Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Авуталивын Жархынгүл |
Хэргийн индекс | 130/2021/0000/И |
Дугаар | 130/ШШ2022/00137 |
Огноо | 2022-01-27 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 130/ШШ2022/00137
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Е, Хаяг: Баян-Өлгий аймаг, Улаанхус сум 7 дугаар баг, Борбургас гэх газарт оршин суух
Хариуцагч: Т банкны Баян-Өлгий салбар /захирал Р /, Хаяг: Баян-Өлгий аймаг, Өлгий сум 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах,
Нэхэмжлэлийн шаардлага: Т банкны Баян-Өлгий салбарын Улаанхус тооцооны төвийн ахлах теллерийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Е ,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С ,
Хариуцагч Т банкны Баян-Өлгий салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Е нь хариуцагч Т банкны Баян-Өлгий салбарт холбогдуулан тус салбарын Улаанхус тооцооны төвийн ахлах теллерийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
2.Миний бие Т банкны Баян-Өлгий салбарын Улаанхус тооцооны төвийн ахлах теллерээр ажиллаж байгаад 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн. Ажил олгогчоос намайг ийнхүү ажлаас чөлөөлсөн шалтгаанаа тайлбарлахдаа “2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “Н Холбоо”-ны тушаасан 5000 төгрөгийг гүйлгээний төрөл зөрүүлж зарлагдсан, мөн 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Г аас тушаасан 2500 төгрөгийг гүйлгээний төрөл зөрүүлж зарлагдсан ба эдгээр алдааг маргааш нь залруулсан байна. Түүнчлэн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр “У ” ХХК-ийн тушаасан 39500 төгрөгийг гүйлгээний төрөл зөрүүлж зарлагдсан, теллер А харилцагч А.Ж ээс 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр тушаасан 7500 төгрөгийг гүйлгээний төрөл зарлагдсан буюу ТСБЖурмын 9.2.4,9.2.5-д заасныг зөрчсөн гэжээ. Гэтэл эдгээр хүмүүсийн аль аль нь энэ тухай гомдол гаргаагүй, хохироогүй юм. Миний бие тухайн үед эдгээр жижиг сажиг кассын зөрүүг маргааш өдөр доор нь засаж залруулах арга хэмжээ авч ажилласан. Үүнийг тооцооны төвийн захирал болон бусад ажилтнууд бүгд мэдэж байгаа. Өөрөөр хэлбэл надад банкны хөрөнгө мөнгө завших, ашиглах ямар нэгэн муу санаа огт байхгүй, байгаагүй. Миний бие ажлаас халагдах хэмжээний ноцтой зөрчил гаргаагүй байхад ажил олгогчоос намайг ажлаас халсан нь шударга бус байна.
Ажил олгогчоос зөрчил гаргасан учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-д зааснаар сахилгын халах шийтгэл нэг оногдуулж, дээрээс нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д зааснаар давтан зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэрүүд хуульд нийцээгүй байна. 1999 оны 5 дугаар сарын 14-ний өдөр баталсан Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх, ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй” мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Ажилтан нь аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хөдөлмөрийн нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, өөрөө болон төлөөллийн байгууллагаараа дамжуулан эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор эвлэлдэн нэгдэх, хууль тогтоомжид заасны дагуу тэтгэвэр, тэтгэмж авах, хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээрт заасан бусад эрх, хөнгөлөлт эдлэх эрхтэй” гэж заасан. Ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах саналын хуудсыг яаж үйлдэх, хэрхэн хэнд танилцуулах, яаж албажуулах, яаж тайлбар гаргасны үндсэн дээр хариуцлага хүлээлгэх вэ гэдгийг Т банкны 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр батлагдсан хөдөлмөрийн дотоод журмаар нарийн зохицуулсан байна. Уг журмын 13 дугаар хэсэгт хөдөлмөрийн болон сахилгын хариуцлага хүлээх гэсэн хэсгийг журамласан байгаа. 13.1-д “банкны хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний заалтыг зөрчсөн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг болон удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн, банкны ажилтны ёс зүйн дүрмийг дагаж мөрдөөгүй ажилтанд Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу сахилгын шийтгэл оногдуулж болно”, 13.3-д ажилтан анх удаа алдаа дутагдал гаргасан банканд учруулсан хохиролгүй, алдаа дутагдлаа залруулах боломжтой эсэхийг харгалзан шууд удирдлага харьяалах дээд шатны байгууллагын удирдлага шат дараалсан хяналтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий банкны төвийн газар, хэлтэс болгон зөрчлийн акт буюу бичгээр сануулга арга хэмжээ авна. Энэ актууд сахилгын шийтгэлд хамаарахгүй гэж байна. Е тайлбарлахдаа 2011 оноос хойш 10 жил ажиллаж байх хугацаанд Т банкны Баян-Өлгий салбарын захирлын зөвлөлийн хурлын 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 50 дугаар шийдвэр гарахаас өмнө түүнчлэн Баян-Өлгий аймгийн Өлгий салбарын захирлын 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/94 дүгээр тушаал гарахаас өмнө сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Энэ тохиолдолд зөрчил гаргаад хариуцлага оногдуулсан гэж тайлбарлаж байна. Тэгэхээр Хөдөлмөрийн дотоод журмын 13.3-д зааснаар Е анх удаа алдаа дутагдал гаргасан байхад зөрчлийн акт үйлдэх боломжтой. Энэ журмыг баримтлаагүйн хууль зөрчсөн, нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхолд ноцтойгоор хандсан гэж үзэж байна. Мөн ажилтны гаргасан зөрчил нь санаатай болон санамсаргүй, үйлдэл нь ноцтой эсэх бусдад учруулсан хор хохирлын хэмжээ давтан зөрчил гаргасан эсэхээс хамаарна энэхүү журмын 5.16.1, 5.16.3-д заасан эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр дараах сахилгын шийтгэл ногдуулна. Үүнд, сануулга, үндсэн цалин 3 сар хүртэлх хугацаагаар бууруулах, ажлаас халах гэж заасан байна. Ажил олгогчоос Е ыг гаргасан зөрчил нь санаатай үйлдэгдсэн, ноцтой байсан. Хохирлын талаар дурдаагүй боловч давтан зөрчил гаргаад байсан учраас сахилгын халах шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн гэж тайлбарлаж байна. Мөн журмын 13.7-д ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах тохиолдолд ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах саналын хуудас, хавсралт 8-ын ажилтан болон шууд удирдлагад танилцуулж гарын үсэг зуруулна хүний нөөцийн газарт хүргүүлдэг журамтай байна. Энэ журмаараа Т банкны салбар зөвлөлөөс ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах саналын хуудсыг Е д өгч, саналын хуудастай танилцсан. Мөн саналын хуудсыг салбараас хүний нөөцийн газарт хүргүүлж, хууль эрх зүйн дүгнэлт гаргуулсны эцэст ийм шийдвэр гаргасан гэж тайлбарлаж байна. Энэ сахилгын шийтгэл ногдуулах саналын хуудсыг хариуцагч тал үгүйсгээгүй. Үүнээс үзэхэд, Е ын гаргасан зөрчлүүд дандаа 2020 оны 11 дүгээр сар, 2021 оны 4 дүгээр сард гарсан зөрчлүүд болох нь тогтоогдож байна. Т банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирлын зөвлөлийн хурлаар Е д Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу сахилгын халах шийтгэл оногдуулж шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Мөн Т банкны хөдөлмөрийн дотоод журмын 13.8 дахь хэсэгт заасныг зөрчиж сахилгын халах шийтгэл оногдуулсан нь тогтоогдож байна. Хуулийн 131.2-д “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан. Тухайн журмын 13.10-д энэхүү журмын 13.8-д заасан хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй гэж заасан. Тэгэхээр 2020 оны 11 дүгээр сард зөрчил гарсан гэж үзэх юм бол зөрчил гарснаас хойш 1 жилийн дараа зарим зөрчил гараад 7 сар өнгөрсний дараа сахилгын халах шийтгэл оногдуулсан нь өөрөө хуулийг зөрчсөн шийдвэр байна. Тиймээс ажил олгогчийн Б/94 дүгээр шийдвэр хуульд нийцээгүй гэж үзэж байна.
Иймд Т банкны Баян-Өлгий салбарын Улаанхус тооцооны төвийн ахлах теллерийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэв.
3.Хариуцагч Т банкны Баян-Өлгий салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж хариу тайлбар, татгалзал:
Т банкны дотоод хяналт шалгалтын газраас Баян-Өлгий салбарт жилд нэг удаа санхүүгийн иж бүрэн төлөвлөгөөт шалгалт хийдэг. Дотоод хяналт шалгалтын газраас тус шалгалтыг Баян-Өлгий аймаг дахь салбар Улаанхус тооцооны төвд 2020 оны 8 дугаар сарын 21-ээс 2021 оны 9 дүгээр сарын 30-ны хоорондын бүх хугацааг хамруулж, 2021 оны 10 дугаар сарын 19-ээс 10 дугаар сарын 23-ны хооронд 3 хүний бүрэлдэхүүнтэй шалгалт хийж ажилласан. Тухайн шалгалтаар Улаанхус тооцооны төвийн нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа буюу ахлах теллертэй холбоотой маш олон зөрчил гарсан. Тухайн зөрчлүүд дотор нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа буюу ахлах теллер, теллертэй холбоотой маш олон зөрчил гарсан. Тухайн зөрчлүүд дотор хэд хэдэн ноцтой зөрчлүүд гарсан. Дотоод хяналт шалгалтын хянан шалгагчдын зүгээс гарсан зөрчлүүдтэй холбоотой шалгалтын тайланг дүгнэж үзээд тус тооцооны төвийн захирал Н ын үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20%-иар бууруулах, ахлах теллер Е , теллер А нарын хөдөлмөрийн гэрээг цуцлах саналыг гаргаж, Баян-Өлгий салбарын захирлын зөвлөл буюу удирдлагын багт уламжилсан. Өөрөөр хэлбэл ахлах теллер Е ын хариуцлагагүй үйлдлээс болж нэг тооцооны төвийн 3 ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан. Дотоод хяналт шалгалтын газраас Т банкны Баян-Өлгий аймаг дахь салбар Улаанхус тооцооны төвийн ажилтнуудад олгосон сахилгын шийтгэлтэй холбоотой Т банкны хөдөлмөрийн дотоод журмын дагуу Т банкны Баян-Өлгий салбарын захирлын зөвлөл хэлэлцэж эцэслэн шийдвэрлэх журамтай. Баян-Өлгий салбарын захирлын зөвлөлөөс ахлах теллер Е ын хөдөлмөрийн гэрээг цуцлах саналыг хэлэлцээд ажлаас халах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн бөгөөд ахлах теллерээр ажиллаж байсан Е ын гаргасан зөрчил цаашид үүсэх эрсдэл ажлын хандлага ажиллаж байх хугацаанд банканд нөлөөлсөн сөрөг үр дагавар үүрэг хариуцлагын байдал зэргийг харгалзан үзсэн. Салбарын захирлын зөвлөлөөс ажлаас халах болсон шалтгаан нь тус тооцооны төвийн нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа алдагдсан, хөдөлмөрийн гэрээ ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй, Т банкны хөдөлмөрийн дотоод журам, теллерийн баг системийн журмуудыг ноцтой зөрчсөн. Үүнд: удаа дараа буюу 4 удаагийн кассын илүүдлийг нуун дарагдуулж өөртөө авч ашигласан. Илүүдэл гарсаар байхад тухайн өдөр холбогдох дансанд бүртгээгүй, маргааш нь илэрсний дараа бүртгэсэн. Кассын дутагдлыг удаа дараа нуун дарагдуулж өөрөөсөө төлсөн. Нийт 3 харилцагчийн гүйлгээг хийхдээ гүйлгээний баримтад харилцагч гарын үсэг зураагүй байхад гүйлгээ хийсэн. Мөн 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр зарлагын гүйлгээ хийхдээ итгэмжлэлийн хугацаа дууссан байхад хүчин төгөлдөр бус итгэмжлэлийг үндэслэн гүйлгээ хийсэн. Удирдлагад ажиллаж буй теллерүүд маш ноцтой зөрчлүүдийг гаргасаар байхад мэдсээр байж таслан зогсоогоогүй, нуун дарагдуулж ирсэн. Хяналт тавих, таслан зогсоох ажил үүргээ гүйцэтгээгүй. Нэмж хэлэхэд, тус тооцооны төвд шалгалт хийх хугацаанд 2020 оны 8 дугаар сараас 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 13 сар 10 хоногийн санхүүгийн үйл ажиллагааг шалгасан. Шалгалтын үеэр тухайн 1 жил гаруй хугацааны камерын бичлэгээс техникийн хүчин чадлаас хамаарч зөвхөн 35 хоногийн бичлэгийг шалгахад, Е той холбоотой 4, 5 үйлдэл, Е ын хяналт тавих ёстой удирдлагад ажилладаг теллерүүдтэй холбоотой 6 үйлдэл буюу нийт ажлын 21 хоногийн хугацаанд кассын үйл ажиллагаатай холбоотой 10, 11 удаагийн зөрчил гаргасан. Энэ үйлдлүүд банкны хувьд маш замбараагүй, ноцтой зүйл. Банкны кассын үйл ажиллагаа маш нарийн үүрэг хариуцлагатай ажил гэдгийг Е банкны салбарт 10-аад жил ажиллах хугацаанд ухамсарлаж чадаагүй. Дээрх үйлдлүүдэд шинжилгээ хийж үзэхэд нийт хугацааны камерын бичлэг хадгалагдах боломж гарсан бол Е ын дээрх үйлдлүүд 1 жил гаруй хугацаанд 50-иад удаагаар давтагдаж гарч ирэх болох байсан. Харамсалтайн техникийн хүчин чадлаас хамаарч 35 хоногийн камерын бичлэг хадгалагдсан. Банкны зүгээс Е оос шалтаг хайсан, шалтаг гарч ирснийг ашиглаж ажлаас гаргасан зүйл байхгүй. Цаашид гарах эрсдэлүүдээс урьдчилан сэргийлж таслан зогсоох үүднээс дээрх арга хэмжээг авсан. Банканд маш олон кейсүүд байдаг. Жишээ нь: өнөөдөр 1000 төгрөг авч ашигласан хүн, маргааш 100000 төгрөг цаашид хэдэн зуун сая төгрөгөөр эрсдэл гаргасан тохиолдлууд маш олон байдаг. Е ын үйлдэл санаатайгаар маш олон удаа давтагдсан. Е 10-аад жил ажилласан бөгөөд бүх зүйлийг мэдсээр байж санаатай хийсэн. Е санамсаргүй алдсан уу, банкны дүрэм журмыг мэдээгүйгээс алдсан бол ажил олгогчийн зүгээс харж үзэх боломжууд байдаг. Харин эсрэгээрээ байсан болохоор банкны зүгээс ийм шийдвэр гаргахад хүргэсэн. Дүгнэж хэлэхэд, Т банкны хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр кассын илүүдэл дутагдлыг нуун дарагдуулсан, хувьдаа авч ашигласан тохиолдолд мөнгөн дүн харгалзахгүй буюу 1 төгрөг байсан ч ажлаас халдаг заалттай. Учир нь банкны ажилтан бэлэн мөнгөтэй харьцах, бэлэн бус мөнгөн шилжүүлэх хийх эрхтэй учраас нэгэнт илтгэл алдсан хүнийг үргэлжлүүлэн ажиллуулахад маш том эрсдэлтэй гэж үздэг. Өөрөөр хэлбэл мөнгөн дүн харгалзахгүй.
Нэхэмжлэгч Е нь ажиллаж байх хугацаандаа Т банктай 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан №55 тоот Хөдөлмөрийн гэрээ болон Т банкны Хөдөлмөрийн дотоод журмаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэл бүхий ноцтой зөрчлүүд гаргасан. Тухайн зөрчлүүдтэй холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4,40.1.5 дахь заалт, Т банкны Хөдөлмөрийн дотоод журмын 5.16.3-р заалтад “орон нутгийн ажилтны асуудлыг салбарын захирлын зөвлөл шийдвэрлэх ба салбарын захирлын тушаалаар баталгаажуулна. Ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахтай холбогдох тушаалын төсөл болон ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн гэрээг цуцлах, хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тушаалын эрх зүйн үндэслэлийг хуулийн асуудал эрхэлсэн газар, хэлтсээр хянуулна”. Мөн Т банкны Хөдөлмөрийн дотоод журмын 5.28-р заалтад “Дараах зөрчлийг Хөдөлмөрийн тухай хуул”-ийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчилтэй адилтган үзэж хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл болно. Үүнд:
-5.28.44-р заалтад “Данс бүртгэл будлиантуулсан, дансны мэдээллийг зөрүүлсэн, нуун дарагдуулсан, устгасан”
-5.28.45-р заалтад “Харилцагчийн албан ёсны бичгээр гаргасан зөвшөөрөлгүйгээр, амаар, утсаар, и-мэйл, мессежээр ирсэн хүсэлтийг үндэслэж орлого, зарлагын гүйлгээ хийх, дансанд холбоолт хийсэн”
-5.28.47-р заалтад “Нэгжийн захирал болон ахлах теллер нь өдрийн гүйлгээг хянаж, баталгаажуулаагүйгээс зөрчил гарсан”
-5.28.48-р заалтад “Орлого, зарлагын гүйлгээг нуун дарагдуулсан, өөрийнхөө буруутай үйлдлийг нуух зорилгоор хуурамч баримт бүрдүүлсэн, мөн зорилгоор харилцагчийн данс ашиглах, энэ үйлдэлдээ бусдыг татан оролцуулсан, хуйвалдсан”
-5.28.51-р заалтад “Удаар дараа орлого, зарлагын гүйлгээ зөрүүлсэн”
-5.28.54-р заалтад “кассын үлдэгдлийг хуурамчаар тааруулсан”
-5-28.55-р заалтад “Тооллогоор кассын илүүдэл, дутагдал гаргаж, гарсан зөрүүг мөнгөний дүн харгалзахгүйгээр холбогдох албан тушаалтанд цаг тухайд нь мэдэгдэж, шаардлагатай арга хэмжээ аваагүй, нуун дарагдуулсан” гэж заасныг болон Хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтуудыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн болно.
Т банкны Хөдөлмөрийн дотод журам, Хөдөлмөрийн гэрээ зөрчсөн зөрчлийн талаар дэлгэрэнгүй тайлбарлавал:
1.2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр “Улсын бүртгэлийн газар”-ын 291400037305 тоот харилцах дансанд харилцагч Г нь гэрчилгээний үнэ болох 2500 төгрөгийн орлого тушаасан байхад тус байгууллагын данснаас 2500 төгрөг зарлагадаж, данс тооцоо эсрэг гүйлгээ хийсэн. Улмаар касс 2500 төгрөгөөр илүүдэх ёстой байтал, тухайн өдөр кассын илүүдлийг дансанд огт бүртгэлгүй нуун дарагдуулсан, маргааш нь залруулсан. Энэ зөрчил нь Т банкны Хөдөлмөрийн дотоод журмын 5.28.44, 5.28.45, 5.28.54, 5.28.55-р заалт, Хөдөлмөрийн гэрээний 7.4.44, 7.4.45, 7.45.5-р заалтуудыг зөрчсөн болно.
2.2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 10000 төгрөгийн кассын илүүдэл, 2021.04.20-ны өдөр 5000 кассын илүүдэл, 2021.09.29-ний өдөр 1500 төгрөгийн кассын илүүдэл, 2021.01.06-ны өдөр 5000 төгрөгийн кассын илүүдлийг тус тус кассын илүүдлийн дансанд бүртгээгүй нуун дарагдуулсан, улмаар хувьдаа авч ашигласан нь тогтоогдсон. Энэ зөрчил нь Т банкны Хөдөлмөрийн дотоод журмын 5.28.54-р заалт, Хөдөлмөрийн гэрээний 7.4.54-р заалтыг зөрчсөн болно.
3.2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1500 төгрөгийн кассын дутагдал, 2021.10.01-ний өдөр 3500 төгрөгийн кассын дутагдал, 2021.10.11-ний өдөр 2000 төгрөгийн кассын дутагдлыг тус тус кассын дутагдлын дансанд бүртгээгүй, нуун дарагдуулсан нь тогтоогдсон. Улмаараа кармагаасаа мөнгө гарган төлж, кассын үйл ажиллагааны журмыг алдагдуулсан. Энэ зөрчил нь Т банкны Хөдөлмөрийн дотоод журмын 5.28.54, 5.28.55-р заалт, Хөдөлмөрийн гэрээний 7.4.54,7.4.55-р заалтуудыг зөрчсөн болно.
4.2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр харилцагч М.Ж /БК46021608/-н 291100136665 тоот данснаас нийт 818000 төгрөгийг хүчинтэй хугацаа нь дууссан, хүчин төгөлдөр бус итгэмжлэлийг үндэслэн зарлагадаж, харилцагчийн албан ёсны зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд олгосон. Энэ зөрчил нь Хөдөлмөрийн дотоод журмын 5.28.45-р заалт, Хөдөлмөрийн гэрээний 7.4.45-р заалтыг зөрчсөн болно.
5.Удирдлагад нь ажиллаж буй теллер нь кассын илүүдэл, дутагдал гаргасныг мэдсэн боловч журмын дагуу бүртгүүлдэггүй, хяналт тавьдаггүй, зөрчлийг таслан зогсоож арилгуулдаггүй, мэдсээр байж нуун дарагдуулдаг. Энэ нь Хөдөлмөрийн дотоод журмын 5.28.47-р заалт, Хөдөлмөрийн гэрээний 7.4.47-р заалтыг зөрчсөн. Үүнд:
-Түр теллерээр ажиллаж байсан С.Ж нь 2021.09.27-ны өдөр 50 төгрөгийн илүүдлийг нуун дарагдуулж авч ашигласан, 2021.09.14-ний 2 удаа /500 төгрөг, 1500 төгрөг/ 2000 төгрөгийн кассын дутагдлыг нуун дарагдуулж, касс руу хийсэн.
-Теллерээр ажиллаж байсан А нь 2020.11.27-ны өдөр 15000 төгрөгийн кассын илүүдэл гарах ёстой байтал кассын илүүдэлд бүртгээгүй, нуун дарагдуулж авч ашигласан, 2021.10.05-ны өдөр 400 төгрөгийн кассын дутагдал, 2021.10.13-ны өдөр 1000 төгрөгийн кассын дутагдал, 2021.10.15-ны өдөр 100 төгрөгийн кассын дутагдлыг тус тус нуун дарагдуулж, касс руу хийсэн зэрэг зөрчлүүд гаргасан. Иймд Е ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.
6.Нэхэмжлэгчээс Монгол Улсын Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Т банкны Баян-Өлгий салбарын захирлын “Е тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай” Б/94 дугаартай тушаал, 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн №54 дугаартай Хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолт зэргийн эх хувь, С тай 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан өмгөөллийн гэрээ, өмгөөлөгч С ы 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 09 дугаар албан бичгээр ирүүлсэн 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах саналын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудыг,
7.Хариуцагчаас Т банкны Баян-Өлгий салбарын захирлын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 47/762 дугаар албан бичгээр тус банкны тооцооны төв хариуцсан менежер Ж ад олгосон Итгэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 47/768 дугаартай албан бичгээр ирүүлсэн хариу тайлбар, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 47/36 дугаар албан бичгээр ирүүлсэн 2021 оны 11 дүгээр сарын 17-ний өдрийн Т банкны Баян-Өлгий салбарын захирлын зөвлөлийн 50 дугаартай хурлын тэмдэглэл, 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Т банкны Баян-Өлгий салбарын захирлын “Е тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай” Б/94 дугаартай тушаал, 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн №54 дугаартай Хөдөлмөрийн гэрээ, 2021.05.19-ний өдөр М 818000 төгрөг /утга дээр ЗГ-ын нэг удаагийн дэмжлэг үзүүлэх мөнгө/-ийг К т олгосон Т банкны зарлагын мэдүүлэг, 2020.05.15-ны өдөр Улаанхус сумын ЗДТГазраас Ж аас Кт 01 /нэг/ жилийн хугацаагаар олгосон Итгэмжлэл, 2021.07.05-ны өдрийн Мемориалын баримтаар Т.Ш д тэтгэврийн зээлд 795268 төгрөг олгосон, 2021.09.06-ны өдрийн Б.Ж 169000 төгрөг бэлэн бус олголтын баримт, 2021.02.24-ний өдрийн Мөнгөн шилжүүлгээр Еш аас карт дахин захиалахын хураамжид 4000 төгрөг, 2020.12.17-ны өдрийн Зарлагын мэдүүлгээр “хар зарлага” 10000 төгрөг, 2021.04.20 өдрийн Орлогын мэдүүлэг гэрчилгээний үнэ Г аас 2500 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Т банкны гүйцэтгэх захирал Ө.Г өөс 01/6441 дугаартай албан бичгээр “Т банк” ХХК-ийг төлөөлөх эрхийг Т банкны Баян-Өлгий салбарын захирал Р -д олгосон Итгэмжлэл, Баян-Өлгий салбарын харьяа Улаанхус тооцооны төвд хийсэн эрсдэлд суурилсан шалгалтын тайлан, Тайлангийн хавсралт №1 КА-3 дэвтрийн бүртгэл хөтлөлтийн талаар, №2 Засвар, залруулгын гүйлгээний талаар, №3 Теллерийн зузаатгалын гүйлгээний талаар, №4 Депозит дансны бүрдлийн хувийн хэргийн зөрчлийн талаар, №5 Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааны талаар, №6 Анхаарал татсан, эрсдэж болзошгүй зээлийн талаар, №7 Малчны зээл, №8 Ажлын байрыг дэмжих зээлийн талаар, №9 Хадгаламж барьцаалсан онлайн зээл тулган баталгаажуулсан байдал 2021.10.22-ны үлдэгдэл, Хавсралт №8 Ажилтан Е д сахилгын шийтгэл ногдуулах саналын хуудас, Хавсралт №8-3 Ажилтан А д сахилгын шийтгэл ногдуулах саналын хуудас, Хасвралт №8-1 Ажилтан Н ад сахилгын шийтгэл ногдуулах саналын хуудас, 2014.06.10-ны өдрийн Т банкны гүйцэтгэх захирал Д.Б ы “Хөдөлмөрийн дотоод журам”-ыг шинэчлэн батлах тухай А/284 дугаар тушаал, түүний хавсралтаар Т банкны Хөдөлмөрийн дотоод журам, мөн захирлын 2013.11.29-ний өдрийн “Теллерийн системийн багц журам”-ыг батлах тухай А/398 дугаартай тушаал, Т банкны теллерийн системийн багц журам, мөн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 47/62 дугаар албан бичгээр ирүүлсэн 2009 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр бүртгэж олгосон Т банкны 9016001018 дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээ, Ахлах теллерийн ажлын байрны тодорхойлолт, Улаанхус тооцооны төвийн ахлах теллер Е ын кассын /2021.09.29-2021.10.11/ хугацааны гүйлгээний мэдээ зэрэг бичгийн нотлох баримтуудын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 47/50 дугаартай албан бичгээр ирүүлсэн Камерын бичлэгийн талаар тайлбар болон СД-1 ширхэг зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Ажил олгогчоос намайг ажлаас чөлөөлсөн тушаалдаа “2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “Н Холбоо”-ны тушаасан 5000 төгрөгийг гүйлгээний төрөл зөрүүлж зарлагдсан, мөн 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Г аас тушаасан 2500 төгрөгийг гүйлгээний төрөл зөрүүлж зарлагдсан ба эдгээр алдааг маргааш нь залруулсан байна. Түүнчлэн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр “У ” ХХК-ийн тушаасан 39500 төгрөгийг гүйлгээний төрөл зөрүүлж зарлагдсан, теллер А харилцагч А.Ж ээс 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр тушаасан 7500 төгрөгийг гүйлгээний төрөл зарлагдсан буюу ТСБЖурмын 9.2.4,9.2.5-д заасныг зөрчсөн” гэсэн ба эдгээр хүмүүсийн аль аль нь энэ тухай гомдол гаргаагүй, хохироогүй. Миний бие тухайн үед эдгээр жижиг сажиг кассын зөрүүг маргааш өдөр доор нь засаж залруулах арга хэмжээ авч ажилласан. Ажлаас халагдах хэмжээний ноцтой зөрчил гаргаагүй байхад ажил олгогчоос намайг ажлаас халсан нь шударга бус байна гэж тайлбарлажээ.
3.Хариуцагч Т банкны Баян-Өлгий салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн: Үүнд: Т банкны Баян-Өлгий салбарын харьяа Улаанхус тооцооны төвийн ахлах теллерээр ажиллаж байсан Е нь ажиллаж байх хугацаандаа ажил олгогчийн итгэлийг алдсан мөн Т банктай 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан №55 тоот Хөдөлмөрийн гэрээ болон Т банкны Хөдөлмөрийн дотод журамд заасан ноцтой зөрчил болон давтан зөрчлийг тус тус гаргасан нь тогтоогдсон тул ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлуулсан гэжээ.
4.Хавтаст хэрэгт авагдсан Т банкны Баян-Өлгий салбарын захирлын 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/94 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 40.1.5 дахь заалт, Т банкны хөдөлмөрийн дотоод журмын 5.16.3, 5.28.44, 5.28.45, 5.28.47, 5.28.48, 5.28.51, 5.28.54, 5.28.55 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.44, 7.4.45, 7.4.47, 7.4.48, 7.4.51, 7.4.54, 7.4.55 дахь заалтууд, Салбарын захирлын зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 50 тоот хурлын шийдвэрийг тус тус үндэслэн Т банкны Баян-Өлгий салбарын Улаанхус тооцооны төвийн ахлах теллер ажилтай Е ажлын байрны тодорхойлолт болон Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийн хуваарь болон “Теллерийн системийн багц журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.24 дэх заалт, 9 дүгээр зүйлийн 9.2,9.2.3, 9.2.4, 9.2.5 дахь заалтуудыг тус тус зөрчин 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр “Улсын бүртгэлийн газар”-ын 291400037305 тоот харилцах дансанд харилцагч Г нь гэрчилгээний үнэ болох 2500 төгрөг тушаасан байхад тус данснаас 2500 төгрөгийн зарлага гаргасан ба касс илүүдэх байтал кассын илүүдлийн дансанд бүртгээгүй, кассын илүүдлийг нуун дарагдуулсан ба маргааш нь залруулсан, удаа дараа буюу 4 удаагийн кассын илүүдлийг санаатайгаар нуун дарагдуулж, өөртөө авч ашигласан, 3 удаагийн кассын дутагдлыг холбогдох дансанд бүртгэлгүй өөрөөсөө төлсөн, орлогын гүйлгээ зарлагын гүйлгээгээр хийсэн кассын илүүдлийг нуун дарагдуулсан, 3 харилцагчийн гүйлгээ хийхдээ гүйлгээний баримтад харилцагч гарын үсэг зураагүй байхад гүйлгээ хийсэн, 2021.05.19-ний өдөр зарлагын гүйлгээ хийхдээ итгэмжлэлийн хугацаа дууссан байхад хугацааг засварлан хүчин төгөлдөр бус итгэмжлэлд үндэслэн гүйлгээ хийсэн, удирдлагад нь ажиллаж буй теллер нь кассын илүүдэл дутагдал гаргасныг мэдсэн боловч журмын дагуу бүртгэгдээгүй теллертэй хуйвалдаж нуун дарагдуулсан зэрэг ноцтой зөрчил гаргаж, ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь Дотоод хяналт, шалгалтын газрын шалгалтаар тогтоогдсон тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөр тасалбар болгон цуцалсан байна./ хэргийн-3 дугаар тал/
5.Нэхэмжлэгч Е нь хариуцагчаас намайг ажлаас чөлөөлөхдөө тухайн үед мөрдөгдөж байсан 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-д “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж мөн Т банкны Хөдөлмөрийн дотоод журмын 13.8-д “ажилтныг сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулан” гэж журмын 13.10-д “энэхүү журмын 13.8-д заасан хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй” гэж заасныг тус тус зөрчиж зөрчил гаргаад 7 сар өнгөрсний дараа сахилгын халах шийтгэл оногдуулсан нь өөрөө хуулийг зөрчсөн шийдвэр гэж маргажээ.
6.Т банкны дотоод хяналт шалгалтын газраас Т банкны Баян-Өлгий салбарын Улаанхус тооцооны төвд төлөвлөгөөт шалгалтыг 2020 оны 8 дугаар сарын 21-ээс 2021 оны 9 дүгээр сарын 30-ны хоорондын бүх хугацааг хамруулж, 2021 оны 10 дугаар сарын 19-ээс 2021 оны 10 дугаар сарын 23-ны хооронд 3 хүний бүрэлдэхүүнтэй хийхэд тус төвийн ахлах теллер Е ын зөрчил гаргасныг тогтоож, хариуцагчаас түүнд сахилгын шийтгэл ногдуулах саналын хуудас хүргүүлж улмаар 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/94 дугаартай тушаалаар Е той байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь тухайн үед мөрдөгдөж байсан 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т мөн Т банкны Хөдөлмөрийн дотоод журмын 13.8-т тус тус зааснаар илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулан гэж заасныг зөрчөөгүй байна гэж шүүх үзлээ.
7.Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч нь өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болох талаар тухайн үед мөрдөгдөж байсан 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т хуульчилсан бөгөөд мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд ажлаас халах шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулах эрхтэй байна.
Зохигчийн хооронд 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан №54 дугаартай Хөдөлмөрийн гэрээний 7.4-т болон Т банкны Хөдөлмөрийн дотоод журмын 5.28-д тус тус зааснаар ажилтан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд тухайн үед мөрдөгдөж байсан 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-р ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заажээ.
8.Нэхэмжлэгч Е нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах тухай болон Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, ... тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаарх” ажил олгогч Т банкны Баян-Өлгий салбарын захиралд холбогдуулан гомдлын шаардлага гаргах эрхтэй байна.
9.Гэтэл Т банкны Баян-Өлгий аймгийн салбарын Дотоод хяналт, шалгалтын газрын шалгалтаар тус салбарын Улаанхус тооцооны төвийн ахлах теллер нэхэмжлэгч Е нь:
- 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр “Улсын бүртгэлийн газар”-ын 291400037305 тоот харилцах дансанд харилцагч Г нь гэрчилгээний үнэ болох 2500 төгрөгийн орлого тушаасан байхад тус байгууллагын данснаас 2500 төгрөг зарлагадаж, данс тооцоо эсрэг гүйлгээ хийж, касс 2500 төгрөгөөр илүүдэх ёстой байтал, тухайн өдөр кассын илүүдлийг дансанд огт бүртгэлгүй нуун дарагдуулсан,
-2020.12.17-ны өдөр 10000 төгрөг, 2021.04.20-ны өдөр 5000 төгрөг, 2021.09.29-ний өдөр 1500 төгрөг, 2021.01.06-ны өдөр 5000 төгрөгийн тус тус кассын илүүдлийг кассын илүүдлийн дансанд бүртгээгүй, нуун дарагдуулсан, улмаар хувьдаа авч ашигласан,
-2021.9.30-ны өдөр 1500 төгрөг, 2021.10.01-ний өдөр 3500 төгрөг, 2021.10.11-ний өдөр 2000 төгрөгийн тус тус кассын дутагдлыг, кассын дутагдлын дансанд бүртгээгүй, нуун дарагдуулж, улмаар өөрийнхөө кармагаасаа мөнгө гарган төлж, кассын үйл ажиллагааны журмыг алдагдуулсан,
- 2020.05.15-ны өдөр Улаанхус сумын ЗДТГазраас М.Ж гийн сар бүрийн тэтгэврийн мөнгийг авч байх, ЗГ-ын нэг удаагийн тусламжийн мөнгө авахыг Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 3 дугаар багт оршин суух К т нэг жилийн хугацаагаар Итгэмжлэл олгож итгэмжлэлийн хугацаа дууссан байхад 2021.05.19-ний өдөр харилцагч М.Ж /БК46021608/-н 291100136665 тоот данснаас нийт 818000 төгрөгийг хүчинтэй хугацаа нь дууссан, хүчин төгөлдөр бус итгэмжлэлийг үндэслэн зарлагадаж, харилцагчийн албан ёсны зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд олгосон,
-3 харилцагчийн гүйлгээ хийхдээ гүйлгээний баримтад харилцагч гарын үсэг зураагүй байхад гүйлгээ хийсэн,
-удирдлагад нь ажиллаж буй теллер нь кассын илүүдэл, дутагдал гаргасныг мэдсэн боловч журмын дагуу бүртгүүлдэггүй, хяналт тавьдаггүй, зөрчлийг таслан зогсоож арилгуулдаггүй, мэдсээр байж нуун дарагдуулсан зэрэг ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл, эс үйлдэхүй гаргасан мөн хөдөлмөрийн гэрээнд болон Хөдөлмөрийн дотоод журамд тухайлан заасан ноцтой зөрчил болон сахилгын зөрчлийг давтан гаргасан нь хавтаст хэрэгт авагдсан Баян-Өлгий салбарын Улаанхус тооцооны төвд хийсэн эрсдэлд суурилсан шалгалтын тайлан, уг тайлангийн хуралд нэхэмжлэгч Е оос дээрх гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрсөн талаарх тайлбар, Е оос кассын илүүдэл мөнгийг хувьдаа авч мөн кассын дутуу мөнгийг кармагаасаа хийж касс таруулж, кассын илүүдэл болон дутагдлыг нуун дарагдуулсан талаарх СД бичлэг, Итгэмжлэлийн хугацаа 2021.05.15-ны өдөр дууссан байхад 2021.05.19-ний өдөр М.Ж гийн 818000 төгрөгийг К т олгосон Т банкны зарлагын мэдүүлэг, ахлах теллерээс харилцагчийн гарын үсэггүй гүйлгээ хийж 2021.09.06-ны өдрийн Б.Ж 169000 төгрөг, 2021.02.24-ний өдрийн Еш аас карт дахин захиалахын хураамжид 4000 төгрөгийг шилжүүлсэн, 2020.12.17-ны өдрийн Зарлагын мэдүүлгээр “хар зарлага” 10000 төгрөгийн тус тус гүйлгээ хийсэн, 2021.04.20 өдрийн Орлогын мэдүүлэг гэрчилгээний үнэ Г аас 2500 төгрөг тушаасан баримтууд зэрэг бичгийн нотлох баримтаар бүрэн, хангалттай тогтоогдсон байна.
Нэхэмжлэгч Е ын гаргасан дээрх зөрчил нь Т банкны Хөдөлмөрийн дотоод журам болон ажил олгогчтой 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан №54 дугаартай Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.44-т “Данс бүртгэл будилаантуулсан, дансны мэдээллийг зөрүүлсэн, нуун дарагдуулсан” 7.4.45-т “харилцагчийн албан ёсны бичгээр гаргасан зөвшөөрөлгүйгээр, амаар утсаар, и-мэйл, мессежээр ирсэн хүсэлтийг үндэслэж орлого, зарлагын гүйлгээ хийх, дансанд холболт хийх”, 7.4.47-т “...ахлах теллер нь өдрийн гүйлгээг хянаж, баталгаажуулаагүйгээс зөрчил гаргасан”, 7.4.48-т “Орлого, зарлагын гүйлгээ нуун дарагдуулсан, ...хуйвалдсан”, 7.4.51-т “удаа дараа орлого зарлагын гүйлгээ зөрүүлсэн”, 7.4.54-т “кассын үлдэгдлийг хуурамчаар тааруулсан”, 7.4.55-т “Толлогоор кассын илүүдэл, дутагдал гаргаж, гарсан зөрүүг мөнгөний дүн харгалзахгүйгээр холбогдох албан тушаалтанд цаг тухайд нь мэдэгдэж,шаардлагатай арга хэмжээ аваагүй, нуун дарагдуулсан” гэж тус тус заасан ноцтой зөрчилд хамаарч байна.
10.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс ажил олгогч буюу хариуцагчаас нэхэмжлэгч Е д урьд өмнө сахилгын шийтгэл ногдуулж байгаагүй тул түүнийг давтан зөрчил гаргасан гэж хөдөлмөрийн гэрээ цуцалсан хариуцагчийн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн гэж маргаж байгаа боловч нэхэмжлэгч Е нь удаа дараа кассын илүүдлийг холбогдох дансанд бүртгэлгүй 2020.12.17-ны өдөр 10000 төгрөг, 2021.04.20-ны өдөр 5000 төгрөг, 2021.09.29-ний өдөр 1500 төгрөг, 2021.10.06-ны өдөр 1 ширхэг 5000-ын дэвсгэртийг бичиг баримтын дунд хавчуулж, нуун далдалж, тус тус хувьдаа авч ашигласан болон кассын дутагдлыг холбогдох дансанд бүртгэлгүй 2021.09.30-ны өдөр өөрийн кармагаас 1 ширхэг 10000-ын дэвсгэртийг касс руу хийж, хувьдаа 1 ширхэг 500-ын дэвсгэр, 3 ширхэг 1000-ын дэвсгэр, 1 ширхэг 5000-ын дэвсгэрт буюу нийт 8500 төгрөгийг буцааж авах замаар 1500 төгрөгийн кассын дутагдлыг, 2021.10.01-ний өдөр кармагаас 1 ширхэг 5000-ын дэвсгэртийг касс руу хийж, 15 ширхэг 100-ын дэвсгэрт буюу 1500 төгрөгийг буцааж авах замаар нийт 3500 төгрөгийн кассын дутагдлыг, 2021.10.11-ний өдөр 2 ширхэг 1000-ын дэвсгэртийг өөрийн кармагаас касс руу хийж нийт 2000 төгрөгийн кассын дутагдлыг нуун дарагдуулсан зөрчлийг тус тус давтан гаргаж ажил олгогчийн итгэлийг алдсан болох нь Т банкны Баян-Өлгий салбарын Улаанхус тооцооны төвд хийсэн эрсдэлд суурилсан шалгалтын тайлангийн хурлын тэмдэглэл болон СД бичлэгээр тогтоогдож байх тул ажил олгогчоос ажилтан Е д Хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил болон хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргаж, ажил олгогчийн итгэлийг алдсан гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцалсан нь тухайн үед мөрдөгдөж байсан 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.44, 7.4.45, 7.4.47, 7.4.48, 7.4.51, 7.4.54-т тус тус заасныг зөрчөөгүй байна гэж шүүх дүгнэлээ.
11.Т банкны Баян-Өлгий салбарын Улаанхус тооцооны төвийн ахлах теллер Е ыг тухайн үед мөрдөгдөж байсан 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцлах эрхтэй” талаар заасан мөн зүйлийн 40.1.5-д зааснаар “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” бол мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд ажлаас халах шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулах эрхтэй байх тул ажил олгогч буюу хариуцагч Т банкны Баян-Өлгий салбарын захирлаас Т банкны Хөдөлмөрийн дотоо журмын 5 дугаар зүйлийн 5.16.3-д заасан эрхийн дагуу Баян-Өлгий салбарын Улаанхус тооцооны төвийн ахлах теллер Е той байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хууль зөрчөөгүй байна.
12.Иймд өөрийн шаардлага болон татгалзлыг нотлох үүргийг зохигчид өөрөө хүлээх тул шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч Е нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Е ын Т банкны Баян-Өлгий салбарын Улаанхус тооцооны төвийн ахлах теллерийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Е нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг зохигч,гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ