Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 130/ШШ2022/00015

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Хоршооллын 11 дүгээр гудамж, 1 тоотод оршин суух үндсэн хаягтай, одоогоор Дорноговь аймагт түр оршин суудаг М-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 9 дүгээр баг, Цагааннуур тосгонд оршин суух, Г-т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М /цахимаар/, хариуцагч  Г , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Арманбек нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Г.М-ийг эцэг нь болох Г аар тэжээн тэтгүүлэхийг хүсжээ.

Нэхэмжлэгч М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г тай 2014 онд танилцаж хамтран амьдрах болсон. Бид хамтран амьдрах хугацаанд 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүү Г.М төрсөн. Бидний хамтын амьдралын хугацаанд байнга болж  бүтэхгүй байсан гэхгүй танилцсан үеэс, хүүг маань гаргасан гээд аз жаргалтай үе зөндөө байдаг байсан. Халуун дулаан гэр бүлийг бий болгосон гэж бодож, итгэж байсан боловч бидний харилцаа 2018 оноос хойш зан харилцааны хувьд таарч тохирохоо больж цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Бид 2020 оны 6 дугаар сараас тусдаа амьдрах болсон. Бид хөдөө ажилладаг байсан учраас гэрлэлтээ батлуулж чадаагүй. Миний хүү Г.М  нь миний асрамжид өсөж, торниж байна. Одоо Г  нь өөр хүнтэй хамтын амьдрал зохиосон цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Г.М-ийг эцэг Г аар тэжээн тэтгүүлж өгөхийг хүсье гэв.

Хариуцагч Г  шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М бид хоёр 2014 онд анх танилцаад, хамтран амьдрах хугацаандаа буюу 2015 онд Г.М  гэх хүүтэй болсон. Миний хүү мөн. Бид хоёр эхэндээ Хилийн цэргийн ангид хамт ажиллаж амьдарч байгаад Дорнод аймгийн Мэнэн сум дахь хилийн цэргийн ангид шилжин очсон. Өөр газар луу ажиллахаар шилжсэн шалтгаан маань гэр бүлийн маргааны асуудал өөр газарт очвол шийдэгдэх байх гэсэн найдлагад оршиж байсан юм. Гэтэл хүссэндээ хүрч чадаагүй. М нь 2019 оны 10 дугаар сараас эхлээд өөр хүнтэй гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн. Үүнийг би бусад хүмүүсээс сонсоод явдаг боловч нүдээрээ хараагүй учраас итгэдэггүй байсан. Би өөрөө 2020 оны 02 дугаар сард М өөр хүнтэй харилцаатай болсон гэдгийг мэдэж авсан. Хүүгээ бодоод учраа олоод хамт амьдаръя гэсэн боловч энэ байдал нь улам даамжраад гэртээ байхдаа ч гэсэн хоорондоо маргалддаг болсон. Үүний улмаас гэр бүлийн таатай харилцаа үгүй болсон гэж хэлж болно. Тиймээс гэр бүлийн асуудлаа ангийн удирдлагуудаа танилцуулаад өөр газарт шилжин ажиллуулах хүсэлтээ өгсөн. Түүний дагуу намайг 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Хилийн 0285 дугаар ангид мал зүйчээр томилсон. Үүнээс хойш би хүүхэдтэйгээ уулзаагүй. Хаая утсаар холбогддог. Миний хувьд хуулиар хүлээсэн үүрэгтэй учраас хүүхдийн тэтгэлэг төлөхөөс татгалзах зүйл байхгүй. Хүүхэд эхийнхээ асрамжид байгаа учраас асрамжийн талаар маргаан байхгүй. Миний хувьд жилдээ нэг удаа ээлжийн амралт авдаг. Ээлжийн амралтаа эдлэх хугацаандаа болон бусад үед хүүхэдтэй минь уулзахад саад хийхгүй байхыг шүүхийн шийдвэрт тусгаж өгөхийг хүсье гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М нь хариуцагч Г т холбогдуулан 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Г.М-ийг эцгээр нь тэжээн тэтгүүлэхийг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчаас хүлээн зөвшөөрч, хүүтэй уулзахад нэхэмжлэгчээс саад хийхгүй байхыг шүүхийн шийдвэрт тусгаж өгөхийг хүсжээ.

Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь, нэхэмжлэгч М болон хариуцагч Г  нар нь хуулийн дагуу гэрлэлтээ бүртгүүлж гэрчилгээ аваагүй боловч 2014 оноос 2020 оны 6 дугаар сар хүртэл хамтран нэг гэрт амьдарч мөн эр эмийн харилцаатай байсан нь зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өгсөн мэдүүлгээр нотлогдож байгаа ба зохигчид энэ талаар маргаагүй болно.

Энэхүү хамтран амьдрах хугацаанд буюу нэхэмжлэгч М , хариуцагч Г  нарын дундаас 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүү Г.М   төрсөн болох нь 2015 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Улаанбаатар хотын Баянзүрхийн төрсний бүртгэлд бүртгэж олгосон 1110005665 дугаартай төрсний гэрчилгээ болон талуудын тайлбараар нотлогдож байгаа бөгөөд хариуцагч Г аас Г.М ийн эцгийн хувьд маргаагүй, хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрсөн болно.

Иймд  Монгол Улсын Үндсэн Хуулийн 17 дугаар зүйлийн 2, Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5, 26 дугаар зүйл, 35 дугаар зүйлд зааснаар эцэг эх нь үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх үүрэгтэй ба Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Г.М-ийг эцэг болох Г аар сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.

Харин шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед хариуцагч Г аас ээлжийн амралтаа эдлэх хугацаандаа болон бусад үед хүүтэй уулзахад нэхэмжлэгчээс саад хийхгүй байхыг шүүхийн шийдвэрт тусгаж өгөхийг хүссэн бөгөөд нэхэмжлэгчээс зөвшөөрчээ.

Талууд буюу хамтран амьдрагч М болон Г  нар нь тус тусдаа амьдарсан  ч гэсэн насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх эцэг, эхийн үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, хүүхдийн эрхийг хамгаалах үүргийг биелүүлэхийн зэрэгцээ хүүхэдтэйгээ уулзах, хүүхдийн асуудлыг шийдвэрлэхэд хамтран оролцох эрхтэй тул нэхэмжлэгч, хариуцагч нар нь энэ талаар харилцан тохиролцох, шийдвэр гаргах бүрэн эрхтэй байна.

Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг хуулиар хориглосон байдаг бөгөөд зохигчид нь хүүхдийг хэзээ, хаана, ямар хугацаагаар эцэгтэй нь уулзуулах, хүүхдийн асуудлыг хэрхэн ярилцаж шийдвэрлэж байх талаар харилцан ойлголцож, тодорхой болгох эрх нь нээлттэй байх бөгөөд харин хариуцагч Г  нь ээлжийн амралтаа хэзээ авах нь тодорхой бус тул шүүхээс хариуцагч Г  нь хүү Г.М этэй эх М ын хараа хяналтын дор чөлөөтэй уулзах, хуульд заасан хүүхдээ тэжээн тэтгэх эрх, үүргээ хэрэгжүүлэх эрхтэй учир нэхэмжлэгчээс түүнд саад учруулахгүй байхыг дурдаж шийдвэрлэв.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг нэг жилд төлбөл зохих дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлох тул Үндэсний статистикийн хорооны даргын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/02 дугаар тушаалаар Хүн амын амьжиргааны 2021 оны доод түвшнийг баруун бүсийн  нутагт 212600 төгрөгөөр тогтоосон ба 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Г.М  нь өнөөдрийн байдлаар 6 нас 01 сар 10 хоногтой байх тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар тэжээн тэтгэх тул 1275600 (212600х12/2) төгрөгт улсын тэмдэгтийн хураамжид 35164 төгрөг ногдох тул нэхэмжлэгч М ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107230 төгрөгөөс 35164 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 72066 төгрөгийг, мөн хариуцагч Г аас улсын тэмдэгтийн хураамжид 35164 төгрөгийг тус тус  гаргуулан нэхэмжлэгч М д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Г.М  /УЕ15301491/-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Г-аар тэжээн тэтгүүлсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г аас гаргуулах тэтгэлгийн хэмжээ цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх М д даалгасугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.4, 26.5, 26.6-д заасныг тус тус баримтлан эцэг, эх нар хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эх М нь эцэг Г т хүү нь болох Г.М эд уулзах боломжоор хангаж, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдсугай.

5.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч М ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107230 төгрөгөөс 35164 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 72066 төгрөгийг, мөн хариуцагч Г аас улсын тэмдэгтийн хураамжид 35164 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч  М д олгосугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

7.Энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              А.ЖАРХЫНГҮЛ