Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2021/0109

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  М кХХК,

Хариуцагч: Харилцаа холбооны зохицуулах хороо,

Гуравдагч этгээд: Ю ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: Харилцаа холбооны зохицуулах хороо, Ю ХХК-тай байгуулсан 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 314000014 дугаар захиргааны гэрээг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, Э.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ү, Ч.А, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нотлох баримт шинжлэн судлах явцад нэхэмжлэгчийн эрх ашиг яагаад зөрчигдөж байгаа вэ, яагаад нэг талд илүү үйлчлээд байна вэ гэдгийг харна уу.

Цаг хугацааны хувьд явсан албан бичгүүдээс гуравдагч этгээд нь 50-хх-хх-хх 55-хх-хх-хх дугааруудыг бидэнд өгнө үү гэдэг хүсэлтийг Харилцаа холбооны зохицуулах хороонд бид 10 сард гаргасан ба хэд хоногийн дараа бид нарт уучлаарай танайд нөөц хангалттай байгаа учир танайд өгөх боломжгүй гэж мэдэгдсэн ба тухайн мөн өдрөө Харилцаа холбооны мэдээлэл технологийн газарт үүрэн холбооны оператор дугаарлалтын сээр хүсэж байна үүнийг өөрчилж өгнө үү гэж хэлсэн. Яг тэр бичгээс хэд хоногийн дараа гуравдагч этгээдээс манайд олгож өгнө үү гэж хүссэн байдаг. Хариуцагч нь үр ашгийн тооцоог нь аваад, судлаад явах ёстой байдаг.

Үүрэн холбооны дугаарлалтыг ашиглах журам гэж байдаг. Тэр журам нь өөрчлөгдөөгүй буюу хөндөөгүй ба тухайн журамд 50-хх-хх-хх 55-хх-хх-хх дугаарууд байхгүй. Тэгээд нэг байгууллага манайд өгнө үү гэж бичихэд боломжгүй гэж хариу өгснөө өөр байгууллага албан бичиг хүргүүлэхэд байлгаж байгаад 5 гэх сээр дугаарыг амралтын өдөр олгож байгаа нь ямар нэгэн компанид давуу байдал олгож байна. Захиргааны ерөнхий хуулийн дагуу нээлттэй сонгон шалгаруулалт юм уу, сонсгол хийхгүйгээр бид өгөх эрхтэй гээд өгсөн.

Ашиг сонирхлын зөрчилтэй юм. Холбогдох журам, төлөвлөгөөгөө зөрчсөн гэрээ байна. Иймд манай хууль ёсны эрх ашиг зөрчигдөөд байна. Хязгаарлагдмал нөөцийг үр ашигтай зарцуулаарай гээд агентлаг нь чиг үүрэг өгсөн. Гуравдагч этгээдийн хооронд явсан баримт бичгийг харахаар үр ашигтай тооцоолол байна уу. Харилцаа холбооны тухай хуульд тусгай зөвшөөрлийг олгохдоо ийм ийм баримт бичгүүдийг бүрдүүлнэ гэсэн байдаг. Жишээлбэл санхүү эдийн засгийн тооцоо, үр ашгийн тооцоо байхгүй. Хариуцагч юуг үндэслэж олгосон талаар хардах эрх нь манайд байгаа. Хамгийн чухал нь бидэнд ил тод биш байна.

Хавтаст хэрэгт авагдсан бичиг баримтуудыг харахаар байхгүй. Асуун байж шүүх хуралдаан хэд хойшлуулж байж бичиг баримтууд нь гарч байгаа. Төрийн байгууллага ажлаа яаж хийж байгаа нь үүнээс харагдаж байгаа. Нотлох баримт харахаар нөөц ашиглаж байгаа эсэх талаар зүйл байхгүй.

Хязгаарлагдмал нөөцийг үр ашигтай зарцуулаарай гээд агентлаг нь чиг үүрэг өгсөн байдаг. Гуравдагч этгээдийн хооронд явсан баримт бичгийг харахаар үр ашигтай тооцоолол гэдэг юм байна уу. Харилцаа холбооны тухай хуульд тусгай зөвшөөрлийг олгохдоо ийм ийм баримт бичгүүдийг бүрдүүлнэ гэсэн байдаг. Жишээлбэл санхүү эдийн засгийн тооцоо, үр ашгийн тооцоо байхгүй. Тэгэхээр хариуцагч юу үндэслэж олгосон бэ гэдэг талаар хардах эрх нь манайд байгаа. Хамгийн чухал нь бидэнд ил тод биш байна.

Хавтаст хэрэгт авагдсан бичиг баримтуудыг харахаар байхгүй. Асуун байж шүүх хуралдаан хэд хойшлуулж байж бичиг баримтууд нь гарч байгаа. Төрийн байгууллага ажлаа яаж хийж байгаа нь үүнээс харагдаж байгаа. Нотлох баримт харахаар нөөц ашиглаж байгаа эсэх талаар зүйл байхгүй. гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  М кХХК-иас Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдуулан Харилцаа Холбооны Зохицуулах Хороо Ю ХХК-тай байгуулсан 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Ю ХХК-д олгосон сүлжээний дугаарлалтын нэмэлт 31400014 дугаар захиргааны гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Төр иргэдийнхээ өмнө хүлээсэн нийгмийн суурь үйлчилгээ буюу харилцаа холбоог иргэдэд тогтвортой ашиглуулах үүргээ Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 52.2, 52.2.3, 53 дугаар зүйлд тус тус заасны дагуу харилцаа холбооны компаниар дамжуулан захиргааны гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлдэг.

Өөрөөр хэлбэл бидний барьж ашигладаг 9911ХХХХ, 8811ХХХХ гэх мэт дугааруудыг гар утсандаа хийж ярих суурь үйлчилгээг хувийн хэвшлээр гэрээний нөхцөлүүдээр түр гүйцэтгүүлдэг.

Үүний дагуу Харилцаа Холбоо, Мэдээллийн Технологийн Газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/161 дүгээр тушаалаар Монгол Улсын Харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулж Монгол Улсын харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөний Хоёрдугаар бүлэг Монгол Улсын харилцаа холбооны дугаарлалтын багцын томьёолол-ын хүснэгт 1-д тусгагдсан эхлэх дугаар 5 зориулалт Нөөцөд төлөвлөгдсөн дугаарлалт гэж заасныг эхлэх дугаар 5 зориулалт Үүрэн холбоо, зүйлсийн интернэт, дата үйлчилгээнүүдэд гэж өөрчилсөн байна.

Үүнээс өмнө Монгол улсад мөрдөгдөж байгаа дугаарлалтын төлөвлөгөөгөөр бол нийт дугаарлалтын нөөц 20 сая дугаарлалттай байсан. Энэ 20 сая дугаарлалтын Агентлагаас баталж өгсний дагуу бол гэрээгээр нэхэмжлэгчид 4 сая гуравдагч этгээдэд 4 сая төгрөгийг аваад Жи мобайл ХХК-д 1.9 сая, С ХХК-д 3 сая үүнээс Тагнуулын ерөнхий газар 10.000 дугаарлалтыг аваад нийт 20.000.000 дугаараас 7 сая гаруй дугаарыг ямар нэгэн үүрэн телефоны байгууллагын эзэмшилд байдаггүй буюу өөрөөр хэлбэл дугаарлалтын төлөвлөгөөнд байгаа боловч ямар нэгэн байгууллага аваагүй дугаарууд байсан.

Гэтэл нэхэмжлэгчийн гол маргаж байгаа үндэслэл нь гуравдагч этгээдэд олгосон 4 сая дугаар бол үндсэндээ 100 хувь иргэдийн гар дээр очоогүй байдаг. Энэ бол харилцаа холбооны зохицуулах хорооноос ирүүлсэн нотлох баримтаас тодорхой харагддаг. Нийт зах зээлд гарсан дугаараас 34 хувийг гуравдагч этгээд нь эзэлдэг. Үүнийг тооцоод үзвэл 1.400.000 дугаар гүйлгээнд гарсан байгаа нь харагдаж байгаа. Энэ бол нийт 4 сая дугаарын 30 хувь нь эзэнтэй ашиглагдсан байдаг. Өөрөөр хэлбэл хангалттай дугаарын нөөцтэй байхад дахин 5 дугаараар эхэлсэн сээр дугаарыг хариуцагч нь олгосон нь журам болон холбогдох хууль тогтоомжийн зөрчиж байна гэж үзэж байна.

Монгол Улсын Харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөний 1 дүгээр зүйлийн 1.2-т Харилцаа холбооны үйлчилгээний дугаарлалт нь хязгаарлагдмал тул ХХЗХ нь дугаарлалтыг төлөвлөгөөнд тусгагдсан дугаар, дугаарлалтыг үр ашигтай хуваарилах зарчим баримтлан хэрэгжилтийг хангуулна гэж заасан.

Мөн Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3-т Зах зээлд шударга өрсөлдөх буюу үйлчлүүлэгчийн шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, өмчийн бүх төрлийн аж ахуй нэгж байгууллагуудын үр ашигтай байх боломжийг харгалзан үзэж байж дугаарлалтыг олгох ёстой гэж заасан байдаг. Гэтэл гуравдагч этгээдэд дугаарлалтын нөөцөөс харвал 4 сая дугаар аваад 1.5 сая орчим нь хэрэглэгчдийн гар дээр ашиглагдаж байгаа юм бол дугаарлалтын нөөц хангалтай байгаа.

Нөгөө талаасаа ямар нэгэн үүрэн телефоны аваагүй 7 сая дугаар ямар ч эзэнгүй нөөцөд байгаа. Дугаарын нөөц хангалттай байхад 5 гэх угтвар сээрийг бусад гуравдагч этгээдэд олгож байгаа нь холбогдох журмын зорилгоо хэрэгжүүлэхгүй байна гэж үзэж байгаа.

Яагаад энэ асуудлаар манайх нэхэмжлэл гаргаад явж байна гэвэл энэ 5 гэх сээртэй дугаар нь манайх ашиглаж эзэмшдэг байсан. Өөрөөр хэлбэл Мобифон үйлчилгээндээ ашигладаг. Хамгийн том энэ үйлчилгээний жишээ нь цагаан утсаар ярьдаг байсан. Энэ дугаарыг манайх ашигладаг байсан боловч тухайн үед Харилцаа холбооны зохицуулах хорооноос дугаарлалтын нөөц нь хангалттай байна. Иймд нийгэмд ойлгомжгүй байдал үүснэ гээд бүгдийг нь хурааж авсан ба энэ эрсдэлийг манай зүгээс төрийн гаргаж байгаа шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, ямар нэгэн маргаан гаргалгүй хэлсэн зааварчилгааны дагуу энэ дугаарыг хүлээлгэж өгөөд хэрэглэгч нарыг хэл ам гаргахгүйн тулд дугаарын сүүлийн 6 орныг нь ижил байлгахаар сольж өгч байсан.

Санхүүтэй холбоотой болон хэрэглэгч нартай холбоотой асуудлыг манай зүгээс үүрч байсан. Гэтэл яг адилхан шалтгаанаар дугаарлалтын нөөц хангалттай байгаад байхад гуравдагч этгээдэд олгосон нь хууль зөрчиж байна гэж үзэж байгаа.

Мөн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр буюу бүх нийтийн амралтын өдөр энэхүү гэрээ нь байгуулагдсан. Иймд энэхүү гэрээ нь холбогдох хууль дүрмийг ноцтойгоор зөрчсөн ба энэхүү захиргааны гэрээг хүчингүй болгож өгнө үү гэж хүсэж байна.

Заавал 50 55 гэх дугааруудыг нэгнээс нь танайд дугаарлалтын нөөцтэй байна гэдэг үндэслэлээр авсан атлаа буцаагаад гуравдагчид нь тухайн үндэслэл байхад өгөөд байдаг. Дугаарлалтын төлөвлөгөө нөөц хангалттай байдаг. Бидний тооцож байгаагаар ямар нэгэн компани 7 сая гаруй дугаар эзэмшээгүй байхад тухайн 50 55 гэх дугааруудаас өгөөд байгаа юм бэ? 12 дугаар сарын 15-ны өдөр дугаарлалтын төлөвлөгөө өөрчлөгдсөн гэх албан бичиг ирсэн болохоос биш хариуцагчийн хэлсэн ямар нэгэн санал аваагүй. Гэрээ байгуулагдсанаас хойш буюу 2020 оны 06 дугаар сард санал авах албан бичгийг ирүүлсэн.

2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс хойш буюу дугаарлалтын төлөвлөгөөнд 5 сээр дугаарыг нэмснээс хойш Харилцаа холбооны зохицуулах хороо нь гуравдагч этгээдтэй дугаарлалт олгохтой холбоотой асуудлаар хэлэлцээгүй байдаг. Үүнийг Харилцаа холбооны зохицуулах хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч ч гэсэн зөвшөөрдөг. Хорооны дарга нь бүрэн эрхийнхээ хүрээнд гэрээ байгуулсан гэж хэлээд байна. Өөрөөр хэлбэл хорооны хуралдаанаар хэлэлцээгүй. Учир нь хавтаст хэрэгт дугаарлалтын төлөвлөгөө хийхдээ Харилцаа холбооны зохицуулах дүрмийн 4.2.1-ээс 4.3-т хүртэл судлах шаардлагатай, 4.4.3-т Хорооны хуралдаанаар энэхүү дүрмийн 4.2.1-т зааснаас гадна дараах асуудлыг харилцан шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Энэ татсан гипотезийг татаад үзэхээр 4.2.1-т Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан бүрэн эрхээс гадна дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Харилцаа холбооны хуулийн 9 дүгээр зүйлийг алагсуулаад харахаар 9 дүгээр зүйлийн 1.2-т хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, хугацааг сунгах, нэмэлт өөрчлөлт оруулах, сэргээх, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, холбогдох журмыг батлах, гэрээ байгуулах гэж байдаг. Өөрөөр хэлбэл гэрээ байгуулах нь бүрэн эрхийн асуудал юм.

Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрмийн 4.1-т хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байх ба хорооны хуралдаан гишүүдийн олонх оролцсоноор ирц бүрдсэн гэж үзнэ. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ. Хэрэв тэнцсэн тохиолдолд саналаар шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Гэтэл үүнээс харахаар 50, 55 гэх дугаарыг олгохдоо хуралдаанаар хэлэлцээгүй байж таарах гээд байна. Хэрэв хэлэлцээгүй бол дарга нь өөрт ологдсон бүрэн эрхээ хэтрүүлэн хэрэглэсэн болж харагдаад байна. Тэгэхээр хороо нь дотоодоос гарч байгаа шийдвэрийг бүрэн эрхийн хүрээнд хороогоороо хуралдаад шийдэх ёстой байсан. Гэтэл дарга нь өөрөө гарын үсэг зураад гэрээ байгуулсан байна.

Харилцаа холбооны зохицуулах хорооноос ирсэн албан бичигт Харилцаа холбооны зохицуулах хороонд даалгасугай гэж байсан. Хаалт дотор н.Чинзориг гэж байгаа. Хариуцах эзнийг нь зааж өгч байгаа түүнээс биш Харилцаа холбооны зохицуулах хороонд даалгасугай гэсэн байгаа. Тэгэхээр энэ хууль журмуудаас харахаар хариуцагчийн бүрэн эрхэд хамаарах байтал зөвхөн дарга олгосон гээд байна. Тэгэхээр өнөөдрийн маргаж байгаа захиргааны гэрээтэй маргахдаа эрхгүй этгээд буюу төрийн байгууллагыг төлөөлөх эрхгүй этгээд байгуулсан нь хууль журмуудаас харагдаж байгаа.

Бид баталсантай нь биш олгохдоо процессоо зөрчсөн байна гэж маргаж байгаа. Оролцогчийн тэгш эрхийг хангаагүй байна. Гуравдагч этгээдтэй гэрээ байгуулсны дараагаар биднээс санал байна уу гэж албан бичиг ирүүлсэн ба процесс ажиллагаагаа нөхөх зарчмаар яваад байгаа. Хариуцагч тайлбарлахдаа аль болох тэгш эрхийг хангаад саналыг урьдчилан авдаг гэдэг боловч шийдвэр гаргасны араас саналаа авсан байна. Тэгэхээр энэ Захиргааны ерөнхий хуулийн тэгш эрхийг хангаж сонсгох ажиллагаа хийх зарчмыг нэг талд нь үйлчлээд нөгөөд нь үйлчлэхгүй байна.

Манайхаас авсан дугаараа буцаагаад гуравдагч этгээдэд тухайн дугаарыг олгохдоо манай эрхийг хангаагүй, гуравдагч этгээдэд олгосон нь манай эрх ашгийг зөрчөөд байна. Дугаарлалтын нөөц хангалттай байхад гуравдагч этгээдэд олгосон юм бэ. Энэ нь өөрөө шударга өрсөлдөөн хийх үр дагаврыг бий болгох, бүрдүүлэх үүргийг хуулиараа Харилцаа холбооны зохицуулах хороонд байдаг. Гэтэл энэ тэнцвэрт байдлыг хангаагүй, шударга өрсөлдөх эрхийг хязгаарласан атлаа хуульд нийцсэн гэрээ гээд байгаа нь үндэслэл муутай байна. Ийм учир маргаж байгаа захиргааны гэрээ нь хууль болоод холбогдох процедураа зөрчсөн, оролцогчийн эрхийг хангаагүй. Адилхан үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын эрхийг тэгш байдлаар авч үзээгүй, дарга нь эрхээ хэтрүүлэн гэрээ байгуулсан байдлуудыг шүүхийн зүгээс онцгойлон анхаарч авч үзнэ үү. гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Отгонбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мэдээж эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа гэдэг үүднээс эрх зүйн үр дагавар яригдана. Үр дагаврын хувьд өмнө нь Харилцаа холбооны зохицуулах хорооноос энэхүү дугаарыг хурааж авахад 3 тэрбум орчим төгрөгийн алдагдал хүлээж байсан. Энэ бол өөрөөр хэлбэл цагаан утсаар ярьж байсан хөдөлгөөнт утас, үүнтэй холбоотой зах зээл дээр хэрэгжүүлж байсан бараа үйлчилгээгээрээ хохирч байсан. Одоо 55 тай дугаарыг тэгш шударга өрсөлдөөний зарчмаа барихгүйгээр гуравдагч этгээдэд олгосон ба тухайн сээр дугаар нь ашигтай сээр дугаарыг түүвэрлэх маягаар өрсөлдөөнийг гуравдагч этгээдийг дэмжиж бизнесийн хувьд давуу байдал олгосон.

Магадгүй бидний урьдчилсан тооцоогоор 50-хх-хх-хх 55-хх-хх-хх дугаарыг зах зээлд борлогдоод эхэлбэл манай зүгээс нэхэмжлэгч нь 8.4 тэрбум төгрөгийн бодитой хохирол учрах юм байна гэдэг тооцоо гарсан. Тэгэхээр Монгол улсад Харилцаа холбооны салбарт дугаарын ашиглалтын хүртээмжтэй байдал нь одоо гаргасан нөөцөөр хангалттай байхад шүүрдэнэ гэдэг шиг үр ашигтай сээр дугааруудыг нэг этгээдэд давуу байдлаар олгож байгаа нь хууль бус юм. Яг энэ хүсэлтийг гуравдагч этгээдээс гаргасан албан бичиг хавтаст хэрэгт байгаа. Энэ бол ашиг сонирхлын зөрчилтэйгөөр буюу захиалгаар гаргаж өгсөн гэх агуулга харагдаж байна.

Төрийн байгууллага нь нэг цонхоор, нэг зарчмаар л хэрэгжүүлэх ёстой. Тэгэхээр ам ажил хоёр нь ам дэлэнгээр зөрнө гэгчээр Харилцаа холбооны зохицуулах хороо болон Харилцаа холбоо мэдээлэл технологийн газрын баримталж байгаа бодлого нь эрс өөр байна

Өөрөөр хэлбэл гуравдагч этгээд нь бизнесээ дэмжих зорилгоор гэж албан бичиг хүргүүлсэн байдаг нь хавтаст хэрэгт авагдсан. Энэхүү захиргааны гэрээ нь манай эрх ашиг сонирхлыг хөндөж байгаа учир энэ гэрээг цуцлах ёстой гэх байдлаар хэлэх нь зүйтэй.

50, 55 дугаарлалтуудыг анх олгохдоо зөвхөн дата хэрэглээнд өгнө, тэрнээс биш ярианд өгөхгүй гэдэг агуулгаар хавтаст хэрэгт ирсэн бичиг байдаг. Гэтэл хороо нь яриа нь өгнө гээд гэрээ байгуулаад олгосон байна. Төрөөс гаргаж байгаа бодлогын баримт бичгээр тодорхойлогдож байгаа агентлаг нь ийм чиглэл бариад байхад энэ шүүх хуралдаанд ярьж байгаа хоёр нь газар тэнгэр шиг байна.

Сонсгох ажиллагаа, холбогдох ирж байгаа мэдэгдэл, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтууд нь өнөөдрийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын яриад байгаа өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан бичгийн хэлбэрээр анхдагч эх сурвалжаа зааж чадах нотлох баримтынхаа эсрэг зүйл яриад байдаг. Бид харилцан тэнцвэртэй гээд байгаа бол үүнийгээ хангасан гэх баримтаа гаргаж өгнө үү. Огт гаргаж өгөөгүй.

Гуравдагч этгээд нь хэдэн хэмжээний дугаарын нөөцтэй байгаа юм бэ гэхээр хариуцагчийн болон гуравдагч этгээдийн хэлж байгаа нь өөр дүн байдаг. Гуравдагч этгээд нар нь өөрсдийн эрх зүйн байдлаа дээрдүүлэх нь аргагүй байх. Төрийн байгууллагаас ирж байгаа албан бичиг нь шинэ дугаарлалтын хэрэгцээ байхгүй гэж харагдаж байна. Гуравдагч этгээдийн эрх ашгийн төлөө захиргааны байгууллага ажилласан гэдэг талаар маргаад байна. Олгох боломжгүй гэж манайд хариу өгснөө мэдээлэл технологийн газарт шинэ дугаар нэмүүлэхээр хүсэлт өгсөн байдаг. Тэр хооронд бизнесийг дэмжих зорилгоор гэж албан бичиг өгсөн. Энэ харилцаанд оролцдог бусад байгууллагуудын тэнцвэрт эрх нь хаана байна вэ?

Захиргааны байгууллагын албан тушаалтан хуульд заасан эрхээ хэтрүүлсэн буюу өөрт олгогдоогүй эрхийг эдэлсэн. Энэ бол маш тодорхой. Харилцаа холбооны тухай хуулийн 9.1 дүгээр зүйлд бүгдээрээ таслалтай байгаа. Тусгай зөвшөөрлийн хүрээ гэх байдлаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ярьж магадгүй. Гэтэл тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага болоод холбогдох журмыг батлах гэснээ таслал аваад гэрээ байгуулах гэж байдаг. Тэгэхээр хорооны хуралдаанаар гишүүдийн олонхын саналаар шийдэх асуудлыг дарга нь хийсэн нь хууль зөрчсөн. Тэгэхээр шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ маргааны эвийн журмаар шийдвэрлүүлэх талаар зөндөө уулзалт хийсэн. Эвлэрэх асуудал яригдаж болох боловч энэ дугаарлалтуудыг олгосон нь угаасаа буруу гэдэг манай байр суурь одоо ч хэвээрээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч 36 хувийн дугаар ашиглагдаж байгаа гэсэн зөрүүтэй ойлголттой байна. Харилцаа холбооны зохицуулах хорооноос ирүүлсэн бичиг болон сайтад байгаа хуваагдсан дүн нь өнөөдрийн Монгол улсын идэвхтэй хэрэглэгчийн тоо. Тухайн хэрэглэгч нь идэвхтэй хэрэглэж байгаа гэсэн үг. Дугаараа аваад хэрэглээгүй, ашиглаагүй хэдэн сар болсон тоог нь нэмээд үзвэл олон тоо гарна. Тухайн тоо нь манайд байдаггүй. 36 хувийн нөөц байхад гэж хольж сольж ярмааргүй байна.

Өнөөдрийн шүүх хуралдаанд өмнө нь ашиглаж байсан гэх яриа яригдахгүй. Мөн тухайн үед цагаан утсанд ашигладаг байсан ба энэ үйлчилгээ байхгүй болсон гэдгийг хүн болгон мэдэж байгаа. Ийм учир дугаарлалтын төлөвлөгөөнд өөрчлөлт ороод энэ асуудлууд нь шийдэгдээд ямар нэгэн гомдол гараагүй хуваарилагдан явсан асуудал. Энэ бол өнөөдрийн шүүх хуралдаанд дурдагдаад, хамааралтай байх зүйл биш. Дугаарлалт нь хэн нэгний нөөц биш ба тухайн үед тодорхой нөхцөл шаардлагын хүрээнд эзэмшдэг ийм л ойлголт. Тэгэхээр үүнийг залруулах нь зүйтэй.

Ашиг сонирхлын зөрчилтэй гэж байнга ярьдаг. Үүнийг Захиргааны хэргийн шүүх тогтоохгүй. Хэрэв дугаарын гэрээ байгуулах асуудалд хэн нэгэнд нь илүү үйлчлээд ашиг сонирхлын зөрчил гаргасан бол өөр байгууллагаар шалгуулах эрх нь та бүхэнд нээлттэй.

Өрсөлдөөнийг хязгаарлаж нэг аж ахуй нэгжид давуу байдал олгосон гэдэг. Энэ асуудлаараа нэхэмжлэгч нь энэ асуудлыг шалгаж тогтоодог төрийн захиргааны байгууллага болох Шударга өрсөлдөөний газар удаа дараа гомдол гаргасан байдаг. Гомдлыг нь эрх бүхий байгууллага нь үзээд дугаарлалттай холбоотой шийдвэр нь аль нэгэн байгууллагад илүү байдал үүсгээгүй гэдэг нь хавтаст хэрэгт байдаг.

Дараагийн асуудал болох энэ гэрээ нь нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг огтоос зөрчөөгүй. Өнөөдрийг хүртэл ямар нэгэн хохирол учирсан зүйл байхгүй. Хохирол учирсан бол нэхэмжлэгч тал нь нотлох үүрэгтэй.

Ер нь дугаарлалтай холбоотой буюу хязгаарлагдмал нөөцийг хуваарилахтай холбоотой асуудлыг захиргааны байгууллага болох Харилцаа холбооны зохицуулах хороо нь маш нээлттэй явуулдаг. Аль аль талын тэнцвэртэй байдлыг хангахын тулд хороо ажилладаг. Хорооноос гарж байгаа бүх шийдвэр нь талуудаас саналыг нь авдаг. Эсхүл бичгээр явуулдаг. Талуудад энэ дугаарлалттай холбоотой асуудлаар хорооны зүгээс ярианы үйлчилгээ эрхэлдэг 10 гаруй газруудад бүгдэд нь албан бичиг явуулсан.

Энэ нэхэмжлэл гаргаж байгаа нэхэмжлэгч рүү хүртэл дугаарлалтын төлөвлөгөөнд өөрчлөлт орсон гэдэг байдлаар албан бичиг явуулсан ба хариу ирүүлээгүй. Хариу ирүүлээгүй мөртөө хариу ирүүлээд тухайн үед хүсэлттэй байгаа компанид нь дугаарлалтыг нь олгоод гэрээ байгуулсан асуудлыг нь хууль бус гээд яриад байдаг.

Дугаар гэдэг нь зөвхөн утсаар ярьдаг гэх ойлголт биш болсон. Одоо олон улсад 4 жи 5 жи гэж яригдаж байна. Харилцаа холбооны мэдээлэл технологийн газар нь эрх хэмжээнийхээ хүрээнд дугаарлалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулаад 50-хх-хх-хх 55-хх-хх-хх дугааруудыг үүрэн холбоо, үүрэн дата гэх мэт зүйлд нь ашиглах гээд хуваарилсан. Тухайн үед нь хүсэлтийг нь бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэсэн. Тухайн ашиглалтын тайлан тооцоог нь бүгдийг нь авсан. Үүнд ямар нэгэн процессын болон ашиг сонирхлын зүйл байхгүй.

Тухайн үед нэхэмжлэгч нь хариу ирүүлээд, хүсэлт гаргасан бол бид нар аль аль талыг харгалзан үзэж шийдвэрээ гаргана. Энэ бол нэхэмжлэгчийн асуудлыг хариуцаж байсан албан тушаалтныхан буруутай үйлдэл.

Дараагийн нэг асуудал нь талуудаас ашиглалттай холбоотой хүсэлт байвал хороонд хүсэлтээ ирүүлээд шийдвэрлүүлэх боломжтой. Одоогоор хүсэлтүүд нь нэхэмжлэгчээс байхгүй. С ХХК-иас 6 сээртэй дугаар авъя гээд ирж байх жишээтэй. Энэ бол өөрөө хэрэглэгч нарын олон зүйлд ашиглагдах зүйл.

Яг энэ асуудлаар дугаарлалт буюу харилцаа холбооны гэрээтэй холбоотой асуудлаар талуудын хооронд маргаан өнгөрсөн жилээс үүссэн явж байгаа. Эдгээр маргаануудад хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд оролцоод явж байгаа. Өөрөөр хэлбэл энэ төрлийн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хооронд үүсээд байгаа дугаарлалттай холбоотой асуудалд манайх бүрэн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэхээр ажиллаж байгаа.

Ер нь бол Харилцаа холбооны зохицуулах хороо бол дугаарлалтай холбоотой шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага. Батлах эрх нь Харилцаа холбооны мэдээлэл технологийн газрын асуудал. Энэ бүрэн эрхийн хүрээнд тухайн үед 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 161 тоот тушаалтаар дугаарлалтад өөрчлөлт оруулсан ба батлах эрхийнхээ хүрээнд баталсан гэсэн үг. Үүнтэй холбоотой маргаан ямар нэгэн байдлаар гараагүй ба энэ шийдвэр өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр.

Бид энэ хүчин төгөлдөр үйлчилж байгаа шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Тухайн хүчин төгөлдөр шийдвэрийг хэрэгжүүлэн дугаарыг хуваарилан гэрээ байгуулах ажлыг хийсэн. Энэ нь өөрөө хэн нэгэн хөндлөнгийн этгээдийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндөөгүй. Хороо шударга өрсөлдөөний нөхцөлийг аль аль талд бүрдүүлэн ажилладаг. Өнөөдрийг хүртэл тухайн зарчмыг хангаж ажиллаж байгаа. Шударга нөхцөлийг бүрдүүлж ажиллана гэхээр дугаар аль аль талд нь өгөхгүй гэсэн үг биш. Тухайн үеийн нөхцөл байдал тохируулан илүү Монгол улсын хөгжилд нийцүүлэн шийдвэр гарган ажилладаг. Тиймдээ ч өнөөдрийн байдлаар манай улсын харилцаа холбооны салбарын хөгжил нь Олон улсын жишигтэй хөл нийлүүлэн алхаж байна.

Хэдхэн жилийн өмнө дата гэдэг ойлголт, интернэт гэдэг ойлголт байдаггүй байсан. Интернэтийн хэрэглээ болон цахим хэрэглээ дэлхийд манай улс толгой цохиж байгаа. Иймд хороо болоод гуравдагч этгээдийн хооронд байгуулагдсан гэрээ нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөөгүй гэрээ байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мэдээж 01 дүгээр сарын 01-ний өдөр ажиллагаагүй нь тодорхой. Яг гэрээ байгуулагдсан огноо нь тухайн өдөр биш. Алдаатай л гарсан байх.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэдэн зүйл дээр тулгуурлаж нэхэмжлэлээ тайлбарладаг. Хороо нэг аж ахуй нэгжид давуу байдал олгосон, шударга өрсөлдүүлээгүй гэдэг. Үүнийг шүүхийн мэтгэлцээний үеэр ч тэр хязгаарласан асуудал байхгүй гэдэг нь тодорхой харагдаж байгаа.

Ашиг сонирхлын зөрчилдөөнтэй байна гэж хэлдэг. Хардах эрхтэй. Хардаж байгаа бол хянадаг шалгадаг байгууллагаар нь тогтоолгоно уу.

Дүнгүүд нь өөр байна. Хуурамч нотлох баримт ирүүлээд байгаа юм шиг зүйл ярьж байна. Хорооны цахим хуудаст байрлаж байгаа тоо нь Монгол улсад идэвхтэй хэрэглэгчийн тоо юм. Бусад тоо манайхаас гарахгүй. Оператор компани нь өөр дээр байгаа зарагдсан дугаарын ашиглалтыг ирүүлсэн байх тул өөр тоо ирэх нь ойлгомжтой.

2019 оны А/161 тоот тушаал буюу бодлогын баримт бичиг өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа. 50 55 гэх дугаараар эхэлсэн дугаарлалтууд нь үүрэн телефон, дата үйлчилгээнд өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ярьж байгаа шиг агентлаг хороо нь өөр шийдвэр гаргаад байна гэдэг ойлголт байхгүй. Тухайн зориулалтаар ашиглагдахаар гэрээ байгуулсан.

Өнөөдрийн байдлаар нэхэмжлэгч талын зөрчигдсөн эрх хууль ёсны эрх ашиг сонирхлын талаар ямар нэгэн байдлаар тайлбарлаж чадсангүй гэж харж байна.

Мөн хороо нь Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.12 болон 31.2-т заагдсан бүрэх эрхийн дагуу маргааныг урьдчилан шийдвэрлэх ажиллагаагаар шийдвэрлэдэг. Нэхэмжлэгч тал нь урьдчилан шийдвэрлэгдэх ажиллагаа хийгдээгүй гэж ярьж байна. Шүүхэд ханд гэж Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн газраас албан бичиг ирүүлсэн тул шүүхэд хандсан гэдэг нэхэмжлэл байх ёсгүй. Энэ маргааныг харилцан холболт төлбөр өөр бусад маргаантай холбоотой асуудлаар бусад эзэмшигчдийн хооронд болоод хэрэглэгчийн хооронд маргаан гарсан тохиолдолд хороо шийдвэрлэнэ гээд заасан байдаг. Энэ хүрээндээ маргааныг шийдвэрлэх гээд явж байгаа. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь уулзалт хийсэн гэдгээ ч хэлж байна.

Тухайн дугааруудыг манайхаас авсан атлаа өөр байгууллагад өглөө гэж маргадаг. Энэ бол өөр ойлголт ба нэхэмжлэгч тал ч өөрөө мэдэж байгаа. Угаасаа энэ асуудал нь цагаан утас ашиглалтгүй болсон. Тухайн үед дугаарлалтын төлөвлөгөөнд өөрчлөлт ороод хороо хэрэгжүүлсэн асуудал. Энэ манай өмчийг аваад өөр байгууллагад өгсөн гэх ойлголт яваад байна. Энэ дугаарлалт нь аль нэг байгууллагын өмч биш.

Дараагийн нэг асуудал нь тусгай зөвшөөрөл олгох асуудал нь хорооны хуралдаанаар олгодог. Үүрэн телефоны 4 оператор байгууллагууд нь дөрвүүлээ ярианы үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй. Гэрээ байгуулдаг ойлголт нь улсын бүртгэлийн гэрчилгээнд зааснаар болоод дүрэмд зааснаар хорооны дарга төлөөлдөг. Хороо гэдэг бол байгууллага ба байгууллагаараа батална гэдэг зүйл байхгүй. Нэг зүйл нэмээд хэлэхэд журамд заагдсанаар дугаарлалттай холбоотой асуудлыг гэрээгээр шийдвэрлэнэ гэсэн байгаа. Яг нэг зарчим үйлчилж байгаа. Дугаарлалтын асуудал нь гэрээ байгуулдаг талуудын удирдлагуудын гарын үсгээр баталгааждаг. Ийм учир байгууллагыг төлөөлж байгаа этгээд гарын үсэг зурж гэрээ байгуулдаг.

Дугаар олгохоор л дугаар нь зарагдаад, эрх ашиг нь зөрчигдөх юм байна гэж үзээд хороо нь чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байх ёстой юм уу. Хороонд тийм байр суурь байхгүй. Энэ бол өрсөлдөөний буюу зах зээлийн зарчим. Энэ дугаарыг энэ байгууллагад өгөхөөр нөгөө талаасаа илүү гарна гэсэн зүйл байхгүй.

Гэрээ байгуулсан огнооны талаар тодорхой болсон гэж үзэж байна. Ямар нэгэн маргаангүй байх. Иймд амралтын өдөр гэрээ зурагдсан зүйл байхгүй. 01 дүгээр сарын 07-ны өдөр цахим шуудан явсан нь тодорхой болсон.

Өнөөдрийн хүртэл нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэдэг ойлголт байхгүй байна. Хуульд заагдсан эрхээ хэрэгжүүлээд явж байгаа. Аль нэг талыг илүүд үзсэн зүйлгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох шийдвэр байна гэж үзэж байна. гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлийг сонслоо. Одоогоор манай ажиллагдаж байгаа дугаар нь 88, 89 80, 86 гэх дугааруудыг Харилцаа холбооны зохицуулах хороотой гэрээний үндсэн дээр ашигладаг. 2019 онд бид нар 4 жи үйлчилгээгээ тэлэх зорилгоор нийт дугаарлалтуудын судалгааг гаргаж авсан байдаг. Тэгэхэд тухайн үед 76 хувийн дугаарлалтын ашиглалттай байсан учир шинэ дугаар авах хүсэлтээ гаргасан байдаг.

Харилцаа холбоо мэдээлэл технологийн газар 2019 оны 12 дугаар сард хуульд заасан эрхийн дагуу 5 сээр дугаараар эхэлсэн дугаарлалтыг дата үйлчилгээ ашиглах эрхтэй болсон. Энэ үйлчилгээний хүрээнд 50, 55 дугаараар эхэлсэн дугаарлалтын эрхийг авах гэрээгээ байгуулсан. 01 дүгээр сараас эхлээд бусад үүрэн суурин үйлчилгээ эрхэлдэг нийт 14 байгууллагад 50 болон 55-тай дугаар дээр харилцаа холболтын гэрээнд нэмэлт хийгээд сүлжээ үүсгүүлэх хүсэлт гаргаж эхэлсэн. Одоогоор нэхэмжлэгч болон М ХХК-аас бусад бүх компанитай харилцаа холбооны гэрээгээ хийсэн. Одоо зах зээл дээр гаргахад бэлэн байгаа. Зөвхөн нэхэмжлэгч байгууллага болон түүний охин байгууллагатай гэрээний тал дээр маргаантай байгаа. Тэгэхээр бид нар нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Энэхүү захиргааны гэрээ нь хуульд нийцсэн байгаа. Нэхэмжлэгч тал нь одоо болтол энэ дугааруудыг ашиглах хүсэлтээ өгөөгүй байгаа. Бид нар эхэлж хүсэлт өгсөн ба манай байгуулсан захиргааны гэрээ нь нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхгүй.

2012 болон 2013 онд 55 дугаарлалт нэхэмжлэгч нь цагаан утасны үйлчилгээ хийж байсан. Тэгээд хураагдахад Харилцаа холбооны зохицуулах хороотой маргаагүй байдаг. Тийм учир энэ нь үндэслэл болохгүй гэж үзэж байна. Тухайн үеийн үүрэн холбооны зах зээлийн нөхцөл байдал одоогийн нөхцөл байдал өөр. Тухайн үеэс 9 жил өнгөрсөн байна. Дэлхийд шинээр нэвтэрсэн үйлчилгээ гэх мэт зүйл 2012 онтой харьцуулшгүй. Мэдээллийн технологийн үйлчилгээ нь энэхүү дугаарууд ашиглагдаж байж хэрэглэгчид хэрэглэх байдалтай байгаа учир манай авсан байгаа 4 сая дугаарлалтын 24 хэн хувь нь үлдсэн байгаа учир Харилцаа холбооны зохицуулах хороотой шинээр дугаар авах гэрээ байгуулсан. Иймд нэхэмжлэгч хууль бус нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж үзэж байна.

Харилцаа холбооны мэдээлэл технологийн газрын даргын 2019 оны 12 дугаар сард 5 дугаарлалтыг хийх нөөцөөс гаргасан. Дата, яриа үйлчилгээнд ашиглаж болно гэсэн байдаг. Энэ тушаал нь одоог хүртэл хүчин төгөлдөр.

Харилцаа холбооны зах зээл нь бусад салбаруудтай харьцуулахад харьцангуй цэвэр гэж хардаг. Нэхэмжлэгч нь нийт зах зээлийн 38 орчим хувийг эзэмшиж байгаа. Ард нь манайх яваа. Энэ бол хууль тогтоомжийн хүрээнд авсан дугаарлалт. Нөхцөл байдлын яаж тайлбарлаж байгаагаа бид нууцын тэмдэгтэй баримтаараа тайлбарлаж байна. 76 хувийн ашиглалттай байгаа. Энэ оны байдлаар 79 хувь болсон яваа ба дэлгэрэнгүй тайлбар нь ард нь байгаа. Энэ үндэслэлийн дагуу хариуцагч нь олгох үндэслэлтэй байна гээд өгсөн.

Одоо болтол 5-тай дугаарлалтуудаас авах хүсэлтээ өгөөгүй. Гэхдээ авсан нэгнийг нь үйл ажиллагаа хийлгэх боломж олгохгүй байгаа нь өөрсдөө шударга өрсөлдөхгүй байна гэж харж байна.

Тэнцвэртэй байдал хангаагүй гээд байна. 59, 58 дугааруудыг хүсэх эрх нь одоо болтол нээлттэй байгаа. Энэ авсан дугааруудаа бид одоо болтол зах зээлд гаргаж чадахгүй байна. Энэ бол яах аргагүй хууль бус гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь энэхүү асуудлаар нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх асуудал нь эргэлзээтэй. Нэхэмжлэгчийн эрх ашиг нь ямар байдлаар зөрчигдөөд байгаа нь тодорхойгүй байгаа. Өмнө захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл нь буцаагдсан байдаг ба нэхэмжлэлийн шаардлага тодруулаад ороод ирсэн.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэ дугааруудыг ашигладаг байсан ба Харилцаа холбооны зохицуулах хорооны хүсэлтийн дагуу буцаасан гэж байна. Энэ дугаарлалтуудыг манайд олгосноор 8.5 тэрбум төгрөгийн хохирол учир нь гээд ирээдүйн зүйл яриад байна. Иймд яаж эрх ашиг нь зөрчигдөөгүй гэдэг нь харагдаж байгаа.

Харилцаа холбооны зохицуулах хорооноос манайхтай гэрээ байгуулахдаа холбогдох хууль тогтоомжийн зөрчсөн гэж яриад байгаа. Харилцаа холбооны ийм зарчимд үндэслэх ёстой гээд зарчим яриад байсан. Яг ямар байдлаар ямар хууль зөрчсөн гэдгээ тодорхойлж чадахгүй байна гэж харж байна.

Манай нөөцөд байгаа дугаарлалтаас нийт 76 хувийн ашиглалттай байсан. Харилцаа холбооны зохицуулах хорооны сайтад 36 хувь байна гэж хэллээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь мөн энэ талаар тодорхой тайлбарласан.

Тухайн хүсэлт гаргах үед манайх 76 хувьд хүрсэн байх учир Харилцаа холбооны дугаарлалтын нэгдсэн төлөвлөлтөд заасан шаардлагыг хангасан, манайхаас холбогдох баримтын бүрэн гаргаж өгсөн учир захиргааны гэрээ байгуулагдсан байгаа. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

01 дүгээр сарын 01-ний өдөр гэж бичигдсэн нь техникийн алдаа байсан байна. Захиргааны гэрээ хугацааны хувьд алдаатай бичигдсэн нь бичилтийн алдаа нь хууль бус болох үндэслэл болохгүй.

Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-т захиргааны актад бичилтийн болон тооны алдаа байвал захиргааны байгууллага нь өөрөө оролцогчийн саналаар засах эрхтэй гэж заасан байдаг. Бичилтийн алдаа нь гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нь 2012 онд энэ дугаарууд нь буцаагдаж байсан. Яг ижил манайхаас гаргахад олгосон байна гэж хэлж байна. Энэ асуудлуудад хариуцагч болон манайхаас тайлбар хангалттай өгсөн. Нэгдүгээр цаг хугацааны хувьд ч тэр нэхэмжлэгчийн буцаагдаж байсан он нь 2012 онд манайх тус дугаарыг хүссэн огноо нь 2019 онд байдаг. Нэг ижил хугацаанд 2 өөр байгууллага хүсэлт гаргасан зүйл байхгүй. Өмнөх асуудал нь хуулийн дагуу шийдэгдсэн байдаг.

Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга нь гэрээ байгуулсан нь хууль бус гэж яриад байна. Гэвч хуулиараа төлөөлөх хүн нь дарга байна. Мөн дугаарлалт нь үр ашигтай байх асуудалд зөвхөн Мобиком ХХК-д олгосноор үр ашигтай байгаа гэсэн үг биш. Үр ашигтай байдлыг шийдвэрлээд ямар байгууллага дугаарлалт олгох вэ гэдэг бүрэн эрх нь Харилцаа холбооны зохицуулах хороонд байгаа. гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны гэрээ хууль бус гэсэн үндэслэл гаргадаг. Захиргааны шийдвэр болох агентлагийн даргын тушаалтай маргахгүй. Үүнийг хууль ёсны шийдвэр байна гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч дурдсан. Харилцаа холбооны тухай хуульд энэ шийдвэрийг гаргах процессын талаар тодорхой дурдсан байдаг. Эрх бүхий байгууллага дээд шатны байгууллагын зөвшөөрснийг хэрэгжүүлсэн гэдэг үндэслэлээр гаргасан сүлжээний дугаарын нэгдсэн төлөвлөгөө гэж ойлгож байна. Хариуцагч шийдвэр гаргахдаа хууль зөрчсөн үйл баримт байхгүй. Хуульд заасан шаардлагыг гэрээ байгуулахдаа бүхэлд нь хангасан.

50 болон 55 гэдэг дугаарлалтуудыг үүрэн телефон, дата, ай ти олгоно гэдэг байдлаар хүссэн. Нэхэмжлэгч нь бид нар өмнө нь хэрэглэж байсан гэдэг шаардлага тавьж байна. Тухайн үед утсанаа суудаг сим картгүй дугаар байсан. Технологийн өөрчлөлт, шинэчлэлт үүссэнтэй холбоотойгоор тухайн утсыг нь хэрэглээнээс гаргаад дугаарыг нь 95 аар эхэлсэнтэйгээр сольж өгч байсан. Өөрөөр хэлбэл тухайн үед зөвхөн дугаарын нөөц хангалттай гэдэг үндэслэлээр биш технологийн шинэчлэлттэй ч холбоотой.

2012 онд болсон үйл явдал өнөөдрийн үйл явдлыг өнөөдөр адилтгах ямар ч боломж байхгүй. Өнөөдөр нэг хэрэглэгч 5 дугаартай байхыг үгүйсгэхгүй. Тухайн үед дөнгөж 3 жи үйлчилгээ нэвтэрч байсан. 5 дугаарыг хэрэглээнд гаргасантай холбогдуулаад энэ албан бичгийг 2019 оны 12 дугаар сарын 13-ний өдөр буюу тухайн тушаал гарснаас хойш 7 хоногийн дараа бүх үйлчилгээ эрхлэгч нарт тараагаад явсан байгаа. Нэхэмжлэгч аль нэг дугаар хүссэн зүйл байхгүй гэдэг нь өөрсдийн тайлбар дээрээс гарч байгаа. Энэ дугаарыг олгосон нь өөрөө нэхэмжлэгчийн эрх ашгийг яаж зөрчөөд байгаа нь ойлгомжгүй. Хэрэв 2 болон түүнээс дээш байгууллага хүсэлт гаргасан бол тендер зарладаг журамтай. Хэрэв цор ганц байгууллага хүсэлт гаргавал тухайн байгуулагд нь олгодог зарчимтай. Үйлчилгээ эрхлэх 4 газар бүрд 4 сая дугаар байгаа. Тухайн дугааруудаа ийм л зарчмаар авсан байдаг.

Төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсан гэж ярьж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь Шударга өрсөлдөөний газарт өрсөлдөөнийг хязгаарласан гэдэг үндэслэлээр урьдчилан шийдвэрлэх ажиллагаа авсан байдаг. Хариунд нь өрсөлдөөн хязгаарласан зүйл байхгүй гэдэг.

Дээд байгууллагын зөвшөөрөл буюу дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөг баталсан шийдвэр нь хүчин төгөлдөр хэвээр байгаа. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурддаг 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн албан бичиг байдаг. Энэ албан бичгийг хэсэгчлэн уншвал хүсэлт гаргасан байгууллагад олгохдоо ярианы үйлчилгээнд олгох чиглэлийг баримталж ажиллана уу гэдэг өгүүлбэр байдаг. Энэ албан бичиг нь гэрээ байгуулагдсанаас хойш ирсэн гэж байна. Энэ гэрээний эрх зүйн чадамжтай ямар ч хамааралгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Харилцаа холбооны зохицуулах хороо, Ю ХХК-тай 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 314000014 дугаар сүлжээний дугаарлалтын нэмэлт гэрээг байгуулжээ.           

            Нэхэмжлэгчээс маргаан бүхий захиргааны гэрээг бүх нийтийн амралтын өдөр байгуулсан, гэрээг байгуулах эрх бүхий этгээд байгуулаагүй, нөөцөд хангалттай дугаар байхад үндэслэлгүй дугаар олгосон гэж, хариуцагчаас гэрээг хуулийн дагуу байгуулсан гэж, гуравдагч этгээдээс хуульд заасны дагуу хүсэлтээ гаргаж гэрээг байгуулсан, гэрээг цахимаар байгуулсан учир техникийн алдаа гарсан гэж тус тус маргажээ.

            Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/104 дүгээр тушаалаар Монгол Улсын харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөг шинэчлэн баталж, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/161 дүгээр тушаалаар дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулж 5 цифрээр эхэлсэн дугаарлалтыг үүрэн холбоо, зүйлсийн интернет, дата үйлчилгээнүүдэд ашиглахаар өөрчилж, энэ талаар харилцаа холбооны үйлчилгээ үзүүлдэг тусгай зөвшөөрөл бүхий аж ауйн нэгжүүдэд мэдэгджээ.

            Уг тушаалыг нэхэмжлэгч хүргүүлсэн болох нь түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд мэдүүлсэн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулсан гэдэг албан бичиг манайд 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 17 цаг орчим ирсэн, тухайн өдөр байгууллагын шинэ жилтэй байсан гэх мэдүүлгээр нотлогдож байна.

            Өмнө нь уг цифрээр эхэлсэн дугаарлалтыг нэхэмжлэгч мобифон үйлчилгээндээ ашиглаж байсан бөгөөд Харилцаа холбооны зохицуулах хорооны 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 47 дугаар тогтоолоор тухайн үйлчилгээг зогсоосон байна.

            Нэхэмжлэгчээс дээрх Харилцаа холбооны зохицуулах хорооны 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 47 дугаар тогтоол, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/161 дүгээр тушаалуудтай маргаагүй бөгөөд 5 цифрээр эхэлсэн дугаарлалтыг ашиглах тухай хүсэлтийг одоог хүртэл эрх бүхий байгууллагад гаргаагүй байна.

            Харилцаа холбооны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гээд хуулийн 6.1.5-д сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө батлах, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Зохицуулах хороо харилцаа холбооны талаар төрөөс баримтлах бодлогын хүрээнд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гээд хуулийн 9.1.2-т хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, хугацааг сунгах, тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага болон холбогдох журмыг батлах, гэрээ байгуулах, биелэлтэд хяналт тавих, 9.1.9-д сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх гэжээ.

            Нэхэмжлэгчээс гэрээ байгуулах эрх нь хорооны бүрэн эрхэд хамаарахаар байхад маргаан бүхий захиргааны гэрээнд тус хорооны дарга нь гарын үсэг зурсан, өмнө нь тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдэд олгосон дугаарлалтаас 7 сая орчим дугаар сул байхад тушаалд өөрчлөлт оруулсан нь үндэслэлгүй гэж маргаж буй нь хуульд нийцэхгүй байна.

            Учир нь хариуцагч нь сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага байх бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 268 дугаар тогтоолоор баталсан Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д хууль тогтоомж болон энэ дүрэмд заасан бүрэн эрхийн хүрээнд тушаал гаргаж, биелэлтийг хангуулах, 3.1.4-д Хороог гадаад, дотоодод итгэмжлэлгүйгээр төлөөлөх гэж заасны дагуу тус хорооны даргын хувьд гуравдагч этгээдтэй маргаан бүхий гэрээг байгуусныг буруутгах үндэслэлгүй.

            Мөн тус дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Хорооны үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр хуралдаан байна. Хорооны хуралдаанд гишүүдийн олонх оролцсон тохиолдолд хуралдааны ирц бүрдсэн гэж үзнэ гэж заасан бөгөөд 4.3-д Хорооны хуралдаанаар энэ дүрмийн 2.1-д зааснаас гадна дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ гээд хэлэлцэх асуудлыг нэрлэн заажээ.

            Үүнд тус хорооны нь маргаан бүхий асуудлаар тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулах талаар тусгаагүй байх тул нэхэмжлэгчийн маргаан бүхий асуудлаар хороо хуралдаагүй, гэрээг байгуулах эрх бүхий этгээд гэрээг байгуулаагүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

            Нөгөөтэйгүүр гуравдагч этгээдээс 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 01/1690 тоот албан бичгээр маргаан бүхий дугаарыг өөрийн үйлчилгээнд ашиглах хүсэлтийг гаргаж байсан бөгөөд хариуцагч 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 02/1511 дүгээр албан бичгээр хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гээд дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө өөрчлөгдсний дараа дахин хандах боломжтой гэжээ.

            Улмаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/161 дүгээр тушаалаар дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж, гуравдагч этгээдээс 2019 оны 12 дугаар сарын 16-ний өдрийн 01/2169 тоот албан бичгээр дахин хандасны дагуу маргаан бүхий гэрээг байгуулсан нь хууль нийцжээ.

            Учир нь дээрх Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2019 оны А/161 дүгээр тушаалыг тусгай зөвшөөрөл эзэмшдэг аж ахуйн нэгжүүдэд хүргүүлснээс гуравдагч этгээд дангаар хүсэлт ирүүлсэн байх тул уг хүсэлтийг шийдвэрлэсэнд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.

            Өөрөөр хэлбэл нөөцөнд хэдэн дугаарлалт сул байгаагаас үл хамаарч тухайн үйлчилгээг эрхэлдэг бүх аж ахуйн нэгжүүдэд тушаалыг танилцуулсан, дугаарлалт ашиглах талаар хүсэлт гаргах эрх нь бүгдэд нээлттэй байсан бөгөөд нэхэмжлэгчээс одоог хүртэл хүсэлт гаргаагүй байх тул маргаан бүхий гэрээний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

            Мөн нэхэмжлэгчээс өрсөлдөөнийг хязгаарласан талаар 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 1/1759 тоот албан бичгээр Шудрага өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хандсан бөгөөд тус газрын 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 1/422 тоот албан бичгээр хариу өгсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.

            Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д шинэ жил: 1 дүгээр сарын 1 гэж заасан бөгөөд маргаан бүхий гэрээ 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр огноологдсон байна.

            Хэдийгээр маргаан бүхий гэрээ 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр огноологдсон хэдий ч шүүх хуралдааны явцад оролцогч нарын зөвшөөрснөөр гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Аын утсанд хийсэн үзлэгээр тус хорооны мэргэжилтэн н-өөс маргаан бүхий гэрээг 2020 оны 01 дүгээр сарын 07-ний өдөр цахимаар ирүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

            Дээрхээс дүгнэвэл маргаан бүхий гэрээний огноонд техникийн шинжтэй алдаа гарсан гэж үзэхээр байх бөгөөд энэ нь Захиргааны Ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасан илэрхий алдаанд хамаарахаар байх тул дээрх үндэслэлээр маргаан бүхий гэрээг хүчингүй болгох үндэслэл байна.

            Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Харилцаа холбооны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5, 9 дүгээр зүйлийн 9.1.2-т тус тус заасныг баримтлан  М кХХК-ийн нэхэмжлэлтэй Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдох Харилцаа холбооны зохицуулах хороо, Ю ХХК-тай байгуулсан 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 314000014 дугаар захиргааны гэрээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ