Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 47

 

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 

              Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Б.Батсайхан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж

Архангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгон овогт Пүрэвжавын Баяраад холбогдох 160/2017/0052/Э индекстэй, эрүүгийн 201703000026 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хэлэлцэхэд

 

 Шүүгдэгч: Монгол Улсын харьяат, 1978 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар баг, Хужирт хорооллын 5-11 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Боржгон овогт Пүрэвжавын Баяраа /РД:АГ78080114/

                   Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч П.Баяраа нь 2016 оны 11 дүгээр сарын 30-ны орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Цагаан давааны ар гэх газарт өгсүүр шороон зам дээр өөрийн эзэмшлийн 43-42 БНА улсын дугаартай Киа Рино маркийн автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 22.1-д заасан “Ачааны жин болон тэнхлэгт ногдох ачааллын хэмжээ нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй байвал зохино” гэсэн заалтыг зөрчиж автомашинд 20 м3 мод ачиж явсанаас автомашин замын хажуу тал руу унаж, зорчигч Б.Амгаланбаатарын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч П.Баяраа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Б.Амгаланбаатар ахтай Улаанбаатар хот руу явж байгаад аймгийн цагаан даваан дээр ирээд машины хагас гол хугараад тоормос дийлэхгүй зам дагаж хойшилж ухарсаар машинд сууж явсан Б.Амгаланбаатар, П.Нямхүү хоёр машинаас үсэрч буусан. Бид гурав машинаас буугаад шууд эмнэлэг орсон. Тухайн үед Б.Амгаланбаатар ахын биеийн байдал муу байсан. Эмнэлгийн бараа хараад биеийн байдал дээрдсэн гэв.

            201703000026 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

* Хохирогч Б.Амгаланбаатарын өгсөн:

“...би Баярааг танина. Баяраа нь миний аавын дүүгийн хүүхэд юм. Тиймээс Баяраа бид хоёр төрөл садангийн харилцаа холбоотой. Би мэдүүлэг өгнө. Татгалзах зүйл байхгүй. Би 2016 оны 11 дүгээр сарын 30-ны орой 17-18 цагийн орчимд шиг санагдаж байна. Баяраа, Нямхүү нартай хамт Баяраагийн эзэмшлийн 43-42 БНА улсын дугаартай Киа рино маркийн автомашинтай Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг Цагаан давааны ар гэх газар хойноосоо урагшаа Цагаан давааг давах гэж яваад огцом өгсүүр дээр гэнэт араагүй болоод ухарсан ба Нямхүү бид хоёр үсэрсэн. Үүнээс хойш юу болсон талаар болон юу хэлж ярьснаа мэдэхгүй байна. Автомашин ухрахаар нь их сандарсан ба Нямхүү бид хоёрыг Баяраа буугаарай гэсэн. Би Баяраа, Нямхүү хоёрын голд сууж явсан. Уг автомашин нь нэг эгнээ урт суудалтай. Угаасаа ачааны автомашинууд ганц урт суудалтай байдаг. 20 м/куб галын түлээний мод ачиж явсан ба Улаанбаатар хотод зарах ёстой байсан. Уг модны бичиг баримт бол ямар нэгэн зөрчилгүй байсан. Хэрэг болох үед автомашиныг Баяраа өөрөө жолоодож явсан. Баяраа нэг их архи уугаад байдаггүй. Тухайн үед бол архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Бид гурав гурвуулаа архи уугаагүй байсан. Нямхүү бид хоёрыг үсрэх үед бол тийм их хурдтай ухраагүй байсан ба яг хэдэн км цагийн хурдтай ухарч байсан талаар нь хэлж мэдэхгүй байна. Намайг үсэрч бууснаас хойш хэр хурдтай ухарсан талаар бол юу ч мэдэхгүй байна. Би үсэрч буухдаа л биедээ гэмтэл авсан. Би бодохдоо автомашины хаалганд л цохиулсан байх гэж бодож байна. Эсвэл газар унаж бэртсэн байх. Миний бие нэг их сайн биш, бүр муу ч биш байна. Мартамхай болж байгаа. Би Баяраагаас ойролцоогоор 2.200.000 төгрөг авсан ба би өөрөөсөө 1.500.000 төгрөгийг гаргаж эмчилгээ хийлгэсэн. Би дүгнэлтүүдтэй танилцсан. Дүгнэлтүүдтэй холбогдуулан гаргах санал хүсэлт байхгүй. Би хүлээн зөвшөөрч байна. Гомдол санал байхгүй. Харин Баяраагаас эмчилгээний 2.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 дугаар тал/

* Гэрч Б.Хүрэлцэцэгийн өгсөн:

“...Манай нөхөр Баяраа нь 2016 оны 11 дүгээр сарын 30-ны орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг Цагаан давааны ар гэх газар дүү Нямхүү, ах Амгаланбаатар нарынхаа хамтаар өөрийнхөө эзэмшлийн 43-42 БНА улсын дугаартай Киа рино маркийн автомашинтай ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлд явж байгаад зам тээврийн осол гаргасан. Үүний улмаас Амгаланбаатар хүнд гэмтсэн. Гэхдээ би хэрэг болох үед нь бол хажууд нь байгаагүй. Энэ талаар нөхрөөсөө болон Нямхүүгээс мэдсэн. Зам тээврийн осол болсон газар нь маш их өгсүүр бөгөөд машины хагас гол хугарч араагүй болсноор хойшоо ухарсан гэсэн. Тэгээд Амгаланбаатар ах автомашинаас үсэрч буусан гэсэн. Энэ үедээ гэмтсэн юм шиг байна лээ. Өөр нарийн зүйл мэдэхгүй. Би Баяраатай 2002 онд гэр бүл болсон ба одоо 14, 12, 1 насны 3 хүүхэдтэй. Баяраа нь гэр бүлдээ халамжтай, архи дарс уугаад байдаггүй ба хааяа найз нөхөдтэйгөө ганц нэг удаа архи уудаг. Тамхи байнга татдаг хүн. Өөр ямар нэг муу зуршил байхгүй. Гэр бүл дотроо ганцаараа ажил төрөл хийж гэр бүлээ тэжээдэг хүн байгаа юм. Гэхдээ тогтсон ажил төрөлгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Манай нөхөр Баяраа хүнтэй эвсэг тусархаг, зан ааш сайтай, хүмүүстэй хэрүүл маргаан үүсгээд зодоон цохион хийгээд байдаггүй хүн юм. Баяраа нь Архангай аймгийн Ихтамир сумын 10 жилийн дунд сургуулийг 1998 онд төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Цэрэгт яваагүй, их дээд сургуульд суралцаагүй. Манай нөхөр Баяраагийн эзэмшлийн автомашин бөгөөд үүнийг Баянхонгор аймгийн нэг хүнээс авсан. 9.000.000 төгрөгөөр тохирч худалдаж авсан ба ямар нэгэн төлбөрийн маргаан байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 дугаар тал/

* Гэрч П.Нямхүүгийн өгсөн:

“...би өөрийн ах Баяраа, авга ах Амгаланбаатар нарын хамтаар ах Баяраагийн эзэмшлийн 43-42 БНА улсын дугаартай Киа рино маркийн ачааны автомашинтай 20 м/куб галын түлээний мод ачаад 2016 оны 11 дүгээр сарын 30-ны орой ойролцоогоор 17-18 цагийн орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг Цагаан давааны ар гэх газар Цагаан давааг давах гэж явтал огцом өгсүүр дээр автомашин гэнэт араагүй болж хойшоо ухарсан ба Баяраа ах Амгаланбаатар ах бид хоёрыг буугаарай гэсэн. Тэгээд бид хоёр автомашиныг хойшоо ухарч байх үед нь үсэрч буусан. Би захад сууж явсан учраас хамгийн эхэлж үсэрсэн. Амгаланбаатар ах миний араас үсэрсэн. Би үсэрч буугаад эргээд хартал Амгаланбаатар ах газар хэвтэж байсан ба автомашин замын хажуугийн далан руу бөгсөн хэсэг нь орж явсан ба Баяраа ах кабинаасаа үсэрч бууж байсан. Тэгээд автомашин онхолдсон. Амгаланбаатар босч ирээд ах нь зүгээрээ, гээд байсан ба ухаан санаа нь орж гараад байх шиг байсан. Мөн түүний аль нэг шанаа нь халцарчихсан, шалбарсан хэсгээс нь цус гарчихсан байсан. Анх автомашинд суухад бол зүгээр байсан. Баяраа ах автомашиныг жолоодож явсан ба Амгаланбаатар ах голд суугаад би захад нь сууж явсан. Хэрэг болох үед Амгаланбаатар, Баяраа ах бид гурваас өөр хэн ч байгаагүй. Баяраа ах угаасаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй, тамхийг л татдаг хүн. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Баяраа ах хүнд тусархаг, ааш зан сайтай хүн юм. Баяраа ах Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн Хужирт хорооллын 5-11 тоотод эхнэр Хүрэлцэцэг болон 3 хүүхдийнхээ хамтаар амьдардаг. Одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа. Миний биед ямар ч гэмтэл учраагүй. Яг хэдэн км цагийн хурдтай ухарсан талаар бол мэдэхгүй байна. Гэхдээ тийм их хурдтай ухраагүй. Араагүй болох үед хойд талд тас гэсэн чимээ гараад л араагүй болсон. Сүүлд нь Баяраа ахаас сонсоход хагас гол нь хугарсан гэсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 дугаар тал/

* Гэрч Л.Сансартуяагийн өгсөн:

“...43-42 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг Ёндонгийн Ганболд гэх хүн манай банкинд гэрээ байгуулан 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 6.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан байгаа. Тэгээд энэ хүн зээлээ одоо болтол төлж дуусаагүй байгаа. Гэрчилгээ нь манай банкны нэр дээр бүртгэлтэй байгаа. Ёндонгийн Ганболд гэх хүн өөрөө тавьж зээл авсан байгаа. Осолд орсон талаар нь мэдэхгүй. Одоог хүртэл зээлээ төлж дуусаагүй байгаа. Зээлээ 2 жилийн хугацаатай авсан, төлж дуусах хугацаа нь 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдөр төлж дуусах ёстой, гэтэл одоог хүртэл төлж дуусаагүй байгаа. Зээлээ төлүүлж дуусгамаар байна. Өөр ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67 дугаар тал/

* Гэрч Ё.Ганболдын өгсөн:

“...миний эзэмшилд дээрх автомашин байдаг болов ч би тухайн автомашиныг Баяраад худалдан борлуулсан. Тухайн автомашиныг худалдан борлуулахаас өмнө Капитал банкны Баянхонгор аймаг дахь салбарт 6.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан байсан. Би тухайн зээлээ төлж байгаа бөгөөд энэ хавар 5 дугаар бард зээлээ төлж барагдуулна. Би дээрх автомашинаа Баяраад нийт 7.000.000 орчим төгрөгөнд бодож зарсан бөгөөд яг нарийн сайн санахгүй байна. Баяраатай одоо ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй. ярилцаж тохироод зарсан. Ямар нэгэн байдлаар бичгээр гэрээ байгуулсан зүйл байхгүй. би том ачааны автомашин барьж чадахгүй болоод бусдад зарсан. Би банкныхаа мөнгийг төлж барагдуулна. Энэ тал дээр ямар нэгэн асуудал байхгүй. Би дээрх автомашиныг анх 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр банкны барьцаанд 2 жилийн хугацаатай тавьж зээл авсан. Би Баяраад зарсан. Төлбөр тооцоо бүрэн хийгдэж дууссан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Төлбөр бүрэн хийгдсэн учраас нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70 дугаар тал/

* Шинжээч М.Энхбаятын өгсөн:

“...Тухайн үед автомашин нь зам тээврийн осол ороод эвдэрсэн, замын хөдөлгөөнд оролцох боломжгүй болсон байсан. Би техникийн бүрэн байдлыг тогтоохын тулд хяналтын шугамар оруулж техникийн дүгнэлтийг гаргах боломжтой байдаг. Гэхдээ би 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн техникийн бүрэн бүтэн байдыг тодорхойлсон техник хяналтын дүгнэлтийн хуудсыг гаргаж өгсөн. Тухайн тээврийн хэрэгсэл нь 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр үзлэгт орсон. 43-42 БНА улсын дугаартай Киа рино маркийн автомашин нь 5 тоннын даацтай. Хагас гол нь өөрийн чанар байдал болон эдэлгээнээс болж хугарах боломжтой. Мөн даац хэтэрснээс болж гарах боломжтой.

Ямар нэгэн хамаарал байхгүй. дээрх тохиолдолд автомашины хагас гол хугарч ямар ч араагүй болно. Араагүй болохоор автомашин хойшоо буюу уулын уруу руу ухарч байгаа бөгөөд энэ үед ачаа ихтэй автомашиныг дан ганц тормосоор зогсоож дийлэхгүй. Хэрэв автомашин өөрийнхөө даацанд тохирсон ачаатай байсан бол тоормос гишгэж зогсоох боломжтой. Иймээс автомашиныг даацыг хэтрүүлж мод ачсан байх магадлалтай...” гэх мэдүүлэг /хх-ийн 76-77, 78 дугаар тал/

* Сэжигтэн, яллагдагчаар П.Баяраагийн өгсөн:

 

            “...би 2016 оны 11 дүгээр рсарын 30-ны орой ойролцоогоор 18 цагийн орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг Цагаан давааны ар гэх газар өөрийн эзэмшлийн 43-43 БНА улсын дугаартай Киа рино маркийн 5 тоннын ачааны автомашинтай 20 м/куб мод ачаад кабиндаа ах Амгаланбаатар, дүү Нямхүү нарын хамтаар хойноосоо урагш чиглэлтэй замын хөдөлгөөнд оролцож яваад онхолдож зам тээврийн осол гаргасан. Үүний улмаас Амгаланбаатарын биед хүнд зэргийн гэмтэл учирсан. Зам тээврийн осол болсон газар огцом өгсүүр газар байсан ба миний автомашины хагас гол хугарч хойшоогоо ухарсан ба энэ үед нь Нямхүү, Амгаланбаатар нар автомашинаас үсэрч бууцгаасан ба үсэрч буухдаа Амгаланбаатар гэмтсэн байх. Би Амгаланбаатар, Нямхүү хоёрт гялс буугаад дугуйнд юм ивээдэх гэсэн. Тэгээд л үсэрч буусан. Мөн би өөрөө үсэрч буусан. Автомашин замын далан руу орж онхолдсон. Би автомашин онхолдох юм байна гэдгийг мэдээд онхолдохоос өмнөхөн нь үсэрч буусан. Гэтэл Амгаланбаатар нь толгойгоо барьчихсан сууж байсан. Би түүнээс яаж байна ах гэтэл зүгээр гэж байсан ба сүүл рүүгээ нэг л эвгүй болоод байх шиг байхаар нь Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү авч ирсэн. Тэгээд эмч үзэж тархиндаа гэмтэлтэй юм байна эмнэлэгт хэвтүүлнэ гээд шууд эмнэлэгт хэвтүүлсэн. Харин манай дүү Нямхүү бид хоёрын биед ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Би хэрэг болох үед бол архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би тухайн үед Улаанбаатар хот руу явж байсан. Тийм учраас архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би ер нь хааяа баяр ёслолоор архи дарс бага хэмжээгээр хэрэглэдэг. Би автомашин дээрээ 20 м/куб галын түлээ тээвэрлэж явсан. Улаанбаатар хот руу оруулж зараг гэж явсан ба түлээ модны хувьд бол бичиг баримт бүрэн, ямар нэгэн зөрчилгүй байсан. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй ба уг тээврийн хэрэгслийг С ангилалтай байж жолооддог. Надад бол С ангилал байгаа. Энэ автомашины бол миний эзэмшлийн автомашин бөгөөд би 2016 оны 04 дүгээр сарлд Баянхонгорын хүнээс авч байсан ба одоогоор өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваагүй байгаа. Хэрэг болох үед бол би өөрөө автомашинаа жолоодож явсан. Хэрэг болох үед Нямхүү, Амгаланбаатар бид гурав л байсан. Би сайн мэдэхгүй байна. Эхлээд хагас гол хугарсныг мэдээгүй. 1 дүгээр араандаа хийгээд явж байтал хойд талд нэг тас гэж дугараад араагүй болчихсон. Тэгээл хойшоо алдсан. Би Амгаланбаатарт 2.200.000 төгрөг өгсөн. Цаашид гарах зардлыг даана.

            Би өмгөөлөгчгүй өөрийгөө өмгөөлнө. Би яг нарийн сайн мэдэхгүй байна. Гэхдээ миний ачиж явсан мод нарийн, бүдүүн холимог л байсан. Тухайн мод ойролцоогоор 5.5 тонн жинтэй байсан байх. Миний автомашин өөрөө 5 тоннын даацтай ба даац жаахан хэтрүүлсэн асуудал бол  байгаа. Энэ нь миний буруу. Би ер нь мод их ачдаг байсан. 17-18 м/куб мод 5 тонн орчим болдог. Харин ачиж явсан бод бол 20 м/куб учраас 5.5 тонн болох байх гэж бодож байна.

            Би зүйл ангийг ойлголоо, дээрх зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би Ганболдоос авсан. Би түүний автомашиныг 7.000.000 төгрөгөөс авсан ба тооцоогоо бүрэн хийж дуусгасан. Би Амгаланбаатарт нийт 2.400.000 төгрөгийг хохиролд өгсөн. Цаашид гарах зардлыг боломжоороо өгнө. Гэрээ байгуулаагүй. Хоорондоо ярилцаж тохироод авсан. Надад шинжээчийн дүгнэлтүүд болон шинжээч байцаасан тэмдэглэлтэй холбогдуулан гаргах санал хүсэлт байхгүй...” /хх-ийн 113-114, 115, 117-118 дугаар тал/

            * Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 534 тоот шинжээчийн дүгнэлт:

            Дүгнэлтэд: “...1. Б.Амгаланбаатарын биед зулай, дух ясны хугарал, баруун талын 5 дугаар хавирганы далны шугамаар зөрөөтэй хугарал, зүүн шанаа, чамархайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох, хэсэг газрын шүргэх нидрэгдэх үйлчлэлээр үүснэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх эмчилгээний үр дүн ба эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 19 дүгээр тал/

            * Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 112 дугаартай дүгнэлт:

            Дүгнэлтэд: “...1. Рино-1 маркийн 43-42 БНА дугаарын тээврийн хэрэгслийн жолооч П.Баяраа нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 22-1-д “Ачааны жин болон тэнхлэгт ногдох ачааллын хэмжээ нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй байвал зохино” гэсэн заалтыг зөрчсөн байна. /Жолооч П.Баяраагийн өгсөн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн тайлбарыг үндэслэв./ 2. Жолооч П.Баяраа нь дээрхи замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтыг зөрчсөнөөс уг зам тээврийн осол гарсан байна. 3. Осол гарахад замын гадарга, байгалийн нөхцөл байдал болон өөр ямар нэгэн хүчин зүйл нөлөөлөөгүй байна. 4. Тээврийн хэрэгслийн жолооч П.Баяраа нь ВСЕ ангиллын 510604 тоот дугаарын үнэмлэхтэй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 42 дугаар тал/

            * Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-8 дугаар тал/

            * Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-11

            * Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хх-ийн 24, 134 дүгээр тал/

            * Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 29 дүгээр тал/

            * Схем зураг /хх-ийн 30 дугаар тал/

            * Б.Амгаланбаатарын өвчний түүх /хх-ийн 31-40 дүгээр тал/

            * Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 44 дүгээр тал/

            * Б.Амгаланбаатарын амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 96-101 дүгээр тал/

            * Хохирлын баримт /хх-ийн 104-109 дүгээр тал/

            * Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 88 дугаартай тодорхойлолт /хх-ийн 120 дугаар тал/

            * П.Баяраагийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 124, 125 дугаар тал/, эд мөрийн баримт зэргийг тус тус шинжлэн судлав.

             Дээрх нотлох баримтуудаар 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Цагаан давааны ар гэх газарт зам тээврийн осол гарч хохирогч Б.Амгаланбаатарын бие махбодид нь хүнд гэмтэл учирсан гэмт хэрэг гарсан үйл баримт тогтоогдож байна.

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч П.Баяраагийн үйлдсэн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч П.Баяраа нь 2016 оны 11 дүгээр сарын 30-ны орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Цагаан давааны ар гэх газарт өгсүүр шороон зам дээр өөрийн эзэмшлийн 43-42 БНА улсын дугаартай Киа Рино маркийн автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 22.1-д заасан “Ачааны жин болон тэнхлэгт ногдох ачааллын хэмжээ нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй байвал зохино” гэсэн заалтыг зөрчиж автомашинд 20 м3 мод ачиж явсанаас автомашин замын хажуу тал руу унаж, зорчигч Б.Амгаланбаатарын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Амгаланбаатар, гэрч П.Нямхүү, Б.Хүрэлцэцэг нарын мэдүүлэг, нотлох баримтын эх сурвалжийг баталсан шүүгдэгч П.Баяраагийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Б.Амгаланбаатарын биед хүнд гэмтэл учирсан талаар гарсан Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 534 тоот шинжээчийн дүгнэлт, зам тээврийн осол гарсныг тогтоосон Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 112 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь хянаж, шинжлэн судалсаны үндсэн дээр шүүгдэгч П.Баяраа нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие  махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдож байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч П.Баярааг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад хохирогч Б.Амгаланбаатарын эмчилгээний зардлыг шүүгдэгч П.Баяраа нь нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй гэсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд түүний шүүгдэгч П.Баяраад гомдол саналгүй болсон талаар гаргасан хүсэлт /хх-ийн 143 дугаар тал/-ээр тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч П.Баярааг анх удаа болгоомжгүй хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид төлөх төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мөрдөн байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, битүүмжилсэн 43-42 БНА улсын дугаартай Киа Рино маркийн автомашиныг эзэмшигч П.Баяраад, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг рентген зургийг хохирогч Б.Амгаланбаатарт эгүүлэн өгөх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч П.Баяраа нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг шийтгэх тогтоолд дурдаж, хэрэгт хураагдан ирсэн П.Баяраагийн №510604 дугаартай “ВСЕ” ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Архангай аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294.2, 294.3, 297, 298 дугаар  зүйлүүдэд  заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржгон овогт Пүрэвжавын Баярааг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчиж бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар шүүгдэгч П.Баяраагийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/  жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч П.Баяраад оногдуулсан 1 /нэг/  жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мөрдөн байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, битүүмжилсэн 43-42 БНА улсын дугаартай Киа Рино маркийн автомашиныг эзэмшигч Пүрэвжавын Баяраад буцаан олгосугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн рентген зураг 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Б.Амгаланбаатарт буцаан олгосугай.

6. Шүүгдэгч П.Баяраа нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч П.Баяраад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэгт хураагдан ирсэн №510604 дугаартай П.Баяраагийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Архангай аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч П.Баяраад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар оногдуулсан 1 /нэг/  жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/  жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллах үүргийг Архангай аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Баяраад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    П.ГАНДОЛГОР