| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 170/2024/0093/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/93 |
| Огноо | 2024-10-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/93
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмэнд,
Улсын яллагч Б.Төрболд,
Шүүгдэгч Х.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч В.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Б-д холбогдох 2423000980105 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1998 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Завхан аймгийн ..... суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт Завхан аймгийн ..... сумын .... 2 дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Ч овогт Х-ын Б, регистрийн дугаар .........
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Х.Б-г хохирогч Б.Т-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:
Шүүгдэгч Х.Б нь 2024 оны 07 дугаар сарын 18-ны шөнийн 22 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн ..... сумын ..... багийн нутаг дэвсгэрт байрлах голын гүүрний дээд хэсэгт хохирогч Б.Т-тай маргалдаж улмаар түүнийг толгойн тус газар өшиглөх, нуруу хэсэгт нь дэвсэх зэргээр зодож эрүүл мэндэд тархи доргилт, духны дунд хэсэгт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
- Хохирогч Б.Т-ын “…Би 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр эхнэр хүүхэд манай эхнэрийн найз Н нарын хамт Завхан аймгийн сум голын гүүрний дээшээ голын зах дээр амарч байсан. Тэгсэн орой 22 цагийн үед Н утсаар С рүү яриад хүрээд ир гэж хэлсэн. Тэгсэн удалгүй С эхнэр хүүхэд болон найз нь болох Б гэх залуугийн хамт гол дээр ирсэн. Тэгээд бид нар хүн тус бүр 3 ширхэг 0,5 литрийн касс нэртэй пиво ууцгаасан. Би пиво уучхаад одоо орой болчихсон байна би амарлаа гэж хэлэх үед Б гэх залуу намайг газар сууж байх үед толгой руу хөлөөрөө өшиглөж унагаад миний нуруун дээр дэвссэн. Тэгсэн тухайн үед миний толгойноос цус гарч байсан. Би цагдаа дуудлаа гэж хэлэхэд бүгд тараад явцгаачихсан. Бид нар тухайн үед бүгд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,
Гэрч Э.М-ийн “...2024 оны 07 дугаар сарын 18-ны орой 22 цагийн орчимд Б, Ма, Т түүний эхнэр Д манай нөхөр С бид нар Завхан аймгийн сумын гол багийн нутаг голын зах дээр салхинд гараад ганц нэг пиво уугаад юм яриад сууж байтал Т Б-ийг эхлээд цохисон. Тэгсэн Б зөрүүлээд түүнийг цохисон. Тэгээд бид нар Б, Т нарыг салгачхаад шууд гэр гэр рүүгээ явцгаасан. Голын захын захад Т эхнэртэйгээ хамт үлдсэн. Б.Т, Б нар хэн хэн нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Б.Т-ын толгой руу Б бөгжтэй гараараа цохисон гээд Т-ын толгойноос цус гарчихсан байсан. Харин Б-ийн биед ямар нэгэн гэмтэл шарх үүсээгүй байсан. Б.Т-ын толгой хэсэг рүү нь гараараа хоёр удаа цохичих шиг болсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/
Гэрч Ю.Н-ын “...2024 оны 07 дугаар сарын 18-ны орой 22 цагийн орчимд Б, М, Т түүний эхнэр Д бид нар Завхан аймгийн сумын голын зах дээр салхинд гараад ганц нэг пиво уугаад юм яриад сууж байтал Т нэлээн согтчихсон бага зэрэг баярхаад байгаа бололтой юм ярьж байснаа Б-ийг цохисон. Б зөрүүлээд түүнийг цохисон. Тэгээд бид нар Б, Т нарыг салгачхаад шууд гэр гэр рүүгээ явцгаасан. Харин голын захад Т эхнэртэйгээ хамт үлдсэн. Б.Т-ын толгой хэсэг рүү нь л гараараа цохичих шиг болсон. Би сайн хараагүй хүмүүс маргалдаад эхлэхээр нь Д, М бид гурав очиж салгасан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/,
Гэрч Х.Д-ын “...2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 18 цагийн орчимд би өөрийн нөхөр Т, хүү Б /3 нас/, найз Н нарын хамт салхинд гарахаар гэрээсээ гарч Завхан аймгийн сумын гол баг голын зах дээр очсон. Тэнд очоод мах шарж идээд ганц нэг пиво ууцгаасан. Манай найз Н-ын найзууд болох С, М нар залгаад хойд голын захад машиныхаа аккумлятор суулгачихлаа, ирээд холбоод өгөөч гэж гуйсан. Тэгсэн Н би пиво уучихсан явахаас айж байна гээд манай нөхөр очиж машиныг нь холбож өгөхөөр яваад удаа ч үгүй буцаад ирсэн. Тэгсэн нөгөө найзууд нь Н руу залгасаар байгаад бид нарын байсан газрыг заалгаад хүрээд ирсэн. Бид нар дээр М, С, Б нар ирэхдээ Б гэх залуу нь нэлээн халамцуу ирсэн. Гадаа нэлээн харанхуй болчихсон би хүүхдээ бие засуулчхаад ирсэн чинь Б гэх залуу нь манай нөхрийн нүүр рүү цохичихсон байсан бөгөөд М, Н бид нар больцгоо гээд болиулсан. ...Тэндээс манай нөхөр бид хоёр аймгийн Нэгдсэн эмнэлэг орж түүний духны хэсэгт үүссэн шарханд оёдол тавиулчхаад буцаад нөгөө газраа очиж хоносон. Манай нөхөр Б.Т-ын толгойноос цус гарчихсан байсан. Харин н.Б-ийн биед ямар нэгэн гэмтэл шарх үүсээгүй байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-39 дүгээр хуудас/,
Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, цагдаагийн хошууч П.Б-ийн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 0000000282 дугаартай
“...1. Б.Т-ын биед тархи доргилт, духны дунд хэсэгт шарх гэмтлүүд учирсан байна.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно.
3 Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан буюу 2024 оны 07 дугаар сарын 18-нд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. Б.Т-ын биед үүссэн гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас/ болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөрдөн байцаалтын явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон бөгөөд бусад нотлох баримтуудтай мэдүүлгийн эх сурвалж тохирсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Хүний эрүүл мэнд халдашгүй байх талаар Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан бөгөөд уг эрхийг зөрчиж хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна.
Шүүгдэгч Х.Б нь 2024 оны 07 дугаар сарын 18-ны шөнийн 22 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн сумын гол багийн нутаг дэвсгэрт байрлах голын гүүрний дээд хэсэгт хохирогч Б.Т-тай маргалдаж улмаар түүнийг толгойн тус газар өшиглөх, нуруу хэсэгт нь дэвсэх зэргээр зодож эрүүл мэндэд тархи доргилт, духны дунд хэсэгт шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсэж зориуд хохирол учруулсан нь уг гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна.
Иймд шүүгдэгч Х.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын хууль зүйн мэдлэг дутмаг, архи согтууруулах ундааны зүй бус хэрэглээ, бие биенээ хүндэтгэх, хүлээцтэй хандах хандлагагүй, нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Шүүгдэгч Х.Б нь өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч Б.Т нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгаа нөхөн авах талаар харилцан тохиролцсон болох нь шүүгдэгчийн мэдүүлэг болон хохирогчийн шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, хохирлын талаар Х.Б-той тохиролцсон одоо нэхэмжлэх зүйлгүй” гэх тайлбар зэргээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Шүүх шүүгдэгч Х.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч Х.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй тул холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокуророос хүлээн авч шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй, шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байна.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч Х.Б-д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг тайлбарлах нь зүйтэй.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ...... овогт Х-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
5. Шүүгдэгч Х.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Х.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ