Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 28

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга би даргалж                             
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа
Улсын яллагч Б.Батнасан
Шүүгдэгч Д.Баянмөнхийн өмгөөлөгч М.Энхзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Баянмөнхөд холбогдох 201707000059 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Говь-Алтай аймгийн  Есөнбулаг сумын Жаргалант багийн 3-16 тоотод оршин суух, 1978 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 39 настай, халх, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй,  Ардын дуу бүжгийн Алтай чуулгын хөгжимчин ажилтай, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, ДЗ78122018 регистрийн дугаартай, Цоохор овогт Доржготовын Баянмөнх. 
Шүүгдэгч Д.Баянмөнх нь 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн нутаг дэвсгэрт байрлах Говь-Алтай аймаг дахь Эрүүл мэндийн үндэсний их сургуулийн урд талд хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Б.Ням-Эрдэнийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлджээ. /Яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/
                                                   

ТОДОРХОЙЛОХ нь:


Шүүгдэгч Д.Баянмөнх нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ:  2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 22 цагийн үед ажил тараад ажлынхаа Гансэлэм, Одонбаатар гэх хоёр залууг хүргэж өгөх гээд явж байсан. Гансэлэмийг буулгахаар Анагаах ухааны сургуулийн урд талд зогсоход араас машины гэрэл асаагаад манай эхнэр, Ням-Эрдэнэ хоёр машинаас бууж ирээд миний машины хоёр талын хаалгыг онгойлгосон. Манай эхнэр миний машины түлхүүрийг булаацалдаж байгаад би эхнэртэй бууж ирж маргалдсан. Тэгэхэд хажуугаар Ням-Эрдэнэ надтай маргалдсан. Би Ням-Эрдэнийг хоёр удаа алгадсан. Машины түлхүүр авч явахаар нь араас нь чулуу авч шидсэн. Тэгээд байж байтал цагдаа ирж барьсан. Унахдаа хөл рүү нь цохиж, гишгэсэн байх, хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв. 
Хавтаст хэргийн материалаас улсын яллагчийн хүсэлтээр: Гэрч Н. Отгонбаатарын мэдүүлэг /19-21/, Д.Баянмөнхийн яллагдагчаар байцаалт өгсөн мэдүүлэг /хх40-41/
Шүүгдэгчийн өмгөөлөгч  М.Энхзаяагийн хүсэлтээр: Ял шалгах хуудас /хх45/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх67/, хохирогч Б. Ням-Эрдэний шүүхэд гаргасан хүсэлт, хохиролд 300.000 төгрөг төлсөн гэх Хаан банкны орлогын мэдүүлэг  зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалж үзлэг хийв.
Шүүгдэгч Д.Баянмөнх нь 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн нутаг дэвсгэрт байрлах Говь-Алтай аймаг дахь Эрүүл мэндийн үндэсний их сургуулийн урд талд хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Б.Ням-Эрдэнийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрх  нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 134 дугаартай “... 1.Б.Ням-Эрдэнийн биед тархи догилт, зүүн өвдөг, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. дээрх гэмтэл нь мохой зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. 5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонго алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж  дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Баянмөнхөд холбогдох үйлдлийг аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл зөв байх тул шүүхээс Д.Баянмөнхийг хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Б.Ням-Эрдэнийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Баянмөнх гэмт хэрэг анх удаагаа үйлдсэн нь ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байгаа болон хохирогчтой сайн дураараа эвлэрсэн, хохирогч Б.Нямдаваа нь гомдол саналгүй гэсэн зэргийг харгалзан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсгүүдэд зааснаар түүнд холбогдох 201707000059 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлд заасныг баримтлан Д.Баянмөнхийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн бичиг баримт ирээгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Д.Баянмөнхөд авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов. 
Шүүгдэгч Д.Баянмөнх гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан байх тул мөрдөн байцаагчийн 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Баянмөнхийн өмчлөлд байгаа Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн 3 дугаар гудамж 13 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний 1167.9 мкв газар, тус тоотод байрлах 96 мкв талбайтай хувийн сууцыг битүүмжиллээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ. 

Шүүх нотлох баримтыг үнэлэхдээ хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Цоохор овогт Доржготовын Баянмөнхийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн  208.1.3, 248 дугаар зүйлийн 248.1.2 дах хэсэгт тус тус зааснаар 201707000059 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баянмөнхийг эрүүгийн хариуцлагаас  чөлөөлсүгэй.
3. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн бичиг баримт ирээгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Баянмөнхийн өмчлөлд байгаа Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн 3 дугаар гудамж 13 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний 1167.9 мкв газар, тус тоотод байрлах 96 мкв талбайтай хувийн сууцыг битүүмжиллээс чөлөөлсүгэй.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Баянмөнхөд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл  шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч,дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                   Г.МӨНХТУЛГА