| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2021/00356/и |
| Дугаар | 145/ШШ2021/484 |
| Огноо | 2021-12-17 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 145/ШШ2021/484
| 2021 оны 12 сарын 17 өдөр | Дугаар 145/ШШ2021/00484 | Өвөрхангай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг 4 дүгээр хороо, ******* тоотод оршин суух, Боржигин овгийн ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн ******* сумын 3 дугаар багт оршин суух, Гурван тойн овгийн *******ын ******* холбогдох
“Гэм хорын хохирол 3500000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч нар /онлайн/, иргэдийн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сүхбар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр аймгийн сумын нутаг дэвсгэр “Сүүж” гэх газар иргэн У.******* зодуулан эрүүл мэндээрээ хохирсон. Тухайн үед Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Улмаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар иргэн ыг гэм буруутайд тооцсон тогтоол гарсан. Иймд согтуугаар миний биед халдаж гэм буруутай нь тогтоогдсон. Өмнөх шүүх хуралдаанаар Энхийг цацруулагч шүдний эмнэлгээс баримт гаргуулахаар болсон. Энхийг цацруулагч шүдний эмнэлгээс хэргийн материалд ирсэн баримтуудыг үндэслэн хариуцагчаас гэм хорын хохирол 3500000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч миний биед гэмтэл учруулаагүй юм шиг ярьж байна. Миний нүд, хамар, шүд зэрэг эрхтнүүд бүгд гэмтсэн байсныг долоо хоногийн дараа шүүх эмнэлэгт үзүүлсэн учраас гэмтлийн зэрэг тогтоогдоогүй. Өвөрхангай аймгийн ******* сумын “Ургах наран” шатахуун түгээгүүрийн газраас 500,000 төгрөгийн шатахуун аваагүй гэдгийг та бид хоёр хоёулаа мэдэж байгаа. Би шатахууны зардлын мөнгө төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Төв аймгийн Цээл сумаас аймаг руу 5-6 удаа ирж, очиж өөрөөсөө зардал гаргасан. Би шүүхийг хүндэтгээгүй асуудал үүсгэж байгаагүй. Нэхэмжлэгч шүүх хурал дээр илт худал ярьж байгааг би сайн ойлгохгүй байна гэв. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Эрүүл мэндийн хохирол гаргуулж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч У.******* холбогдуулан “Гэм хорын хохирол 3500000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчаар ыг зааж, нэхэмжлэлийн шаардлагаа гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хор гэж тодорхойлсон байна.
Хариуцагч нь энэ хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь хэрэгт авагдсан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2021/шцт/68 тоот шийтгэх тогтоолын хуулбар, шүүхэд гаргасан хариу тайлбар зэргээр нотлогдож байна гэж үзлээ.
аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2021/шцт/68 тоот шийтгэх тогтоолд дурдагдсан Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 421 тоот дүгнэлтэд “С.******* дээд эрүүнд зүүн нэгдүгээр шүдний хагас мултрал” гэсэн байх ба хэрэгт авагдсан “Энхийг цацруулагч” эмнэлгийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 26 тоот тодорхойлолтод “Дээд шүдний баруун талыг 1 гэж, зүүн талыг 2 гэж дугаарлана. С.******* 21 дэх шүд гэж оношилсон нь дээд шүдний зүүн эгнээ тул 2, 1 дэх шүд буюу үүдэн шүд тул 1 хэмээн 21 дэх шүдээр тоологдож байна”, “С.******* 21-р шүд буцаж бэхжих боломжгүй 3-р зэргийн хөдөлгөөн орсон” гэж тус тус тодорхойлсон нь нэхэмжлэгч С.******* эрүүл мэндэд учирсан хохирол буюу шүдний мултрал нь хариуцагч ын үйлдсэн гэмт хэргээс үүдэлтэй, нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг арилгахад имплант шүд буюу авагддаггүй хиймэл шүдэлбэр хийлгэх шаардлагатай болсон нь нотлогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар хариуцагч нь нэхэмжлэгч *******т имплант шүд буюу авагддаггүй хиймэд шүд хийлгэх зардлыг хариуцах үүрэгтэй юм.
Хэрэгт авагдсан “Энхийг цацруулагч“ эмнэлгийн тодорхойлолтод имплант шүдийг 2 янзын үнэтэй хийдэг талаар дурдагдсан ба шүүх хуралдаанд нэхэмжлэгч ******* нь 2950000 төгрөгийн үнэлгээтэй Швейцарь имплант шүдийг хийлгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.
Нэхэмжлэгч ******* нь эмчилгээнд явсан замын зардал буюу бензины зардалд нийт 500000 төгрөг нэхэмжилсэн. ******* сумын “Ургах наран”ХХК-аас 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 100000 төгрөгний, 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 400000 төгрөгний бензин авсан гэж тайлбарлаж, 2 хуудас “Зарлагын баримт” хэрэгт нотлох баримтаар хавсаргасан байгаа ч “Ургах наран”ХХК-аас 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 400000 төгрөгний бензин авсан гэх баримт нь засвартай, нотлох баримтын шаардлага хангахгүй, “Ургах наран”ХХК-аас 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 100000 төгрөгний бензин авсан гэсэн баримт нь нотлох баримтын шаардлага хангасан, цаг хугацааны хувьд Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт гарсантай тохирч байгаа тул хариуцагч оос 100000 төгрөгний бензины зардал гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 400000 төгрөгний бензины зардал гаргуулах гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн үнийн дүнгээ 3500000 төгрөг гэж тодорхойлсон байх ба энэ үнийн дүнгээс 2950000 төгрөг буюу имплант шүдний үнэ, 100000 төгрөг буюу бензины зардал, нийт 3050000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 450000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон.
Иргэдийн төлөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд дүгнэлт гаргахдаа ”нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй” гэсэн агуулгатай дүгнэлтийг гаргасан болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч оос 3050000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 450000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч оос 63750 төгрөгийг гаргуулан орон нутгийн орлогод оруулж, орон нутгийн орлогын данснаас 70950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Б.ЦЭРЭНПҮРЭВ