө.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 60 дахь тал/, Б аймгийн Т сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаартай албан бичиг, уг албан бичгээр хүргүүлсэн Т сумын ерөнхий боловсролын сургуулийн анги удирдсан багийн журналын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 61-68 дахь тал/, Боловсролын Үнэлгээний төвийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01/09 дугаартай албан бичиг /1 дэх хавтаст хэргийн 71 дэх тал/, Хил хамгаалах ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн  2-4в/135 дугаартай албан бичиг /1 дэх хавтаст хэргийн 73 дахь тал/, сурагч Е.Аад 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр олгосон гэх 0000000000000 дугаартай Бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 82 дахь тал/,  Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын ажлын байрны тодорхойлолт /1 дэх хавтаст хэргийн 77-80 дахь тал/, Б аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/45 дугаартай “Б.Дийг Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд томилох тухай” захирамжийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 83-85 дахь тал/, Б аймгийн Т сумын Бүрэн дунд сургуулийн захирлын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 12 дугаартай, “Н.Мыг сургалтын менежерээр эргүүлэн томилох тухай” тушаалын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 86 дахь тал/, Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийн албан тушаалын тодорхойлолт /1 дэх хавтаст хэргийн 87-95 дахь тал/, шүүгдэгч С.Еын 00000 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 96-110 дахь тал/, Б аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл, уран зохиолын багш С.Еын ажлын байрны тодорхойлолт /1 дэх хавтаст хэргийн 110-116 дахь тал/, яллагдагч С.Еын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 164-165 дахь тал/, яллагдагч Б.Дийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 179-180 дахь тал/, яллагдагч Н.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 194-195 дахь тал/, Б аймгийн Т сумын Засаг даргын зөвлөлийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн, мөн тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер, нийгмийн ажилтай нартай хийсэн хурлын тэмдэглэлийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 222-225 дахь тал/, шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг тус тус яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судлав.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

5. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Д, Н.М, С.Е нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Хэргийн үйл баримт.

6. Шүүгдэгч Б.Д нь Б аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа тус сургуулийн сургалтын менежер Н.М, анги удирдсан багш С.Е нартай бүлэглэж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж 2021-2022 оны хичээлийн жилд тус сургуулийн 12 дугаар ангид суралцаагүй Е.Аад 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр бүрэн дунд боловсролын үнэмлэх олгосон,

мөн шүүгдэгч Н.М нь Б аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерээр ажиллаж байхдаа тус сургуулийн захирал Б.Д, анги удирдсан багш С.Е нартай бүлэглэж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж 2021-2022 оны хичээлийн жилд 12 дугаар ангид суралцаагүй Е.Аад 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хавсралтад гарын үсэг зурсан,

мөн шүүгдэгч С.Е нь Б аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн багшаар ажиллаж байхдаа тус сургуулийн захирал Б.Д, сургалтын менежер Н.М нартай бүлэглэж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж 2021-2022 оны хичээлийн жилд 12 дугаар ангид суралцаагүй Е.Аад 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хавсралтад дүн шивж, гарын үсэг зурсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

6.1. Иргэн Н.Еы Авлигатай тэмцэх газарт гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /1 дэх хавтаст хэргийн 07-08 дахь тал/,

6.2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Еийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Б аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, монгол хэлний боловсрол хариуцсан мэргэжилтнээр 26 дахь жилдээ ажиллаж байна.

Миний хувьд Т сумын Ерөнхий боловсролын сургуульд суралцаагүй сурагчид бүрэн дунд боловсролын үнэмлэх олгосон асуудлын талаар мэдэх зүйл байхгүй байна. Аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас жил бүр захиалга авдаг. Ингээд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа сургуулиудаас суралцагчийн захиалгын тоог статистик хариуцсан мэргэжилтэн нэгтгэж Боловсролын яам руу явуулж яамнаас сурагчдын тоогоор буюу захиалсан тоогоор боловсролын баримт бичиг ирдэг. 12 дугаар ангид суралцаагүй сурагчид бүрэн дунд боловсролын үнэмлэх олгохгүй гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Гэхдээ ерөнхий боловсролын хичээлийн агуулгыг эзэмшсэн байвал бүрэн дунд боловсролын үнэмлэх олгож болно л гэсэн байгаа. Боловсролын гэрчилгээ олгох эсэх асуудлыг сургуулийн захирал шийдвэрлэж гарын үсэг зурж, тамга дарж олгодог. Ганц захирал ч гэхгүй ангийн багш, сургалтын менежер нь дүнг тавьж гарын үсэг зурдаг. Тийм болохоор ангийн багш, сургалтын менежер, захирал нар л олгох эсэх асуудлыг шийдвэрлэдэг.

Бүрэн дунд боловсролын үнэмлэхийг захирал, багш нь гарын үсэг зурж баталгаажуулсны дараа сурагчдад гардуулдаг. Сурагчид олгох бүрэн дунд боловсролын үнэмлэх нь 5,500 төгрөг байдаг. Үүнээс гадна сургуульд сурч байгаа хүүхдийн тооноос хамаарч хувьсах зардлаар сургууль санхүүждэг бөгөөд ахлах ангийн 1 сурагчийн жилийн хувьсах зардал нь 501,700 төгрөг байдаг.

Нэмж хэлэхэд тухайн хүүхэд цахимаар суралцаад цахимаар шалгалтаа өгсөн байж болох юм. Хэрэв тийм бол бүрэн дунд боловсролын үнэмлэх олгож болох юм” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

6.3. Гэрч Н.Еы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний бие Т сумын Засаг даргаар ажилладаг бөгөөд тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Б.Д нь 2021-2022 оны хичээлийн жилд танхимын сургалтад хамрагдаагүй хүүхдэд хууль зөрчиж бүрэн дунд боловсролын гэрчилгээ олгосон гэж сонсож хуулийн байгууллагад гомдол гаргасан юм. Тус хүүхэд нь манай сумын 05 дугаар багийн иргэн Ш.Е гэх хүний А гэх хүүхэд байсан бөгөөд 2021-2022 оны хичээлийн жилд Т улсад хэлний дамжаанд сурч байсан байна. Сургуулийн захирал Б.Д нь албан тушаал, эрх мэдлийн байдлаа урвуулан ашиглаж бусдад бүрэн дунд боловсролын гэрчилгээ олгож, хууль зөрчсөн тул хуулийн хариуцлага хүлээлгэж өгнө үү” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 23 дахь тал/,

6.4. Гэрч Ш.Еийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний хүү болох А 2021 оны 09 дүгээр сард Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн “А” бүлэгт орж сурч байгаад 10 дугаар сард Т хэлний дамжаанд сурахаар болж Т улс руу явсан. Тэгээд тухайн жил онлайнаар сурч байсан. 2021-2022 оны хичээлийн жилд Т улсад байсан.

Тухайн жил Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг танхимаар төгсөөгүй юм. Аад хичээл ордог байсан багш нар болон сургуулийн удирдлагууд миний бие очиж уулзаж, Т улсад хэлний дамжаанд явж байгаа талаар танилцуулж хэлсэн. Тухайн үед багш нар болон сургуулийн удирдлагууд 6 дугаар сард ирж шалгалт өгч, бүрэн дунд боловсролын гэрчилгээ авах шаардлагатай гэж хэлсэн.

2022 оны 06 дугаар сард Т улсаас ирэх боломжгүй, онгоцны нислэг байхгүй болсон тул ирээгүй. Тэгээд хичээл ордог багш нар өөрсдөө дүн тавьж өгсөн юм. Хүүхэд маань 9 дүгээр анги хүртэл тухайн сургуульд өөрийн биеэр сурч байсан. 10, 11 дүгээр ангийг аймгийн төвөөс “Д” сургуулиас сурч, 12 дугаар ангийг Т сумын Ерөнхий боловсролын сургуулиас сурч байгаад 10 дугаар сард Т улсад хэлний дамжаанд сурахаар явж ирээгүй. 12 дугаар ангид өөрийн биеэр сураагүй шалтгаанаас болж бүрэн дунд боловсрол эзэмшиж чадахгүй байсан болохоор өөрийн биеэр ангийн багш, бусад хичээл ордог багш нар, сургуулийн удирдлагуудтай уулзаж учир байдлаа танилцуулснаар, ангийн багш бичиж өгсөн байгаа. Ямар нэгэн эд зүйл, мөнгө өгч байгаагүй” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 25 дахь тал/,

6.5. Гэрч Х.Аигийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тухайн жилийн хичээлийн жил буюу 2021 оны 10 дугаар сард Е.Аын аав болох Ш.Е өөрийн биеэр ирж хүүхдийн бичиг баримтыг аймгийн Д сургуулиас авч ирж бүртгүүлснээр манай сургуулийн 12 дугаар ангийн “А” бүлэгт орсон. Тус сурагч 10 дугаар сарын 15-ны өдөр тус ирсэн юм. Тухайн үед миний бие журмын дагуу бүртгэж авч, боловсролын системд оруулсан. Тэгээд 10 дугаар сарын 17-ны өдөр Т улс руу хэлний дамжаанд явахаар болж Т улс руу явсан. Тухайн жил буюу 2021-2022 оны хичээлийн жилд Е.А Т улсад байсан. Тухайн хүүхдүүдийн хичээлд сурсан талаар үнэлгээ гаргаж өгсөн хичээл заасан багш нарын цахим журналаас анги удирдсан багш нь өөрийн ангийн цахим журналд хүүхдийн үнэлгээг буулгаж өөрийн нэвтрэх эрхээр системд оруулж өгдөг. Оруулж өгсөн сурагч нарын үнэлгээ, дүнг миний бие хянаж аймгийн Боловсролын газрын мэргэжилтэнд хянуулж баталгаажуулснаар аймгаас А, Б маягт гарч ирдэг. Тэрний дагуу бүрэн дунд боловсрол эзэмшсэн гэрчилгээ нь Б маягтыг үндэслэж гарч ирнэ.

...Е.Аын аав Е нь надад ирээд хүүгээ аймгийн төвд байрлах Д сургуулиас Т сумын Ерөнхий боловсролын сургууль руу шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу бүртгэж авсан. Бүртгэл хийх үед Е.А нь өөрөө ирж бүртгүүлээгүй, түүний аав Е баримт бичгийг нь авч ирээд бүртгүүлсэн. Е.Аын бүртгэж авах, сургуульд бүртгүүлэх талаар урьд сурч байсан сургуулиас хасалт хийсний дараа бүртгэдэг бөгөөд 2021 оны 10 дугаар сарын эхээр аав нь болох Е материалыг авч ирсэн ингээд манайх руу шилжүүлэх буюу цаад сургуулиас нь хасалт хийгээгүй байсаар байгаад 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хасалт хийсний дараагаар бүртгэж авсан.

...ер нь бол бүлэг сэдвүүд болон улирлын шалгалтад сурагч өөрийн биеэр орж шалгалт өгөх ёстой. Шалгалт өгөөгүй сурагчид бүрэн дунд боловсролын гэрчилгээг олгохгүй, энэ талаар олгосон хүмүүсээс нь тодруулах нь зүйтэй. Гэрчилгээг сургуулийн захирал, менежер, багш нар гарын үсэг зурж олгодог. Сургуулийн захирал зөвшөөрч олгосон байх, энэ талаар би мэдэхгүй. Би улсын шалгалт аваагүй, яагаад ирээгүй сурагчид ийм өндөр оноо өгснийг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 30-31, 42 дахь тал/,

6.6. Гэрч Д.Кгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний санаж байгаагаар 2021-2022 оны хичээлийн жилийн эхэнд тухайн сурагч 12 дугаар ангийн “А” бүлэгт өөрийн биеэр ирж сурч байсан. Тэгээд 2021 оны 10 дугаар сард Т улсад хэлний дамжаанд сурахаар явж байгаа гэж сургуулийн багш нараас сонссон. Тухайн сурагч 2021-2022 оны хичээлийн жилд 12 дугаар ангийн “А” бүлэгт сурч байсан талаар сайн мэдэхгүй. Миний бие багш, сурагч нарын ирцийн бүртгэлд хяналт тавихгүй. Сургуулийн статистик хариуцсан мэргэжилтэн болон анги удирдсан багш нь хяналт тавих ёстой.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 35 дахь тал/,

6.7. Гэрч З.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие 2021-2022 оны хичээлийн жилд 12 ангийн “А” бүлэгт зураг зүйн чиглэлээр хичээл орж байсан. Тухайн жил албан ёсоор Боловсролын яамнаас ирсэн багшийн цахим журналд бүртгэл хөтөлж хичээлийн жилийн ажлыг эхлэх ёстой. Миний хөтөлсөн багшийн цахим журналд дэлгэрэнгүй бичигдсэн байх ёстой. Хэдэн хүүхдийн бүрэлдэхүүнтэй сурч байсныг сайн санахгүй байна. Тухайн жилийн хичээлийн жилд Е.А гэх сурагч миний заасан хичээлд суугаагүй. Харин багшийн цахим журналд нэр нь байсан. Цахим журналд Аын нэр нь байгаа болохоор урд жил авсан байсан дүнгээ тавьсан. Өөрөө сайн сурдаг сурагч байсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 37 дахь тал/, 

6.8. Гэрч Ш.Сийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн сурагчдын хичээл заасан багш нар өөр өөрсдийн цахим системд нэвтрэх кодоор орж үнэлгээ дүнг цахим системд оруулдаг болсон. Тухайн оруулсан үнэлгээ дүнг сургуулийн захирал болон сургалтын менежерүүд үндэслэж боловсролын гэрчилгээ олгоно.

Бүрэн дунд боловсрол эзэмшсэн гэрчилгээ олгохын тулд тухайн жилийн 12 дугаар анги төгсөх гэж байгаа сурагч нарын нэрсийг хичээлийн жилийн эцсээр буюу 04 дүгээр сард сургуулиудын сургалтын менежерүүдээс төгсөгчдийн нэрсийг цахимаар тулгалт хийж захиалгыг нь авна. Дараагаар нь 05 дугаар сарын дундаас нь эхэлж тухайн жилийн 12 дугаар анги төгсөх гэж байгаа бүх сургуулиудаас төгсөгчийн нэрсийг нэг бүрчлэн цахимаар тулгалт хийж авч сургуулиудын ирүүлсэн нэрсийн дагуу бүрэн дунд боловсролын үнэмлэхийн баримт бичгийн үнэ төлбөрийг сурагчаас анги удирдсан багш нь сургалтын менежерт хүлээлгэн өгч, сургалтын менежер нь аймгийн боловсролын газарт хариуцсан мэргэжилтний дансанд хийснээр тухайн жилийн 12 дугаар анги төгсөлтийн сурагч бүрт баримт бичиг яамнаас ирдэг” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 39-40 дэх тал/, 

6.9. Гэрч Х.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Еийн А нь 1-ээс 9 дүгээр ангид Т сумын Ерөнхий боловсролын сургуульд сурч байгаад 10, 11 дүгээр ангиа Ө сумын Д сургуульд суралцсан. Ингээд Т сумын сургуульд 12 дугаар ангидаа шилжиж ирсэн.

2021 оны 09 дүгээр сард 12 “А” ангидаа сурч байгаад 10 дугаар сараас хэлний бэлтгэлд явна гээд Т улс руу явсан. Ингээд дахин миний хичээлд суугаагүй. Би Е.Аын физикийн дүн тавиагүй, цахим журнал дээр байгаа 12 дугаар ангийн дүн бол 10-11 дүгээр ангид сурч байхад нь тавьсан дүн юм” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 50 дахь тал/,

6.10. Гэрч Т.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Еийн А нь 2021-2022 оны хичээлийн жилд Т сумын Ерөнхий боловсролын сургуульд сурч байгаагүй. Миний хичээлд сууж байгаагүй. Би Е.Аад дүн тавиагүй. Би улирлын шалгалтын дүнг тавиагүй. Би энэ насандаа 100 хувь үнэлгээг нэг ч сурагчид өгч байгаагүй. 100 хувь суралцдаг хүн гэж хаана ч байхгүй, миний хувьд хамгийн өндөр үнэлгээ 98 хувь л тавьж байсан. Тухайн дүнг магадгүй ангийн багш нь цахим системд оруулсан байж магадгүй. Эсхүл өмнөх 2 жилийн дүн нь автоматаар цахим системд орсон байж болох юм” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 52 дахь тал/,

6.11. Гэрч А.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Еийн А нь 2021-2022 оны хичээлийн жилд Т сумын Ерөнхий боловсролын сургуульд сурч байгаагүй. Миний хичээлд огт сууж байгаагүй. Би Е.Аад дүн тавиагүй. Заавал судлах хичээлд химийн хичээл хасагдсан байсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 54 дэх тал/,

6.12. Гэрч Х.Угийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Еийн А нь 2021-2022 оны хичээлийн жилд Т сумын Ерөнхий боловсролын сургуульд 2021 оны 10 дугаар сар хүртэл сурч байгаад гадаад хэлний бэлтгэлд явсан. Миний хувьд эхний улиралд сурч байхад нь нормативын шалгалт авахад хангалттай үнэлгээтэй байсан. Эхний улиралд би 100 хувийн үнэлгээ тавьсан. 2 дугаар улиралд буцаж ирнэ гэсэн боловч ирээгүй. Тэгээд би тухайн сурагчийн өмнөх жилийн дүн болон эхний улиралд сурч байсан үнэлгээг нь үндэслээд дүнг тавьсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 56 дахь тал/,

6.13. Гэрч Ө.Жийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Еийн А нь 2021-2022 оны хичээлийн жилд Т сумын Ерөнхий боловсролын сургуульд эхний улирал буюу 2021 оны 10 дугаар сар хүртэл сурч байгаад гадаад хэлний бэлтгэлд сурна гээд алга болсон. Би эцэг эхээс нь асуухад Т руу хэлний бэлтгэлд явсан гэж хэлсэн. Тухайн сурагч бол маш сайн сурлагатай сурч байгаа, чиглэл нь гадаад хэлний чиглэлээр сурч байсан бөгөөд ер нь эцэг, эх нь ирж надаас дүнг тавиад өгөөч гэж гуйхаар нь дүнг засаж тавьж өгсөн. Би анх бол 90 хувийн үнэлгээ тавьсан. Учир нь Е.А бол сайн сурагч, 90 хувийн үнэлгээг хангалттай авч чадахаар сурагч байсан. Гэтэл эцэг, эх нь ирж гуйгаад “100 хувь гээд тавиад өгөөч, цаашид англи хэлний дүн нь их чухал байна” гээд байхаар нь цахим системд 100 хувь гэсэн үнэлгээг засаж тавьсан. Гэхдээ А нь цахимаар надтай байнга холбогдоод хичээлээ аваад судалж байсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 58 дахь тал/,

6.14. Гэрч Ө.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Еийн А нь 2021-2022 оны хичээлийн жилд Т сумын Ерөнхий боловсролын сургуульд 2021 оны 09 дүгээр сараас 10 дугаар сар хүртэл сурч байгаад алга болсон. 9, 10 дугаар сар хүртэл миний хичээлд сууж байсан. Би Е.Аад дүн тавиагүй. 1 дүгээр улирлын дүнг сурч байсан хугацааны дүнгээр тавьсан. Дараагийн улирлын дүнг нь би өөрөө хүүхэд хохироохгүй, төгсөх ангийн сурагч, мөн онц сурлагатай хүүхэд гээд тавьчихсан. Би эхний улиралд бол сурсан хичээл, сурагчийн хичээлийн оролцоог үндэслээд 94 хувь гэдэг үнэлгээг өмнөх хичээлийнх нь авсан дүнг хуваагаад тавьсан юм. Тухайн дүнг тавихад хэн нэгэн нөлөөлөөгүй, аав ээж нь надаас гуйгаагүй. Би хүүхдийн ирээдүйг бодоод дүн тавьсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 58 дахь тал/,

6.15. Б аймгийн Т сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаартай “Еийн А нь 2021 оны 10 дугаар сарын 14-ны өдөр тус сургуульд шилжин ирснийг статистик мэдээ хариуцсан  сургалтын менежер бүртгэж авсан байна. Дараа нь ямар ч хасалт хийлгээгүйгээр сургуулийн удирдлагад мэдэгдэхгүйгээр тус сургуулийг төгссөн байна” гэх албан бичиг, уг албан бичгээр хүргүүлсэн Т сумын ерөнхий боловсролын сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилийн анги удирдсан багийн журналын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 61-68 дахь тал/,

6.16. Хил хамгаалах ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2-4в/135 дугаартай “Еийн А /РД:0000000000, ПД:0000000000/ нь Чингис хаан агаарын замын боомтоор 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр улсын хилээр гарсан бүртгэлд авагдсан байна...” гэх албан бичиг /1 дэх хавтаст хэргийн 71 дэх тал/,

6.17. Сурагч Е.Аад 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр олгосон гэх 0000000000000 дугаартай Бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 82 дахь тал/,

6.18. Яллагдагч С.Еын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Гэрчилгээнд зурагдсан гарын үсэг миний гарын мөн байгаа юм. Е.А нь 2021 оны 10 дугаар сард манай сургуульд манай ангид буюу 12А ангид бүртгүүлээд 2 өдөр хичээлд суугаад Т улс руу суралцахаар явлаа гээд яваад өгсөн. Ингээд дахин буцаж ирнэ гэсэн боловч дахин буцаж ирээгүй. Е.Аын аав, ээж хоёр нь манай сумын Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багшаар ажилладаг бөгөөд анх хүүхдээ авч ирэхдээ манай сургуулийн цахим систем хариуцдаг мэргэжилтэн Аид бүртгүүлээд манай анги руу хуваарилсан байсан. Ингэснээр автоматаар өмнөх бүх хичээлийн дүн бүх материал нь манай ангид бүртгэлээр орж ирдэг, түүний дагуу орж ирсэн.

Үүнээс хойш манай сургуулийн удирдлага, сургалтын менежер нараас аль нь ч надад тухайн сурагчийг хичээлд ирээгүй гэх үндэслэлээр хас, болохгүй гэдэг ямар нэгэн мэдээлэл болон чиглэл өгөөгүй. Тэгэхээр нь би өөрөө бүртгээд л яваад байсан. Гэтэл ийм зүйл болно гэдгийг би өөрөө мэдээгүй, ийнхүү ял шийтгэлд унана гэдгээ ч тухайн үедээ ойлгоогүй.

Бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хавсралтад дурдагдсан дүнг миний бие шивсэн, гэхдээ би түүнийг өөрөө дур мэдэн тавихгүй. Бүх хичээлийн дүн автоматаар цахимаар тавигддаг. Би зөвхөн өөрийнхөө зааж байсан монгол хэл, уран зохиол, үндэсний бичиг гэсэн 3 хичээлийн дүнг тавьсан. Ингэхдээ би Е.Аыг хичээлд суугаагүй гэдгийг мэдэж байсан хэдий ч өмнө нь энэ сурагч бол онц сурдаг, сурлага сайтай сурагч байсан гэдгийг мэддэг болохоор би тухайн 3 хичээлийн дүнг тавьсан.

...би анх удаагаа 12 дугаар анги төгсгөж байгаа. Е.Аыг төгсгөх талаар багш нарын хурал хийгээгүй. Тийм хурлын тэмдэглэл байхгүй. Е.А нь улсын шалгалтад ороогүй, цахимаар ч шалгалтад ороогүй. Улсын шалгалтын оноог бүх хичээлд 100 хувь тавьсан нь шударга бус явдал болсон байна. Би монгол хэлний хичээлд л 100 хувь тавьсан. Захирал багш Б.Д, менежер Н.М, ангийн багш буюу миний бие гээд бид гурав гарын үсэг зурж олгодог. Ер нь бол захирал, багш баталгаажуулж шийдвэр гаргасны дараа гэрчилгээг олгодог. Эхлээд сургалтын менежер гэрчилгээний хавсралтыг хэвлээд хянах үүрэгтэй. Тэгээд баталгаажуулж гарын үсэг зурсан. Ингэсний дараагаар захирал, багш гарын үсэг зурж баталгаажуулсны дараа нь би гарын үсэг зурсан. Би бол захирал багш, менежер гарын үсэг зурчихаар нь өөрсдөө мэдээд зурж байгаа юм байна гэж ойлгоод л гарын үсэг зураад гэрчилгээг нь олгочихсон” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 164-165 дахь тал/,

6.19. Яллагдагч Н.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Е.Аын бүрэн дунд боловсролын үнэмлэх дээр зурагдсан гарын үсэг бол миний гарын үсэг мөн байгаа юм. Би тэр сурагчийг суманд байхгүй байгаа гэдгийг бол мэдэж байсан. Хэлний дамжаанд Т улс руу явуулсан гэдгийг эцэг, эхээс нь сонссон. Надад хэлэхдээ ирээд шалгалтад орно гэж хэлж байсан. Мөн ангийн багш нь ч тэгж хэлж байсан. Би гэрчилгээнд гарын үсэг зурахдаа ангийн багшаас нь энэ сурагч эргэж ирсэн үү, үгүй юу гэдгийн асуугаагүй. Үнэмлэхийн хавсралт хэвлэгдээд ирэхээр нь гарын үсэг зурчихсан. Захирал Б.Д, менежер Н.М миний бие, ангийн багш буюу С.Е нар гарын үсэг зурж олгосон.

...Е.А нь байхгүй байгааг захирал багш Б.Д мэдэж байсан. Б.Д захирал мэдэлгүй яах бэ, тухайн сурагчийн мэдээлэл нь захирал дээр очиж байгаа, статистик мэдээтэй байнга танилцаж байгаа. Тэгээд ч захирал багш бол сургуулийн багш, сурагчдаа мэдэх үүрэгтэй. Хэн нь хаана юу хийж байгааг мэдэхгүй захирал гэж байхгүй. Тийм юм бол сургуулийн захирал байгаад яадаг юм бэ” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 194-195 дахь тал/,

6.20. Яллагдагч Б.Дийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ...миний хувьд тухайн асуудлыг үнэхээр мэдэхгүй. Би асуудлыг хэрхэн мэдсэн бэ гэхээр 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга А нь бүх удирдах ажилтнуудыг цуглуулж хуралдсан. Энэ үеэр тус аймгийн Булган суманд 2 сурагч сураагүй байхад бүрэн дунд боловсролын үнэмлэх олгосон асуудлаар Авлигатай тэмцэх газарт шалгагдаж, ял шийтгэл авсан, иймд цаашид анхаарч ажиллаарай гэдэг мэдээллийг өгсөн.

Ингээд маргааш нь хичээл эхэлсэн. 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Т сумын Засаг даргаас надад “танай сургуульд 12 дугаар ангид сураагүй хүүхдэд хууль бусаар бүрэн дунд боловсролын үнэмлэх олгосон асуудал байгаа эсэхийг лавлаж хариу ирүүл” гэхээр нь би холбогдох хүмүүсийг дуудаж хурал хийсэн. Тэгэхэд хурлын эцэст шийдвэрлэх хэсэг дээр 1 хүүхэд байгаа талаарх мэдээлэл авагдаж, тодруулж хариу хэлэхээр болсон. Ингээд тодруулахад Е.А нь манай сургуулийн системд бүртгэлтэй, төгссөн нь тодорхой болсон” мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 179-180 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.

7. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа, мөн мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч, өмгөөлөгч нараас гаргасан дүгнэлт.

8. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь ажил, албан үүргээ гүйцэтгэх явцдаа буюу шүүгдэгч Н.Дийн хувьд сургуулийн захирлаар ажиллаж байхдаа, шүүгдэгч Н.Мын хувьд тухайн сургуулийн менежерээр ажиллаж байхдаа, шүүгдэгч С.Еын хувьд анги удирдсан багшаараа ажиллаж байхдаа сурагч хүүхэд болох Е.Аад бүрэн дунд боловсролын гэрчилгээг өөрийн ажил, албан тушаалынхаа давуу байдлыг ашиглаж сургуульд сураагүй, төгсөөгүй, гадаад улсад байгаа хүүхдэд сургуульд сурч, шалгалт өгч төгссөн мэтээр баримт бичиг бүрдүүлж, бүрэн дунд боловсролын гэрчилгээ олгосон нөхцөл байдал бүрэн тогтоогдсон байгаа. Хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна.

Харин 1 хүүхэд сурах хувьсах зардал нь өөрөө 501,700 төгрөг байдаг гэх мэдүүлгийг өгсөн байгаа. Иймд дээрх 501,700 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлэн гаргаж, улсын орлого болгох нь зүйтэй” гэх дүгнэлтийг,

9. Шүүгдэгч Б.Дийн өмгөөлөгч Я.Сээс “…шүүгдэгч Б.Д нь сурагч Е.Аыг тус сургуульд 2021-2022 оны хичээлийн жилд бүрэн суралцаагүй болохыг 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр мэдэж, илрүүлсэн үйл баримт нь хурлын тэмдэглэлээр тогтоогдсон байгаа. Хэрэв 09 дүгээр сарын 08-ны өдрөөс өмнө буюу боловсролын гэрчилгээнд гарын үсэг зурахаас өмнө, эсхүл гарын үсэг зурах үед мэдсэн байвал уг  боловсролын гэрчилгээнд гарын үсэг зурахгүй байх боломжтой байсан.

Мөн сурагч хүүхдийн эцгээс нь сургуулийн захирал Б.Дээд хандаж 12 дугаар анги төгсөхөд дэмжлэг, туслалцаа үзүүлэх тухай ямар нэгэн хүсэлт гаргаагүй. Сурагч хүүхдийн аавын “шүүгдэгч Б.Дэд хүүхэд маань Бүгд Найрамдах Т Улсад сурч байгаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг нь хөндлөнгийн нотлох баримтуудаар нотлогдоогүй байгаа. Т сумын ерөнхий боловсролын статистик мэдээнд хичээл заасан зарим багш нар, түүнчлэн анги даасан багш, сургуулийн статистик хариуцсан ажилтан нь ахлах болон дунд ангийн менежер нараас тухайн сурагч хүүхдийг тус сургуульд 2021-2022 оны хичээлийн жилд суралцсанаар мэдээлэл оруулсан байдлыг тухайн үед Б.Д мэдээгүй байсан нөхцөл байдал сургуулийн багш, захирлын дэргэдэх зөвлөлөөр тухайн сурагч хүүхдийн хууль бусаар боловсролын гэрчилгээ олгох асуудлыг хэлэлцээгүй нөхцөл байдал гарсан.

Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайдын 2019 оны 156 дугаартай “Суурь, Бүрэн дунд боловсрол эзэмшигчдэд боловсролын баримт бичиг олгох, дүйцүүлэх журмын 2 дугаар зүйлийн 2.2-т “Мэдээллийн системд суурь, бүрэн дунд боловсрол эзэмшин төгсөх суралцагчийн мэдээлэл бүрэн орсон эсэхэд аймаг, нийслэлийн боловсролын газар, нийслэлийн дүүргийн боловсролын хэлтэс хяналт тавина”, мөн журмын 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “Гэрчилгээ, үнэмлэхийг үнэт цаасан дээр хэвлэхийн өмнө төгсөгчид танилцуулах ажлыг сургалтын менежерийн хяналт дор анги удирдсан багш зохион байгуулна” гэж тус тус заасан.

Мэдээллийн системд албан ёсоор бүртгэлгүй иргэнд гэрчилгээ, үнэмлэх олгохгүй зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон нь шүүгдэгч Б.Д нь бусдад давуу байдал бий болгож албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь эрүүгийн хэрэгт авагдсан хангалттай нотлох баримтуудаар нотлогдохгүй байна. Тиймээс шүүгдэгч Б.Д нь уг гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн нь эргэлзээтэй байгаа. Тэрээр тухайн сурагч хүүхдийг боловсролын гэрчилгээ авсан гэдгийг 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр мэдсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна” гэж заасан. Мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

Шүүгдэгч Б.Д нь уг гэмт хэргийг ухамсарлаж, хүсэж үйлдсэн эсэх нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байгаа. Шүүгдэгч Б.Д нь өөрөө хүсэж, санаатайгаар гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан.

Гэтэл шүүгдэгч нь бусадтай бүлэглэн, санаатайгаар гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байгаа тул шүүгдэгч Б.Дэд холбогдох эрүүгийн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгөх” дүгнэлтийг,

10. Шүүгдэгч Б.Дийн өмгөөлөгч Д.Эээс “…миний бие хуульчийн хувьд шүүгдэгч Б.Дийн үйлдэлд гэмт хэргийн шинж байхгүй гэж үзэж байна.

Шүүгдэгч Б.Дийг Е.А гэх хүүхдэд 2021-2022 оны хичээлийн жилд 12 дугаар ангид суралцаагүй байхад нь боловсролын гэрчилгээ бичиж өгч давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Энэ нь шүүгдэгч Б.Дийн үйлдэлтэй холбогдолгүй, тэрээр гэмт хэрэг үйлдээгүй гэдэг нь нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Мөн бид нарын шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудаар нотлогдож байгаа.

Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайдын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/425 дугаартай тушаалаар батлагдсан журам байгаа. 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн А/156 дугаартай тушаалаар батлагдсан журам байгаа. Энэ журмаар сурагчдын мэдээллийг тухайн сургуулийн статистик хариуцсан мэргэжилтэн, мэдээллийн санд оруулах, сургалтын дүнг тухайн хичээлийг заасан багш цахим санд байршуулахаар хуульчилсан байгаа. Түүнчлэн тухайн хичээлийн жил ерөнхий боловсролын сургууль төгсөж гэрчилгээ олгох асуудлыг статистик хариуцсан мэргэжилтэн болон хүүхдүүдийн хичээлд суусан цахим журналыг үндэслээд Боловсролын газар, Боловсролын яамны үнэлгээний газарт хянуулж баталгаажуулаад боловсролын гэрчилгээ бичигдэж ирэхээр хуульчлагдсан.

Гэрчилгээ бичих асуудлыг тухайн сургууль төгсөж байгаа хүүхдийн анги удирдсан багш бичээд статистик мэргэжилтэнтэйгээ тулгаад үүнийг аймгийн Боловсролын газар луу хүргүүлж, Боловсролын газар цахимаар бүгдийг нь тулгаж хянаж үзээд Боловсролын яам руу явуулаад гэрчилгээ бичигдэж ирдэг байгаа. Гэрчилгээ бичигдэж ирсний дараагаар анги удирдсан багш тухайн сургуулийн менежер, багш гарын үсэг зурсны дараагаар сургуулийн захирал гарын үсэг зурахаар хуульчлагдаж, журамлагдсан.

Уг журмыг шүүгдэгч Б.Д зөрчөөгүй байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан өөрийн үүрэгт ажлаа биелүүлснийх нь төлөө хийх ёстой үүрэгт ажлаа хийснийх нь төлөө өнөөдөр чи яллагдах ёстой гэх үндэслэлээр асуудалд хандаж байгааг хуульчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй.

Харин шүүгдэгч Б.Дийн хувьд бичигдэж ирсэн боловсролын гэрчилгээнд гарын үсэг зураагүй байсан бол үүргээ биелүүлээгүй гэх хууль зүйн үндэслэл бий болно гэж бодож байна. Үүнээс авч үзвэл статистик мэдээнд байгаа хүүхдийн тоогоор бүрэн дунд боловсролын гэрчилгээний захиалга өгөгдсөн. Анги даасан багш гэрчилгээг бичсэний дагуу сургуулийн захирал, менежер нар гарын үсэг зурсан. Шүүгдэгч Б.Дийн хувьд өдөр болгон тэнд суралцаж байгаа хүүхдүүдтэй танилцаж, өнөөдөр хэдэн хүүхэд сургуульд ирсэн байна. Хэдэн хүүхэд хичээл тасалсан байна гэдэг дээр хяналт тавиад байдаг үүрэгтэй албан тушаалтан биш юм. Сургуулийн менежер болон сургуулийн статистикийн мэргэжилтэн, анги удирдах багш нар тухайн ангид суралцаж байгаа хүүхдүүдийн ирцийг бүртгэж хэн нь сургуульдаа ирж байна, хэн нь сургуульдаа ирээгүй байна, хэн нь хэдэн хоног хичээл тасалж байна гэдгийг сургуулийн захиралд мэдэгдсэн тохиолдолд сургуулийн захирал мэдэх боломжтой болохоос биш өдөр болгон сургуулийн дотоод ажил руу орж мэдээд байх үүрэгтэй албан тушаалтан биш байгаа.

Яагаад Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж байхгүй гэж хуульчийн хувьд үзэж байгаа вэ гэвэл Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг зааж өгсөн байгаа. Үүнд субьектив шинжийг маш тодорхой зааж өгсөн байгаа. Субъектив шинжийн хувьд тухайн захирал буюу нийтийн албан тушаалтан албаны чиг үүргийн хувьд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн байхаар хуульчилж өгсөн. Өөрөөр хэлбэл гэм буруугийн зөвхөн санаатай хэлбэрээр зөвшөөрөгдөөгүй буюу хориглосон үйлдлийг гүйцэтгэсэн, эсхүл зөвшөөрөгдсөн үйлдлийг гүйцэтгээгүй, гүйцэтгээгүйнхээ төлөө хариуцлага хүлээхээр хуульчлагдсан гэж байгаа.

Шүүгдэгч Б.Дийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж байхгүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Харин энэ нь зөрчлийн шинж байж болох юм. Зөрчил гаргасан гэх үндэслэлээр гэмт хэрэг үйлдсэн мэтээр хүнийг гэм буруутайд тооцож болохгүй. Иймд шүүгдэгч Б.Дийн үйлдлийг цагаатгах хууль зүйн үндэслэл байна. Тиймээс шүүгдэгч Б.Дийг цагаатгаж, гэм буруугүйд тооцож өгөх” дүгнэлтийг,

11. Шүүгдэгч Н.Мын өмгөөлөгч Х.Заас “…шүүгдэгч нарын үйлдэл холбогдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр өмгөөлөгч нар дүгнэлт гаргаж байгаатай санал нэг байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр” гэж заасан. Тэгвэл хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч нарын болон шүүгдэгч Н.Мын үйлдэл, холбогдол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан албан тушаалын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан болон зориуд хэрэгжүүлэхгүй байсан үйлдэл, холбогдол субъектив шинжийн хувьд нотлогдож тогтоогдоогүй байгаа.

Харин эсрэгээр нь журмыг зөрчсөн, суралцаагүй сурагч хүүхдэд ерөнхий боловсролын гэрчилгээ олгосон үйлдэл, гарын үсэг зурсан зэрэг үйл холбогдол нь өөрөө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй атлаа энэ нь албан тушаалын чиг үүрэгт хайнга хандсан, захиргааны хэм хэмжээний актаар буюу Боловсрол, Соёл, Шинжлэн ухаан, Спортын яамны тогтоосон журмыг зөрчсөн үүрэг, чиг үүргийн хувьд албаны чиг үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэхээр байгаа. Хэрэв тэгж үзвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байгаа юм. Зүй ёсондоо энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүхэлдээ агуулж байгаагийн хувьд үүгээр зүйлчлэх ёстой хэдий боловч энэ зүйл анги нь өөрөө их хэмжээний хохирол шаардаж байгаа юм. Иймд уг зүйл, ангид зааснаар гэм буруутайд тооцох боломжгүй болоод байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох боломж байхгүй болчхоод байна. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон хэргийг бүхэлдээ тал бүрээс нь бүрэн дүүрэн шалгаж тогтоосон. Одоо цааш нь мөрдөн шалгах ажиллагаа явуулах ямар нэгэн гарц гаргалгаа буюу  үндэслэл байхгүй. Иймд өнөөдөр шүүх хуралдаанд яллах дүгнэлтийн хүрээнд асуудлыг хэлэлцэх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг шүүгдэгч нарын үйлдэл, холбогдол агуулахгүй байгаа. Энэ гэмт хэргийн шинж нотлогдон тогтоогдохгүй байгаа. Энэ гэмт хэргийн шинж бүхэлдээ байхгүй тул шүүгдэгч Н.Мад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгөх” дүгнэлтийг,

            12. Шүүгдэгч С.Еын өмгөөлөгч Х.Бээс “…шүүгдэгч С.Е нь Б аймгийн Т сумын ерөнхий боловсролын сургуульд уран зохиолын багшаар ажилладаг. Тухайн боловсролын гэрчилгээ олгосон сурагчийн ангийн багшаар нь ажиллаж байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан албан тушаал, бүрэн эрхийг урвуулан ашиглах гэмт хэргийн субъект нь нийтийн албан тушаалтан байгаа. Нийтийн албан тушаалтны харилцааг Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйл болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан.

Шүүгдэгч С.Е нь эдгээр зүйлүүдэд заасан үндэслэлээрээ нийтийн албан тушаалтан биш байгаа. Түүнийг боловсролын гэрчилгээнд гарын үсэг зурсан гэх үндэслэлээр буруутгаж байгаа. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч, ангийн багш нар хоорондоо үгсэн тохиролцож, өөрөөр хэлбэл төлөвлөж тухайн хүнд хууль бусаар, үндэслэлгүйгээр боловсролын гэрчилгээ олгохоор хоорондоо үгсэн тохирсон асуудал хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байгаа. Шүүгдэгч С.Е нь ангийн багшийн хувьд тухайн 12 дугаар анги төгссөн бүрэн дунд боловсролын гэрчилгээ дээр гарын үсэг зурах үүрэг нь байгаа. Үүний хүрээнд тэрээр гэрчилгээнд гарын үсэг зурсан. Иймд шүүгдэгч С.Ед холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгөх” дүгнэлтийг тус тус гаргаж, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар мэтгэлцсэн болно.

13. Эрүүгийн 1 дэх хавтаст хэргийн 77-80, 87-95, 110-118 дахь талд авагдсан Б аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Б.Д, сургалтын менежер Н.М, монгол хэл, уран зохиолын багш С.Е нарын албан тушаал, ажлын байрны тодорхойлолтоос үзэхэд сургуулийн захирлын үндсэн үүргийг “ерөнхий боловсролын сургуулийн хөгжлийг төлөвлөх, зохион байгуулах, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх үндсэн дээр сургуулийн үйл ажиллагааг захиргааны удирдлагаар ханган багш, сурагчдад цогц чадамжид суурилсан бага, дунд боловсролын стандартыг хэрэгжүүлэх, боловсролын талаарх төрийн бодлого, хууль тогтоомж, тушаал, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, тайлагнах”-аар, сургалтын менежерийн үүргийг “бага, дунд боловсролын стандарт, сургалтын төлөвлөгөө, үндэсний хөтөлбөрийг сургуулийн түвшинд хэрэгжүүлэх ажлыг төлөвлөх, зохион байгуулах, хяналт шинжилгээ хийж үнэлгээ өгөх, тайлагнах”-аар, багшийн үүргийг “явцын болон үе шатны хяналт шинжилгээ, үнэлгээг төлөвлөх, зохион байгуулах, сургалтын баримт бичиг (журнал, судалгаа, хувийн хэрэг, мэдээ) хөтлөх”-өөр тус тус тодорхойлжээ.

14. 2002 оны Бага, дунд боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар ерөнхий боловсролын сургууль нь сургалтын стандартаар бага, дунд боловсролыг эзэмшүүлэх үүрэгтэй байх бөгөөд суралцагч нь сургалтын хөтөлбөрийн агуулгыг хугацаанд нь бүрэн эзэмшиж, авбал зохих үнэлгээг авсны дараа сургуулийн захиргаанаас боловсролын баримт бичиг буюу тухайн иргэний эзэмшсэн боловсролын агуулгын түвшин, мэргэжлийг гэрчилсэн албан ёсны баталгаа болох гэрчилгээ, үнэмлэхийг олгох ёстой байна.

15. Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч нараас “...сургуулийн захирал Б.Д нь сурагч Е.Аыг тус сургуульд 2021-2022 оны хичээлийн жилд суралцаагүй болохыг 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр мэдсэн, хэрэв боловсролын гэрчилгээнд гарын үсэг зурахаас өмнө, эсхүл гарын үсэг зурах үед мэдсэн байвал уг  боловсролын гэрчилгээнд гарын үсэг зурахгүй байх боломжтой байсан, сурагчид бүрэн дунд боловсролын гэрчилгээ бичих асуудлыг тухайн сургууль төгсөж байгаа хүүхдийн анги удирдсан багш бичээд статистик мэргэжилтэнтэйгээ тулгаад үүнийг аймгийн Боловсролын газар луу хүргүүлж, Боловсролын газар цахимаар бүгдийг нь тулгаж хянаж үзээд Боловсролын яам руу явуулаад гэрчилгээ бичигдэж ирдэг байгаа. Гэрчилгээ бичигдэж ирсний дараагаар анги удирдсан багш тухайн сургуулийн менежер, багш гарын үсэг зурсны дараагаар сургуулийн захирал гарын үсэг зурахаар хуульчлагдаж, журамлагдсан” гэж, шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч нараас “...тухайн хүүхэд хичээлийн агуулга эзэмшсэнийг багш нарын тавьсан дүн нь гэрчилж байгаа. Мэдээллийн системд уг хүүхдийн мэдээлэл байгаа болохоор уг хүүхэд сургуулиа төгсөх эрхтэй байгаа. Материалууд нь хэвлэгдэж гарч ирэхэд ямар ч зөрчилгүй, гарын үсэг зурахгүй байх ямар ч боломжгүй байсан” гэж тайлбарлажээ.

16. Гэвч шүүгдэгч Б.Д, Н.М нар нь сурагч Е.А нь 2021-2022 оны хичээлийн жилд Б аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцаагүй, төгсөх ангийн шалгалтыг өгөөгүй болохыг мэдэж байсан нь эрүүгийн 1 дэх хавтаст хэргийн 25 дахь талд авагдсан гэрч Ш.Еийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...миний хүү болох А 2021 оны 09 дүгээр сард Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн “А” бүлэгт орж сурч байгаад 10 дугаар сард Т хэлний дамжаанд сурахаар болж Т улс руу явсан. Тэгээд тухайн жил онлайнаар сурч байсан. 2021-2022 оны хичээлийн жилд Т улсад байсан. Тухайн жил Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг танхимаар төгсөөгүй юм. Аад хичээл ордог байсан багш нар болон сургуулийн удирдлагууд миний бие очиж уулзаж, Т улсад хэлний дамжаанд явж байгаа талаар танилцуулж хэлсэн” гэх мэдүүлэг, 1 дэх хавтаст хэргийн 194-195 дахь талд авагдсан яллагдагч Н.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Е.А нь байхгүй байгааг захирал Б.Д мэдэж байсан” гэх мэдүүлэг, 1 дэх хавтаст хэргийн 164-165 дахь талд авагдсан яллагдагч С.Еын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...би захирал багш, менежер нар гарын үсэг зурчихаар нь өөрсдөө мэдээд зурж байгаа юм байна гэж ойлгоод л гарын үсэг зураад гэрчилгээг олгосон” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Эрх зүйн дүгнэлт.

17. Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан “шүүгдэгч Б.Д, Н.М, С.Е нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж байхгүй тул тэдэнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгөх тухай” дүгнэлтийг тус тус хүлээн авах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.

18. Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол” авлигын гэмт хэрэгт тооцохоор заажээ.

19. Дээрх хуулийн заалтаас үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг “нийтийн албан тушаалтан” гэх субъект үйлдсэн байхыг шаардана.

20. Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч С.Еын өмгөөлөгчөөс “шүүгдэгч С.Е нь хуульд заасан нийтийн албан тушаалтанд хамаарахгүй” гэж дүгнэснийг хүлээн авах боломжгүй байх ба шүүгдэгч Б.Д, Н.М, С.Е нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан мөн болох нь дараах байдлаар тогтоогдож байна.

21. Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 дахь хэсэг “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.” гэж, 3 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ.” гэж тус тус заасан бөгөөд Улсын Их Хурлаас 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар соёрхон баталсан Авлигын эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын 2 дугаар зүйлийн (а)-д төрийн үйлчилгээг үзүүлдэг буюу нийтийн чиг үүргийг гүйцэтгэдэг хүнийг нийтийн албан тушаалтан гэж ойлгохоор тус тус заажээ.

22. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “Нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.” гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-д “төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж тус тус заажээ.

23. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан “Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараах албан тушаал хамаарна” гэж, мөн зүйлийн 14.1.2-д зааснаар “боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарна” гэж тус тус зааснаас үзэхэд Б аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Б.Д, сургалтын менежер Н.М, багш С.Е нар нь төрийн үйлчилгээний байгууллагын удирдах, гүйцэтгэх албан тушаалтанд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан гэж үзнэ.

24. Нийтийн албан тушаалтны “албан үүрэг, бүрэн эрх” гэдэг нь тухайн албан тушаалтанд хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, үндсэн чиг үүрэг хамаарах бол “албан тушаалын байдал” гэж албан тушаалтны хэрэгжүүлж байгаа эрх, үүрэгт хамааралгүй боловч тухайн албан тушаалтай холбоотой нэр хүнд, нөлөө зэргийг хамааруулдаг байна.

25. “Албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэдгийг Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх  зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх” гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” гэж тус  тус хуульчилжээ.

26. Монгол Улсын боловсролын зорилго нь иргэнийг оюун ухаан, ёс суртахуун, бие бялдрын зохих чадавхтай, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг, бие даан сурах, ажиллах, амьдрах чадвартай болгон төлөвшүүлэхэд орших бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаадугаар зүйлийн 7. “Монгол Улсын иргэн бүр сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно” гэж, 2002 оны Боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1. ““бүх нийтийн ерөнхий боловсрол” гэж 12 жилийн сургалтын агуулгын түвшинг”, 3.1.4-д “боловсролын түвшин” гэж тухайн шатанд эзэмшвэл зохих сургуулийн өмнөх, бага, дунд, дээд боловсролын агуулгын стандартаар тогтоосон мэдлэгийн хэмжээг” тус тус ойлгоно гэж, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Боловсролын агуулгыг түвшингээр нь сургуулийн өмнөх болон бага, дунд, мэргэжлийн боловсрол, дээд гэж ангилна. Боловсролын агуулгыг Сургуулийн өмнөх боловсролын тухай, Бага, дунд боловсролын тухай, Дээд боловсролын тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд заасны дагуу тус тус тодорхойлж, тогтооно” гэж тус тус заажээ.

27. Түүнчлэн 2002 оны Бага, дунд боловсролын тухай хуулийн 7, 9 дүгээр зүйлээс үзэхэд суралцагчдад бүрэн дунд боловсролыг 12 жилд эзэмшүүлэх ба суралцагчийн мэдлэг, чадвар, төлөвшил, сурлагын ахиц, өөрчлөлтийг сургалтын явцад болон анги дэвших, сургууль төгсөхөд нь шалган үнэлж, боловсролын стандартын хэрэгжилтийг дүгнэх, боловсролын стандартын хэрэгжилтийг багшийн үнэлгээ, сургуулийн шалгалтын болон хөндлөнгийн үнэлгээний байгууллагын дүнгээр тодорхойлж, бүрэн дунд боловсрол эзэмшин төгсөгчид гэрчилгээ, үнэмлэх олгохоор заажээ.

28. Шүүгдэгч нар нь сурагч Е.А нь 2021-2022 оны хичээлийн жилийн сургалтын хөтөлбөрийн агуулгыг хугацаанд нь бүрэн эзэмшиж, авбал зохих үнэлгээг аваагүй, хичээлд суугаагүй гэдгийг мэдсээр байж түүний нэр дээр хичээлийн үнэлгээ, шалгалтын үнэлгээ зэргийг бичиж, боловсролын мэдээллийн системд оруулан, улмаар бүрэн дунд боловсролын үнэмлэх олгож, сурагч Е.Ат давуу байдал бий болгосон үйлдэл нь төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг сөрөг үр дагавартай, нийгмийн хор аюулаар их, гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм.

29. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1. “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.”, 3. “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно.” гэж заасан байх ба шүүгдэгч Б.Д, Н.М, С.Е нар нь 2002 оны Боловсролын тухай хууль, Бага, дунд боловсролын тухай хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан холбогдох дүрэм, журам, стандартыг зөрчиж, сурагч Е.Ат бүрэн дунд боловсролын баримт бичиг олгосон нь төрийн албаны эрх ашгийн эсрэг хийх ёсгүй үйлдэл учраас шүүгдэгч нарын эрх мэдлээ хэтрүүлсэн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

30. 1 дэх хавтаст хэргийн 82 дахь талд авагдсан 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 0000000000000 дугаартай бүрэн дунд боловсролын үнэмлэхэд шүүгдэгч Б.Д, Н.М, С.Е нар нь гарын үсэг зурснаар энэ гэмт хэрэг төгссөн байна.

31. “Албан тушаалтан хайнга хандах гэдэг нь” хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлсон чиг үүргийн хувьд биелүүлэх боломжтой байсан, заавал биелүүлбэл зохих үүргийг биелүүлээгүй буюу авбал зохих шаардлагатай арга хэмжээг аваагүй байх, мөн өөрийн үүрэгт үйл ажиллагаа явуулсан боловч тэр нь зохих шаардлага хангаагүй, чанаргүй, цаг хугацаа алдсан нь алдаа доголдол гаргахад хүргэсэн байх зэрэг”-ийг ойлгох ба тухайн хэргийн хувьд шүүгдэгч Б.Д, Н.М, С.Е нар нь өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэйг ухамсарлаж байсан ч түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгч нарын үйлдэлд өрсөлдөх хэм хэмжээ болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд заасан “Хайнга хандах” гэмт хэргийн шинж үгүйсгэгдэж байна гэж дүгнэлээ.

32. Иймд гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Д, Н.М, С.Е нарыг бүлэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

33. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын ажлын хариуцлага сул байдал шууд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

34. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1. “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.”, 1.9 дүгээр зүйлийн 1. “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.”, 2. “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж заасан байх ба хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд шүүгдэгч Б.Д, Н.М, С.Е нарын үйлдсэн гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр байх ба 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Улсын Их Хурлаас баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй болно.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

35. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилсан байна.

36. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 510 дугаар зүйлийн 510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан байна.

37. Мөрдөн шалгах ажиллагааны үед  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Еээс “..Сурагчид олгох бүрэн дунд боловсролын үнэмлэх нь 5.500 төгрөг байдаг. Үүнээс гадна сургуульд сурч байгаа хүүхдийн тооноос хамаарч хувьсах зардлаар сургууль санхүүждэг бөгөөд ахлах ангийн 1 сурагчийн жилийн хувьсах зардал нь 501.700 төгрөг байдаг...” гэж мэдүүлсэн /1 дэх хавтаст хэргийн 20-21 дэх тал/ байх ба шүүгдэгч Б.Д, Н.М, С.Е нар нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн 501.700 төгрөгийг шүүхийн шатанд 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Б аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын 100020015401 дугаартай дансанд хувааж төлсөн болох нь 2 дахь хавтаст хэргийн 194-196 дахь талд авагдсан Голомт банкны орлогын мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Д, Н.М, С.Е нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

38. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “Гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тус зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хохирол, хохир, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг бол харгалзан үзэхээр хуульчилсан байгаа.

Шүүгдэгч Б.Дийн хувьд нийтийн албан тушаалд ажиллах эрхийг нь 3 жилийн хугацаагаар хасаж, 13,600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13,600,000 төгрөгийн торгох ял оногдуулж, тухайн торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч Н.Мын хувьд мөн адил нийтийн албан тушаалд ажиллах эрхийг нь 3 жилийн хугацаагаар хасаж, 12,600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч С.Еын хувьд нийтийн албан тушаалд ажиллах эрхийг нь 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, түүнд 6,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” дүгнэлтийг,

39. Шүүгдэгч Б.Дийн өмгөөлөгч Я.С, Д.Э нараас “Шүүгдэгч Б.Д нь анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа. Тэрээр урьд өмнө ямар нэг гэмт хэрэгт холбогдоогүй, ямар нэг зөрчилд холбогдож байгаагүй. Мөн тодорхой оршин суух хаягтай, тодорхой ажилтай. Тэрээр шүүх, прокурорын дуудсан хугацаанд ирж оролцож явж байгаа. Эрх хасах нэмэгдэл ялын хувьд заавал байна. Харин торгох ялын хувьд тухайн зүйл хэсэгт заасан хамгийн доод хэмжээгээр торгох ял оногдуулах” гэх дүгнэлтийг,

40. Шүүгдэгч Н.Мын өмгөөлөгч Х.Заас “…шүүгдэгч Н.Мын хувьд энэ гэмт хэрэг үйлдсэнээс хойш өндөр насны тэтгэвэрт гарсан, одоо өндөр насны тэтгэвэрт байгаа. Шүүгдэгч Н.Мын нийтийн албан тушаалд томилогдох эрхийг хасах асуудлыг шүүх хуулийн хүрээнд шийдвэрлэнэ. Тэрээр нэгэнт тэтгэвэрт гарсан тул энэхүү эрх мэдэл үүсэхгүй. Торгох ялын хувьд шүүгдэгч Н.М өндөр насны тэтгэвэрт гарсан, хөдөлмөрийн чадвар, хөдөлмөрлөх боломж байхгүй тул хамгийн доод хэмжээгээр буюу 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг түүний тэтгэвэрт байгаа байдлыг харгалзан 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх” дүгнэлтийг,

41. Шүүгдэгч С.Еын өмгөөлөгч Х.Бээс “Шүүгдэгч С.Еын хувьд сургуулийн багшаар ажиллаж байгаа. Ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Улсын яллагчаас нийтийн албанд томилогдох эрхийг хасах, торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Уг саналыг дэмжиж байна. Гэхдээ дээрх ялын хэмжээнд санал байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох хэргийг 2-5 жил хүртэл хугацаагаар хасахаар заасан. Тиймээс нийтийн албанд томилогдох эрхийг нь 2 жилийн хугацаагаар хасаж өгөхийг хүсэж байна. Торгох ялын хувьд 5,400-27,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор байгаа. Шүүгдэгч С.Еыг доод хэмжээгээр нь торгож, уг ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгөхийг хүсэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өөрчлөлт орж, уг ялыг хүндрүүлсэн байгаа. Тиймээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хуулийг буцаан хэрэглэх заалтын зохицуулалтыг хэрэглэж өгөхийг хүсэж байна.” дүгнэлтийг тус тус гаргаж эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцсэн болно.

42. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1. “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Д, Н.М, С.Е үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Мөн шүүгдэгч Б.Д, Н.М, С.Е нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг удирдлага болгов.

43. Шүүгдэгч Б.Д, Н.М, С.Е нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан “...гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэв.  

44. Шүүгдэгч Б.Д нь ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг,  боловсролын салбарт он удаан жил ажиллаж байгаа, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, шүүгдэгч Н.М нь ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, боловсролын салбарт насаараа ажиллаж өндөр насны тэтгэвэрт гарсан, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, шүүгдэгч С.Е нь ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, ерөнхий боловсролын сургуулийн багш ажилтай, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

45. Шүүгдэгч Б.Д, Н.М, С.Е нар нь “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь  тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалтай зэрэг нөхцөл байдал тус бүрд нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д, Н.М, С.Е нарын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 4 сарын хугацаагаар хасаж, 7,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж шийдвэрлэв.

46. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д, Н.М, С.Е нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д, Н.М, С.Е нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

47. Шүүгдэгч Б.Д, Н.М, С.Е нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй болно.

48. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Д, Н.М, С.Е нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тэднийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд тус тус хэвээр үлдээв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт Бы Д, Ш овогт Нгийн М, Б ж овогт Сн Е нарыг бүлэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д, Н.М, С.Е нарын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 4 сарын хугацаагаар хасаж, 7,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч шүүгдэгч Б.Д, Н.М, С.Е нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д, Н.М, С.Е нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.Д, Н.М, С.Е нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Д, Н.М, С.Е нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тэднийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд тус тус хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч шүүгдэгч Б.Д, Н.М, С.Е нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Х.ТАЛГАТ