| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 170/2024/0095/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/94 |
| Огноо | 2024-10-04 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/94
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмэнд,
Улсын яллагч Б.Төрболд,
Шүүгдэгч Э.Д
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Д-д холбогдох 2423000000108 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1999 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн ..... суманд төрсөн, 25 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Завхан аймгийн .... сумын ..... багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Э-н Д, регистрийн дугаар .........
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Д нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 11 цагийн орчимд Завхан аймгийн ..... сумын ...... багийн нутаг дэвсгэрт 00-00 ЗАН улсын дугаартай “Porter” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгчийн холбогдсон дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч Э.Д нь тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан үедээ буюу 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 11 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэн Завхан аймгийн ...... сумын ..... багийн нутаг дэвсгэрт 00-00 ЗАН улсын дугаартай “Porter” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болох нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Тухайлбал: Э.Д-г согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоныг нотолсон гэрч Д.Т-ны “...Би тухайн өдөр цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд замын цагдаагийн оройн эргүүлээр 11:00 цагаас 18:00 цагийн хооронд үүрэг гүйцэтгэж ажилласан. 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 11 цагийн орчимд Завхан аймгийн .... сумын ....., ..... багийн нутаг дэвсгэрт байрлах Мал эмнэлгийн гудамжинд хяналт шалгалтаар гарч ажиллаж байхад Цагдаагийн газрын жижүүрийн 102 дугаараас залгаж ...... өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэл айлын хашаа мөргөсөн байна гэсэн дуудлага мэдээлэл өгсний дагуу тухайн газарт очиход ..... өнгийн Портер маркийн 00-00 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа айлын хашаа мөргөсөн байдалтай байсан. Би тухайн газар тээврийн хэрэгслийн жолоочийг шалгахад иргэн Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан тул тухайн жолоочийн жолоодож явсан портер маркийн 00-00 ЗАН улсын дугаартай ...... өнгийн тээврийн хэрэгслийг Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам (код-217)-д заасны дагуу түр саатуулж, жолоочийн согтолтын зэргийг тогтоох зорилгоор драйгер багаж үлээлгэж шалгахад жолооч Э.Д нь 1.84% согтолттой гарсан. Д гэх хүн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тухайн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бөгөөд ухрах үйлдэл хийх үедээ айлын хашаа мөргөсөн зөрчил гаргасан байсан. Тухайн үед Д нь нэг хүнтэй хамт явж байсан ба хаана архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаар тодруулахад ..... сумын ....., ..... багийн нутаг дэвсгэрт машин дотроо нэг найзтайгаа 0.5 литрийн хэмжээтэй архи хувааж уучихаад явах гэж байсан гэж ярьж байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/,
- Завхан аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн дэд ахлагч Д.Т-ны 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Э-н Д-г согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “...Alcotest багаж ашиглан шалгахад 1,84 хувь тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо.” гэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 07 дугаар хуудас/,
- Холбогдогч Э.Д-д холбогдох 2424000269 дугаартай зөрчлийн хэргийн хуулбар хувь /хавтаст хэргийн 03-21 дүгээр хуудас/,
- Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ЗШ/192 дугаартай “...2424000224 дугаартай зөрчлийн хэргийн холбогдогч Э.Д-д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан” шийтгэврийн хуулбар хувь /хавтаст хэргийн 64-65 дугаар хуудас/,
- Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 24-1/2775 дугаартай “...Э.Д-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг Жолоочийн бүртгэлийн сан /DLS/-д хасаж бүртгэсэн” талаарх албан бичиг /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/,
- Завхан аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Т.Л-гийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн “.... овгийн Э-н Д нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.1А, 3.7А-д заалтад заасныг тус тус зөрчсөн байна. Э.Д-н Замын хөдөлгөөний дүрмийн 3.1А, 3.7А-д заасан заалтыг зөрчсөн үйлдэл нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.” гэх магадалгаа /хавтаст хэргийн 34-36-р хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтууд нь хэрэгт ач холбогдолтой, хууль ёсны, уг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар замын хөдөлгөөнд оролцогч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй бөгөөд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1а-д тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл /жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй/ гэж, мөн дүрмийн 3.7а-д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж тус тус заасан.
Дээрх хориглосон заалтыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ дахин тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн” гэмт хэргийн шинж болгон, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн субъектийг тус зүйлийн хуульчилсан тайлбарт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэж тайлбарласан.
Шүүгдэгч Э.Д 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 11 цагийн орчим согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь эрх бүхий албан тушаалтны жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “...Э.Д-н согтолтыг “Аlcоtest” багаж ашиглан шалгахад 1,84% тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо” гэсэн тэмдэглэлээр /хавтаст хэргийн 16 дугаар хуудас/ тогтоогдсон байна.
Мөн шүүгдэгч Э.Д нь 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 /нэг/ жилийн хугацаагаар хасуулсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын “Жолоочийн лавлагаа, мэдээлэл” болон Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ЗШ/192 дугаартай шийтгэврийн хуулбар зэргээр нотлогдож байх бөгөөд тэрээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан гэдгээ мэдсээр байж 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 11 цагийн орчим согтуурсан үедээ Завхан аймгийн ..... сумын ..... багийн нутаг дэвсгэрт 00-00 ЗАН улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Иймд шүүгдэгч Э.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч Э.Д нь өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас бусдад хохирол, хор уршиг учраагүй байх тул шүүгдэгч Э.Д-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Э.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг учраагүй тул холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокуророос хүлээн авч шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй, шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байна.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч Э.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг тайлбарлах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх эрх хасах ялыг хорих ял дээр оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж заасан байх тул шүүгдэгч Э.Д-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах 1 /нэг/ жилийн нэмэгдэл ялын хугацааг түүнд торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ..... овогт Э-ын Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д-д оногдуулсан 2700 нэгжтэй нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах 1 /нэг/ жилийн нэмэгдэл ялын хугацааг түүнд торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч Э.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч Э.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ