Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 421

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

     Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар баг, 5-36 тоотод оршин суух, Тайжууд овгийн Төмөрбатын Мөнхнарангийн нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: Өвөрхангай аймгийн Богд сумын 02 дугаар багийн Хөөвөр гэх газар оршин суух, Төгс овгийн Сангидоржийн Даваабаатарт холбогдох

     “2200000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сүхбар нар оролцов.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь 2020 оны 01 дүгээр сард манай дэлгүүрээс цагаан сарын хүнс, гэр ахуйн бараа гэрээ байгуулж авсан бөгөөд хугацаандаа төлөлтөө хийгээгүй учир бидний гомдлыг барагдуулж өгнө үү. 2020 оны 01 дүгээр сарын  19-ний өдөр манай дэлгүүрээс ******* цагаан сарын хэрэгцээний хүнс, бараа авсан. Зээлийн гэрээ гэсэн нэртэй гэрээ байгуулсан, хүүг хувиар тохиролцоогүй ч гэсэн манай суманд дэлгүүрүүд тогтсон ёсоор бараа материалын үнэ дээрээ нэмээд 180000 төгрөгний хүү тооцсон байсан гэжээ.

     Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: *******гийн нэхэмжилсэн бараа материалын үнэ 2200000 төгрөгний нэхэмжлэлийг төлж барагдуулна. Манайх 2020 оны зуданд нэрвэгдэж, мал цөөрсөн, орлого бага болсоныг харгалзан үзэж сард 150000 төгрөг төлөөд явсаар барагдуулах хүсэлтэй байна. Уг мөнгийг 2021 оны 12 дугаар сарын 05-аас эхлэн сар болгон *******гийн дансанд шилжүүлэх хэлбэрээр төлөх хүсэлтэй байна гэжээ.

 

                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

     Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан “2200000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.

                Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага 2200000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тухай тайлбарыг шүүхэд ирүүлсэн байгаа ч тус тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг 1 сард 150000 төгрөг төлөх байдлаар хэсэгчлэн төлөх санал ирүүлсэн,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан саналыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй байна.  

     Талууд 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр “Зээлийн гэрээ” байгуулж, уг гэрээг хэрэгт хавсаргасан байгаа ч талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан зээлийн гэрээ байгуулагдаагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн хариу тайлбараар нотлогдож байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт “Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа байж болохоор байгаа ч Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт “Зээлээр худалдах, худалдан авах гэрээг бичгээр хийнэ” гэсэн хэлбэрийн шаардлага хуульчилсан тул Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэслэлгүй. 

     Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан бараа материал худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж үзэхээр байна.

     Нэхэмжлэгч *******д  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээнээс үүдэлтэй шаардах эрх үүссэн, энэ эрхээ хэрэгжүүлэхээр шүүхэд ханджээ.

     Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******гийн дэлгүүрээс 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 542000 төгрөг, 880700 төгрөг, 605100 төгрөгний бараа материал буюу нийт 2027800 төгрөгний бараа материал худалдан авч, үнийг нь тодорхой хугацааны дараа төлөхөөр тохиролцсон байх ба Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******аас  бараа материалын үнэ 2027800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгох нь зүйтэй байна гэж үзлээ.

     Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсан тайлбар ирүүлсэн байгаа ч талуудын хооронд Зээлээр худалдах, худалдан авах гэрээ бичгээр байгуулагдаагүй, 2020 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн “Зээлийн гэрээ” нь засвартай, хүүгийн төлбөрт тооцсон гэх 180000 төгрөгийг уг гэрээг байгуулсанаас хойш нэмж бичилт хийсэн гэж харагдахаар байгаа тул нэхэмжлэлийн шаардлага 2200000 төгрөгөөс бараа материалын үнэ 2027800 төгрөгийг гаргуулж, хүүгийн төлбөр гэх 172200 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ад шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгч ******* хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцүүлэхээр хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1дэх хэсэгт зааснаар 2027800 төгрөгний  улсын тэмдэгтийн хураамж 47395 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

       1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******аас 2027800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 172200 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******аас 47395 төгрөг, орон нутгийн орлогын данснаас 2755 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн   улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50150 төгрөгөөс 47395 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

       3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 А.ҮҮРИЙНТУЯА