Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2025 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2026/00011

 

“Л” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Н.Баярмаа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батчимэг, Э.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 191/ШШ2025/04487 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 210/МА2025/01419 дүгээр магадлалтай,

 

“Л” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“МД” ХК-д холбогдох,

 

Даатгалын нөхөн төлбөр, хохиролд 249,335,450 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, Х.Днарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Н.Лхагвадорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, Х.Д, хариуцагчийн өмгөөлөгч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Л” ХХК хариуцагч “МД” ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөр, хохиролд 249,335,450 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.

 

2. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.05.19-ний өдрийн 191/ШШ2025/04487 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “МД” ХК-нд холбогдох 249,335,450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Л” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,562,577 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.08.25-ны өдрийн 210/МА2025/01419 дүгээр магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.05.19-ний өдрийн 191/ШШ2025/04487 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт зааснаар “МД” ХК-аас гэрээний үүрэгт 162,038,820 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Л” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 87,296,630 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, 2 дахь заалтад “хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 968,144 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай” гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,404,628 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, Х.Днар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн хяналтын журмаар энэхүү гомдлыг гаргаж байна.

Хариуцагч “МД” ХК нь нэхэмжлэгч Л ХХК-тай 2012.02.09-ний өдөр 24С1200011 дугаартай “Ачаа тээвэрлэгчийн хариуцлагын даатгал”-ын гэрээ байгуулсан ба уг даатгалын гэрээгээр ачаа тээвэрлэлтийн буюу зам тээврийн хөдөлгөөний үеийн эрсдэлийн улмаас ачаа тээвэрлэгчийн тээж яваа ачаа барааны өмчлөгчийн өмнө хүлээх эд хөрөнгийн хариуцлагыг хамгаалахаар харилцан тохиролцсон. Харин даатгуулагч Л ХХК нь МИ ХХК (эрх залгамжлагч ЭПК ХХК)-тай “Тээвэр зуучийн үйлчилгээний гэрээ” нэртэй тээвэрлэлтийн гэрээ байгуулж, уг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу тээвэрлүүлэгч “МИ” ХХК болон даатгагч “МД” ХК-д мэдэгдэлгүйгээр, О ХХК-ийг сонгож тээвэрлэлтийг гүйцэтгүүлсэн. Улмаар О ХХК нь өөрийн эзэмшлийн 91-26 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслээр “МИ” ХХК-ийн ачаа бараа болох бутлагч техникийг тогтсон байршилд тээвэрлэн хүргэх явцдаа буюу 2012.04.13-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осол гаргаж, тээвэрлэж явсан ачаа бараанд хохирол учруулсан байдаг.

Дээрх үйл баримтыг 2020-2022 онуудад 3 шатны шүүхээр хэлэлцэж, дүгнэсэн бөгөөд талууд уг үйл баримтын талаар маргадаггүй, харин дээрх зам тээврийн ослын улмаас үүссэн хохирол нь даатгалын тохиолдол мөн эсэх, гэрээгээр тохирсон нөхөн төлбөр олгохгүй байх нөхцөл бүрдсэн эсэх асуудлаар маргаж, хариуцагч “МД” ХК-ийн зүгээс татгалзлын үндэслэл болсон холбогдох нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэн, мэтгэлцсэн бөгөөд анхан шатны шүүх хэргийн үйл баримт, маргааны зүйлийг зөв тодорхойлон дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг зөв хэрэглэн, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан.

Гэвч давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргаж анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримтыг үнэлсэн нь хуулийн шаардлагыг хангаагүй. Мөн давж заалдах шатны шүүх нь хуулийг буруу хэрэглэсэн нь анхан шатны шүүхийн шийдлийг өөрчлөх үндэслэл болсон.

Талуудын хооронд байгуулагдсан “Ачаа тээвэрлэгчийн хариуцлага”-ын даатгалын төрөл нь гэрээний эрх зүйн харилцаанаас үүдэлтэйгээр үүсэх хариуцлагын даатгалын төрөл эсэх, эсхүл гэм хорын эрх зүйн харилцаанаас үүдэлтэйгээр үүсэх хариуцлагын даатгалын төрөл эсэхэд шүүхээс дүгнэлт өгөх нь дээрх “хариуцлага”-ын даатгалын эрх зүйн харилцаанд Иргэний хуулийн 444 дүгээр зүйлийг нэг мөр ойлгох, цаашид энэ төрлийн маргаанд хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзэж байгаа тул энэхүү хяналтын гомдлыг гаргаж байна.

4.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн талаар: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт “Анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах болон хяналтын журмаар гаргасан тохиолдолд шүүх түүнийг үнэлэхгүй...” гэж заасан ба хэрэгт авагдаагүй нотлох баримтанд тулгуурлаж үндэслэгдсэн шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй. Эсрэгээрээ хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал, маргааны зүйл тогтоогдож байгаа нөхцөлд уг нотлох баримтыг үндэслэн гаргасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцнэ.

Гэвч давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянахдаа шүүн таслах ажиллагааны үндсэн зарчмыг ноцтой зөрчиж, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй, хэрэгт нотлох баримтаар авагдаагүй баримтанд үнэлэлт дүгнэлт өгч, харин хэрэгт авагдсан, шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэлгүйгээр үгүйсгэж, маргааны зүйлд үл хамаарах нотлох баримтыг үнэлсэн явдал нь анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шалтгаан болжээ. Тодруулбал,

   4.1.1. Хариуцагч “МД” ХК нь “даатгалын гэрээгээр тохирсон нөхөн төлбөр олгохгүй байх нөхцөл бүрдсэн” гэх агуулгаар маргаж мэтгэлцэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт болох Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын 2013.08.05-ны өдрийн Нэмэлт шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу хийгдсэн 2013.08.26-ны өдрийн 265 дугаартай “Шинжээчийн дүгнэлт”-ийг өөрийн татгалзлыг нотлох гол баримтаа болгон уг баримтыг шүүхийн журмаар бүрдүүлсэн. Харин нэхэмжлэгч Л ХХК нь уг шинжээчийн дүгнэлтийг баримтаар үгүйсгэж мэтгэлцээгүй буюу хариуцагчийн татгалзлыг үгүйсгэж нотлоогүй, мөн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрөө нотлох үүргээ биелүүлээгүй бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үеэр уг нөхцөл байдлын талаар “санал байхгүй” гэж мэдүүлсэн байдаг.

Гэтэл давж заалдах шатны шүүхээс “... эрүүгийн хэргийн явцад хийгдсэн шинжээчийн дүгнэлтүүд хэрэгт бүрэн авагдах боломжгүй болсон нөхцөлд нэхэмжлэгч нэг дүгнэлтийг, хариуцагч өөр нэг дүгнэлтийг тус тус сонгон авч үндэслэл болгон мэтгэлцсэнийг аль аль нь нотлогдсон гэж үзэхэд учир дутагдалтай....” гэж дүгнэсэн явдал нь анхан шатны шуух хуралдаанаар хүлэлцэгдээгүй, хэрэгт нотлох баримтаар авагдаагүй баримтыг хэрэгт авагдсан мэтээр, мөн уг баримтыг үндэслэж талууд мэтгэлцсэн мэтээр хийсвэрлэн дүгнэсэн. Өөрөөр хэлбэл архивын журмын дагуу хадгалах хугацаа дуусаж устгасан нь тухайн үед гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үйл баримтыг үгүйсгэх үндэслэл болохгүй бөгөөд давж заалдах шатны шүүх нь хариуцагчийн шүүхийн журмаар цуглуулсан, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг “... нотлогдсон гэж үзэхэд учир дутагдалтай...” хэмээн үгүйсгэсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулах хуулийн зарчмыг зөрчсөн явдал болсон.

Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн татгалзлыг үгүйсгэх нотлох баримтыг гаргаж өгөөгүй нь хариуцагчийн шүүхийн журмаар бүрдүүлсэн, хэрэгт ач холбогдолтой гэж үзсэн нотлох баримтыг үгүйсгэх шалтгаан болохгүй юм. Өөрөөр хэлбэл, эсрэг талаас үгүйсгэж нотлоогүй баримтыг шүүх өөрөө хийсвэрлэн үгүйсгэж, баталсан явдал нь нэг талын ашиг сонирхолд хэт хөтлөгдөж, шүүхийн хөндлөнгийн байр суурийг алдсан ноцтой үр дагаварт хүргэж, анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлгүйгээр өөрчлөх шалтгаан болжээ.

Монгол Улсын дээд шүүхийн тайлбарт “Шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй нотлох баримт шүүх хуралдаанаар заавал хэлэлцэгдсэн байна. Хэрэгт авагдаагүй болон хэрэгт авагдсан боловч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээгүй нотлох баримт шийдвэрийн үндэслэл болсон байвал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим зөрчигдсөн гэж үзнэ. Энэ нь шүүхийн шийдвэр хүчингүй болох үндэслэл болно.” гэж заасан байдаг.

Иймд давж заалдах шатны шүүхийн дээрх алдаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн, 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.5 дахь хэсгүүдэд заасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой харьцуулах, анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй нотлох баримтыг үнэлэхгүй, түүнд тулгуурлахгүй байх, хэргийн оролцогч тайлбар, татгалзлаа өөрөө нотлох тухай үндсэн зарчмуудыг зөрчиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байна.

   4.1.2. Монгол Улсын дээд шүүхийн 2008.10.10-ны өдрийн зөвлөмжид “Шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай байх гэдэг нь нэхэмжлэлийн шаардлага болон түүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзлыг тогтооход ач холбогдолтой бөгөөд шалтгаант холбоотой байх шинжийг илэрхийлнэ” гэж заасан байдаг.

Гэтэл давж заалдах шатны шүүхээс “... эрүүгийн хэргийн явцад хийгдсэн шинжээчийн дүгнэлтүүд хэрэгт бүрэн авагдах боломжгүй болсон нөхцөлд нэхэмжлэгч нэг дүгнэлтийг, хариуцагч өөр нэг дүгнэлтийг тус тус сонгон авч үндэслэл болгон мэтгэлцсэнийг аль аль нь нотлогдсон гэж үзэхэд учир дутагдалтай. Иймд энэ тохиолдолд шүүх эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолын үндэслэлийг баримтлах нь зүйтэй.” гэж дүгнэн, Дорноговь аймгийн прокурорын газрын 2015.12.04-ний өдрийн 5/188 тоот “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол”-ыг үндэслэлээ болгохдоо уг баримтыг үнэн зөв, эргэлзээгүй, хэрэгт хамааралтай талаас нь үнэлэх тухай Улсын дээд шүүхийн зөвлөмж болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан зарчмыг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна. Тодруулбал, давж заалдах шатны шүүхийн үндэслэл болж буй 5/188 тоот “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол” нь зохигчдын маргаж буй зүйл болох “даатгалын тохиолдол бий болсон эсэх, гэрээгээр тохирсон нөхөн төлбөр олгохгүй нөхцөл бүрдсэн эсэх” асуудалд хамааралтай бус, шалтгаант холбоогүй баримт буюу О ХХК-ийн жолооч А.Г гэдэг хүний гэм буруугийн үндэслэлийг тусгасан, эрүүгийн хэргийг Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон талаарх үйл баримтыг нотолж буй баримт юм. Гэтэл давж заалдах шатны шүүх уг прокурорын тогтоолын “Олсон нь” хэсэгт тусгагдсан хэргийн үйл баримтыг нотолж буй баримтуудыг дурдсан хэсгийг “тогтоолын үндэслэл” хэмээн буруу дүгнэсэн байхын сацуу тогтоолд тусгайлан дурдагдаагүй боловч уг эрүүгийн хэрэгт цугларсан, хүчингүй болоогүй, хууль ёсны нотлох баримтууд болох бусад шинжээчийн дүгнэлтүүдийг “байхгүй” мэтээр гуйвуулан тайлбарлаж дүгнэсэн нь нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.

Анхан шатны шүүх нь зам тээврийн ослын талаарх үйл баримтыг тогтоосон, нотлох баримтын шаардлага хангасан 3 өөр шинжээчийн дүгнэлтийг шүүх хуралдааны үеэр хэлэлцсэн бөгөөд эдгээр шинжээчийн дүгнэлт нь огтхон ч нэг нэгнээ үгүйсгээгүй, аль аль нь “зам тээврийн осол үүсэх болсон шалтгаан нөхцөлийг нотолж буй” ижил хүчин чадалтай баримтууд юм. Эдгээр нотлох баримтуудаас хариуцагчийн татгалзлыг нотолж буй гол баримт болох 2013.08.26-ны өдрийн 265 дугаартай “Шинжээчийн дүгнэлт” нь өмнөх 2 шинжээчийн дүгнэлт болох Дорноговь аймгийн замын цагдаагийн байцаагчийн 6/07, мөн бүрэлдэхүүнтэй гаргасан 05 дугаартай Шинжээчийн дүгнэлтүүдийг бататгасан буюу ослын шалтгаан нөхцөлийг бүрэн тогтоох зорилгоор хийгдсэн нэмэлт шинжээчийн дүгнэлт болох нь 2013.08.05-ны өдрийн Нэмэлт шинжилгээ хийлгэх тогтоолоор нотлогдож байхад давж заалдах шатны шүүх уг баримтыг бодитойгоор, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэнгүй.

4.1.3. Мөн хариуцагч “МД” ХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ 2025.04.09-ний өдөр эцсийн байдлаар тодруулан шүүх хуралдаанд оролцохдоо даатгалын зүйлд гэрээгээр тохирсон даатгалын эрсдэлийн улмаас даатгалын тохиолдол бий болоогүй, мөн гэрээгээр тохирсон нөхөн төлбөр олгохгүй нөхцөл бүрдсэн гэх агуулгаар тодорхойлон маргасан. Хоёр шатны шүүх талуудын маргааны зүйлийг харилцан адилгүй байдлаар тодорхойлсон.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 8.1-т “зохигч даатгалын тохиолдол бий болсон эсэх, гэрээгээр тохирсон нөхөн төлбөр олгохгүй нөхцөл бүрдсэн эсэхэд маргасан гэж зөв тодорхойлсон.

Харин давж заалдах шатны шүүх нь маргааны зүйлийг анхан шатны шүүхээс зөрүүтэй байдлаар тодорхойлохдоо “зохигч... даатгуулагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн эсэхэд маргасан” гэж талуудын маргаагүй буюу хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг маргааны зүйл гэсэн нь талуудын мэтгэлцээнийг маргааны зүйлээс холдуулж, шүүхийн нотолгооны үе шатыг буруу чиглүүлж, нотлох баримтыг буруу үнэлэхэд шууд нөлөөлсөн гэж үзэж байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн дээрх алдаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой харьцуулах, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх зарчмыг ноцтой зөрсөн гэж үзэж байна.

4.2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах талаар: Уг хэрэгт “даатгалын тохиолдол бий болсон эсэх” асуудал нь зохигчдын маргааны гол зүйл билээ. Анхан болон давж заалдах шатны шүүх дээрх маргааны зүйлийг шийдвэрлэхдээ аль аль нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.08.24-ний өдрийн 2931 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн хяналтын шатны 2022.11.29-ний өдрийн 01175 дугаар тогтоолыг үндэслэлээ болгосон боловч давж заалдах шатны шүүх уг хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдэл, хуулийн хэрэглээг буруу тайлбарлаж, зөрүүтэй хэрэглэсэн явдал нь анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шалтгаан болжээ. Үүнийг тодруулбал, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.08.24-ний өдрийн 2931 дугаар шийдвэрээр Л ХХК-иас 165,500,000 төгрөг гаргуулж “МИ” ХХК (эрх залгамжлагч “ЭПК ХХК)-д олгохоор шийдвэрлэхдээ: “... хариуцагч О ХХК-ийн жолооч А.Гын тээврийн хэрэгсэл жолоодож явсан үйлдлийн улмаас осол гарсан нь тогтоогдсон хэдий ч нэхэмжлэгч талЛ ХХК-тай байгуулсан тээвэрлэлтийн гэрээний улмаас учирсан хохирлыг хариуцагч Л ХХК-иас гаргуулахаар шаардаж байгаа нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д нийцэж байна” гэж дүгнэсэн.

Харин Улсын дээд шүүхийн хяналтын шатны 2022.11.29-ны өдрийн 01175 дугаар тогтоолын хянавал хэсгийн 15-д О ХХК-ийн жолооч А.Г зам тээврийн осол гаргасны улмаас Страйкер брэндийн СМ400 гинжит өөрөө явагч бутлагч үйлдвэрт эвдрэл гэмтэл учирсан хэдий ч ЛХХК нь “МИ” ХХК-тай байгуулсан гэрээ болон хуульд зааснаар уг техникийг эвдрэл гэмтэлгүй бүрэн бүтэн, тогтоосон газар хүргэх гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч хохирлоо арилгуулахаар Иргэний хуулийн 219.1-т зааснаар шаардах эрхтэй. Учир нь ... “О” ХХК-тай амаар тээвэрлэлтийн гэрээ байгуулснаар “МИ” ХХК-тай 2012.03.09-ний өдөр байгуулсан гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй тул өөрөө явагч бутлагч үйлдвэрт эвдрэл гэмтлийн улмаас учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй юм. гэж, мөн “... Үүнээс гадна О ХХК нь гэрээний нэг тал бус этгээд буюу нэхэмжлэгчтэй эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг зөрчихгүйдүгнэсэн байдаг.

Хоёр шатны шүүх дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй байх” зарчмын хүрээнд нэг ижил баримтыг үндэслэлээ болгосон боловч доорх байдлаар зөрүүтэй дүгнэлтүүд гаргажээ.

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын тохиолдол бий болсон эсэх талаар анхан шатны шүүх “... Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт “Л” ХХК нь ачааг бүрэн бүтэн, тогтоосон газарт хүргэх гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, даатгалын зүйл нь даатгуулагч “Л” ХХК-ийн өмчлөгчийн өмнө буюу “МИ” ХХК-ийн өмнө хүлээсэн хариуцлага байх тул тээвэрлэгч буюу “О” ХХК-ийн гүйцэтгэсэн үүрэг, тээвэрлэлт хийх явцад үүссэн хариуцлагыг хэлэлцэж буй маргааны хувьд даатгалын тохиолдол бүрдсэн гэж үзэх үндэслэлгүй байна ... ” гэж дүгнэсэн бол давж заалдах шатны шүүх “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр “Л” ХХК-ийг тээвэрлэгч гэж үзэн тээвэрлэлтийн гэрээний үүргийг хариуцуулсан. ...Иймд тээвэрлэгч биш тухай хариуцагчийн татгалзал үндэслэлгүй... ” гэжээ.

Ийнхүү 2 шатны шүүх зөрүүтэй дүгнэлтүүд гаргах болсон шалтгаан нь үндэслэл болгож буй шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн агуулга, түүний хууль зүйн үндэслэлийг зөв тайлбарлаж хэрэглээгүйгээс төдийгүй хариуцагчийн давж заалдах шатны шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарт үнэлэлт дүгнэлт өгөөгүйгээс үүдэлтэй гэж үзэхээр байгаа юм. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх болон хяналтын шатны шүүх нь “МИ” ХХК -ийн нэхэмжлэлтэй, Л ХХК, О ХХК-д тус тус холбогдох иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ аль аль нь гэрээний улмаас үүсэх үүргийн эрх зүйн зохицуулалт болох Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг үндэслэж Л ХХК-иас төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн байгаа нь Л” ХХК-ийг өөрөө тээвэрлэлт хийх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу бусдаар гүйцэтгүүлсэн үйл баримтыг тогтоосонтой шууд холбоотой байдаг. Харин О ХХК болон “МИ” ХХК-ийн эвлэрэн хэлэлцсэнийг Улсын дээд шүүхээс дүгнэхдээ зөрчлийн улмаас буюу гэм хор учруулснаас үүсэх үүргийн эрх зүйн зохицуулалт болох Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдийг тус тус үндэслэсэн байдаг.

Өөрөөр хэлбэл, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр “О” ХХК-аар тээвэрлэлтийг гүйцэтгүүлсэн Л ХХК-ийг тээвэрлэгч гэж үзэж, тээвэрлэлтийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзсэн нь тээвэрлүүлэгчийн өмнө хүлээх хариуцлагаас чөлөөлөхгүй үндэслэл болохоос “О” ХХК-ийг даатгалын гэрээнд заасан даатгуулагч гэж үзэх үндэслэл болохгүй юм. Талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээгээр Л ХХК-ийг гэрээний нэг тал буюу даатгуулагч байхаар заасан болохоос Л ХХК-ийн туслан гүйцэтгэгч О ХХК-ийг уг даатгалын гэрээний даатгуулагч байхаар заагаагүй юм.

Мөн нэхэмжлэгч ЛХХК болон ОХХК-ийн амаар байгуулсан тээвэрлэлтийн гэрээ нь талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээнээс хойших байгуулагдсан, мөн даатгалын гэрээнд даатгуулагч нь өөрийн тээвэрлэлт хийх үүргийг бусдад шилжүүлэх, өөр этгээдээр гүйцэтгүүлэх, даатгуулагчийн эрх, үүргийг гуравдагч этгээдэд шилжүүлэхийг уг даатгалын гэрээгээр олгоогүй болохыг энд дурдах нь зүйтэй.

Давж заалдах шатны шүүх нь дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэхдээ энэхүү үйл баримт, гэрээний агуулга, шүүхийн шийдэл, хууль хэрэглээний ялгааг зааглан салгаж, бүрэн гүйцэт дүгнээгүйн улмаас анхан шатны шүүхээс өөрөөр буюу зөрүүтэй дүгнэлт гаргахад хүргэжээ.

Иймээс Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсгүүдийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн хууль хэрэглээний зөрүүг арилгах зайлшгүй шаардлага үүссэн буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасан үндэслэл бүрдсэн гэж үзэж байна.

4.3. Хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой байгаа талаар:

Талуудын хооронд байгуулагдсан “Ачаа тээвэрлэгчийн хариуцлагын даатгалын гэрээ” нь Иргэний хуулийн 444 дүгээр зүйлд заасан “хариуцлага”-ын даатгалын төрөлд хамаарах бөгөөд энэ маргааны хувьд мөн хуулийн 444 дүгээр зүйлийн 444.4-т “Гуравдагч этгээдийн өмнө хариуцлага хүлээхэд хүргэсэн нөхцөл байдлыг даатгуулагч санаатай бий болгосон бол даатгагч гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөгдөнө.” гэж заасан зохицуулалтыг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байсан. Гэвч хоёр шатны шүүхийн аль аль уг хуулийн заалтыг үндэслээгүй бөгөөд хууль хэрэглээний хувьд дээрхтэй ижил төрлийн маргаануудад уг зохицуулалтыг хэрэглэдэггүй практик шүүхийн шатанд байсаар байна.

Даатгалын салбар хурдтайгаар хөгжиж байгаа өнөөгийн нөхцөл байдал болон даатгалын гэрээний маргааны зүйл олон талаар өргөжин тэлж байгаатай холбоотойгоор хяналтын шатны шүүхээс уг хэрэгт бүрэн хэмжээний эрх зүйн дүгнэлт гаргах нь хариуцагчийн хувьд хууль хэрэглээг тогтооход чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа юм.

Талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээг агуулгаар нь тайлбарлавал уг гэрээний гол нөхцөл нь зам тээврийн ослын улмаас буюу бусдад гэм хор учруулснаас үүдэлтэйгээр үүсэх хариуцлагыг даатгасан даатгалын харилцаа гэж үзэхээр байгаа юм. Өөрөөр хэлбэл уг даатгалын гэрээ нь гэм хорын даатгалын төрөлд хамаарахаар байна.

Хэрэв даатгалын гэрээний гол нөхцөл нь тээвэрлэгч болон тээвэр зуучлагчийн мэргэжлийн үйл ажиллагааны алдаатай, доголдолтой зөрчилтэй байдлаас үүсэх хариуцлагыг даатгасан байсан бол гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой хариуцлагыг даатгасан даатгалын харилцаа болох байсан.

Харин манай маргааны хувьд даатгуулагч “Л” ХХК нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр хариуцлага хүлээхдээ гэм хор учруулснаас үүсэх хариуцлага хүлээгээгүй, харин гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хариуцлага хүлээсэн болох нь тогтоогддог. Гэтэл давж заалдах шатны шүүх нь дээрх агуулга бүхий хариуцагчийн татгалзалд огт эрх зүйн дүгнэлт огт өгөөгүй байдаг.

Иймээс хяналтын шатны шүүхээс хуулийн зохицуулалтыг гэрээний зорилго, гол нөхцөлтэй хэрхэн уялдаж, нийцэж байгаа агуулгаар бүрэн хэмжээний эрх зүйн дүгнэлт өгөх нь цаашид хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдол бий болгоно гэж үзэж байх тул тус хэргийг хяналтын журмаар бүхэлд нь хянах үндэслэлтэй гэж үзэж байна.

Эцэст нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.08.25-ны өдрийн 210/МА2025/01419 дугаар магадлал нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх үндсэн шаардлагад нийцээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасны дагуу магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

5. Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.11.27-ны өдрийн 001/ШХТ2025/01111 дүгээр тогтоолоор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, Х.Днарын гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

 

ХЯНАВАЛ:

 

6. Нэхэмжлэгч “Л” ХХК нь хариуцагч “МД” ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөр, хохиролд 249,335,450 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлийг “2012.02.09-ний өдөр даатгалын гэрээ байгуулагдсан. “МИ” ХХК-ийн бусдаас худалдаж авч захиалсан Страйкер брендийн СМ400 гинжит өөрөө явагч, бутлагч автомашиныг “О” ХХК-иар тээвэрлүүлэхээр “Л” ХХК-тай тохиролцсон. 2012.04.13-ны өдөр “О” ХХК-ийн жолооч А.Г уг ачааг 91-26 УБЕ дугаартай Норд Бенз маркийн автомашинаар тээвэрлэж явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс зам тээврийн осолд орж ачаанд гэмтэл учруулсан. Даатгалын тохиолдол бий болсон тул 2012.04.15-ны өдөр “МД” ХК-д мэдэгдсэн, зам тээврийн ослыг бүртгүүлсэн. “Л” ХХК нь гурван шатны шүүхийн шийдвэрээр “МИ” ХХК-д гэрээний үүргийн зөрчилд хохирол төлөхөөр болсон. Даатгалын гэрээнд ачааг бусдаар тээвэрлүүлэхэд даатгагчаас зөвшөөрөл авахаар тохиролцоогүй. Ачааны гэмтэл бэхэлгээнээс болж үүсээгүй нь даатгалын гэрээний 14.4.9.11-т заасан нөхөн төлбөр олгохгүй байх тохиолдолд хамаарахгүй. Хариуцагч ачааны талаарх мэдээллийг бүрэн авсан ч даатгалын баталгаа өгөөгүй тул энэ талаар маргах эрхгүй. Даатгагч даатгуулагчид учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй, хариуцлагын даатгалаар даатгагч даатгуулагчийн гуравдагч этгээдийн өмнө хүлээх үүргийг хариуцах үүрэгтэй” гэж тайлбарласан.

 

7. Хариуцагч “МД” ХК нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан тайлбартаа “Даатгалын гэрээгээр даатгагч нь ачаа тээвэрлэгчийн тээж яваа ачаа бараанд тээвэрлэлтийн, галын, байгалийн, сантехникийн, зам тээврийн хөдөлгөөний үеийн, гуравдагч этгээдийн санаатай буюу санамсаргүй үйлдлийн, хулгай дээрмийн гэх үндсэн эрсдэлийн улмаас хохирол учирсан тохиолдолд ачаа, барааны өмчлөгч, эзэмшигчийн өмнө хүлээх эд хөрөнгийн хариуцлага буюу “Л” ХХК-ийн үйл ажиллагааны хариуцлагыг даатгасан. “Л” ХХК нь “МИ” ХХК-тай байгуулсан тээвэрлэлтийн гэрээний дагуу үүргийг өөрөө гүйцэтгээгүй, “О” ХХК-аар гүйцэтгүүлсэн, энэ талаар “МИ” ХХК болон “МД” ХК-д мэдэгдээгүй, зөвшөөрөл аваагүй. Зам тээврийн осол гарсан, хохирол учирсан, гэм буруугийн талаар гурван шатны шүүхийн шийдвэрт тодорхой тусгагдсан. “О” ХХК-ийн үйл ажиллагаанаас үүсэх хариуцлагыг даатгагч даатгаагүй тул тус компанийн бусдад учруулсан хохирол, хүлээх хариуцлагыг даатгалын зүйл гэж үзэх үндэслэлгүй. Даатгалын тохиолдол бий болоогүй үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхтэй. Даатгуулагч нь өөрөө явагч бутлагч үйлдвэрийг ачихдаа “Тээврийн зуучийн үйлчилгээний гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.1, 2.1.2-т зааснаар “Зууч нь үйлчлүүлэгчийн өгсөн зураг тооцооны дагуу ачааны бэхэлгээ болон ачилтын техникийн нөхцөлийг боловсруулах” үүргээ биелүүлээгүй, үйлчлүүлэгчээс ачаа ачих зааварчилгаа аваагүй, ачаанд зохих ёсоор бэхэлгээ хийх талаар ажилаагүй, аюулгүй байдлыг хангаагүй улмаас ачаа унаж гэмтсэн болох нь тогтоогдож байна. Энэ тохиолдолд даатгалын гэрээний 14.4.9 дэх хэсгээр даатгалын нөхөн төлбөр олгохгүй байхаар тохирсон нөхцөл болох 14.4.9.11-т “Сав баглаа боодол, ачааны бэхэлгээний шаардлага хангаагүйгээс үүссэн хохирол гэмтэл”-д нөхөн төлбөр олгохгүй байх гэсэн заалтад хамаарч байна” гэжээ.

 

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “Талуудын хооронд 2012.02.09-ний өдөр байгуулагдсан эд хөрөнгийн хариуцлагын даатгалын гэрээ хүчин төгөлдөр, “О” ХХК-ийн жолооч А.Г 2012.04.13-ны өдөр Норд бенз маркийн 91-26 УБЕ тоот улсын дугаартай автомашинаар “МИ” ХХК-ийн өмчлөлийн Страйкер брендийн CM400 маркийн гинжит өөрөө явагч бутлагч техникийг зөөж явахдаа Дорноговь аймгийн Замын-Үүд суманд онхолдож, зам тээврийн осол гаргаж, уг техникийг эвдсэн. Даатгалын гэрээний нөхөн төлбөр олгохгүй тохиолдлын 14.4.9.11-т “Сав баглаа боодол, ачааны бэхэлгээний шаардлага хангаагүйгээс үүссэн хохирол, гэмтэл” хамаарна гэж заасан. Гэрээний 14.5.2-т даатгуулагч нь ачаа тээвэрлэгчийн хариуцлагын даатгалд хамрагдахдаа тухайн тээвэрлэлт бүрд ачаа барааг тээвэрлэхтэй холбоотой зүйлүүдийг даатгагчид мэдэгдэн даатгалын баталгааг авах тусгай үүргээ биелүүлээгүй. Сав баглаа боодол, ачааны бэхэлгээний шаардлага хангаагүйгээс хохирол үүссэн. Даатгалын зүйл нь даатгуулагч “Л” ХХК-аас өмчлөгч “МИ" ХХК-ийн өмнө хүлээсэн гэрээний хариуцлага байх тул тээвэрлэгч буюу “О” ХХК-ийн тээвэрлэлтийн гэрээний дагуу гүйцэтгэсэн үүрэг, тээвэрлэлт хийх явцад үүссэн хариуцлагыг даатгалын тохиолдол гэж үзэхгүй. Нэхэмжлэгч даатгалын нөхөн төлбөр, түүнтэй холбоотой хохирол шаардах эрхгүй” гэжээ.

 

9. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ “Талуудын хооронд даатгалын гэрээ байгуулагдсан, “МИ” ХХК болон “Л” ХХК-ийн хооронд 2012.03.03-ны өдөр байгуулагдсан тээвэр зуучийн гэрээ дагуу тээвэрлүүлэгчийн “Стайкер” брендийн СМ400 гинжит өөрөө явагч бутлагч техникийг Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Өмнөговь аймгийн Гурван тэс суманд байрлах уурхайн талбар хүртэл тээвэрлэхэд туслан гүйцэтгэгч “О” ХХК-ийн жолооч 2012.04.13-ны өдөр зам тээврийн осол гаргаж, тээвэрлэж яваа ачаанд гэмтэл учирсан. Дорноговь аймгийн прокурорын газрын 2015.12.04-ний өдрийн 5/188 тоот “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай прокурорын тогтоолд “Яллагдагч А.Г нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас осол гаргасан, ачааны сав баглаа боодол, ачааг ачихдаа холбогдох стандарт шаардлагыг зөрчсөн гэж дүгнээгүй, даатгалын гэрээний 14 дүгээр зүйлийн 14.4.9.8-д заасан “техник тоног төхөөрөмжийн ашиглалтын горим зааврыг зөрчсөн, даац, ачаалал хэтрүүлснээс үүссэн хохирол”, 14.4.9.19-д заасан “тээврийн хэрэгслийн ашиглалтын горим зааврыг зөрчсөн, даац, ачаалал хэтрүүлснээс үүссэн хохирол”, 14.4.9.11-т заасан “Сав баглаа боодол, ачааны бэхэлгээний шаардлага хангаагүйгээс үүссэн хохирол, гэмтэл буюу нөхөн төлбөр олгохгүй” байх үндэслэл бүрдсэн тухай хариуцагчийн татгалзал нотлогдоогүй. Даатгалын гэрээнд тээврийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэх нөхцөлд хэрхэх талаар тусгайлан тохиролцоогүй, тээвэрлэгчийн тээж яваа ачаа, барааны өмчлөгч, эзэмшигчийн өмнө хүлээх эд хөрөнгийн хариуцлагыг даатгасан, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр “Л” ХХК-ийг тээвэрлэгч гэж үзэн тээвэрлэлтийн гэрээний үүргийг хариуцуулсан. Иргэний хуулийн 433 дугаар зүйлийн 433.1 дэх хэсэгт заасан даатгагч нь даатгалын баталгааг даатгуулагчид гардуулах үүргээ биелүүлээгүй, гэрээний 14.5.2-т заасан тээвэрлэлт бүрд ачаа барааг тээвэрлэхтэй холбоотой даатгагчид мэдэгдэн даатгалын баталгааг авч баталгаажуулах тусгай үүрэг даатгагчид ногдоно, гэрээний 14.5.2 дах хэсэгт заасан нэмэлт үүргийг нэхэмжлэгч биелүүлээгүй болохыг хариуцагч нотлох үүрэгтэй.

Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5, гэрээний 14.4.9 дэх хэсэгт нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлд даатгуулагч “Л” ХХК-ийн гэрээний 14.5-д заасан тусгай үүргээ зөрчсөн гэх үндэслэлийг хамаарахгүй, даатгуулагч уг үүргээ биелүүлээгүй явдал нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлд шууд хамаарахгүй байна.

Иргэний хуулийн 444 дүгээр зүйлийн 444.1 дэх хэсэгт “Хариуцлагын даатгалаар даатгагч нь даатгалын хугацаанд үүсэх хариуцлагатай холбоотойгоор гуравдагч этгээдийн өмнө хүлээх үүргээс даатгуулагчийг чөлөөлөх үүрэгтэй” гэж заасан, даатгалын зүйлд учирсан хохиролд 165,500,000 төгрөгийг нэхэмжлэгч төлсөн, даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлагын хэмжээ болох 1,000 ам долларыг хасч нөхөн төлбөрийг хариуцагчаас гаргуулна. Гэрээний 11.1-т алдангийг даатгуулагчид төлөхөөр тохиролцсон ч даатгалын нөхөн төлбөр олгох эсэх асуудлаар хариуцагч маргах эрхийн хүрээнд маргаан үүссэн тул алданги гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгоно. Шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамж, өмгөөллийн зардал гаргуулах нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй” гэжээ.

 

10. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан эд хөрөнгийн даатгалын гэрээний тохиолдол бий болоогүй, давж заалдах шатны шүүх хариуцлагын даатгалын тохиолдол бий болсон гэж зөрүүтэй дүгнэснээр өөр өөр шийдэл гаргажээ. Давж заалдах шатны шүүхийн шийдэл зөв боловч эрх зүйн дүгнэлт дутуу хийснийг хяналтын шатны шүүхээс залруулах боломжтой гэж дүгнэлээ.

 

11. Хоёр шатны шүүхээс талуудын хооронд 2012.02.09-ний өдөр даатгалын гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр, Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэжээ.

 

12. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.08.24-ний өдрийн 02931 дугаар шийдвэр, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022.11.29-ний өдрийн 01175 дугаар тогтоолоор: “МИ” ХХК, “Л” ХХК-ийн хооронд 2012.03.09-ний өдөр “Тээвэр зуучийн үйлчилгээний” нэртэй тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсан, тээвэрлэгч “Л” ХХК нь тээвэр хийх үүргийг “О” ХХК-аар гүйцэтгүүлэхэд зам тээврийн осол гарч ачаа болох гинжит өөрөө явагч бутлагч техникийг эвдсэн, гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүйгээс үүссэн хохирлын 50 хувь болох 165,500,000 төгрөгийг “Л” ХХК төлөх үүрэгтэй, “О” ХХК хохиролд 100,00,000 төгрөгийг “ЭПК” ХХК /“МИ” ХХК-ийн эрх залгамжлагч/-д төлөхөөр эвлэрсэн, “О” ХХК гэрээний тал бус этгээд, эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг зөрчихгүй гэсэн үйл баримт тогтоогдсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан. Иймд “Л” ХХК-ийг тээвэрлэгч гэх үйл баримтыг дахин нотлохгүй гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

“Л” ХХК нь “Тээвэр зуучийн үйлчилгээний” гэрээний дагуу тээвэрлэгч эсхүл тээвэр зууч байх нь даатгалын харилцаатай холбоотой маргаанд шууд нөлөөлөхгүй. Харин даатгалын гэрээний харилцаанд даатгуулагч тал болно.

 

13. Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Даатгалыг урт хугацааны даатгал, ердийн даатгал гэж ангилна”, 6.2 дахь хэсэгт “Даатгал нь сайн дурын болон албан журмын гэсэн төрөлтэй байна.”, 6.3 дахь хэсэгт “Даатгалын төрөл тус бүр нь хэлбэртэй байх бөгөөд албан журмын даатгалын хэлбэрийг хуулиар тогтооно.”, 6.5 дахь хэсэгт “Сайн дурын даатгалын хэлбэрийг Санхүүгийн зохицуулах хороо тогтооно” гэж тус тус заажээ.

Харин Иргэний хуулийн 462 дугаар зүйлийн 432.1 дэх хэсэгт “даатгал нь сайн дурын болон албан журмын гэсэн төрөлтэй байна”, 432.2 дахь хэсэгт “Албан журмын даатгалын хэлбэрийг хуулиар тогтооно”, 432.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 432.2-т зааснаас бусад даатгал сайн дурын даатгалд хамаарна” гэж заасан байна.

Иймд сайн дурын даатгалын хэлбэрийг Санхүүгийн зохицуулах хорооны 2024.12.27-ны өдрийн 635 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт “Сайн дурын даатгалын хэлбэр” гэсэн актаар тогтоох бөгөөд уг хавсралтад ердийн даатгалын төрлийн хэлбэрийн жагсаалтын 1.4-т “ачааны даатгал”, ачааны даатгалыг “Аливаа тээврийн хэрэгслээр тээвэрлэж буй ачаанд гэмтэл, хохирол учрахад даатгагчаас даатгалын гэрээнд заасан эрх бүхий этгээдэд мөнгөн төлбөр төлөх нөхцөл бүхий даатгал. Аливаа хариуцлагын даатгал хамаарахгүй.” гэж тайлбар хийжээ.

Харин Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1 дэх хэсэгт “Гэм хорын даатгалаар даатгагч нь даатгуулагчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, эд хөрөнгийн бус ашиг сонирхолд учирсан гэм хорыг даатгалын үнэлгээний хэмжээгээр мөнгөн хэлбэрээр нөхөн төлөх үүрэг хүлээнэ”, 444 дүгээр зүйлийн 444.1 дэх хэсэгт “Хариуцлагын даатгалаар даатгагч нь даатгалын хугацаанд үүсэх хариуцлагатай холбоотойгоор гуравдагч этгээдийн өмнө хүлээх үүргээс даатгуулагчийг чөлөөлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

13.1. Талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээний 14.1.1-д “Өмчлөгчийн өмнө операторын хүлээх хариуцлагын даатгал - Тээвэрлэгч тээж яваа ачаа, барааны өмчлөгч, эзэмшигчийн өмнө хүлээх эд хөрөнгийн хариуцлага”, гэрээний 14.3-т даатгалын хэлбэрийг “ачаа тээвэрлэгчийн хариуцлагын даатгал” гэж тус тус тохиролцсоноос талуудын хооронд эд хөрөнгийн хариуцлагын даатгал эсхүл ачаа тээвэрлэгчийн хариуцлагын буюу гуравдагч этгээдийн өмнө хүлээх үүргээс даатгуулагчийг чөлөөлөх харилцаанд хамаарах эсэх нь тодорхойгүй болсноос маргаан бий болгожээ.

13.2. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна”, 198.2 дахь хэсэгт “Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно.” гэж тус тус заажээ.

13.3. “Л” ХХК нь тээвэрлэгч болохыг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоосон байх бөгөөд түүнээс гадна тээвэр зууч мөн өөрөө тээвэрлэлт хийх боломжтой байдаг.

Тээвэрлэлтийн гэрээ нь ажил гүйцэтгэх гэрээний нэг төрөл тул Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлын гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно.

Энэ тохиолдолд гэрээний үүргийг гүйцэтгэх явцдаа “Л” ХХК бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хорыг даатгуулсан гэж дүгнэхээр байна.

 

14. Анхан шатны шүүх даатгалын тохиолдол бий болоогүй гэж алдаатай дүгнэснийг давж заалдах шатны шүүх залруулсан нь зөв болжээ. Өөрөөр хэлбэл, даатгалын гэрээний хугацааны дотор зам тээврийн осол гарсан нь гэрээний 14.2.1.1.д заасан тээвэрлэлтийн үеийн эрсдэлд хамаарна. Түүнчлэн Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.1 дэх хэсэгт зааснаар даатгуулагч даатгалын тохиолдол бий болсон тухай даатгагчид нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлсэн, энэ талаар зохигч маргаагүй.

14.1. Гэрээний 14.5 дахь хэсэгт даатгуулагчийн тусгай үүрэг гэх гарчиг дор 14.5.2-т “Даатгуулагч нь ачаа тээвэрлэгчийн хариуцлагын даатгалд хамрагдахдаа тухайн тээвэрлэлт бүрд ачаа барааг тээвэрлэхтэй холбоотой дараахь зүйлүүдийг даатгагчид мэдэгдэн даатгалын баталгааг авч баталгаажуулна” гэж тохиролцож 14.5.2.1-14.5.2.11 хүртэлх заалтаар мэдээллийг нэрлэн заасан байна. Гэрээнд зааснаар уг мэдээллийг даатгуулагч даатгагчид өгснөөр баталгааг авахаар байна.

Харин даатгалын гэрээний даатгуулагчийн нөхөн төлбөр шаардах эрх нь тусгай үүргийг биелүүлээгүйгээс шууд үгүйсгэгдэх эсэх талаар шүүх дүгнэлт өгөх ёстой.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний тусгай үүргийн зохицуулалт хангалттай биш байна гэж дүгнэхээр байна. Гэрээнд тусгай үүргийг хэрхэн биелүүлэх талаар нарийвчилсан журам тусгах ёстой. Түүнчлэн тусгай үүргийг гүйцэтгээгүйгээс нөхөн төлбөр авах шаардах эрх үгүйсгэгдэнэ гэсэн хоёрдмол утгагүй тохиролцоо байхгүй байна. Өөрөөр хэлбэл гэрээний 14.4.9-д заасан нөхөн төлбөр төлөхгүй байх тохиолдлуудад оруулаагүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Иймд тусгай үүргийг биелүүлээгүй нь нийт 1,500,000 ам.долларын үнэлгээтэй, 15,000 ам.долларын хураамжтай, нэг жилийн хугацаатай, даатгалын хүчин төгөлдөр гэрээнээс үүсэх шаардах эрхийг үгүйсгэх үр дагавартай гэж үзэхэд талуудын ашиг сонирхлын тэнцвэрт байдал алдагдана. Энэ нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт заасан хууль ёсны давуу байдлаа хууль бусаар ашигласан үйл ажиллагаа явуулж болохгүй гэх зарчимд харш болно.

Түүнчлэн даатгалын гэрээний зохицуулалтыг эрх зүйн системчлэлийн үүднээс тайлбарлавал нөхөн төлбөр шаардах үндсэн эрхийг үгүйсгэх үүрэг тодорхой хоёрдмол утгагүй гэрээнд суусан байвал зохино. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн даатгагчтай харилцаж байгаа мэргэжлийн бус этгээдэд даатгалын гэрээний гол зорилго болох нөхөн төлбөр шаардах эрх үгүйсгэгдэх үндэслэл ойлгомжтой тодорхой байх, энэ талаар даатгуулагч гэрээтэй танилцмагц шууд ойлгохоор тусгасан байх учиртай. Гэтэл талуудын байгуулсан гэрээний бусад зохицуулалт хэсэгт уг тохиролцоог дурдах төдий тусгаснаар гэрээ даатгуулагчид ойлгомжгүй, чухал байж болох үүргээ хэрэгжүүлэх тухайд анхааралгүй хандах үндэслэл болох юм. Иймд гэрээний 14.5.-д заасан тээвэрлэлт бүрд ачаа барааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, даатгагчид мэдэгдэх, даатгалын баталгаа авч баталгаажуулах үүргийг даатгалын нөхөн төлбөр шаардах эрхийг бүхэлд нь үгүйсгэх үр дагавар бүхий гэрээний үндсэн бөгөөд даатгуулагчийн хариу үүрэг гэж дүгнэх боломжгүй байна. Даатгалын байгууллага нь мэргэжилтний хувьд гэрээний тохиролцооны талаар тайлбарлах үүргийг хангалттай гүйцэтгээгүй гэж үзнэ.

14.2. Иргэний хуулийн 433 дугаар зүйлийн 433.1 дэх хэсэгт “Даатгагч нь гарын үсэг зурсан даатгалын баталгааг даатгуулагчид гардуулах үүрэгтэй” гэж заажээ. Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-т ““даатгагчийн баталгаа” гэж даатгагч нь үүрэг гүйцэтгүүлэгчийн бичгээр, эсхүл цахим хэлбэрээр тавьсан шаардлагаар үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс мөнгөн төлбөрийг гүйцэтгэх, үүрэг гүйцэтгэгч нь даатгагчид төлбөр төлөх үүргийг тус тус хүлээсэн хэлцлийг ойлгоно” гэж тус тус заажээ.

Холбогдох хуулийн зохицуулалтаас дүгнэвэл даатгалын баталгаа даатгалын харилцааг хүндрүүлэх биш харин хөнгөлөх зорилготой хэрэгсэл юм. Гэтэл уг баталгааг эсрэг утгаар нь тайлбарлаж хэрэглэх нь даатгуулагчийн хувьд шударга биш.

 

15. Давж заалдах шатны шүүх даатгалын нөхөн төлбөрийг гаргуулахдаа гэрээний 14.4 дэх хэсэгт заасан даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлагыг 1,000 ам.доллар буюу Монгол банкны 2023.05 дугаар сарын зарласан ханш 3,461.18 төгрөгөөр тооцож 3,5431,180 төгрөгийг хасч 162,038,820 төгрөгөөр тогтоосон нь зөв болжээ.

Нэхэмжлэлээс алданги, өмгөөлөгчийн хөлс, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг хохиролд тооцож нэхэмжилсэн хэсгийг хоёр шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч талаар хяналтын журмаар гомдол гаргаагүй.

 

16. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 210/МА2025/01419 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025.09.29-ний өдөр 968,144 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

         

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАЯРМАА

               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ           

                                        ШҮҮГЧИД                                    Н.БАТЧИМЭГ

                                                             Э.ЗОЛЗАЯА

                                                                                                      Б.УНДРАХ