Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2026 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2026/00022

 

  

 

 

 

“М” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, Э.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 192/ШШ2025/05478 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 210/МА2025/01753 дугаар магадлалтай,

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“Д” ХХК-д холбогдох

Дизель түлшний үнэ, алданги нийт 348,993,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч О.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Дэлгэрбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т, хариуцагчийн өмгөөлөгч Т.Цэен-Ойдов, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “Д” ХХК-д холбогдуулан дизель түлшний үнэ болон алдангид нийт 348,993,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 192/ШШ2025/05478 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч “Д” ХХК-аас дизель түлшний үнэ 296,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 52,993,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,904,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Д” ХХК-аас 1,637,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 210/МА2025/01753 дугаар магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 192/ШШ2025/05478 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 243 дугаар зүйлийн 243.1-д” гэснийг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн төлөөлөгч О.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлгүй, нотлох баримтууд дутуу, тэдгээрийг буруу үнэлэн хуулийг ноцтойгоор зөрчиж, буруу тайлбарлан зөрүүтэй хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн тул хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Манай компани нь “М” ХХК-тай гэрээ байгуулахдаа гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар фидуцийн  гэрээгээр САТ маркийн улсын 72*** УБ, 75*** УБ дугаартай 2 ширхэг бульдозерийг барьцаалж, өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэн өгсөн талаарх баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Гэтэл анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх фидуцийн гэрээгээр шилжсэн дээрх хөрөнгийг хэрхэх талаар шийдвэрлэлгүй орхигдуулсан нь хуульд нийцэхгүй байна. Давж заалдах шатны шүүхээс фидуцийн гэрээний үүргийг шаардаагүй тул хариуцагчийн фидуцийн гэрээтэй холбоотой гомдлыг хүлээн авахгүй гэсэн нь үндэслэлгүй бөгөөд давж заалдах шатны шүүх хэргийг гомдлын хүрээнд бус бүхэлд нь хянах үүргээ хэрэгжүүлээгүй.

“М” ХХК нь их хэмжээний түлш нийлүүлэх боломжгүй атлаа нийлүүлж чадна гэж итгүүлэн манай компанийн “П” ХХК-тай байгуулсан гэрээнээс татгалзуулсан. Гэрээний дагуу цагтаа, тохирсон хэмжээгээр түлшээ нийлүүлээгүйгээс манай компанийн ажил доголдож “Б” ХХК, “М” ХХК-д нийлүүлэх түлшгүй болж их хэмжээний хохирол тухайн компаниудад учруулсан. “М” ХХК-аас нийлүүлсэн 200,000 литр түлшнээс “Б” ХХК-д 92,670 литр түлшийг нийт 154,898,100 төгрөгөөр нийлүүлсэн боловч төлбөрөө авч чадаагүй. Учир нь манай компани тус компанид түлшээ нийлүүлээгүйгээс бүх машин механизм нь зогсож ажлаа хийж чадахгүй болж хохирол 300,000,000 төгрөгийг манайхаас нэхэмжилж байгаа болно. Иймд учирсан хохирлыг буруутай тал хариуцах ёстой тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар нэхэмжлэгчийн шаардах эрх 2021.06.19-ний өдөр цагдаад гомдол гаргаснаар дууссан байх тул хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа дууссан. “М” ХХК нь 2017.06.09-ний өдөр цагдаад гомдол гаргасан ба төлбөрөө төлөхгүй эрхээ зөрчсөн гэдгийг мэдсэн байдаг. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэдэгтэй маргахгүй атлаа цагдаад гомдол гаргаад байгаа нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндэслэл байхгүй.

Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчим алдагдаж хуулийг ноцтойгоор зөрчиж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ. 

5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 001/ШХТ2025/01237 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн хариуцагчийн төлөөлөгч О.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т нарын гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.

ХЯНАВАЛ:

6. Хариуцагчийн төлөөлөгч О.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т нарын гомдлыг хангах үндэслэл тогтоогдов.

7. Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “Д” ХХК-д холбогдуулан дизель түлшний үнэ, алдангид нийт 348,993,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, шаардлагын үндэслэлээ “... “Д” ХХК-тай 2017.03.25-ны өдөр №МД/0326 дугаартай “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ”, №МД/2 тоот нэмэлт гэрээ, ... үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар фидуцийн гэрээ байгуулсан. “М” ХХК нь фидуцийн зүйл 2 техникийн өмчлөх эрхийг шилжүүлэн авсан боловч бодитоор хүлээн аваагүй, хаана байгааг нь мэдэхгүй. Гэрээ байгуулагдсанаас хойш 296,000,000 төгрөгийн үнэтэй 200,000 литр түлшийг “Д” ХХК-д шилжүүлсэн. ... үлдэх түлшийг шилжүүлэх боломжгүй болсныг талууд хүлээн зөвшөөрч, хариуцагч нь дээрх төлбөрийг төлөөд гэрээг дуусгавар болгохоор тохиролцсон. Гэвч төлбөрийг барагдуулаагүй тул нийлүүлсэн түлшний үнэ 296,000,000 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 52,993,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй.гэж тайлбарласан.

8. Хариуцагч Д” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “... “М” ХХК нь “манай компанид маш их хэмжээний түлш байгаа, ... 2 жилийн хугацаанд хангалттай нийлүүлж чадна” гэж итгүүлсэн учир манайх “П” ХХК-тай байгуулсан гэрээнээсээ татгалзаж, нэхэмжлэгч компанитай гэрээ байгуулсан. Улмаар нэхэмжлэгч үүргээ биелүүлээгүйгээс манай компани “Б” ХХК, “Э” ХХК нарын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй болсон. ... Хэрэгт авагдсан “төлбөр төлнө” гэх баримт нь намайг дарамталж, айлган сүрдүүлж бичүүлсэн ... гэрээний үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг буруутай тал хариуцах учир нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.” гэж маргасан.

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу 296,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, үлдэх алданги 52,993,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шийдвэрийн үндэслэлдээ, талууд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 235 дугаар зүйлийн 235.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ, фидуцийн гэрээ байгуулсан, ... гэрээний дагуу нийлүүлсэн дизель түлшний үнийг шаардах эрхтэй. ... фидуцийн гэрээнд заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүй байх тул алданги 52,993,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгоно. ...  гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хугацаа нь 2020.05.25-ны өдөр дуусахаар байна. ... гэвч  Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар нэхэмжлэгч нь цагдаагийн байгууллагад эрүүгийн гэмт хэргийн талаар гомдол гаргаж, түүнийг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндэслэлд хамаарна. ... нэхэмжлэгч нь дизель түлшний үнийг төлсөн тохиолдолд фидуцийн гэрээний зүйл болох техникийн өмчлөх эрхийг хариуцагчид буцаан шилжүүлэхэд татгалзахгүй байгаагаа тайлбарласан.” гэж дүгнэсэн  

10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, магадлалд “... Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас алдангитай холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй тул алдангитай холбоотой дүгнэлт хийхгүй. Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт алдангийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ холбогдох зохицуулалт болох Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг баримтлаагүйг давж заалдах шатны шүүхээс залруулж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлах шаардлагагүй заалт буюу Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх заалтыг баримталсныг хассан өөрчлөлтийг анхан шүүхийн шийдвэрт тус тус оруулна. Нэхэмжлэгч нь үндсэн гэрээний үүрэг шаардсан бөгөөд нэмэлт гэрээ болох үүргийн гүйцэтгэлийг эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ буюу фидуцийн гэрээний үүрэг шаардаагүй учраас анхан шатны шүүхээс маргааныг худалдах, худалдан авах гэрээний үүргийн хүрээнд шийдвэрлэснийг буруутгахгүй тул фидуцийн гэрээтэй холбоотой хариуцагчийн гомдлыг хүлээн авахгүй.” гэж дүгнэсэн.

11. Хоёр шатны шүүх хэргийн үйл баримт, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөрүүгүй тодорхойлж, хэргийг шийдвэрлэсэн байх боловч хэрэгт ач холбогдол бүхий зарим үйл баримтыг бүрэн үнэлээгүй нь хууль хэрэглээ, улмаар хэргийн шийдэлд нөлөөлсөн гэх хариуцагчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлд хамаарна гэж үзэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцлээ.

12. Талуудын хооронд дизель түлш худалдах-худалдан авах харилцаа үүссэн боловч хэрэгжих явцад үүрэг зөрчигдөн маргаан гарчээ. Хоёр шатны шүүх гэрээний үндсэн үүргийн зөрчил үүссэн гэж үзэн холбогдох хуулийг хэрэглэн шаардах эрхийг тодорхойлсон байх ба уг шаардах эрх үүрэг дуусгавар болох бусад үндэслэлээр, тэр дундаа хөөн хэлэлцэх хугацааны үндэслэлээр дууссан эсэх дүгнэлтийг хийхдээ Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасан “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан ... ” гэх урьдчилсан нөхцөлийг тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээ, тайлбарласан байдлыг хяналтын шатны шүүхээс дүгнэн, шүүхүүд хоорондоо болон шүүхийн тогтсон хууль хэрэглээтэй зөрүүтэй эсэх асуудлыг зохих журмаар тайлбарлан, хэргийг шийдвэрлэх журамтай боловч тухайн хэргийн хувьд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримт бүрэн тогтоогдоогүй гэж үзлээ.

13. Тодруулбал, анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан фидуцийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэхдээ хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, нотлох баримт өөр хоорондоо зөрүүтэй байгаа нөхцөл байдлыг анхаараагүй, талууд тухайн асуудлаар маргаагүй, адил байр суурьтай, хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь бодитой харьцуулан үзэх, ач холбогдол, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журамтай нийцсэнгүй.

Энэ хэрэгт зохигчийн хооронд үүссэн үндсэн үүргээс бий болох шаардах эрх дуусгавар болсон эсэхийг тодорхойлоход үндсэн үүргийг хангахаар тохиролцсон нэмэлт үүргийн хэрэгжилт ач холбогдолтой байна. Дизель түлшний үнийг төлөх худалдан авагчийн үндсэн үүргийн биелэлтийг хангах зорилгоор хоёр ширхэг техник хэрэгслийг үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлэхээр талууд тохиролцсон, эдгээр техник хэрэгслийн бодит эзэмшлийн талаар талууд маргаагүй гэж хоёр шатны шүүх дүгнэсэн атал хэрэгт авагдсан зарим баримт, тухайлбал эрүүгийн хэргийг шалгах явцад хариуцагч талаас өгсөн гэрчийн мэдүүлэг зэрэгт хариуцагч уг хөрөнгийг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлсэн талаар тайлбарлаж байжээ. Өөрөөр хэлбэл, зохигч дээрх асуудлаар харилцан маргаантай байгаагаа анхан болон давж заалдах шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад илэрхийлж байсан гэж үзэхээр байна.

Иймд фидуцийн үүрэг хэрэгжсэн эсэх маргааныг нэг мөр шийдвэрлэлгүйгээр үндсэн үүрэг байгаа эсэх маргааныг шийдвэрлэх нь дутагдалтай бөгөөд энэ дүгнэлтээс үүдэн шаардах эрх хэрэгжих боломжтой, хөөн хэлэлцэх хугацааны үндэслэлээр дуусгавар болсон эсэх асуудалд дүгнэлт өгөхөөр байна. Ийнхүү хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлыг бүрэн тогтоолгүй хэргийг шийдвэрлэснээр зохигчийн хооронд маргаан үргэлжлэхэд хүргэх тул энэ талаар эцэслэн шалгаж, хэргийг нэг мөр шийдвэрлэх нь зохистой, хэргийн оролцогч хэн алины эрх ашигт нийцтэй гэж үзлээ.   

14. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Д” ХХК-ийн төлөөлөгч О.Ж, С.Т нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатын шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 192/ШШ2025/05478 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 210/МА2025/01753 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан хариуцагч  “Д” ХХК нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025.11.07-ны өдөр 1,637,950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Г.АЛТАНЧИМЭГ

                      ШҮҮГЧИД                                                 Н.БАТЗОРИГ

                                                                                       Н.БАЯРМАА

                                                                                       Э.ЗОЛЗАЯА

                                                                                       Х.ЭРДЭНЭСУВД