Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 30 өдөр

Дугаар  2024/ШЦТ/679

 

   

                                                           

 

 

 

   

               2024         09          30                                 2024/ШЦТ/679

 

 

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

нарийн бичгийн дарга Э.Өлзий-Орших,

Улсын яллагч  Ч.Түмэн-Өлзий /томилолтоор/  ,

шүүгдэгч Б.*, түүний өмгөөлөгч Н.Батбаатар нарыг оролцуулан,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан Б.*холбогдох *дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

*овогт **/РД:*/,

Монгол Улсын иргэн, 1997 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 27 настай, дээд боловсролтой, сэтгэл судлаач мэргэжилтэй, “*” ХХК-ийн гэрээт модель, “Conte caffe and bar” гэх газарт цагийн ажилтнаар ажилладаг, ам бүл 6, эмээ, нагац эгч, үеэл дүү, хүргэн ах, бага нагац эгч нарын хамт *дүүргийн *дугаар хороо, “*”-ын *дугаар гудамж, *тоотод оршин суух хаягтай,

Урьд *-*дүүргийн 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн *дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.*2024 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо “Conte” гэх нэртэй газарт зөөгчөөр ажиллаж байхдаа хохирогч Г.*тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож түүний эрүүл мэндэд нь “...баруун хөмсөг, хамрын баруун самсаа, баруун хөхлөг сэртэн, баруун тохой, шуу, зүүн тохойнд зулгаралтуудтай, зүүн дээд зовхи, баруун дээд, доод зовхи, баруун хөмсөг, хүзүү, зүүн шанаа, баруун бугалга, хэвлий, нуруунд цус хуралт, зүүн хөмсөг, зүүн хацрын төвгөр, зүүн шанаа, баруун чихний дэлбэнд зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2024 оны *дугаар сарын *-ний өдрийн *дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Гэм буруутайд тооцох тухайд: Шүүгдэгч Б.*нь шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгч Н.*нь шүүгдэгч Б.*оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтайгаар тус тус оролцсон болохыг дурдаж байна.

Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Б.*нь 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдөр *дүүргийн 3 дугаар хороо “*” гэх нэртэй газарт зөөгчөөр ажиллаж байхдаа хохирогч Г.*тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож түүний эрүүл мэндэд нь “...баруун хөмсөг, хамрын баруун самсаа, баруун хөхлөг сэртэн, баруун тохой, шуу, зүүн тохойнд зулгаралтуудтай, зүүн дээд зовхи, баруун дээд, доод зовхи, баруун хөмсөг, хүзүү, зүүн шанаа, баруун бугалга, хэвлий, нуруунд цус хуралт, зүүн хөмсөг, зүүн хацрын төвгөр, зүүн шанаа, баруун чихний дэлбэнд зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь хохирогч Г.*мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 06 дугаар сарын 10-ны орой 18 цагийн үед ажлаа тараад Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах “Conte” гэх нэртэй паб-д ганцаараа очоод сууж байтал миний араас */дугаарыг нь мэдэхгүй байна/, Зориг /дугаарыг нь бас мэдэхгүй байна/ 2 ирээд бид 3 нийт 2 шил вино уугаад тэр 2 бас хажуугаар нь пиво уугаад сууж байтал тус газар зөөгчөөр ажилладаг Б.*бид нартай хамт суусан. Тэгээд манай ширээнд сууж байгаад 2-3 шил пиво уухад би виногоо л ууж байсан. Тэгээд юм ярьж байтал Б.*яриа болон ярианы өнгө аяс нь надад дургүй гэдгээ илэрхийлж байсан. Тэгээд Б.*тамхи татах гээд гарахаар нь би араас нь ярилцаж ойлголцох гэж дагаад гартал Б.*хүнтэй юм яриад зогсож байхаар нь би тухайн хүнтэй ярьж байсан яриаг нь дуустал хүлээгээд зогсож байгаад дуусахаар нь ярилцах гэтэл намайг шууд миний зүүн хацар хэсэг рүү хэдэн удаа гэдгийг нь сайн мэдэхгүй байна цохиод унагасан бөгөөд түүнээс хойш юу болсон талаар би огт санахгүй байгаа бөгөөд бидний хажууд хүн байгаагүй. Би ухаан алдчихсан байсан. Тэгээд нэг сэрэхэд гэмтлийн эмнэлэг дээр сэрсэн бөгөөд Намуунаа надтай хамт Гэмтлийн эмнэлэг орсон байсан. Хэн түргэн тусламж дуудсаныг би сайн мэдэхгүй байна. Би өөрт учирсан хохирлын мөнгө болон сэтгэл санааны хохирлыг нэхэмжилж байна...” гэх /хавтаст хэргийн 6-7 дугаар тал/,  

Гэрч Д.*мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах “Combapork” гэх ресторан ажиллуулдаг юм. Манай ажлын эсрэг талд "Conte" гэх паб байдаг юм. 2024 оны 06 сарын 11-ний өдрийн 18 цагийн үе гэж санаж байна "Conte" гэх пабын гадна хаалганых нь зүүн талд 2 хоёр эрэгтэй хүн тамхи татаж байгаа харагдсан ба удалгүй намхан залуу нь орилоод байж байгаад улмаар хоорондоо зодолдож эхэлсэн. Тэр хоёр зууралдчихсан нэг нэгнийгээ цохилцож байсан. Тэгээд би очоод хоёр тийш нь салгаад намхан залууг нь би түлхэж холдуулсан. Тэгээд тэр залуу хаалганых нь үүдэнд очоод суугаад шүлсээ хаяад байсан ба харахад тасарчихсан юм шиг харагдахаар нь би “Зүгээр үү? Сэрээрэй” гээд татаж чангаахад бие нь сулраагүй аттлаа хариу үйлдэл үзүүлэхгүй ухаан алдчихсан юм шиг байсан. Би үнэн худлыг нь мэдэхгүй ч гэсэн би хувьдаа худлаа гэж бодсон. Харин зодолдсон гэх нэг залуу нь Б.*нэртэй тухайн “паб”-д ажилладаг залуу байсан. Гэхдээ түүнийг би сайн танихгүй зүс мэддэг юм. Тэгээд Б.*эмнэлэг дуудъя гээд түргэн дуудахад нь би буцаад ажил руу явсан...” гэх /хавтаст хэргийн 12 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн *дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Г.*биед баруун хөмсөг, хамрын баруун самсаа, баруун хөхлөг сэртэн, баруун тохой, шуу, зүүн тохойнд зулгаралтуудтай, зүүн дээд зовхи, баруун дээд, доод зовхи, баруун хөмсөг, хүзүү, зүүн шанаа, баруун бугалга, хэвлий, нуруунд цус хуралт, зүүн хөмсөг, зүүн хацрын төвгөр, зүүн шанаа, баруун чихний дэлбэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх /хавтаст хэргийн 15-16 дугаар тал/,

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтох хүснэгтийн 2-р зэрэглэлд хамаарсан гэх хүснэгт, мөрдөгчийн маягтын загвар /хавтаст хэргийн 19-21 дүгээр тал/,

Яллагдагч Б.*хувийн байдалтай холбоотой баримтууд /хавтаст хэргийн 33-50 дугаар тал/,

Шүүгдэгч Б.*шүүхийн хэлэлцүүлэгт: “...Г.*нь миний ажилладаг “паб”-аар байнга үйлчлүүлдэг ба үйлчлүүлэх бүртээ өөрийгөө ижил хүйстэн гэдгийг илэрхийлдэг байсан. Намайг сонирхдог гэдгээ илэн далангүй хэлдэг байсан ба намайг үйлчилгээний ажил хийдэг гэдгийг далимдуулж байнга миний биед дураараа хүрж, гараас барьж “Миний хажууд суучих, би чиний найз охин болъё, би чинийхийг хөхөөд өгье” гэх мэтээр бэлгийн дарамттай үгнүүд хэлдэг байсан. Би тухай бүрт нь түүнийг эвгүй байдалд оруулахгүйн тулд хүндэтгэж харьцдаг. Улмаар түүний надад хандах хандлага нь улам их гарч ирээд байсан тул тухайн үйлдлийг зогсоох ёстой гэдгийг ойлгож нэг удаа ирэх үед нь “Гоняа /хочилдог нэр/ мань чинь эмэгтэй хүн сонирхдог. Чи намайг сонирхохоо больчих. Намайг өдөж, хоргоож байгаа байдал чинь надад муухай байгаагаас биш гоё зүйл байхгүй байна” гэж өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн. Тэгсэн чинь Г.*миний өөдөөс харж байгаад “Чи намайг тэгээд зодох юм уу?” гэхээр нь би “Үгүй, би хүн зоддог хүн биш. Чи манай ажлаас гарчих” гэсэн чинь миний таньдаг хүн ажил дээр орж ирээд намайг “Тамхи татах уу?” гэж асуухаар нь хамт гарсан чинь Г.*араас гарч ирээд зогсож байсан. Миний таньдаг хүн явсны дараа Г.*намайг дуудаад байхаар нь “Чи яв л даа” гэж хэлсэн чинь “Би байнга ирээд байвал чи намайг зодох юм уу?” гэх мэт намайг өдөж, миний ойр дотны хүмүүсийг доромжилж миний тэвчээрийг алдуулсны улмаас зодоон болох нөхцөл байдалд хүрсэн. Эргээд бодоход Г.*сонирхлыг би хүлээж аваагүйн улмаас надад өс санаж энэ гэмт хэрэг болж би шүүхийн танхимд зогсож байгаа мэт сэтгэгдэл төрж байна. Мөн Г.*сэтгэцэд учирсан хор уршгийг дүгнэсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг,

Хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгчийн мэдүүлэгтэй агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байх ба энэ талаар улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй.

            Иймээс шүүгдэгч Б.*Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Б.*Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүгдэгчийн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан шүүгдэгч  Б.*Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх  заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хохирол, хор уршгийн талаар.

Хохирогч Г.*сэтгэцэд учирсан хор уршгийг “Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаал”-ын 2 дугаар хавсралтад заасны дагуу хоёрдугаар зэрэглэлд хамрагдаж байх тул шүүгдэгч Б.*4,400,000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Галбадрах /*дүүргийн *дугаар хороо, **-*тоот/-д олгуулахаар шийдвэрлэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Шүүгдэгч Б.*нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *овогт **Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Шүүгдэгч *******овогт **Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

              4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.*4,400,000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Галбадрах /*дүүргийн 5*дугаар хороо, **-*тоот/-д олгосугай.

  5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

  6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

  7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                      П.АРИУНБОЛД