| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2021/00420/и |
| Дугаар | 048 |
| Огноо | 2022-01-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 048
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн ............. тоотод оршин суух, Боржигон овгийн С....г,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн ...........тоотод оршин суух, Х........,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн ............ тоотод оршин суух М...........нарт холбогдох,
“134791359.57 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, хариуцагч О., С., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Төмөрбарс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь 2018 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр С.Эг, Б.М нартай .......... дугаартай зээлийн гэрээг, О.Н ......... дугаартай барьцааны гэрээг тус тус байгуулж гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, өвлийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ........ улсын дугаартай эксковатор зэргийг барьцаалан 7.... төгрөгийн дүнтэй жилийн 25.2 хувийн хүүтэй зээл авсан байдаг. Зээлдэгч нарын зээлийн гэрээний үүрэг зөрчилдөөд 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан. Зээл авсанаас хойш зээл төлөгдөөгүй байгаа. Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэг болох 134774859.57 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч С.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүлээн зөвшөөрч байна. Би энэ зээлийг авсан нь үнэн. Зээлээ төлж чадахгүй байдалд хүрсэн. Би уул уурхай түшиглэн хувиараа хөдөлмөр эрхлэх зорилгоор эксковатор банкны зээлээр авсан. Зээл авсанаас хойш уул уурхайн салбар ажилгүйдэл хүрээд байна. Эхний жил н.Х сайдын тогтоолоор уур уурхайн компануудын үйл ажиллагааг зогсоосон. Сүүлийн 2 жил цар тахал гээд мөн л ажиллаж чадсангүй. Гэхдээ зээл авсан болохоор төлөх нь үнэн. Би тухайн зээлийн хүүг бууруулаад хугацаа өгөхийг банкны зүгээс хүсэж байна. Тэгвэл зээлээ төлөх боломжтой байна. Би өөрөө зээлийн бүх хариуцлагаа хүлээнэ. Тийм учраас бусад хариуцагч нарыг хариуцагчаас чөлөөлж өгнө үү гэв.
Хариуцагч О.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд зээлдэгч нарт туслах зорилгоор өөрийн эзэмшлийн газар, хашааны газрын гэрчилгээг барьцаанд тавьж өгсөн. Би тухайн зээлийн төгрөгөөс нэг ч төгрөг энэ хүмүүсээс аваагүй. ******* бид хоёрын хооронд О.Н газар, хашааны гэрчилгээг бакны барьцаанд тавьсан нь үнэн гэсэн нотариатын гэрээ байгаа. Бидний хооронд мөнгөний асуудал ч байгаа. Би өөрийгөө банкны адил хохирогч гэж бодож байна. Би газар, хашааны газрын гэрчилгээгээ өгөөд 3 жил болж байна. Энэ хүнийг зээлээ төлөөд миний газар, хашааны газрын гэрчилгээг суллаад өгөөсэй гэсэн бодолтой байдаг. Банкны зээлэнд газар, хашааны газрын гэрчилгээг барьцаалж өгөхөд манай нөхөр байсан. Одоо нас барсан. Би одоогоор ганцаараа айлд амьдарч байна. Шүүхийн танхимд орж үзээгүй болохоор юу ярихаа мэдэхгүй байна. Одоо энэ хүн зээлээ өөрөө хариуцаад төлнө гэж байгаа учраас миний газар, хашааны газрын гэрчилгээг суллаад гаргаад өгөх боломж байдаг болов уу? гэсэн бодолтой хүлээлттэй л байна гэв.
Шүүх зохигчийн шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
*******ны Өвөрхангай салбар нь хариуцагч С.Э, Б.М, О.Н нарт холбогдуулан 134774859.57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч *******ны Өвөрхангай салбар нь хариуцагч С.Э, Б.М нартай 2018 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр .......й зээлийн гэрээг, О.Н .......... дугаартай барьцааны гэрээг тус тус байгуулсан болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээний хуулбарууд, хариуцагч нарын гаргасан хариу тайлбар зэргээр нотлогдож байгаа ба дээрх үйл баримтуудтай талууд маргаагүй.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 453 дугаар зүйлийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” , Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Иргэний хуулийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээгээр банк, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, зээлийн гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ”гэж тус тус зааснаар нэхэмжлэгч талд зээлийн гэрээнээс үүдэлтэй шаардах эрх үүссэн байна гэж дүгнэлээ.
Хариуцагч О.Н....... нь нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулаагүй, хэрэгт авагдсан зээлийн гэрээнд О.Н гарын үсэг байхгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд О.Н зээлийн гэрээ байгуулаагүй талаараа тайлбарласан байх тул хариуцагч О.Н зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг шаардах эрх нэхэмжлэгчид үүсээгүй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч *******ны Өвөрхангай салбар хариуцагч С.Э, Б.М нарын 2018 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн ........ зээлийн гэрээ нь 36 сарын хугацаатай байгуулагдсан, энэхүү гэрээгээр зээлдэгч тал нь 2021 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд хүү авах эрхтэй байхаар харилцан тохиролцсон, хэрэгт авагдсан “Зээлийн дансны хуулга” гэсэн баримтад /ХХ-26/ 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар зээл, зээлийн хүү нь нийт 126317325 төгрөг байгаа талаар дурдагдсан байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч С.Э, Б.М нараас 126317325 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 8418871 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагч Б.М шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч С.Э, Б.М нараас 126355988 /нэг зуун хорин зургаан сая гурван зуун тавин таван мянга есөн зуун наян найман/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ны Өвөрхангай салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8418871 /найман сая дөрвөн зуун арван найман мянга найман зуун далан нэг/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар зааснаар хариуцагч С.Э, Б.М нараас улсын тэмдэгтийн хураамж 789730 /долоон зуун наян есөн мянга долоон зуун гуч/ төгрөгийг гаргуулан *******ны Өвөрхангай салбарт олгож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 831824 /найман зуун гучин нэгэн мянга найман зуун хорин дөрөв/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Өвөрхангай аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА