Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2021/0198

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: Ф ХХК,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.О, Д.С,

Гомдлын шаардлага: Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн шийтгэлийн хуудсын 1 дэх хэсгийн 120,000,000 төгрөгийн ногдол ашгаас хувь хүний орлогын албан татвар суутган авч төсөвт төлөөгүй гэх зөрчлийг хүчингүй болгох, уг зөрчилд холбогдох 12,000,000 төгрөгийн нөхөн татвар, 3,600,000 төгрөгийн торгууль, 780,000 төгрөгийн алданги, нийт 16,380,000 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Г, хариуцагч Д.О, Д.С, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А нар цахимаар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнөх шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг ярьсан. Үүнийгээ дэмжиж байгаа. Үүн дээрээ нэмээд хэдэн зүйл хэлье.

...Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд хөрөнгийн орлого гэж байгаа. Тэр нь ногдол ашиг байгаа. Тэгэхээр хөрөнгө гэдэг нь ямар нэгэн байдлаар хөрөнгө шилжихийг хэлнэ. Хувьцаа шилжүүлж байгаа тохиолдолд тухайн компанийн эд хөрөнгө нь ямар нэгэн байдлаар хэвээр хадгалж байгаа. Түүнээс биш хувьцаа эзэмшигч н.Эсэнгийн хөрөнгөд шилжсэн зүйл огтоосоо биш. Энэ бол компанийн хөрөнгө юм. Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийн дагуу хуримтлагдсан хөрөнгөө нэмэгдүүлэх асуудал юм. 120.000.000 төгрөгийн асуудал нь компанийн хувьд ямар нэгэн өөрчлөлт байхгүй буюу эд хөрөнгөөс гарсан, хэн нэгэн рүү шилжүүлсэн зүйлгүй учир Татварын ерөнхий хуулийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6-т заасан үүрэг үүсээгүй. Үүрэг үүсээгүй байхад хариуцлагын тухай зүйл байхгүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Татварын ерөнхий хуулийн 46.8-т заасныг яриад байсан. Тэр нь ондоо буюу 2016 онд татвараа бүгдийг нь төлсөн. Татвараа төлсний дараа болсон үйл баримт ба энэ нь хувь хүнтэй холбоотой асуудал учир энэ хамаарахгүй.

...Хувьцаагаар гаргасан ногдол ашгийг хөрөнгөөр олгосон ногдол ашигтай төсөөтэй хэрэглэж болохгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж хүсэж байна. гэв.

Хариуцагч Д.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Аж ахуйн орлогын албан татварын 9 дүгээр зүйлийн 9.3-т Энэ хуулийн 9.1.3-т заасан ногдол ашгийн орлогод хувьцаа эзэмшил, нөхөрлөлийн буюу хамтран ажиллах гэрээнээс олсон мөнгөн болон мөнгөн бус орлого, ашгийн хувь, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу ногдол ашиг гэж үзэх бусад орлого хамаарна гээд тодорхой заасан.

Гомдол гаргагч нь орлого олсон зүйл байхгүй гэж байна. Гомдол гаргагчийн орлогоос нь татвар авах гээд байгаа юм биш. Олгосон ногдол ашгаасаа татвар суугдаагүй гэдэг байдлаар акт тавьсан. Түүнээс орлогоосоо татвар төлөөгүй гэдэг асуудлаар акт тавьсан зүйлгүй. Дансаар орсон эсэхийг нь шалгах ёстой байсан гэж байна. Хувьцаа эзэмшигч нь ногдол ашгаа ямар ч хэлбэрээр татвараа авсан төлөх үүрэгтэй. Ногдол ашиг нь дансаар дамжаагүй нь татвараас зайлсхийх үндэслэл болохгүй. Учир нь хувьцаа эзэмшигч нь ногдол ашгаа бодитоор авсан байх ёстой. Ийм учир гомдол гаргагчийн тайлбар нь үндэслэлгүй.

Хувьцаа эзэмшигч нь ногдол ашгаа ямар ч хэлбэрээр авсан бай Татвар төлөх үүрэгтэй байдаг. Ногдол ашиг нь дансаар шилжээгүй нь татвар төлөхгүй байх үндэслэл болохгүй. Учир нь хувьцаа эзэмшигч нь аваад компанийн дүрмийн санд нэмэлт өөрчлөлт оруулж хувь эзэмшлээ нэмэгдүүлж байгаа нь татвараас зайлсхийсэн үйлдэл гэж үзэж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Тус компанийн хувьцаа эзэмшигчийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хувьцаа эзэмшигчийн 17/24 тоот тогтоолоор гомдол гаргагчийн 2016 оны үйл ажиллагааны хуримтлагдсан ашиг нь 120.000.000 төгрөг нэмэгдүүлнэ гэж дурдсан байгаа. Хувьцаа эзэмшигч нь хуульд заасны дагуу ногдол ашиг олсныг тодотгож байгаа. Мөн Аж ахуйн орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу гомдол гаргагчийн яриад байгаа заавал мөнгөн хэлбэртэй байна гэсэн үг биш. Хуульд заасны дагуу гэрээнээс олсон мөнгөн болон мөнгөн бус орлого гэж байгаа ба мөнгөн бус орлогод хамааруулсан. Ерөнхийдөө гомдол гаргагчийн ярьж байгаа зүйл нь татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдэл харагдаад байгаа. Яавал татвар төлөхгүй байх вэ гэдэг талаас л яриад байгаа юм болов уу гэж хариуцагчийн зүгээс хараад байгаа.

...Тухайн ногдол ашиг нь дансаараа орсон байхаар бэлэн болж байна. Хуульд заасан бэлэн бусаар гэдэг заалт байгаа учир улсын байцаагч нарын акт нь үндэслэлтэй гэж үзэж байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн шийтгэлийн хуудсаар 2016 онд 120,000,000 төгрөгийн ногдол ашгаас хувь хүний орлогын албан татвар суутган авч төсөвт төлөөгүй зөрчилд 12,000,000 төгрөгийн нөхөн татвар, 3,600,000 төгрөгийн торгууль, 2015 онд 800,000 төгрөгийн хувь хүнд олгосон орлогод татвар ногдуулж тайлагнаагүй зөрчилд 80,000 нөхөн татвар, 24,000 төгрөгийн торгууль нийт 16,488,0800 төгрөгийн төлбөр ногдуулжээ.

Гомдол гаргагчаас тус шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч гомдол гаргасныг Нийслэлийн маргаан таслах зөвлөл 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 74 дугаар тогтоолоор шийтгэлийн хуудсаар ногдуулсан төлбөрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Гомдол гаргагчаас Хувьцаагаар олгож буй ноогдол ашиг, хөрөнгөөр олгож буй ноогдол ашиг нь тусдаа ойлголт, хувьцаа бол хөрөнгө биш эрх юм, хувьцаа эзэмшигчийн хөрөнгөд өөрчлөлт ороогүй тул суутгал хийх үүрэг үүсэхгүй гэж, хариуцагчаас хувьцаа эзэмшигчид ногдол ашгийг мөнгөн бус хэлбэрээр олгохдоо суутгагчийн үүргээ биелүүлээгүй гэж тус тус маргажээ.

Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 271 дүгээр тогтоолоор ББСБ-ын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг тогтоож, тус хорооны 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 27 дугаар тогтоолоор хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэх хуваарийг баталсны дагуу гомдол гаргагчаас 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ХЭ-17/24 дугаар шийдвэрээр үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсан 80,000,000 төгрөг, 2016 оны үйл ажиллагааны хуримтлагдсан ашиг 120,000,000 төгрөг, нийт 200,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж, хувьцааны тоо, ширхгийг 200 байсныг 250 болж, нийт хөрөнгийн хэмжээ 800,000,000 төгрөг байсныг 1,000,000,000 төгрөг тус тус болгожээ.

Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5-д Хязгаарлагдмал хариуцлагатай компани гэж хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, түүнийг захиран зарцуулах эрх нь хууль болон компанийн дүрмээр хязгаарлагддаг компанийг хэлнэ, 32 дугаар зүйлийн 32.1-д Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасны дагуу компанийн хувьцаа нь компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг хувьцаа эзэмшигчийн эрхийг гэрчилнэ, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д Дүрмийн сан нь банк бус санхүүгийн байгууллагын хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдэх бөгөөд түүний хэмжээг улсын эдийн засгийн байдал, мөнгөний ханшийн өөрчлөлт, банк бус санхүүгийн байгууллагын төлбөрийн чадвар, эрхлэх үйл ажиллагааны онцлогийг харгалзан Санхүүгийн зохицуулах хороо тогтооно гэж тус тус заажээ.

Гомдол гаргагч нь нэг гишүүнчлэлтэй хуулийн этгээд байх бөгөөд дээрх хуульд заасан ноогдол ашиг хүртэх, хөрөнгийн хэмжээгээр хариуцлага хүлээх, хувьцааг захиран зарцуулах эрхийг тус компанийн үүсгэн байгуулагч дангаар эдлэхээр байна.

Дээрхээс дүгнэвэл тус хуулийн этгээдийн 2016 оны үйл ажиллагааны хуримтлагдсан ашиг 120,000,000 төгрөгийг бэлэн бусаар хувьцаа эзэмшигчид шилжүүлэхдээ суутгал хийгээгүй гэх зөрчил гаргасанд тооцож, шийтгэл ногдуулсан нь хуульд нийцсэн гэж үзэхээр байна.

Учир нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006 оны/ 4 дүгээр зүйлийн 4.1.6-д суутгагч гэж албан татвар төлөгчид олгосон орлогод энэ хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг, 9 дүгээр зүйлийн 9.1-д Албан татвар төлөгчийн хөрөнгийн дараах орлогод албан татвар ногдоно гээд 9.1.3-д ногдол ашгийн орлого гэж тус тус заасан бөгөөд тус хуулийн этгээд нь 2016 оны үйл ажиллагааны хуримтлагдсан ашгаасаа 120,000,000 төгрөгийн орлого олсон эсэх талаар талууд маргаагүй, уг орлогыг тухайн компанийн цорын ганц хувьцаа эзэмшигчид олгохдоо суутгал хийх ёстой байсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл дээрх хуримтлагдсан ашгийг хувьцаа эзэмшигчид бэлэн /мөнгөөр/ болон бэлэн бусаар /хувьцаагаар/ олгосноос үл хамаарч гомдол гаргагч нь Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6-д заасан суутгал хийх үүрэгтэй бөгөөд хувьцаа нь Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан тухайн хуулийн этгээдийн хөрөнгө байх тул хувьцаа бол хөрөнгө биш гэх гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Мөн дээрх ашгийг хувьцаа эзэмшигчид олгосноор тус компанийн хувьцааны тоо 200-250 ширхэг, нийт хөрөнгийн хэмжээ 800,000,000-1,000,000,000 төгрөг болж өөрчлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд гомдол гаргагчийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006 оны/ 4 дүгээр зүйлийн 4.1.6, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.3, Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.6тус тус заасныг баримтлан гомдол гаргагч Ф ХХК-ийн гомдолтой Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.О, Д.С нарт холбогдох Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн шийтгэлийн хуудасны 1 дэх хэсгийн 120,000,000 төгрөгийн ногдол ашгаас хувь хүний орлогын албан татвар суутган авч төсөвт төлөөгүй гэх зөрчлийг хүчингүй болгох, уг зөрчилд холбогдох 12,000,000 төгрөгийн нөхөн татвар, 3,600,000 төгрөгийн торгууль, 780,000 төгрөгийн алданги, нийт 16,380,000 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулахыг хүссэн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ