Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2377

 

 

Ц.Эгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2018/01916 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Эгийн нэхэмжлэлтэй, хариуцагч М сургууль, Ш сургуульд тус тус холбогдох, олгогдоогүй илүү цагийн нэмэгдэл хөлс 2 606 552 төгрөг, түүний алданги 242 409 төгрөг, нийт 2 848 961 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Д, О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1996 оноос өнөөдрийг хүртэл М сургуульд 23 дахь жилдээ Их Британи Америк судлалын танхимд англи хэлний багшаар ажиллаж байна. Энэ хугацаанд 2005 оноос хойш ахлах багшийн зэрэглэл дэвшин сургуультай хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажиллаж байгаа бөгөөд сүүлд 2014 онд хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан. Энэхүү гэрээний 1.2 дахь заалтад сургалтын А цаг 15 багц, эрдэм шинжилгээ 6 багц, бусад цаг 5 багц байхаар зааж, нийт 26 багц цагийн ажлыг хичээлийн жилд хийх ёстой үүрэг хүлээсэн. Гэтэл 2017 оноос 2018 оны хичээлийн жилд сургалтын 15 багц заах байснаас 23,08 кр буюу 8,011 кредит цагийн гүйцэтгэлтэй, илүү цагийн хичээл заасан. Мөн өөрт ноогдсон эрдэм шинжилгээний цагаас 6 цагаар илүү хийсэн. Мөн В цагаа хийсэн. Миний хувьд сургуулиас олгосон үүрэгт ажлыг илүү цагийн гүйцэтгэлтэйгээр давуулан хийсэн. Гэвч ажил олгогчийн зүгээс нэмэгдэл хөлс олгох журмыг зөрчиж, миний олон цаг хичээл заасан кредитийн мөнгийг өгөхгүй байна гэж үзээд гомдол гаргаж байна. Тус асуудлын дагуу Мсургуулийн хөдөлмөрийн маргаан таслах комисст 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр өргөдөл гаргасан боловч хөдөлмөрийн маргаан таслах комиссын журамд заасан 14 хоногийн дотор хариу өгөх ёстой байтал шийдвэрлэж өгөөгүй. Ингээд Хөдөлмөрийн тухай хуулийн 7.1-т зааснаар илүү цагийн нэмэгдэл хөлс, цалин хөлсний бүрэлдэхүүнд орох тул цагийн хөлс болох 2 606 552 төгрөгийг олгоогүй улмаас 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр тушаал гарснаас хойш алданги болох 242 409 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хөдөлмөрийн тухай хуулийн 21.2, 21.7, 23.3, 49.1, 50.1 дэх хэсэгт заасан заалтаар нэхэмжлэл гаргасан. Хөдөлмөрийн гэрээг дангаараа нэг тал цуцлахгүй, заалтыг өөрчлөхгүй. Байнгын ажлын байранд хугацаагүй гэрээ байгуулна гэх үндэслэл байгаа. Мөн хөдөлмөрийн гэрээний заалтыг өөрчилсөн нь хууль бус гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч Мсургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хавтаст хэрэгт авагдсан Мсургуулийн дүрэмд Мсургуулийн удирдлагын тогтолцоог тодорхой заачИхсан. Үүнд Мсургуулийн багш нарын цагийн ачаалал нь эрдмийн зөвлөлийн асуудал байдаг. Эрдмийн зөвлөл нь профессор багш ажиллуулах журмаараа багшийн цагийн ачааллыг тодорхой болгосон байдаг. Илүү цаг гэж яригдаад байгаа 2115 гэх маргаан нь профессор багш ажиллуулах журмын 2.6-д М сургуульд 12 жил ажилласан ахлах багш нь эрдэм шинжилгээний багц цагийг сургалтын багц цаг руу оруулж тооцно гэж заасан. Нэгэнт Мсургуулийн эрдмийн зөвлөл нь тус журмаа гаргачихсан учир хөдөлмөрийн дотоод журам, профессор багш ажиллуулах журмыг хөдөлмөрийн дотоод журмын 5.1.1-т үүрэг болгочИхсон байдаг. Хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар хуудсанд хууль тогтоомж, эрхэм зорилго, стратеги төлөвлөгөөнд нийцүүлсэн сургуулийн хэмжээнд мөрдөгдөх дүрэм, журам, ажлын байрны тодорхойлолтыг батлах эрхийг ажил олгогчид олгочИхсон. Мөн 3 дугаар хуудсанд холбогдох хууль, М сургуульд мөрдөгдөж буй дүрэм, журам, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлнэ гэж ажилтануудад үүрэг болгосон. Тус үүрэг нь Хөдөлмөрийн тухай хуулиар баталгаажчИхсан. М сургууль нь 21 кредитийг хийлгэх асуудлыг захиргаан дээр ярьж, бүрэлдэхүүн сургууль дээр кредит хангасан 60 гаруй багш 21 кредитээр хөдөлмөрийн гэрээг байгуулж, хавтаст хэрэгт авагдсан хууль зүйн сургуулийн 1 багшийг 21 кредитээр тооцох тухай хөдөлмөрийн гэрээнд хавсаргачихсан байгаа. Сургуулиуд бүгд 21 кредитээр кредитэд орсон багш нарыг А цагаа хий гэх мэдэгдлийг жилийн өмнө өгсөн. Гэтэл нэр бүхий хэдэн багш нар өөрсдөө зохион байгуулалттайгаар хөдөлмөрийн гэрээг хийгээгүй. 2014 онд байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу 15 кредитээр цагаар цагаа тооцуулна, бусдыг илүү цагаар авна гэх байгууллагын журмыг зөрчсөн шаардлага тавьж, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй явсан. Тус асуудлыг захиргааны зөвлөл хэд хэдэн удаа авч хэлэлцээд нэгэнт байгууллагаараа хүчин төгөлдөр мөрдөж байгаа дүрэм, журмын хүрээнд асуудлаа шийдье, 21 кредитээр тооцъё гэх байр суурьтай байсан. Үүний дагуу цагийн ачааллыг тооцсон гэжээ.

Хариуцагч Мсургуулийн Шсургуулийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 12-оос дээш жил ажилласан багш докторын зэрэг хамгаалаагүй бол 21 кредит багц цуглуулах журамтай байгаа. Түүний дагуу илүү цагийг тооцсон. Ц.Э багшид 21 багцаас цагаас илүү гарсан хөлсийг олгочИхсон. Ц.Э нь 15 багцаар тооцуулна гэх шаардлага тавьж байгаа. Мсургуулийн тус журам 2014 оны 12 сард батлагдсан. Ц.Э багшийн шүүхэд гаргаж өгсөн хөдөлмөрийн гэрээ нь 2014 оных байгаа. Түүнээс хойш буюу 2016 онд Мсургуулийн хөдөлмөрийн дотоод журам шинэчлэгдэн батлагдсан. Мсургуулийн захирлын тушаал гарч, хөдөлмөрийн гэрээний загварыг шинэчилж баталсан. Тус загвараар 2017 оны 09 дүгээр сард бүх багш нар хөдөлмөрийн гэрээг шинэчилж хийсэн. Цөөн тооны буюу 12 жилээс дээш жил ажилласан боловч докторын зэрэг хамгаалаагүй багш нар эсэргүүцэж, хөдөлмөрийн гэрээ хийхгүйгээр 1 жил алдсан. Мөн 2015 оны 12 дугаар сард 12 жилээс дээш ажилласан докторын зэрэг хамгаалаагүй багш нарт 2017 оны хичээлийн жилээс тус журмыг мөрдөж ажиллана, 21 багц цагаар тооцно гэх миний гарын үсэгтэй албан тоотыг хүргүүлсэн. Захиргааны зөвлөлийн хурлаар хэд хэдэн удаа хэлэлцсэн, өнгөрсөн намраас саналаа тавьж ажлын хэсэг ажилласан. Ажлын хэсэг нь саналыг эрдмийн зөвлөлд уламжилж, эрдмийн зөвлөл нь дүрэм журмаараа явах ёстой гэх шийдвэр гарсан. Мсургуулийн дүрэм, журам, Мсургуулийн хөдөлмөрийн дотоод журам, шинэ, хуучин гэрээний аль алинд нь Мсургуулийн багш ажилтан хэн боловч М сургуульд хэрэгжиж байгаа дүрэм, журмыг бүгдийг дагаж биелүүлэх үүрэгтэй гэж заасан байдаг. Тус хүчин төгөлдөр үйлчилж байгаа дүрэм, журмын дагууу цагаа тооцож явах ёстой гэж үзэж байна гэжээ.

 Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 128.1.11-д зааснаар хариуцагч Мсургуулиас нэмэгдэл хөлс 2 848 961 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Эгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Э нь хариуцагч МСургуулийн Шсургуулиас татгалзсан болохыг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 60 534 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. ...Анхан шатны шүүх хэт нэг талыг барьж нотлох баримтыг дутуу үнэлсэн. Учир нь М сургуульд профессор, багш ажиллуулах журмын 14 дугаар зүйлийн 14.7-д багш тухайн хичээлийн жилийн эхэнд хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа эрдэм шинжилгээний ажлын ноогдлоо эрдэм шинжилгээний ажлаар /энэ журмын 10.4-т заасныг үндэслэн/ нөхөхөөр тусгаж болох ба гэрээнд заагаагүй нөхцөлд цаг шилжүүлэн тооцох бол энэ журмын 14.6-д заасныг баримтлана. Ерөнхий суурь хичээл заадаг үндсэн багш болон зөвлөх профессор, зөвлөх дэд профессор хөдөлмөрийн гэрээнд тусгасны үндсэн дээр эрдэм шинжилгээний ажлын ноогдлыг сургалтын үйл ажиллагаагаар шилжүүлэн гүйцэтгэж болно гэж заасан байдаг. Уг журмын дээрх заалтаар эрдэм шинжилгээний ажлын ноогдлоо сургалтын цагаар тооцуулахын тулд хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулсны үндсэн дээр гүйцэтгэхээр заасан. Гэтэл гэрээнд ямар нэгэн өөрчлөлт ороогүй байхад ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээний нэг талын саналыг харгалзалгүй шууд ажлын цагийг шилжүүлэн тооцож байгаа нь дээрх журмаа зөрчиж буй хэлбэр юм. ...Мөн анхан шатны шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь ажилтны гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлс нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл бөгөөд 21.2 дахь хэсэгт зааснаар аль нэг тал дангаараа хөдөлмөрийн гэрээний заалтыг өөрчилж болохгүй гэж заасан. Хөдөлмөрийн гэрээ шинэчлэн байгуулах талаар 2018 оны 10 дугаар сард ажил олгогчоос гэрээний төслийг ирүүлсэн боловч буруу төслийн загвар явуулсан, энэ төслөөр гэрээ байгуулахгүй гэж хэлээд буцаасан. ...Гэрээний төсөл дээр санал солилцохоор ажил олгогчид хүсэлт гаргасны дагуу ажлын хэсэг байгуулагдан ажиллаж эхэлсэн. Ийнхүү 2018 оны 3 дугаар сард тухайн ажлын хэсгийн ажилчдын төлөөллийг байлцуулалгүй хуралдан дүгнэлтээ гаргасан байсан. Хөдөлмөрийн гэрээ шинэчлэн байгуулах асуудал нь хууль дүрмийн дагуу явагдаагүйгээс гадна, хичээлийн жилийн төгсгөлд энэ асуудал гарсан байхад шинэчлэн байгуулах ёстой гэсэн үүрэг ногдуулж буй нь шударга бус бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтыг зөрчиж нэг талын санаачилгаар хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах ёстой мэтээр дүгнэсэн нь буруу байна. Түүнчлэн ямар нэгэн тушаал шийдвэргүйгээр хөдөлмөрийн гэрээнд тусгасан ажлын ноогдлыг өөрөөр тооцож байгааг шүүхийн зүгээс зөвтгөж байгаа нь ойлгомжгүй юм. Мөн М сургуульд профессор, багш ажиллуулах журмын 2.5-д зааснаар эрдэм шинжилгээний цагийг сургалтын цагаар шилжүүлэн тооцож, 16+5=21 кр биелүүлэх ёстой гэвэл 2017-2018 оны хичээлийн жилд А буюу сургалтын цаг 23.11 кр, Б цаг буюу эрдэм шинжилгээний цаг 7.3 кр биелүүлж нийт 30.41 кр биелүүлсэн байтал 2.11 кр цагийн мөнгийг л олгож миний эрх ашгийг зөрчин хохироолоо. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

 

Нэхэмжлэгч Ц.Э нь хариуцагч М сургууль, Ших сургуульд холбогдуулан илүү цагийн хөлс 2 848 961 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг /хх1-2/ хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх.28-29/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч Ц.Э нь хариуцагч М сургуульд 1996 оноос хойш багш, 2015 оноос хойш ахлах багшаар ажиллаж байгаа, мөн 2017-2018 оны хичээлийн ажилд 23.11 кредит цаг гүйцэтгэж, 2.11 кредит цагийн хөлсийг илүү цагийн хөлсийг илүү цагаар бодож олгосон үйл баримтад талууд маргаагүй.

 

Иргэний хэрэг үүсгэсэн захирамжийн /хх.21/ захирамжлах нь хэсэгт нэхэмжлэгч Ц.Эгийн бус Турист монголиа ин ворлд нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэхээр буруу бичсэнийг талууд техникийн алдаа гэж үзэж байгаа гэсэн боловч Ц.Эгийн нэхэмжлэлээр иргэний хэрэг үүсгэсэн гэж үзэхэд учир дутагдалтай.

 

2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Монгол Улсын Улсын Их сургуулийн захирлын Б/167 дугаар тушаалаар Шсургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Баяртогтохыг томилсон баримт хэрэгт авагдсан байна./хх.30/ Түүнчлэн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Б.Баяртогтох хэргийн материалтай танилцсан /хх.130/ байхад шүүхийн шийдвэр /хх.153-157/ болон шүүх хуралдааны тэмдэглэлд /хх.140-152/ Б.Бадамдорж гэж бичсэнээс үзэхэд шүүх хуралдаанд зохих этгээдийг оролцуулсан гэж үзэх боломжгүй байна.

 

Нэхэмжлэгч цалин хөлсөд 2 848 961 төгрөг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх гэсэн шаардлага гаргасан гэж шүүх хуралдаанд тайлбарласан байх боловч зөвхөн цалин хөлсийн талаар талууд мэтгэлцсэн, харин нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх талаар хэрэг үүсгэсэн захирамжид заагаагүй, энэ талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй, талууд мэтгэлцээгүй байна.

 

Түүнчлэн хэргийн 132-139 дугаар талд авагдсан баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан хэргийн нотлох баримтад тавигдах шаардлагыг хангаагүй тул дээрх баримтад үндэслэн хэргийг шийдвэрлэх боломжгүй.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед гаргасан уг алдааг залруулж, маргааны үйл баримт хууль хэрэглээний талаар дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2018/01916 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 60 540 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ