Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2021/0117

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны дөрөвдүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х ХХК,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Засаг дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: Дархан цаазат Богдхан уулын Арцатын амны хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулахаар эрх олгосон 2 га газрын ашиглах эрхийн гэрээг байгуулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар ашиглах гэрээ байгуулахыг даалгах,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М, хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Засаг дарга дээр нь очиж уулзаж байсан тул энэ тухайгаа шүүх хуралдаанд хэлэх байдлаар оролцоно. Энэхүү байгууллагын анхны захирал гэдэг нь би юм.

Хариуцагч нь гэрээгээ баталснаар гэрээ хүчин төгөлдөр болохгүй. Байгаль орчин аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалтай газар удирдлагын газрын дарга нь баталж байж энэ гэрээ хүчин төгөлдөр болдог. Тэгэхээр Хан-Уул Дүүргийн Засаг дарга гэрээ байгуулахгүй байгаа нь бидний батлуулах ажиллагаа нь бас дахин хойшлоод байгаа гэсэн үг.

Хан-Уул дүүргийн Засаг даргатай биечлэн уулзаж байсан. Гэрээ хариуцсан гэж хүн байдаг. Тэр хүнтэй уулзахад танай гэрээ нь Газар зохион байгуулалтын албанд байгаа гэхээр нь хайлгаж шүүлгэж явсан. Авлигатай тэмцэх газраас шалгалт ирсэн тул манайх гэрээ байгуулахгүй байгаа гэх мэтээр хойшлуулдаг байсан. Өөрсдөө холбогдоно гэдэг боловч ярьдаггүй.

Яамнаас эрхээ аваад 2018 онд гэрчилгээгээ аваад түүнээс хойш Хан-Уул Дүүргийн Засаг даргатай бичиг гэрээтэй холбоотойгоор удлаа. Хан-Уул Дүүргийн Засаг даргатай уулзаж байхад энэ гэрээтэй холбоотой зүйл удаад байдаг гэж хэлсэн. Би урьд нь Баянзүрх дүүрэгт ажилладаг байсан. Тэгэхэд гуравласан талаар ингэж удаж байгаагүй. Засаг дарга яагаад ингэж удаагаад байгааг сайн мэдэхгүй байна гэж хэлж байсан.

Энэ гуравласан гэрээг яаралтай байгуулж өгөх шаардлагатай байгаа. У******* нь төрийн бүх байгууллага нь газар ашиглах гэрээ шаарддаг. Жишээлбэл тог авах газартайгаа гэрээ байгуулаад мөнгөө өгсөн гэтэл техникийн нөхцөлөө авах гэтэл гуравласан гэрээ шаарддаг. Энэ гэрээг яаралтай байгуулах шаардлагатай байна. гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөөлөгч А.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч нь тухайн газар анх 2014 онд газар ашиглах зөвшөөрөл авсан. Түүнээс хойшоо шүүхээр маргаад, давхцал үүсээд энэ асуудал нь цэгцлэгдээд 2016 онд шинэ захирамж гараад гэрчилгээ нь бичигдэхгүй байсаар байгаад 2018 онд гараад гэрчилгээгээ авсны дараа Богд-хан уулын дархан цаазат хамгаалалтын захиргаанд хандаж өргөдлөө гаргаад 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гэрээ байгуулагдаад энэ гэрээг 05 дугаар сарын 30-ний өдөр хүлээж аваад, Хан-Уул Дүүргийн Засаг даргад 2019 оны 06 дугаар сард хандсан байдаг. Энэ түүнээс хойш 3 удаа гэрээ байгуулж өгнө үү гэх агуулгаар хүсэлт өгсөн боловч өнөөдрийг хүртэл гэрээ байгуулах үүргээ хэрэгжүүлэхгүй байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зөвхөн гэрчилгээ газар ашиглах тухай шийдвэр гаргана. Энэ шийдвэр гарсны дараа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу газар ашиглах гэрээг байгуулах ёстой. Газар ашиглах тухай шийдвэр гарсныг үндэслээд иргэн аж ахуй нэгж байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна гэсэн байдаг.

Гэрээнд Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8-т зааснаас гадна газрын төлбөр, төлөхтэй холбоотой үүрэг, газар хамгаалах талаар талуудын үүрэг, хариуцлага, хугацаа дууссан тохиолдолд газрыг эргүүлж авах журам, нөхөн сэргээх, гэсэн үндсэн зүйлүүдийг тусган гэрээгээ байгуулах ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл хариуцагчийн зүгээс үндэслэлгүй эс үйлдэхүй гаргаж байна. 06 дугаар сарын 03-ны өдрийн гуравласан гэрээг яагаад байгуулахгүй байгаа талаар хэлдэггүй. Хариуцагчийн тайлбарлаж байгаа тайлбараар бол Газар зохион байгуулалтын албанаас уламжлагдаж орж ирээгүй гэдэг. Энэ нь үндэслэлгүй тайлбар. Засаг даргад хандаж гуравласан гэрээ байгуулах хүсэлт гаргаж байхад Газар зохион байгуулалтын албанаас ирүүлнэ гээд өөрт байхгүй журам гаргаж ирээд түүгээр нэхэмжлэгчийн эрхийг хөндөөд байна.

Газрын тухай хуульд гэрээний асуудал нь газар ашиглахтай зайлшгүй холбоотой асуудал байдаг. Газар ашиглах гэдэг нь гэрээний үндсэнд тодорхой этгээд газрын үр шимтэй чанарыг ашиглаж хэлэхийг ойлгоно. Гэрээ байгуулагдаагүй байтал газар ашиглах төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх боломж байхгүй.

Хариуцагч талаас төлбөр ярьдаг. Төлбөрийг ч гэсэн гэрээ байгуулагдсаны дараагаар яригдах ёстой байтал түрүүлж албан бичиг өгөөд байгаа нь хуулийг зөв хэрэглэсэн гэж ойлгохгүй байна. Товчхондоо Засаг дарга болон Богд-хан уулын засаг захиргаа хуулийн этгээд нь гуравласан байдлаар гэрээ байгуулдаг. Хүсэлтийг уг нь хуулийн дагуу шийдвэрлээд явах бүрэн боломжтой.

Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ гэж заасан байдаг. Энэ заалтаараа Газар зохион байгуулалтын алба нь гэрээ байгуулаад явах асуудлыг шийддэг.

Гэтэл Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Сумын дүүргийн Засаг дарга нь бие даан шийдвэрлэх асуудал байгаа. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнөөсөө мэдээж заавар, зөвлөгөө авах байх. Үндсэн асуудлыг Засаг дарга гэрээнд гарын үсэг зураад асуудлыг бүрэн шийдвэрлээд явах боломжтой. Гэтэл хэрэгт авагдсан баримтаас 06 дугаар сарын 03-ны өдрийн бичиг нь танилцуулах гээд явсан боловч эргээд танилцуулагдаагүй. Хүсэлт нь уламжлагдаагүй гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тайлбарлаж байгаа. Газар зохион байгуулалтын алба нь үүргээ биелүүлээгүй юм байна. Гэхдээ ингэлээ гээд Засаг дарга нь гэрээ байгуулахгүй байгааг зөвтгөх үндэслэл болохгүй.

Засаг дарга нь Хамгаалалтын захиргаа нэгэнт гарын үсгээ зуруулаад ирсэн байгаа бол Засаг дарга нь алдаатай байна, гэрээнд нэмэлт зүйл оруулах эсэх талаар санал оруулаагүй бол гэрээнд гарын үсэг зурах бүрэн боломжтой. Гэрээ байгуулаад байгаа гол нөхцөл нь гэрээндээ мөнгөний асуудлаа хэд гэж тохирох, ямар нөхцөлөөр, хэд дэх улиралд нь төлөх гэх нарийн зүйлийг зохицуулж байж түүнийхээ дагуу дагаж мөрдөх асуудлууд үүснэ. Гэтэл Засаг даргаас гэрээгээ байгуулаагүй байж Засаг дарга нь мэдээд ч байгаа юм шиг, үгүй ч юм шиг байдлаар төлбөрөө эхлээд төлсөн тохиолдолд гарын үсэг зурна гэдэг нь хуульд байхгүй үндэслэл бөгөөд иргэн хүнийг цаг хугацаа их орсон асуудал болж байна. Гэрээ байгуулснаар төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлэх, санхүүгийн хувьд ч гэсэн хөрөнгө оруулалт татах, бусад байгууллагатай гэрээ байгуулах зэрэг ажиллагааг зогсоогоод байгаа юм. Хэрэв гэрээгээ хийсэн бол хувиараа гаргаад газрын төлбөр төлөх асуудал бий болно.

Гэрээ байгуулах энэ асуудлыг шийдвэрлээд зохих ёсоор энэ газрыг ашиглах харилцаа явж байгаа юм гэдэг зүйлийг нотолж өгөх нь чухал ач холбогдолтой байна. Яамнаас ашиглах эрх олгогдож байгаа асуудал ба гуравласан гэрээгээ байгуулсны дараа яамны тусгай хамгаалалттай газрын даргын удирдлагын дарга нь баталж эцсийн байдлаар хүчин төгөлдөр болно. Яг техникийн нөхцөл зэрэг авах гэхээр ямар ч боломжгүй. Гэрээ гэрчилгээ нь хамтдаа байж газар ашиглах харилцаа хууль ёсны дагуу байна. Мөн энэ хүсэлтийг шийдвэрлээгүй эсхүл орхигдуулсан байж магадгүй гэж үзэж байгаа тул бид нар нэхэмжлэлийн шаардлагыг эс үйлдэхүй гэж тодорхойлсон. гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн албан бичгийг холбогдуулан энэ нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан гэж ойлгож байна. 2019 оны 11 дүгээр сарын 17-ний өдрийн албан бичгээр Х ХХК нь гуравласан гэрээг батлуулахаар ямар ч гэрээ өгөөгүй.

Яагаад өргөн баригдаагүй вэ гэхээр өмнөх нэхэмжлэлийн шаардлагад дурдагддаг. Газар зохион байгуулалтын албатайгаа яриад байдаг. Дүүргийн Засаг дарга дээр ирдэггүй у******* энэ эс үйлдэхүй гэдэг асуудал яригдахгүй.

Шүүх хуралдааны явцад тодорхой боллоо. Эс үйлдэхүй гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэгч нь албан тоотуудаа хариу авч байсан байна. Засаг даргатай уулзаж байсан. Тамгын газрын даргатай ч уулзаж байсан гэдгээ хүлээн зөвшөөрлөө.

Бодит нөхцөл байдалт тургуулаад Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу газар ашиглуулах шийдвэр гарахад Дүүргийн Засаг даргаас санал авдаг. Энэ хуулийн хэрэгжилтийг Дүүргийн Засаг дарга хэрэгжүүлдэг. Нэхэмжлэгч талаас ярьж байгаа асуудал нь дандаа техникийн нөхцөл авах гэх мэт зүйл ярьж байна. Гэрээний үндсэн зорилго нь барилга барих байгаагүй у******* тэр бүгдийг Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу Газар зохион байгуулалтын албан хянадаг. Хянаад шалгасны дараа Засаг даргад уламжлагдаад шийдвэрлэгддэг ийм асуудлууд байгаа у******* эс үйлдэхүй гэдэг асуудал яригдахгүй. Гэтэл шүүх дээр өнөөдөр ирээд эс үйлдэхүй гэж яриад байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Х ХХК-иас Дархан цаазат Богдхан уулын Арцатын амны хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулахаар эрх олгосон 2 га газрын ашиглах эрхийн гэрээг байгуулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар ашиглах гэрээ байгуулахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгчид Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 03 дугаар сарын 01-ны өдрийн А/53 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн нутагт орших Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай, Богины ам нэртэй газарт 2 га газрыг ашиглах эрхийг олгож, 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 0160754 дугаартай улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээг олгожээ.

Улмаар 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2019/75 дугаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээг 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл байгуулахаар тохиролцож, гэрээнд нэхэмжлэгч болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны төлөөлөл гарын үсэг зуржээ.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна гэжээ.

Нэхэмжлэгчээс 2019 оны 06 дугаар сарн 03-ны өдрийн 01, 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 07, 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 11 тоот албан бичгүүдээр тус тус гурвалсан гэрээ байгуулах хүсэлтээ Хан-Уул дүүргийн Засаг даргад хүргүүлсэн байна.

Нэхэмжлэгчээс гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхгүй хууль бус гэж, хариуцагчаас нэхэмжлэгчийн гэрээ байгуулах хүсэлт Засаг даргад уламжлагдаагүй, танилцаагүй у******* эс үйлдэхгүй гаргаагүй гэж тус тус маргажээ.

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 11/758 дугаар албан бичгийн хавсралтаар ирүүлсэн ирсэн бичгийн бүртгэл хяналтын картуудаар нэхэмжлэгчийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 01 тоот албан бичгийг 2019 оны 06 дугаар сарын 04-ны өдөр, 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 07 албан бичгийг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр, 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 11 тоот албан бичгийг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хариуцагчид тус тус танилцуулж, хариуцагчаас холбогдох албан тушаалтнуудад шилжүүлжээ.

Дээрхээс дүгнэвэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гэрээ байгуулах хүсэлт Засаг даргад уламжлагдаагүй, танилцаагүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

Мөн Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 16/3894 дүгээр албан бичгээр ...Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээний 2.4, 2.5 дахь заалтын дагуу газрын төлбөрөө төлөөгүй зөрчилтэй байгаа тул Засаг даргад уламжлах боломжгүй гэж, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 01-09/5828 дугаар албан тоотоор ...Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.2-т заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх үүрэгтэй тул газрын төлбөрийг төлж барагдуулан Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах гэрээг батлуулах шаардлагатай... гэсэн хариуг тус тус өгчээ.

Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу газар эзэмших, ашиглахаар шийдвэрлэсний дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ногдуулах газрын төлбөрийн хувь хэмжээг тогтоож, сум, дүүргийн Засаг даргатай байгуулах газар эзэмших, ашиглуулах тухай гэрээнд тусгуулан уг гэрээг бүртгэнэ гэж /2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулагдсан/ заасан бөгөөд хариуцагчаас гэрээ байгуулаагүй атлаа газрын төлбөрийг төлөх шаардлага тавьж байгаа нь мөн үндэслэлгүй байна.

У******* нь газар ашиглах гурвалсан гэрээнд талууд бүгд гарын үсэг зурж ёсчилсноор хүчин төгөлдөр болох бөгөөд хуулийн дээрх шаардлагыг хангаагүй гэрээний үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч биелүүлэх үүрэггүй.

Мөн дүүргийн газрын алба нь дүүргийн Засаг даргыг мэргэжил арга зүйгээр хангах, түүний харьяа нэгж бөгөөд нэхэмжлэгч нь газар ашиглах гэрээ байгуулах тухай хүсэлтээ Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.-д иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана, Газрын харилцаа, геодизи, зураг зүйн газрын даргын 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 83 дугаар тушаалаар баталсан газар эзэмшүүлэх, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 3 дугаар зүйлийн 3.2-т энэ журмын 3.1.1-3.1.7-д заасан тохиолдолд өргөдлийг дараах харьяаллын дагуу /аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын газрын даамалд/ гаргана гэж холбогдох хууль, журмын дагуу гаргасан байх бөгөөд уг хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхгүй нь хууль бус байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Газрын төлбөрийн тухай хуулийн /1997 оны/ 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан цаазат Богдхан уулын Арцатын амны хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулахаар эрх олгосон 2 га газрын ашиглах эрхийн гэрээг байгуулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар ашиглах гэрээ байгуулахыг хариуцагчид даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ