Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 32

 

 

С.О, Б.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                        Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

 

Прокурор: Ж.Айжуу,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: С.Шинэбаяр,

Шүүгдэгч: С.О, Б.Э,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ууганбаяр нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/48 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч С.О, Б.Э нарт холбогдох, эрүүгийн 2019000410029 дугаартай, 2 хавтас, 331 хуудас бүхий хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Шинэбаярын гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт болон бусад мэдээллийн тухайд:

 

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, С.О,

 

2.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Э,

 

Шүүгдэгч С.О, Б.Э нарт холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газрын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн тухайд:

 

Шүүгдэгч С.О хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх буюу үхрийг ачиж авч явах зорилгоор Н.Намсрайн эзэмшлийн 39-61 ДГА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан, шунахайн сэдэлтээр 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Айраг сумын 3 дугаар баг Улхын овоо гэх газраас иргэн С.М-н 3 тооны үхрийг хулгайлж, 5 100 000 төгрөгийн хохирол,

 

шүүгдэгч С.О, Б.Э нар бүлэглэн, хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх буюу адууг туух зорилгоор өөрийн эзэмшлийн улсын дугааргүй Даюун маркийн мотоциклийг ашиглан, шунахайн сэдэлтээр 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар баг 33 дугаар зөрлөг Морьт эргүүл гэх газраас иргэн Э.П-н 2 тооны адууг хулгайлж, 3 100 000 төгрөгийн хохирол  тус тус учруулсан байна. 

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч С.О, Б.Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч С.Од 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Э-д 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Од оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Э-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.О, Б.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоциклийн үнэ 80 000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч С.О-с 40 000 төгрөг, Б.Эаас 40 000 төгрөг, Портер машины үнэ 1 500 000 төгрөгийг шүүгдэгч С.О-с тус тус албадан гаргуулж улсын орлогод оруулахаар,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гадуураа хар өнгийн гэртэй, бор өнгийн бариултай хутга 2 ширхэг, гэргүй бор өнгийн бариултай 1 ширхэг хутга, алаг эрээн өнгийн гялгар бүтээлэг 1 ширхэг, улаан өнгийн оруулгатай ногт 1 ширхэг, бугуйл хийх зориулалт бүхий мяндсан уяа  1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэн устгахыг даалгаж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-с 5 100 000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Мөнхзолбоод, 1 550 000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Пүрэвсүрэнд тус тус олгохоор,

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч С.О, Б.Э нар цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Э бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

  

Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Шинэбаяр давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/48 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Од 3 жил хорих ял, Б.Э-д 1 жил хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, хохирогч нартай уулзаж, уучлалт гуйж, хохирол төлбөрөө нөхөн төлөхөөр илэрхийлж эвлэрсэн байдаг. Гэхдээ шүүгдэгч С.О хохирол төлбөрийг төлж чадаагүй боловч Б.Э өөрт ногдох хэсгийг төлсөн. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэгт оролцсон оролцоо, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан ял шийтгэлийг ялгамжтай оногдуулах нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэлт хийсэн атлаа Б.Э-д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйл, 6.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэх боломжтой байсан боловч хэрэглээгүй, хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой байсан. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.Э-д оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, нийтэд тустай ажил хийлгэх ялаар сольж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Б.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд ийм үйлдэл хийсэндээ маш их харамсаж байна. Энэ бүх байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч С.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, хохирол төлбөрийг төлж барагдуулна, өөр хэлэх зүйлгүй.” гэв.

 

Прокурор Ж.Айжуу давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан оногдуулсан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, мөн хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх зааснаар хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Гэмт хэргийн ойлголт, шинжийг

-Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан

-нийгэмд аюултай байх,

-гэм буруутай байх,

-үйлдэл, эс үйлдэхүй байх гэж, мөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж, энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж,

түүнчлэн 2017-5-11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан, Эрүүгийн хууль /2015 он/-ийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын малыг хулгайлсан” бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, ...эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус заажээ.

 

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа тээврийн хэрэгсэл бусад уналга, бусад хэрэгсэл, эд зүйлийг ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж, учруулах хохирлыг ихэсгэж байдаг тул түүнийг таслан зогсоох, цаашид гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх зорилгоор тэдгээрийг хураан авч улсын орлого болгох, хохирол төлүүлэхэд зарцуулахаар шүүхээс уг тээврийн хэрэгслийг үнэлсэн үнийг гэмт хэрэг үйлдсэн этгээдээс гаргуулахаар шийдвэрлэдэг учиртай.

 

Иймд дээр дурдсан хуулиудад үндэслэн мөн хавтаст хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад дүн шинжилгээ хийж, харьцуулан судалж үзэхэд:

 

Шүүгдэгч С.О 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Айраг сумын 3 дугаар баг Улхын овоо гэх газраас Н.Намсрайн эзэмшлийн 39-61 ДГА улсын дугаартай Портер загварын тээврийн хэрэгсэл ашиглан, хохирогч С.М-н 3 тооны үхрийг хулгайлж, 5 100 000 төгрөгийн хохирол,

 

шүүгдэгч С.О, Б.Э нар 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар баг 33 дугаар зөрлөг, Морьт эргүүл гэх газраас С.О/шүүгдэгч/-ийн улсын дугааргүй Даюун маркийн мотоциклийг ашиглан, хохирогч Э.П-н 2 тооны адууг хулгайлж, 3 100 000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйл баримт тогтоогджээ.

 

Энэ нь 2015 оны Эрүүгийн хууль/2017-5-11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/-ийн 17.12 дугаар зүйлд заасан “Мал хулгайлах” буюу мөн зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын малыг хулгайлсан” гэмт хэргийн шинжийг бүрэн илэрхийлж байхын зэрэгцээ хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь Эрүүгийн хуульд зааснаар “хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх буюу гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж гэмт хэрэг үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэсэн” гэж үзэх нөхцөл байдалд хамаарч байгаа болно.

 

Мөрдөгчөөс уг гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцлийг бүрэн гүйцэд шалгаж, нотолсон, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Хэргийн оролцогчдод хавтаст хэргийн материал, тээврийн хэрэгслийн болон эд зүйлийн холбогдох хөрөнгийн үнэлгээг танилцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагад нийцсэн, оролцогчоос энэ дүгнэлтийг үл зөвшөөрөх, тайлбар өгөх, шинжээчид асуулт тавих, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх талаар ямар нэг санал хүсэлт гаргаагүй байх ба шүүгдэгч нараас гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч, гэрчүүд шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн талаар мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж мэдүүлжээ.

 

Улмаар Анхан шатны шүүхээс, хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоож, хэргийг шийдвэрлэхдээ мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах, өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлтийг шинжлэн судалсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байх ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцсэн, хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчөөгүй байна.

 

Тухайлбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд тэдгээрийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, “Бусдын малыг хулгайлсан” гэмт хэргийн шинжид шүүгдэгч нарын үйлдэл хамаарч байгааг зөв тодорхойлж, хэргийг зөв зүйлчилжээ.

 

Гэхдээ эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.

 

Тиймээс давж заалдах шатны шүүхээс, шүүгдэгч нарын “бусдын малыг хулгайлсан” гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа, шүүгдэгч С.О учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгч Б.Э анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэхээс өмнө/2020-05-14-ний өдөр/ хохирогч Э.Пүрэвсүрэнд учирсан хохирол  болох 3 100 000 төгрөгөөс өөрийн төлбөл зохих 1 550 000 төгрөгийг нөхөн төлж барагдуулсан/2хх-59/,  үүнээс өөрөөр бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор шүүгдэгч С.Од оногдуулсан 3 жил хорих ялыг 1 жил хорих гэж, шүүгдэгч Б.Э-д оногдуулсан 1 жил хорих ялыг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх/шүүгдэгч Б.Эын 44 хоног цагдан хоригдсон хоногийг буюу хорих ялын нэг хоногийг  нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцоход нийт 352 цаг байх ба оногдуулсан 400 цагаас хасахад шүүгдэгчээр нийт 48 цаг нийтэд тустай ажил хийлгэх/ гэж өөрчилж, энэ үндэслэлээр давж заалдах гомдлыг хангаж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4 дэх заалтад өөрчлөлт оруулахаар, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 4, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/48 дугаар шийтгэх тогтоолын 2 дугаар заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч С.Од 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Э-д 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.” гэснийг

 

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч С.Од 1 жил хорих ял, шүүгдэгч Б.Э-д 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.” гэж,

 

3 дугаар заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Од оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Э-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.” гэснийг

 

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Од оногдуулсан 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж,

 

4 дүгээр заалтын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.О, Б.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.” гэснийг

 

“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.” гэж тус тус өөрчилж,

 

5 дугаар заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаас дээшгүй цагаар тогтоосугай.” гэж, 

 

6 дугаар заалтад “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт эдлүүлсүгэй.” гэж,

 

7 дугаар заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.” гэж тус тус нэмж,

 

            5, 6, 7, 8, 9, 10 дугаар заалтыг 8, 9, 10, 11, 12, 13 гэж дугаарлан тус тус өөрчилж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Шинэбаярын давж заалдсан гомдлыг хангасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч С.Огийн цагдан хоригдсон 44 хоногийг, шүүгдэгч Б.Эын цагдан хоригдсон 44 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1, 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Э нь 44 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнийг шүүх хуралдааны танхимаас сулласугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эын цагдан хоригдсон 44 хоногийн 1 хоногийг 8 цагаар тооцож, эдлэх ялаас хасаж үлдэх 48 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар тогтоосугай. 

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

 

                                                    ШҮҮГЧИД                                    А.САЙНТӨГС

 

                                                                                                         Н.БОЛОРМАА