Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 2024/ШЦТ/219

 

 

 

 

 

 

 

 

 

Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Т даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,

улсын яллагч: Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д,

шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч С.А,

шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Даас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Бн Нт холбогдох эрүүгийн 000000000000 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, М овогт Бн Н, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Б аймгийн Д суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Б аймгийн Д сумын 11 дүгээр багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, РД: 0000000000.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Н нь согтуурсан үедээ 2024 оны 07 дугаар сарын 23-ны шөнө Б аймгийн Д сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Е” үйлчилгээний төвийн гадна байрлуулсан хохирогч М.Аы эзэмшлийн 0000000 улсын дугаартай “Toyota auris” загварын тээврийн хэрэгслийн жолооч талын хаалганы шилийг хагалж, “Samsung A54” загварын 1 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 750,000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

1.Шүүгдэгч Б.Н мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

2. Эрүүгийн 000000000000 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Иргэн М.Ааас 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 04-07 дахь тал/, “Samsung A54” загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 13-15 дахь тал/, “Samsung A54” загварын гар утсыг хохирогч М.Ад хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 20 дахь тал/, хохирогч М.Аы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/, гэрч С.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/, шинжээч А ХХК-ний 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 000000000 дугаартай үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 29-33 дахь тал/, яллагдагч Б.Нын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 51 дэх тал/, шүүгдэгч Б.Нын хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг тус тус яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судлав.

3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Нын  холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

4. Хэргийн үйл баримт

Шүүгдэгч Б.Н нь согтуурсан үедээ 2024 оны 07 дугаар сарын 23-ны шөнө Б аймгийн Д сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Е” үйлчилгээний төвийн гадна байрлуулсан хохирогч М.Аы эзэмшлийн 0000000 улсын дугаартай “Toyota auris” загварын тээврийн хэрэгслийн жолооч талын хаалганы шилийг хагалж, “Samsung A54” загварын 1 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 750,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

4.1. Иргэн М.Ааас 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,

4.2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 04-07 дахь тал/,

4.3. “Samsung A54” загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 13-15 дахь тал/,

4.4. “Samsung A54” загварын гар утсыг хохирогч М.Ад хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 20 дахь тал/,

4.5. Хохирогч М.Аы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би 2024 оны 07 дугаар сарын 24-ний орой Д сумын 09 дүгээр багийн нутаг дэвсгэр, “Е” хуримын ордны гадна талд зогсоолд өөрийн эзэмшлийн “Toyota auris” загварын тээврийн хэрэгслээ байршуулж дүүгийн хуримын үйл ажиллагаанд оролцсон юм. Улмаар үйл ажиллагааны дундуур өөрийн 1 нас 3 сартай хүү Мыг унтуулахаар машиндаа ирсэн. Хүү Мыг машин дотор унтуулаад харанхуйгаас айж магадгүй гэж бодоод өөрийн эзэмшлийн гар утасны flash гэрлийг асаагаад урд шилний дотор хэсэгт байршуулан машины хаалгыг гаднаас нь түгжээд явсан юм.

Тэгээд үйл ажиллагаа дуусаад машиндаа ирэхэд миний тээврийн хэрэгслийн жолооч талын хаалганы шил хагарсан, дотор нь асаалттай үлдээсэн гар утас хулгайд алдагдсан байсан. Азаар миний хүү Мд ямар нэгэн юм тохиолдоогүй, гэмтэж бэртээгүй байсан. Тэгээд би хэн нэгэн санамсаргүй хагалж орхисон болов уу, эргээд надад хариу хэлэх байх гэж бодоод сумын группт зар оруулсан. Гэхдээ хэн ч надтай холбоо барьсангүй. Тэгээд би цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна. Миний хулгайд алдсан гэх гар утас “Samsung A54” загварын хар цайвар өнгийн, гадна талдаа өнгөгүй хавтастай, дэлгэцийн баруун дээд буланд шилний хугаралттай утас байсан.

...Би хулгайд алдсан гар утсаа олж авсан, хагарсан шилний үнэлгээг тогтоолгож, хуулийн дагуу шийдвэрлүүлэхийг хүсэж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/,

4.6. Гэрч С.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 13 цагийн орчимд намайг Д сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт гэртээ байхад манай нөхөр Н гаднаас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирсэн. Ирээд надад “энэ утсыг хулгайлаад аваад ирсэн, нуух хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэгээд би айгаад нөхөртөө “энэ болохгүй, надтай хамт очоод эзэнд өгөөд уучлалт гуйх хэрэгтэй” гэж хэлсэн. Тэр үед Н “үгүй ээ, утсыг өгөхгүй, хулгайлсан учраас баригдвал хариуцлагыг өөрөө хүлээнэ” хэмээн хэлсэн.

Тэгээд тухайн утсаа манай шинээр барьж буй байшин дотор байх чемоданд нууж тавьсан. Би болон Н хоёулаа тухайн утсыг ямар нэгэн байдлаар оролдоогүй, унтараагаагүй. Би хувьдаа тухайн утсыг эзэнд өгч уучлалт гуйх хэрэгтэй гэж бодсон. Д сумын 12 дугаар багт байрлах манай шинээр барьж буй байшингийн дотор байдаг чемоданд байгаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,

4.7. Шинжээч А ХХК-ний 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 000000000000 дугаартай “2024 оны 07 дугаар сарын байдлаар ...1 ширхэг “Samsung A54” загварын гар утас 650,000 төгрөг, ...1 ширхэг “Toyota auris” загварын тээврийн хэрэгслийн жолооч талын хаалганы шил 100,000 төгрөгийн үнэтэй байх боломжтойг тодорхойлов” гэх үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 29-33 дахь тал/,

4.8. Яллагдагч Б.Нын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51 дэх тал/ зэрэг нотлох баримтууд болно.

5. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Б.Нын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг гаргасан байх ба шүүгдэгч Б.Наас “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбарыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаантай асуудал байхгүй” гэх дүгнэлтийг гаргаж, шүүгдэгчийн гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно.

6. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа, мөн мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Эрх зүйн дүгнэлт.

7. “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан”-аар, хүндрүүлэх шинжийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1. “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрсэн;”-ээр... тодорхойлжээ.

8. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.

9. Хүн амьдрах орон байр, хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй, эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх ба хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан гэмт хэргийн энэхүү шинжээр хүндрүүлэн зүйлчлэхээр тогтоожээ.

10. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хохирогч М.А нь 2024 оны 07 дугаар сарын 23-ны шөнө Б аймгийн Д сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Е” үйлчилгээний төвийн гадна байрлуулсан өөрийн эзэмшлийн 0000000 улсын дугаартай “Toyota auris” загварын тээврийн хэрэгсэл дотор бага насны хүүхдээ унтуулж, улмаар түр хадгалах зориулалтаар “Samsung A54” загварын гар утсаа уг тээврийн хэрэгслийн дотор гэрлийг нь асаалттай үлдээж, бусдын хууль бус халдлагаас сэргийлэн хаалгыг түгжиж, цонхыг хааж битүүмжлэн орхиж явснаас харахад тэрээр өөрийн тээврийн хэрэгслийг тухайн үед эд зүйлээ хадгалах агуулах савны зориулалтаар түр ашигласан гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгсэл нь хүн болон ачаа тээвэрлэх үндсэн зориулалттай боловч тэрхүү тээврийн хэрэгслийг эд зүйл хадгалах агуулах савны зориулалтаар түр ашиглаж байгаа бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “... тусгайлан хамгаалсан агуулах” гэж ойлгоно.

11. Хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд тогтоогдсон үйл баримтаас дүгнэж үзэхэд шүүгдэгч Б.Н нь согтуурсан үедээ 2024 оны 07 дугаар сарын 23-ны шөнө Б аймгийн Д сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Е” үйлчилгээний төвийн гадна байрлуулсан хохирогч М.Аы эзэмшлийн 0000000 улсын дугаартай “Toyota auris” загварын тээврийн хэрэгслийн жолооч талын хаалганы шилийг хагалж, “Samsung A54” загварын 1 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 750,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдэх гэмт хэргийн шинжийг агуулж байна.

12. Иймд улсын яллагчийн гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй тул хүлээн авчч, шүүгдэгч Б.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

13. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Б.Нын амар хялбар аргаар хөрөнгөтэй болж, архи олж уух гэсэн зорилго, гэм буруугийн санаатай хэлбэр, шунахайн сэдэлт нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

14. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

15. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн  510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан.

16. Шүүгдэгч Б.Нын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Ад  нийт 750,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд тогтоогдсон байна.       

17. Хохирогч М.А нь мөрдөн шалгах ажиллагааны үед хулгайд алдсан гар утсаа шүүгдэгч Б.Наас бүрэн бүтэн хүлээж авсан, тээврийн хэрэгслийн хаалганы шилийн үнэ 100,000 төгрөгийг иргэн С.Аийн Хаан банкан дахь 000000000000 дугаартай дансаар хохирогч М.Аы 000000000000 дугаартай дансанд бэлэн бусаар шилжүүлж өгсөн, хохирогч М.Ааас “эд зүйлээ бүрэн төлүүлж авсан” гэх гарын үсэг зурсан баримтаа ирүүлсэн тул шүүгдэгч Б.Ныг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

18. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Б.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах” дүгнэлтийг,

19. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Агаас “Шүүгдэгчийн холбогдсон хэргийн зүйлчлэл нь 2 жилээс дээш жилээр хорих ял оногдуулах зохицуулалттай тул улсын яллагч тийм дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн. Мөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг барагдуулж, гомдол саналгүй гэх бичгийг хохирогчоос авсан байгаа. Эдгээр шүүгдэгчийн хувийн байдлууд нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байгаа.

Мөн шүүгдэгч нь хувийн байдлын хувьд төрсөн ах нь саяхан нас барсан. Ээж нь одоо шүүгдэгчийн гэрт ирсэн, тэд нартай хамт амьдарч байгаа. Эхнэр нь хагалгаанд орсон зэрэг ар гэрийн гачигдал байна. Шүүгдэгчийн ээж нь байнгын асрамжид байдаг. Тиймээс шүүгдэгчийн ар гэрийн байдлыг харгалзан хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна. Эрүүгийн хариуцлагын хувьд 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн  6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад заасныг баримталж шүүгдэгчид 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах” дүгнэлтийг тус тус гаргаж эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцэв.

20. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1. “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Нын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

21. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг гэж заасныг тус тус удирдлага болгов.

22. Шүүгдэгч Б.Нт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэв.  

23. Шүүгдэгч Б.Нын хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч нь 0000 онд төрсөн, ам бүл 3, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй нөхцөл байдал тогтоогдож байна.

24.  Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

25. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно: ...1.3.энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах;” гэж заасан байх ба шүүгдэгчийн өмгөөлөгчийн дээрх хуулийн хэм хэмжээг журамлан шүүгдэгч Б.Нт хорих ял оногдуулах дүгнэлтийг шүүхээс хэсэгчлэн хүлээн авах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

26. Шүүгдэгч Б.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэгт нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Ныг 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэв.

27. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж заасан байх ба шүүхээс шүүгдэгч Б.Нын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан дүгнэлт өгсний үндсэн дээр шүүгдэгч Б.Нт оногдуулсан 1 жилийн хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

28. Шүүгдэгч Б.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдав.

29. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнд өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,  эдлэх хорих ялыг 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт Бн Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Ныг 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нт оногдуулсан 1 жилийн хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Б.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнд өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,  эдлэх хорих ялыг 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Нт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 

       

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Х.ТАЛГАТ