Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 154/ШШ2021/00205

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 154/ШШ2021/00205

Булган сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймгийн Булган сум дахь Cум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Булган суманд 1967 оны 03 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 54 настай, Ховд аймгийн Булган сумын Баянгол багт оршин суух, /*******/,******* овогт*******гийн Тогтбекын ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Тогтбек, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Тогтбек нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа :Би 4 дүгээр ангиасаа хөдөө гарч эцэг эхийн хамт мал маллан Жаргалын зам нэгдэл болон Жаргалын зам хувьцаат компанид ажилласан.Цэргийн алба хааж ирээд үргэлжлүүлээд нэгдэлд малчнаар ажиллаж нэгдэл тарах хүртэл ажилласан.

Намайг 1981 оны 03 сарын 25-аас 1987 оны 10 сарын 15-ны өдөр хүртэл, 1989 оны 10 сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал Жаргалын зам нэгдэл, Жаргалын зам хувьцаат компанид ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

. Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.Тогтбек нь 1981 оны 03 сарын 15-ны өдрөөс 1987 оны 06 сарын 17-ны өдөр хүртэл Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар, 1989 оны 10 сарын 15-ны өдрөөс 1992 оны 05 сарын 05-ны өдөр хүртэл Уаргалын зам нэгдэлд малчнаар, 1992 оны 05 сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал Жаргалын зам ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хүсэлт гаргагч Б.Тогтбекын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн:

Түүний шүүхэд хандаж гаргасан хүсэлт

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 830 тоот архивын лавлагаа,

Хүсэлт гаргагч Б.Тогтбект Жаргалын зам нэгдлээс 1981 онд олгосон 1982 оноос 1990 он дуустал ажиллаж байсан байдлын талаархи бичилттэй хөдөлмөрийн дэвтэр,

Гэрч Бэгзээдэйн Далелханы шүүхэд гэрчээр мэдүүлсэн: Би 1970 оноос эхлэн Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн Баянгол багт малчнаар ажиллаж байсан . Б.Тогтбек 1979 оноос илгээлтээр хөдөө гарч эцэг эхийн хамт Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн Баянгол багт ямаа маллаж байгаад 1987 онд цэргийн албанд татагдаж яваад 1989 онд цэргээс халагдаж ирсэн. Б.Тогтбек цэргээс ирээд тус нэгдлийн мөн багт 1994 оныг дуустал мал малласан. Б.Тогтбек нь 500 гаруй ямаа малладаг байсан. Нэгдлийн даргаар М.Баавдай ажиллаж байсан, бригадын даргаар Шовгор ажиллаж байсан. Малчид мал маллахаас гадна нэгдлийн ажилд тусалдаг байсан. Хадлан өвс бэлтгэх, хашаа саравч барихад дайчлагдддаг байсан. Б.Тогтбек нь 1979 оноос 1994 оныг дуустал тасралтгүй мал малласан. Бид нар нэг бригадад хамт ажиллаж байсан гэх мэдүүлэг,

Гэрч Жасарбайгийн Матарханы шүүхэд гэрчээр мэдүүлсэн: Би 1969 оноос эхлэн Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн Баянгол багт малчнаар ажиллаж байсан . Б.Тогтбек 1979 оноос илгээлтээр хөдөө гарч эцэг эхийн хамт Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн Баянгол багт ямаа маллаж байгаад 1987 онд цэргийн албанд татагдаж яваад 1989 онд цэргээс халагдаж ирсэн. Б.Тогтбек нь Баянгол багт 500 гаруй ямаа малладаг байсан. Б.Тогтбекын эцэг бид хоер хамт мал малладаг байсан. Тэр үед Б.Тогтбек аавыгаа дагаад мал малладаг байсан.

Б.Тогтбек нь сайн малчин байсан. Тэр үед өрхийн тэргүүний нэрээр хөдөлмөрийн хөлс тооцдог байсан. Жаргалын зам нэгдэл 1992 онд тараад Жаргалын зам компани болсон. Б.Тогтбек нь 1979 оноос 1994 оныг дуустал тасралтгүй мал малласан. Бид нар нэг бригадад хамт ажиллаж байсан гэх мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

- Дээрхи нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Б.Тогтбекийг 1981 оны 03 сарын 15-ны өдрөөс 1987 оны 06 сарын 17-ны өдөр хүртэл Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар, 1989 оны 10 сарын 15-ны өдрөөс 1992 оны 05 сарын 05-ны өдөр хүртэл Жаргалын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэлийн шаардлагаас 1992 оны 05 сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал Жаргалын зам ХК-д малчнаар ажиллаж байсан байдал нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангахаас татгалзаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар******* овогт*******гийн Тогтбекыг 1981 оны 03 сарын 15-ны өдрөөс 1987 оны 06 сарын 17-ны өдөр хүртэл Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар, 1989 оны 10 сарын 15-ны өдрөөс 1992 оны 05 сарын 05-ны өдөр хүртэл Жаргалын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Нэхэмжлэлийн шаардлагаас 1992 оны 05 сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал Жаргалын зам ХК-д малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай шаардлагыг хангахаас татгалзсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.Тогтбекийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ