Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 40

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

           Улсын яллагч: Б.Батсайхан  

            Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Б.Алтанчимэг, Э.Мөнх-Эрдэнэ

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

            Архангай аймгийн Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Хажидмаагийн Уртнасан, Падамба овогт Алтангэрэлийн Жаргалбаяр нарт холбогдох эрүүгийн 201703000025 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 30 настай, эрэгтэй бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Ихтамир сумын Бугат баг, Ихэр гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Боржигин овогт Хажидмаагийн Уртнасан /РД:АА87112753/

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар баг, Хоршоолол гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Архангай аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 173 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж хянан харгалзаж байсан Падамба овогт Алтангэрэлийн Жаргалбаяр /РД:АЯ81101172/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Х.Уртнасан нь 2016 оны 12 дугаар сард Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн нутаг дэвсгэр “Ихэр” гэх газраас иргэн Д.Тэгшжаргалын 1 тооны хар зүсмийн бухыг нууц далд аргаар шунахайн сэдэлтээр хулгайлан авч 1.000.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Давтан үйлдлээр шүүгдэгч А.Жаргалбаяртай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 10-20-ны өдрийн хооронд Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн нутаг дэвсгэр “Ихэр” гэх газраас иргэн Д.Тэгшжаргалын 1 тооны үхэр, Ё.Батсайханы 2 тооны адуу, Ц.Ганхуягийн 3 тооны үхрийг тус тус нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр хулгайлан авч бусдад 4.600.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч А.Жаргалбаяр нь шүүгдэгч Х.Уртнасантай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 10-20-ны өдрийн хооронд Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн нутаг дэвсгэр “Ихэр” гэх газраас иргэн Д.Тэгшжаргалын 1 тооны үхэр, Ё.Батсайханы 2 тооны адуу, Ц.Ганхуягийн 3 тооны үхрийг тус тус нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр хулгайлан авч бусдад 4.600.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

                   Шүүгдэгч Х.Уртнасан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүдэхдээ: Тэгшжаргалын бух манай гэрийн гадаа 3 хоносон. Мараа долоогоод хашаа эвдэх гээд байхаар нь тракторын гинжээр 2-3 удаа цохисон чинь хэвтээд босохгүй байсан. Маргааш өглөө нь тэндээсээ босч ирэхгүй болохоор нь эзэн нь ирээд хэл ам үүсгэж магадгүй гэж бодоод нядалсан гэв. 

            Шүүгдэгч А.Жаргалбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүдэхдээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

            Эрүүгийн 201703000025 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

            * Хохирогч Д.Тэгшжаргалын өгсөн:

            “...Би эхнэрийн хамт 2016 оны 12-р сарын 07-оос 20-ны өдрийн хооронд хөдөө гэртээ ирэн очин малын тоо гэж явсан юм. 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гэртээ ирсэн байхад Батсайхан гэх залуу аймагт байдаг манай хүүтэй уулзаж танайх үхрээ алдсан уу гэж асуусан байна лээ, тэгээд манай хүү надтай холбоо барьж хэлэхээр нь би үхрээ тоолж үзтэл хоёр үхэр дутсан байсан юм. Тэгээд сумын хэсгийн төлөөлөгч дээр тэмдэглүүлэх гэж очтол надад үхрийн толгойны зураг үзүүлсэн тэгэхэд миний дутсан хоёр үхрийн толгой мөн байсан. Имийг нь асуутал зүрх имтэй гэж хэлсэн нутагтаа манай үхэрнүүд зүрх имтэй юм. Хамгийн сүүлд малын тоогоор 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр малаа тоолуулахад байсан, тэрнээс хойш л алга болсон байна. Хөх зүсмийн сарлагийн шар зөв талын чихэндээ зүрх имтэй шар ээмэгтэй байсан ээмэгний дугаар нь 002083 гэсэн дугаартай, мухар хар зүсмийн эрлийз бух имгүй энэ нь сүүлд хүнээс авсан юм. Би толгой байгаа газар дээр нь очиж үзсэн, зургийг нь ч үзсэн тэгэхэд зүс болон им, ээмэгний дугаараар нь таньж байна. Хөх сарлагийн шарыг 800.000 төгрөгөөр, эрлийз хар зүсмийн бухаа 1.000.000 төгрөгөөр нийт 1.800.000 төгрөгөөр үнэлж байна. Одоогоор сэжиглэсэн хүн байхгүй байна. Хулгайчийг олж хохирлыг барагдуулж өгөхийг хүсэж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 дүгээр тал/

            * Хохирогч Ё.Батсайханы өгсөн:

            “...2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн нутаг Ихэр гэх гэх газар руу адуугаа бэлчээсэн юм. Хөдөө гэртээ ихэнхдээ ганцаараа байдаг болохоор адуугаа хүнээс сураг тавьж явсаар 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Ихтамир сумын Бугат багийн нутаг Ихэр гэх газраас адуугаа хурааж тоолтол 3 адуу зүсээрээ дутаж байхаар нь ойр орчмоор хайгаад явж байхад уулын модны захад миний хээр зүсмийн нэг адуу үхчихсэн хэвтэж байсан. Би үзэхдээ хөл нь гэмтчихсэн явж байгаад үхчихэж гэж бодсон. Тэгээд нөгөө хоёр адуугаа хайгаад явтал олдохгүй болохоор нь ойр хавийн хүмүүст захиад аймгийн төв рүү ах, дүү нартаа 2 адуу алга болсон талаар хэлээд юмыг яаж мэдэхэв мэдэж байгаарай гэж хэлсэн юм. Тэрнээс хойш сураг гарахгүй байсаар 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр таньдаг цагдаа найз маань над руу утасдаад Архангай аймгийн Ихтамир сумын нутаг Яргайтын эрүү гэх газар бургасан дунд адуу үхэр шулсан бололтой толгойнууд нь байна гэсэн тэгэхээр нь би намайг тухайн үед адуугаа алдах цаг хугацаанд үхрээ алдсан Гангаа буюу Ганхуяг гэх залууг дагуулаад тэр хэлсэн газарт нь очиж үзэхэд миний алга болсон хоёр морины толгой байсан, Гангаа буюу Ганхуяг гэх залуугийн алдсан 2 үхрийн 1 үхрийн толгой байна гэж хэлж байсан. Тэгэхдээ тэнд 3 үхрийн толгой байсан. Хоёр үхэр нь өөр хүнийх байна даа гэж бид хоёр ярилцаад өнгөрсөн. Тэгээд бид хоёр гэр рүүгээ буцаад маргааш нь би Ихтамир сумын хэсгийн төлөөлөгчтэй аймгийн төв дээр очиж уулзаж тэр бургасан дунд байгаа 2 адууны толгой миний адуу гэж хэлсэн. Толгой шийр хоёрыг нь хараад би өөрийнхөө адуу мөн гэж шууд таньсан. Нэг нь шарга зүсмийн нас нийлсэн морь чандмань тамгатай имгүй нөгөө нь хүрэн зүсмийн нас нийлсэн чандмань тамгатай, имгүй морь байсан юм. Нэг морийг нь 800.000 төгрөгөөр бодож нийт 1.600.000 төгрөгөөр үнэлж байна. Надад одоогоор сэжиглэж байгаа хүн байхгүй байна. Тухайн үед үхсэн байсан морийг би миний адууг хулгайлах гэж байгаад барьж чадахгүй бэртээж орхисон байх гэж бодож байна. Тэр морь тухайн үед ямар ч гэмтэл бэртэлгүй цоо эрүүл морь байсан. Хээр зүсмийн бүдүүн морь чандмань тамгатай, имгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-38 дугаар тал/

            * Хохирогч Ц.Ганхуягийн өгсөн:

“...Би 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хавьцаа байх гэж бодож байна яг хэдэн байсныг сайн мэдэхгүй байна Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн нутаг Ихэр гэх гэх газар руу үхэрнүүдээ бэлчээсэн юм. Тэгээд 3 хоногийн дараа үхэрнүүдээ хураах гэж очтол 2 хэсэг салчихсан байхаар нь хурааж нийлүүлээд бүртгэж тоолтол 3 үхэр дутуу байсан. Тэгэхээр нь ойр хавиар байгаа байх гэж бодоод 7 хоног тэр хавиин ойр орчмоор хайгаад хүнээс сураг асуугаад чимээ гарахгүй удсан. Бас Батсайхан гэх нутгийн залуу манайхыг үхрээ алдах үеэр 2 морио алдсан байсан. Тухайн үед манай хоёрын үхэр, адуунууд нэг дор газар бэлчиж байсан юм. Тэгсэн Батсайхан ирээд Ихтамир сумын яргайтын эрүү гэх газарт бургасан дунд адуу, үхэрний толгойнууд байна гэж хүн хэл хүргэлээ хоёулаа очиж үзье гээд бид хоёр хамт мотоциклиор очиход 2 адуу, 3 үхрийн толгой тэр хэлсэн газар нь байсан очоод үзтэл манай алдсан сарлагийн эвэртэй халзан үхрийн толгой мөн байсан. Өөр 2 үхрийн толгой байсан нь миний алдсан үхэрийн толгой биш байсан. Батсайхан ч тэнд байсан 2 морины толгойг хараад өөрийнхөө мориных мөн байна гэж шууд таньж байсан. Тэгээд бид хоёр гэр рүгээ буцсан. Маргааш нь Батсайхан аймгийн төв орж цагдаад мэдэгдэнэ гэж явсан. Толгойг нь харахад танигдаж байсан имийг нь үзтэл зөв талдаа догол, буруу тал нь урдаасаа хөндлөн имтэй байсан манай үхэрнүүд бүгд адилхан ийм имтэй болохоор би шууд өөрийнхөө үхрийг гэж таньж байна. Нэг нь эвэртэй халзан сарлагийн шар, хоёр дахь нь ягаан бөөрлөг ортоомын соёолон шар, гурав дахь нь мухар хар сувай үнээ байсан. Нэг үхрийн 900.000 төгрөгөөр бодож нийт 2.700.000 төгрөгөөр үнэлж байна. Надад одоогоор сэжиглэж байгаа хүн байхгүй байна. Хээр зүсмийн бүдүүн морь чандмань тамгатай, имгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-42 дугаар тал/

* Гэрч Б.Ариунсайханы өгсөн:

“...2016 оны 12 дугаар сард би өдрийг нь санахгүй байна намайг ажил дээрээ байж байх үед 12 цагийн орчимд нэг 20-63 АРХ улсын дугаартай цагаан өнгийн Портер маркийн автомашин жолоодсон ах манай угаалгын газар ганцаараа ирээд машинаа угаалгасан тухайн үед тэр ах бага зэрэг архи уусан архи үнэртэж байсан тэр ах машинаа орхичихоод угаачихаарай гэж хэлээд өөрөө яваад өгсөн. Тэгээд тэр ахын Портер маркийн авто машиныг угааж байх үед тэр машины тэвшин дээр 2 ширхэг запас дугуй, нэг ширхэг гинж гэмээр төмөр харагдаж байсан машины тэвш бага зэрэг цус болсон байдалтай, 2 ширхэг запас дугуй сэвс юм уу цус болсон байсан. Тэгээд тэр машиныг угааж дуусаад байж байхад машин угаалгасан ах нилээн удаж байгаад 15 цагийн орчимд нэг ахтай хамт ирээд машин угаалгасан тооцоогоо хийгээд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр тал/

* Гэрч Д.Оюунбилэгийн өгсөн:

“...2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр малын тоо болоод би нөхрийн хамт тоонд явсан юм. Тэгээд сумын төв, аймаг гэж явсаар хөдөө гэртээ 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ирсэн тэгэхэд манай хүү Энхтүвшин малаа хараад үлдсэн байсан. 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр аймагт байдаг манай хүү утсаар бид хоёртой холбогдож Батсайхан гэх хүн таныг сураад танайх үхрээ алдсан уу гэж асуугаад байна үхэрнүүд чинь бүрэн юм уу гэхээр нь манай нөхөр хүүтэйгээ хамт үхрээ тоолоод өмнө дошоод алга болсон үхэрнээс гадна дахиад нэг үхэр байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр бид хоёр сумын төв орж хэсгийн төлөөлөгчид малаа тэмдэглүүлэх гэж ортол хэсгийн төлөөлөгч бид хоёрт хэдэн үхрийн толгойны зураг үзүүлэхэд өмнө алга болсон сүүлд нь алга болсон хоёр үхрийн толгой байхыг үзээд мөн байна гэж хэлсэн. Тэгэхэд хэсгийн төлөөлөгч хэзээ шулсаныг нь мэдэхгүй байна. Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн нутаг Яргайтын эрүү гэх газарт бургасан дунд шулсан бололтой сэвс, толгойг нь хаясан байна гэж хэлсэн. Эхлээд алга болдог нь мухар хар зүсмийн эрлийз бух имгүй, дараа нь алга болдог нь хөх зүсмийн сарлагийн шар зөв талын чихэндээ зүрх имтэй үхэр байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар тал/

* Гэрч Т.Энхтүвшингийн өгсөн:

“...2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр аав, ээж хоёр малаа тоолуулчихаад өөрсдөө малын тоонд явсан. Тэгээд ирэн очин явсаар 12 дугаар сарын 20 хүргэсэн байх, би тэр хойгуур нь малаа хараад үлдсэн байсан. Тэгэхэд дошоод явсан үхрээ олно гэж бодоод тоолуулсан тэгэхэд манай үхэрнүүд бүрэн байсан. Би ганцаараа байсан болохоор үхрээ хурааж амжаагүй явсан. Тэгээд аав, ээж хоёрыг ирэхээр нь үхрээ хурааж авчирсан тэгсэн аав үхрээ тоолоод бүртгэье гээд бид хоёр хамт үхрээ тоолж бүртгэхэд өмнө алга болсон дошоод яваад олдохгүй байсан үхэрнээс гадна ахиад нэг сарлагийн шар дутуу байсан. Тэгээд аав намайг хайж бай гээд өөрөө ээжтэй хамт сумын төв орсон, тэгэхдээ цагдаатай уулзаж үхрээ тэмдэглүүлэх санаатай орохдоо үхрээ шулагдсан гэдгийг мэдсэн. Дошоод яваад олдохгүй байсан нь мухар хар зүсмийн эрлийз бух имгүй, дараа нь бүртгэхэд байхгүй байсан нь хөх зүсмийн сарлагийн шар зөв талын чихэндээ зүрх имтэй үхэр байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46 дугаар тал/

* Гэрч П.Батболдын өгсөн:

“...Х.Уртнасан, А.Жаргалбаяр нарыг танина. Хоёулаа манай хүргэнүүд байгаа юм. Х.Уртнасангийн хувьд манай эгчийн охин Энхтуяатай 2010 онд сууж байсан. Хүнд тусархуу, үг дуу цөөтэй, элдэв буруу зан байхгүй. А.Жаргалбаярын хувьд Батцэнгэл сумаас манайд хүргэн болж ирсэн мөн тусархуу эхнэр, хүүхдүүддээ халамжтай, буруу ааш зангүй, хүнтэй мэндтэй устай явдаг хүн, яриа хөөрөөтэй хүн байгаа юм. Урьд өмнө нь хулгай хийж байсныг нь би мэдэхгүй юм байна. миний хувьд л өмнө нь хулгай хийлээ гэж сонсогдож байгаагүй. Тэгэхээр би энэ хоёрыг хулгай хийж байгаагүй гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 47 дугаар тал/

* Гэрч Х.Цэрэндэжидын өгсөн:

“...Х.Уртнасан, А.Жаргалбаяр нарыг танина. Энэ хоёр хүн нь манай нөхрийн талын хүргэнүүд байгаа юм. Х.Уртнасангийн хувьд болохоор үг цөөтэй, хүнд тусархуу, ар гэртэй ажилтай, эхнэр, хүүхдүүддээ халамжтай, элдэв буруу аашгүй, харин А.Жаргалбаярын хувьд мөн тусархуу, хүнтэй яриа хөөрөөтэй, ар гэртэй халамжтай, элдэв буруу зуршил аашгүй хүмүүс. Миний хувьд энэ хоёрыг өмнө хэрэг төвөгт орооцолдож асуудал үүсгэлээ гэж сонсож байгаагүй. Миний хувьд өмнө нь хулгай хийж байгаагүй гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 48 дугаар тал/

* Гэрч Г.Мөнгөний өгсөн:

“...Тиймээ би нэрийг нь мэдэхгүй байна 2016 оны 12 дугаар сарын эхээр санагдаж байна нэг танихгүй залуу надтай ирж уулзаад бухны мах байна авах уу гэж асуусан юм тэхээр нь би үзэж хараад бухны махыг нь жинлэж үзээд 480.000 төгрөгөөр авахаар болсон. Тэгээд 400.000 төгрөг бэлнээр тоолж өгөөд толгой гарал үүслийг нь авч ирээд үлдсэн 80.000 төгрөгийг нь ав гэхэд тэгье гарал үүсэл нь байгаа гэж хэлээд явсан. Тэгээд тэр залуу эргэж ирээгүй би тэр залууг танихгүй. Тэр үед тэр залуу миний өөрийн бух байгаа юм мөнгөний хэрэг гараад зарах гэсэн юм гэж хэлж байсан. Би 2012 оны 11 дүгээр сараас эхэлж бухны мах худалдаж авч байгаа би бухны махыг гэрээгээр Улаанбаатар хот руу оруулж зардаг юм. Би тэр талаар мэдэхгүй. Тэр залуу надад хулгайн мах гэж хэлээгүй миний өөрийн мал байгаа юм гэж хэлж байсан би тэр залуугаас худалдаж авах үедээ сайн асууж тодруулж байж авсан. Хулгайн бухны мах байсан талаар одоо л мэдэж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 дүгээр тал/

 

* Гэрч С.Болдбаатарын өгсөн:

 

“...Х.Уртнасан, А.Жаргалбаяр гэх хүмүүсээс 2016 оны 12 дугаар сарын 10-дын үед санагдаж байна намайг өглөө эрт зах дээр зогсож байх үед нэг танихгүй залуу ирээд мах авах уу гэж асуусан тэхээр нь би үзье гэж хэлсэн. Тэгээд би Алтай гэх ченж найз эмэгтэйн хамтаар махыг нь Тэрх худалдааны төвийн хажуу талд очиж үзсэн тэр үед цагаан өнгийн Портер маркийн автомашины тэвшин дээр адуу болон үхрийн мах ачсан байсан тэр үед машин дээр нь нэг залуу байсан нийт 2 залуу Алтай бид 2-т 4 үхэр 2 адууны мах зарсан. Тухайн үед мах нь туранхай мах байсан учир жинлэж үзээд 1.800.000 төгрөгөөр худалдан авсан. Тухайн үед махыг нь худалдаж авах үедээ гарал үүсэл нь хаана байна гэхэд гарал үүсэл нь байгаа эгчээ айлд орхисон байна одоо аваад ирье гээд байхаар нь би за тэгвэл зургаа даруул гэж хэлээд машиных нь хажууд нэг залууг нь зогсоож байгаад үхэрнийх нь толгойг тавьж байгаад зургыг нь гар утас дээрээ дарж аваад үлдсэн. Тэр 2 залуу хэлэхдээ мөнгөний хэрэг гараад явж байгаа юм эгчээ манай өөрийн мал байгаа юм би гарал үүслийг нь айлд орхичихсон байна одоо аваад ирье гээд байсан би хулгайн мал болох талаар мэдээгүй. Тэр хавьд зөндөө олон арьс ширний ченж болон олон хүмүүс байсан. Би хулгайн эд зүйл худалдан авч болохгүй талаар мэднэ. Бид хулгайн эд зүйл орж ирвэл цагдаагийн газрын эрүүгийн албанд мэдэгддэг. Тухайн үед бол олон хүмүүсийн дэргэд худалдаж авсан бас миний өөрийн мал байгаа юм гарал үүсэл нь байгаа айлд орхичихсон байна одоо аваад ирье гээд байхаар нь би тийм л юм байх гэж бодоод зургийг нь аваад явуулсан хулгайн малын мах гэж мэдээгүй. Тэр 2 залуу цагаан өнгийн Портер маркийн авто машинтай явж байсан. Би дугаарыг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр тал/

 

* Сэжигтэн, яллагдагчаар Х.Уртнасангийн өгсөн:

 

“...би өмгөөлөгчгүй байцаалт өгөхөд татгалзах зүйл байхгүй. 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байх гэж санаж байна. Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн нутаг Ихэр гэх газар өвөлжөөн дээрээ гэртээ байхад хуцны хашаа руу мухар хар эрлийз гэмээр бух орчихсон мараа долоогоод байхаар нь хөөгөөд гаргахаар эргэж орж ирж байсаар манай гадна 3 хоносон. Тэгээд гэнэт миний уур хүрээд гэрийн өрх даруулдаг байсан тракторын гинжний хэсэг төмрийг авч мухар хар эрлийз гэмээр бухны ууц хэсэг рүү нь 3 удаа цохисон. Тэгэхэд тэр бух газар хэвтээд босч ирэхгүй манай гадаа 1 хонохоор нь эзэн нь ирээд асуудал болох байх гэж бодоод айсандаа цохиж гэмтээсэн бухаа хэвтэж байсан газар нь гаргаж янзалсан. Тэгээд нөгөөдөр нь буюу 2016 оны 12 дугаар сарын 05-06-ны өдрийн аль нэгэнд сайн санахгүй байна гаргаж янзалсан бухныхаа махыг мотоцикль дээрээ ачаад аймгийн төв рүү шөнийн 00 цагийн үед орж ричланд нэртэй газарт авч очоод дотогшоо орж нэг хөгшиндүү ахтай уулзаж бухны мах байна авах уу гэхэд авъя гэсэн тэгээд жин дээр тавиад жинлэж үзээд 480.000 төгрөгөөр авъя болох уу гэхээр нь би тэг тэг гэхэд мөнгөө тоолоод надад бэлнээр 400.000 төгрөг өгсөн, 80.000 төгрөгийн бухныхаа толгойг авч ирээд аваарай гэж хэлэхээр нь би яваад аймгийн төвд ээжийнхээ гэрт хоночихоод өглөө нь хөдөө гэр рүүгээ нийслэл нэртэй 2.5 литрийн пиво 6 савыг аваад буцсан. 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэж санаж байна, яг хэдэн байсныг сайн санахгүй байна бүтэн сартай их гэгээтэй орой байсан. Би гэрээсээ Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн нутаг Шувуут гэх газар байх Жаргалбаярын гэрт очиж найзад нь мөнгө хэрэгтэй байна гэхэд урд отороор ирсэн айлын үхэрнүүд байгаа тэндээс авч янзлаад зарья гэхээр нь тэгье гэж тохиролцоод шууд Жаргалбаярын гэрийн гадна байсан адуунуудаас нь хээр морь, хар морь хоёр бариад эмээллээд бид хоёр. морио унаж 21 цагийн үед Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн нутаг Шувуут гэх газар бэлчээрт байсан үхэрнүүдээс салгаж 3 үхрийг туугаад Ихтамир сумын Бугат багийн нутаг Ихэр гэх газарт байх өөрийн гэрийнхээ гадагшаа тууж явах замд нэг хөх сарлагийн шар нийлчихсэн юм тэгээд хамтад нь тууж явсаар гэрийнхээ гадна ирсэн. Тэгээд Жаргалбаяр бид хоёр манай гэрийн гадна тууж авчирсан 4 үхрээ гаргаж янзалчихаад байж байхад гэрийн гадна 4 азарга орчим адуу ойртоод ирэхээр нь 1 азарга адууг нь Жаргалбаяр бид хоёр мориороо тууж хонины хашаа руу шахаж оруулаад дотроос нь хоёр морь барьж аваад бүсдыг нь гаргаад явуулсан. Тэгээд хоёр морио бас гаргаж янзалсан. Жаргалбаяр бид хоёр тууж авчирсан үхэрнүүдээ янзалж байхдаа аймгийн төвөөс авчирсан нийслэл пивоноос 4 савыг нь уусан. Тэгээд маргааш орой нь Жаргалбаяр өөрийнхөө 20-63 АРХ улсын дугаартай цагаан өнгийн портерыг унаж ирээд бид хоёр машин дээр нь хулгайлсан үхэр адууныхаа мах арьс шир толгой, сэвс, пивоны сав зэргийг бүгдийг нь бас би өмнө нь гаргаж янзалсан мухар хар эрлийз бухныхаа толгойг хамт ачаад Архангай аймгийн Ихтамир сумын нутаг Эрдэнэтолгой багийн нутаг Яргайтын эрүү гэх газарт ирээд бургасан дунд орж зогсоод 2 адуу, 4 үхрийн толгой. адууны шийрнүүд, пивоны 6 сав, сэвс зэргийг харчихаад ягаан бөөрлөг ортоомын эр үхрийн толгой, хар сарлагийн үнээний толгойг нь хаяхгүй машин дээрээ үлдээгээд шөнийн 00 цагийн үед аймгийн төв рүү даваа уруудаад ороод ирэхэд постон дээр цагдаа байхгүй болохоор нь бид хоёр пост дөнгөж өнгөрөөд доошоо салдагаар орж ганц модны рашааны доохон талд зогсож машиндаа хоночихоод өлөө нь “Тэрх” худалдааны төвийн хажууд машинаа зогсоогоод махны ченж нар дээр очиж мах авах хүн байгаа эсэхийг асуухад Алтай гэх нэг эгч авъя гээд жин авчираад жинлэж үзсэн ч юм байхгүй тодорхой юм байна гээд бид хоёрт 1.800.000 төгрөг өгсөн. Гарал үүсэл нь хаана байгаа юм гэж бид хоёроос асуухаар нь авч ирээд өгье гэж хэлэхэд намайг машины хажууд хоёр үхрийн толгойтой хамт зогсоож байгаад зураг дарж авсан. Арьс ширний олон ченж нар ирээд булаацалдаад шахуу надаас 90 гаруй мянган төгрөгөөр авсан. Бид хоёр тэгээд "Одод' нэртэй караокений доод талд байдаг угаалгын газарт Жаргалбаярын машины мах ачаад цус болсоныг угааж цэвэрлүүлээд харьцгаасан.  Миний            өмнө нь санаандгүй алчихаад эзнийг нь мэдэхгүй болохоор махлаж янзалаад зарсан үхэр бол эрлийз мухар хар зүсмийн бух байсан. Би Жаргалбаярын хамт бэлчээрээс нь морьтой очиж тууж авч яваад гаргаж янзалсан юм. Аймгийн зах дээр зогсдог ченж Алтай гэх эмэгтэй хүнд 1.800.000 төгрөгөөр өгсөн. Бид хоёр хоёулаа ярилцаад санаа нийлээд хулгай хийх болсон. Жаргалбаярын цагаан өнгийн портер маркийн 20-63 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр ачиж явсан. Жаргалбаяр бид хоёр л байсан. Бид хоёр өөр хулгай хийсэн зүйл байхгүй.

Би Архангай аймгийн Тариат суманд хэдэн сар сургуульд сурсан. Тэгээд бие дааж бичиг үсэг сурсан. Одоо уншиж бичиж чадна. Би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө мэдүүлэг өгөхдөө бүх зүйлээ үнэн зөвөөр нь нэг нэгэнгүй мэдүүлсэн. Одоо надад өөр нэмж яриж зүйл байхгүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин хулгай хийхгүй. Би одоохондоо хохирол төлбөрөө өгөөгүй байгаа. Удахгүй хохирлыг өгч хохирогч нарыг гомдолгүй болгох болно. Би сар өдрөө яг тодорхой санахгүй байна. Миний санаж байгаагаар нэг тооны бухыг 2016 оны 12 дугаар сарын 10-20-ны хооронд хулгайлсан санагдаж байна. Би эхний бухыг гэрийнхээ гадаа ирэхээр нь алж янзлаад өөрийнхөө эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоциклиор аймгийн төв рүү махыг зөөж зарсан. Дараа нь Жаргалбаяртай хамт хулгайн гэмт хэрэг үйлдэх үедээ А.Жаргалбаярын адуунаас нэг тооны алаг зүсмийн морь барьж авч унаж хулгайн гэмт хэрэг үйлдсэн. А.Жаргалбаяр бид 2 нэг, нэг морь барьж авч унаад гэмт хэрэг үйлдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 73-74, 81-83 дугаар тал/

* Сэжигтэн, яллагдагчаар А.Жаргалбаярын өгсөн:

“...манайх Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн нутаг Шувуут гэх газар отроор бууж өвөлждөг. 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр юм уу 13-ны өдрийн аль нэгэнд байх би өдрийг нь сайн санахгүй байна. Уртнасан манайд 17 цагийн үед ирж хуучилж суугаад надад мөнгөний хэрэг гараад байна, хоёр, гурван үхэр хулгай хийчихвэл яадаг бол гэж надаас асуухаар нь баригдчихвал балай юм болно ш дээ гэхэд баригдахгүй ээ хоёулаа гэхээр нь за тэгвэл хамт явъя гээд манай гаднаас морь бариад бид хоёр 20 цагийн үед Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн нутаг Шувуут гэх газар гэрийнхээ урд талаас бөөн үхэрнүүдээс тастаад 3 үхэр туугаад Ихтамир сумын Бугат багийн нутаг Ихэр гэх газарт байх Уртнасангийн гэрийн зүгт явж байхад замд хөх сарлагиин шар нийлчихээр нь хамт туугаад Уртнасангийн гэрийн гадна ирээд хашчихаад шууд гаргаж янзалж эхэлсэн. Малаа гаргаж байхдаа бид хоёр том пиво 2 савыг уусан. Тэгээд тууж авчирсан 4 үхрээ махлаж янзалж дуусчихаад би явлаа гэхэд Уртнасан гэрийнхээ гадна байсан 4 хэсэг адуунуудаас 2 адуу нэмээд гаргачихья гэхээр нь за тэгье гээд морио унаж очоод нэг хэсэг адууг нь хонины хашаа руу нь тууж оруулаад хашиж байгаад дотроос нь хоёр адуу барьж аваад бусдыг нь гаргасан. Барьж авсан хоёр адуугаа бас махлаж янзалж дуусчихаад амбаарт нь махнуудыг нь хийчихээд би харих гэтэл Уртнасан маргааш машинаа аваад ирээрэй хоёулаа махаа зөөе гэхээр нь би чи өөр машинаар зөө би болье гэхэд одоо хоёулаа нэгэнт хийчихсэн юм чинь чинийхээр зөөе гэхээр нь би за тэгье гээд харьсан. Тэгээд маргааш орой нь 22 цагийн орчим би өөрийнхөө 20-63 АРХ улсын дугаартай цагаан портер машинаар Уртнасангийн гэрт очиж янзалсан малынхаа махыг ачиж аймгийн төв рүү хөдөлсөн, явж байх замдаа Архангай аймгийн Ихтамир сумын Яргайтын эрүү гэх газарт бургасан дунд орж зогсоод бид хоёр бууж сэвс, 2 адуу, 3 үхрийн толгой, адууны шийрнүүдийг нь хаячихаад хар сарлагийн үнээ, бөөрлөг зүсмийн ортоомын үхрийн толгойг нь хаяагүй аваад хөдөлсөн. Тэгээд шөнийн 00 цаг өнгөрч байх үед аймгийн төв рүү даваа уруудаад ороод ганц модны рашааны доохон талд машин дотроо сууж хоносон. Өглөө нь аймгийн Тэрх худалдааны төвийн хажууд зогсоод Уртнасан бууж хүмүүстэй уулзаж байгаад Алтай гэх эгчийг дагуулж ирээд махаа 1.800.000 төгрөгөөр өгсөн. Уртнасан Алтай гэх эгчтэй ярьж байгаад миний машины хажууд зургаа авахуулаад байсан. Арьс ширийг нь баахан ченж нар ирээд аваад яваад өгсөн. Тэгээд өдөр нь “Одод” нэртэй караокений хажуу талын угаалгын газарт машинаа угаалгачихаад харьцгаасан. Би 300.000 төгрөг Уртнасангаас авсан. Шарга зүсмийн бүдүүн морь 1, хүрэн зүсмийн бүдүүн морь 1, ягаан бөөр алаг зүсмийн ортоомын эр үхэр 1, хөх сарлагийн шар 1, том эвэртэй сартай хар сарлагийн үхэр 1, хар зүсмийн сарлагийн сувай үнээ 1 байсан. им тамга гэх зүйлийн нь мэдэхгүй байна. Би X.Уртнасангийн хамт бэлчээрээс нь морьтой очиж тууж X.Уртнасангийн гэрийн гадна янзалж махлаж зарсан. Х.Уртнасан бид хоёр Алтай гэх эгчид 1.800 000 төгрөгөөр өгсөн.  Х.Уртнасан над дээр ирээд хулгай хийх санааг гаргаж би хамт явсан. Миний эзэмшлийн цагаан өнгийн портер маркийн 20-63 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр ачиж явсан. Уртнасан бид хоёр байсан. Өөр хулгай хийсэн зүйл байхгүй.

Би өмгөөлөгч Б.Алтанчимэгийн хамт мэдүүлэг өгнө. Би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө мэдүүлэг өгөхдөө үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн. Одоо дахин өгөхгүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Уртнасан бид хоёр хохирлоо барагдуулаагүй байгаа. Удахгүй хохирогч нарыг гомдолгүй болгоно. Би хохирлоо төлж барагдуулна. Би өдөр усыг нь бол тодорхой сайн хэлж мэдэхгүй байна. миний бодож байгаагаар би 2016 оны 12 дугаар сарын 10-20-ны хооронд л хулгайн гэмт хэрэг үйлдсэн. Би тухайн өдөр хулгай хийхдээ өөрийнхөө эзэмшлийн хээр зүстэй морийг унаж яваад 4 тооны сарлагийн үхрийг тууж Уртнасангийн гадаа аваачиж үхрийг алсан. Мөн Уртнасангийн гадаа ирсэн 4 азарга адуунаас өөрийнхөө хээр морийг унаж 2 морь хашиж барьж аваад алж нядалсан. Тэгээд хулгайлсан 4 үхэр, 2 адууныхаа махыг төрсөн дүү Батдэлгэрийн нэр дээр байдаг өөрийнхөө эзэмшлийн 20-63 АРХ улсын дугаартай портер маркийн машин дээр ачиж аймгийн төвд зарж борлуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 76-77, 78-79 дүгээр тал/

 

* Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-5 дугаар тал/

* Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-8, 14, 17, 21 дүгээр тал/

* Хохирогч Ё.Батсайханы 2 тооны адууны үнэлгээ /хх-ийн 28 дугаар тал/

* Хохирогч Д.Тэгшжаргалын 2 тооны үхрийн үнэлгээ /хх-ийн 29 дүгээр тал/

* Хохирогч Ц.Ганхуягийн 3 тооны үхрийн үнэлгээ /хх-ийн 30 дугаар тал/

* Хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 56 дугаар тал/

* Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн Засаг даргын 2017 оны  03 сарын 07-ны өдрийн 104 тоот тодорхойлолт /хх-ийн 83 дугаар тал/

*  Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн Засаг даргын 2017 оны 03 сарын 06-ны өдрийн 63 дугаартай тодорхойлолт /хх-ийн 84 дүгээр тал/

*  Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн Засаг даргын 2017 оны 03 сарын 06-ны өдрийн 62 дугаартай тодорхойлолт /хх-ийн 85 дугаар тал/

* А.Жаргалбаярын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 90-91 дүгээр тал/

* Х.Уртнасангийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 92-93 дугаар тал/, эд мөрийн баримт зэргийг тус тус шинжлэн судлав.  

 

Шүүгдэгч Х.Уртнасан нь 2016 оны 12 дугаар сард Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн нутаг дэвсгэр “Ихэр” гэх газраас иргэн Д.Тэгшжаргалын 1 тооны хар зүсмийн бухыг хулгайлан авч 1.000.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, давтан үйлдлээр шүүгдэгч А.Жаргалбаяртай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 10-20-ны өдрийн хооронд Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн нутаг дэвсгэр “Ихэр” гэх газраас иргэн Д.Тэгшжаргалын 1 тооны үхэр, Ё.Батсайханы 2 тооны адуу, Ц.Ганхуягийн 3 тооны үхрийг тус тус хулгайлан авч бусдад 4.600.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн: хохирогч Д.Тэгшжаргалын “...би үхрээ тоолж үзтэл хоёр үхэр дутсан байсан юм. Тэгээд сумын хэсгийн төлөөлөгч дээр тэмдэглүүлэх гэж очтол надад үхрийн толгойны зураг үзүүлсэн тэгэхэд миний дутсан хоёр үхрийн толгой мөн байсан...” гэх мэдүүлэг, хохирогч Ё.Батсайханы “...Ганхуяг гэх залууг дагуулаад тэр хэлсэн газарт нь очиж үзэхэд миний алга болсон хоёр морины толгой байсан, Гангаа буюу Ганхуяг гэх залуугийн алдсан 2 үхрийн нэг үхрийн толгой байна гэж хэлж байсан. Тэгэхдээ тэнд 3 үхрийн толгой байсан. Хоёр үхэр нь өөр хүнийх байна даа гэж бид хоёр ярилцаад өнгөрсөн...” гэх мэдүүлэг, хохирогч Ц.Ганхуягийн “...Батсайхан ирээд Ихтамир сумын яргайтын эрүү гэх газарт бургасан дунд адуу, үхэрний толгойнууд байна гэж хүн хэл хүргэлээ хоёулаа очиж үзье гээд бид хоёр хамт мотоциклиор очиход 2 адуу, 3 үхрийн толгой тэр хэлсэн газар нь байсан очоод үзтэл манай алдсан сарлагийн эвэртэй халзан үхрийн толгой мөн байсан. Өөр 2 үхрийн толгой байсан нь миний алдсан үхрийн толгой биш байсан. Батсайхан ч тэнд байсан 2 морины толгойг хараад өөрийнхөө мориных мөн байна гэж шууд таньж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Ариунсайхан, Д.Оюунбилэг, Т.Энхтүвшин, П.Батболд, Х.Цэрэндэжид, Г.Мөнгөн, С.Болдбаатар нарын мэдүүлэг болон шүүгдэгч Х.Уртнасан, А.Жаргалбаяр нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэргийн бүрдэл хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Х.Уртнасанг давтан үйлдлээр А.Жаргалбаяртай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн, А.Жаргалбаярыг Х.Уртнасантай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдалд тохируулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял оногдуулах нь үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч А.Жаргалбаяр нь 2000 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Архангай аймгийн сум дундын шүүхийн 173 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д “тэнсэж хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол” ялгүй болно гэж заасан ба, шүүгдэгч А.Жаргалбаяр нь хуульд заасан хугацаанд гэмт хэрэгт холбогдоогүй, ялтай байдал нь арилсан байх тул түүнийг ялгүй болсон гэж үзнэ.

 

Шүүгдэгч Х.Уртнасан нь ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх ба шүүгдэгч нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нарт төлөх төлбөргүй, үйлдсэн хэрэгтэй чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлыг нөхөн төлсөн болон хувийн байдлыг харгалзан шүүхээс Эрүүгийн хуульд заасан хорих ял оногдуулж, нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж дүгнэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар Мөрдөн байцаагчийн 2017 оны 03 сарын 05-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нарын хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 2 тооны морийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасны хураан улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 002083 дугаартай малын ээмэг 1 ширхэг, нийслэл пивоны сав 3 ширхэг, эмээл 1 ширхэг, тохом 1 ширхэг, хазаар 2 ширхэг, хутга 2 ширхэг, төмөр 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй,  энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдан шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 284, 286, 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирлдлага болгон

                                                       ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овогт Хажидмаагийн Уртнасанг давтан үйлдлээр урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн, Падамба овогт Алтангэрэлийн Жаргалбаярыг урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Х.Уртнасанг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч А.Жаргалбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Х.Уртнасанд оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч А.Жаргалбаярт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг  тус тус жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгч Х.Уртнасангаас гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 650.000 төгрөгийн үнэлгээ бүхий нас нийлсэн 1 тооны морь, шүүгдэгч А.Жаргалбаяраас гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 650.000 төгрөгийн үнэлгээ бүхий нас нийлсэн 1 тооны морийг тус тус хурааж улсын орлого болгосугай.  

6. Эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.

7.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 002083 дугаартай малын ээмэг 1 ширхэг, нийслэл пивоны сав 3 ширхэг, эмээл 1 ширхэг, тохом 1 ширхэг, хазаар 2 ширхэг, хутга 2 ширхэг, төмөр 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

8.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч  Х.Уртнасанд оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар, шүүгдэгч А.Жаргалбаярт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус хянан харгалзаж,  мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар тэдгээрийн засрал хүмүүжилд хяналт тавихыг Архангай аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоолд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР