| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2021/00451/и |
| Дугаар | 481 |
| Огноо | 2021-12-16 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 481
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн ..............-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн ..........тоотод оршин суух, ......... овгийн Ч.......холбогдох,
“8000000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т.., нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А, хариуцагч Ч.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сүхбар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Арвайхээр цэцэрлэгжилт ОНӨААТҮГ-н захирал Д.М... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Өвөрхангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 18 дугаар тогтоолоор “....." төслийн нэгжийг Арвайхээр цэцэрлэгжилт .......-ын дэргэд байгуулсан.Төслийн нэгж нь Арвайхээр сумын 13-р багийн нутаг дэвсгэр шинэ суурьшлын бүсэд .... хороолол төслийн нэгжийн талбайд газар хэмжиж олгох, газрын төлбөрийг төслийн нэгжийн дансанд төвлөрүүлэн дэд бүтцийг байгуулах, иргэдийн барьж буй барилгад хяналт тавих үндсэн үүрэгтэй. Төслийн нэгжийн эд хөрөнгө. орлогыг бүртгэх, зарцуулах эрх нь дүрмийн дагуу “Арвайхээр цэцэрлэгжилт" ОНӨААТҮГазарт хамаарагдана.Төслийн нэгжийн үндсэн орлого нь газар худалдан борлуулсаны орлогоос бүрддэг бөгөөд уг орлогыг төслийн нэгжийн ХААН банк дахь .... тоот дансанд иргэд газрын төлбөрөө тушаан мөнгө тушаасан дарааллын дагуу газрын сонголтоо хийж Аймгийн ГХБХБГазрын мэргэжилтэнээр хэмжүүлэн авдаг. Манай төслийн нэгж нь иргэдийн газрын үнийг харилцах дансандаа төвлөрүүлдэг. Гэтэл .. загварын .. тоот газрыг Иргэн Ч.А нь өөрийн хүүхэд А.Н /БНСУ-д ажилладаг/ гэрээ хийж, гэрээг хийхдээ төслийн нэгжээр хянуулахгүйгээр Удирдах зөвлөлийн даргаар баталгаажуулсан байна. Иргэн Ч.А газрын төлбөрийг удаа дараа нэхсэн боловч төлөхгүй байгууллагыг хохироож байна. Иймд Ч.А газрын үнэ 8000000/Найман сая / төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т.. шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч хариуцагч талууд албан ёсны гэрээ байгуулсан. Тэр албан ёсны гэрээ дээр газрын мөнгө 8000000 төгрөгийг шилжүүлэх дансны дугаар бичээстэй байгаа. Гэтэл хариуцагч тэр дансанд бус хувь хүний дансанд мөнгө шилжүүлсэн. Тэр мөнгөний хувьд газрын мөнгө мөн эсэх, тухайн хүнд өгөх ёстой өр төлбөрөө төлсөн эсэх нь тодорхойгүй байгаа юм. Нэгэнт төслийн нэгжийн дансанд мөнгө орж ирээгүй учраас хариуцагч Ч.А газрын мөнгө 8000000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Албан ёсны гэрээ дээр газрын мөнгө 8000000 төгрөгийг шилжүүлэх дансны дугаар бичээстэй байсаар байтал хувь хүний данс руу мөнгө шилжүүлсэн нь хоёр хүний хоорондын харилцааны асуудал юм. Иймд хариуцагчаас газрын мөнгө гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Д.Г нь манайд хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг ажилтан мөн, Д.Г хэд хэдэн хүний газрын мөнгийг хувьдаа авч ашигласан байсан, цалингаас нь суутгаад 1 хүний газрын төлбөрийг барагдуулж дууссан гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч П.А.. шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч, хариуцагчийн хооронд албан ёсны гэрээ байгуулагдсан. Тухайн гэрээн дээр газрын төлбөрийг тушаах данс байсан. Гэтэл хариуцагч тал тэр дансанд биш хувь хүний дансанд мөнгө шилжүүлсэн. Цаашлаад ярьвал Г болон А гэх хүмүүс хоорондоо хувийн шугамаар өглөг авлагатай байсан уу? гэдэг нь эргэлзээтэй байгаа юм. Энэ нь Өвөрхангай аймгийн Арвайхээр цэцэрлэгжилт ОНӨААТҮГ-т хамаагүй зүйл. Нэгэнт тус байгууллагад мөнгө нь орж ирээгүй учраас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр энэ нэхэмжлэлийг гаргаж байгаа юм. Хариуцагч тал албан ёсны данс руу биш хувь хүний данс руу хийсэн нь алдаатай байгаа учраас хариуцагч талыг хариуцлагаа бүрэн хүлээх ёстой гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна гэв.
Хариуцагч Ч.А шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2020 оны 04 дүгээр сарын 20-ны үед .... хороолол төслийн нэгжийн менежер Г уулзахад хоёр газар зааж өгсөн. Тэгээд нэг газрыг нь авахаар болоод мөнгөө шилжүүлье гэхэд надад Г өөрийн дансыг өгсөн. Г данс руу газрын мөнгийг шилжүүлээд танай байгууллагын данс руу шилжүүлдэггүй юм уу гэж асуухад миний данс руу хийж болно гэсэн. Тэр зун бороо их орсны улмаас манай газарт их хэмжээний ус тогтсон. Г уулзаад байшин барих боломжгүй газар байна гэхэд би бүгдийг нь зохицуулж өгнө гэсэн. Хурандаа Д.Г би .... хорооллын газрыг хариуцаж байгаа хүн гээд бүрэн итгэж байсан. Д.Г мөнгөө авахын тулд шүүх цагдаагийн байгууллага гэх мэт олон газраар явсны үндсэн дээр Засаг дарга надад дахин газар олгож хохиролгүй болгосон. Өвөрхангай аймгийн Арвайхээр цэцэрлэгжилт ........ өөрийн ажилтан Д.Г хариуцлага тооцох ёстой гэж үзэж байна. Өөр хэлэх зүйл алга гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн ........... нь хариуцагч Ч.А холбогдуулан “8000000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч тал хариуцагчаас газрын төлбөр 8000000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлээ шүүхэд гаргасан ба нэхэмжлэлийн үндэслэлээ “Амины орон сууцны хороолол барих төсөлд хамтран ажиллах гэрээ” гээд, 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан гэх уг гэрээгээр хариуцагч Ч.А нь газрын төлбөр 8000000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэжээ.
2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан “Амины орон сууцны хороолол барих төсөлд хамтран ажиллах гэрээ”-г нэг талаас “Хаус хороолол” төслийн нэгжийн менежер Д.Г, нөгөө талаас А.Н нар байгуулсан байх ба “....” төслийн нэгжийн удирдах зөвлөлийн дарга И.Д баталжээ. Уг гэрээг хариуцагч Ч.А байгуулаагүй, мөн гэрээгээр “.....” төслийн С загварын ... дугаартай газрыг худалдан авахаар тохиролцсон байгаа боловч уг газрыг хариуцагчид шилжүүлээгүй, .... газрыг хариуцагчид шилжүүлсэн болох нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагч нарын тайлбараар нотлогдсон. Нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээгээр тохиролцсон газрыг хариуцагчид шилжүүлээгүй, хариуцагч Ч.А нэр зааж гэрээ байгуулаагүй байх тул нэхэмжлэгчид Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах, худалдан авах гэрээнээс үүдэлтэй шаардах эрх үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.
“Амины орон сууцны хороолол барих төсөлд хамтран ажиллах гэрээ”-нд худалдагч тал нь гэрээний нэг тал болох А...... дугаартай газрыг шилжүүлэх, А нь газрын үнэ 9500000 төгрөгийг “.......” төслийн нэгжийн ........ тоот дансанд шилжүүлэхээр тохиролцсон ч ....... дугаартай газрыг А... шилжүүлээгүй, нөгөө талаас А... газрын үнэлгээ болох 9500000 төгрөгийг 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр төслийн нэгжийн дансанд биш төслийн менежерийн буюу хувь хүний дансанд шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан, хариуцагч Ч.А ......... дугаар бүхий газрыг шилжүүлэн авсан гэдгээ шүүх хуралдаанд тайлбарласан, газрын төлбөрт 9500000 төгрөгийг төслийн нэгжийн ажилтны дансанд төлсөн гэсэн үйл баримттай талууд маргаагүй болно.
“Амины орон сууцны хороолол барих төсөлд хамтран ажиллах гэрээ”-г байгуулсан төслийн менежер Д.Г нь “Х........” төслийн нэгжид хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг, тус байгууллагын ажилтан гэдгийг нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хэлсэн, хариуцагч Ч.А Д.Г нь “........” төслийн нэгжийг бүрэн төлөөлөх эрхтэй этгээд гэж ойлгогдсон талаар тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн .................. нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА