Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/225

 

 

 

 

Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Т даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,

улсын яллагч: Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д,

шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч С.А,

шүүгдэгч Е.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Даас хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 000000000000  дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авсныг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ж овогт Еийн С, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Б аймгийн Д суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, эхнэрийн хамт амьдардаг, Б аймгийн Д сумын 03 дугаар багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь 000-р шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, РД: 00000000.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Е.С нь 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Б аймгийн Д сумын 09 дүгээр багийн нутаг дэвсгэр, зусланд бэлчээрийн улмаас маргаан үүсгэж, улмаар хохирогч Х.Хын толгой тус газарт чулуугаар зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан мэдүүлэг, дүгнэлт.

1. Шүүгдэгч Е.С мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

2. Улсын яллагчаас гаргасан дүгнэлтэд: “Шүүгдэгч Е.Сийн үйлдсэн гэмт хэрэг нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна” гэв.

3. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан дүгнэлтэд: “Улсын яллагчтай санал нэг байна” гэв.

4. Шүүгдэгч Е.С нь 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Б аймгийн Д сумын 09 дүгээр багийн нутаг дэвсгэр, зусланд бэлчээрийн улмаар маргаан үүсгэж, улмаар хохирогч Х.Хын толгой тус газарт чулуугаар зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Е.Сийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна иргэн Х.Хаас 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 03-06 дахь тал/, хохирогч Х.Хын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 09-10, 44 дэх тал/, насанд хүрээгүй гэрч Х.Хын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дахь тал/, гэрч Е.Аы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/, шинжээч Б аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч цолтой Х.Еын 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 565 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 22-23 дахь тал/, яллагдагч Е.Сийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 41 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

5. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

            6. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

            7. Шүүгдэгч Е.С нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            8. Хохирогч Х.Х нь мөрдөн шалгах ажиллагааны үед “шүүгдэгч Е.С хохирлыг бүрэн барагдуулж өгсөн, гомдолгүй /хавтаст хэргийн 64 дэх тал/” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Е.С нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар.

9. Прокурорын санал болгож, шүүгдэгч Е.Сийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

10. Иймд шүүгдэгч Е.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын дотор хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Е.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

12. Шүүгдэгч Е.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг дурдав.

13. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Е.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж овогт Еийн Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е.Сийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е.Сд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Е.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Е.С нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Е.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд гардаж авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Х.ТАЛГАТ