| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2022/1493/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1074 |
| Огноо | 2024-10-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Хилчинбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1074
2024 10 08 2024/ШЦТ/1074
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
Улсын яллагч Э.Хилчинбаатар /томилолтоор/,
Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг /ҮД:2467/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Бд холбогдох 2406 00000 2336 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19.........оны 02 дугаар сарын .........-ны өдөр Хэнтий аймгийн............... суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой химич мэргэжилтэй, ............... эмнэлэгт ........ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Хан-уул дүүргийн .......... дугаар хороо, ............ хотхоны .......байрны ......... тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, К овогт Бийн Б /РД: /.
Хэргийн товч агуулга:
Б.Б нь 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 08 дугаар сарын 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх 50 дугаар байрны гадаа хохирогч Ч.Б“манай эхнэрийг доромжилсон” гэх шалтгаанаар гараараа нүүр лүү 5-6 удаа цохиж, хохирогчийн биед хамар ясны хугарал, зүүн зулай, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Гэм буруугийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн Плехановын сургуулийн хажуу талын 50 дугаар байрны гадна талд хохирогч Ч.Б“манай эхнэрийг доромжилсон” гэх шалтгаанаар гараараа нүүр лүү 5-6 удаа цохиж, хохирогчийн биед хамар ясны хугарал, зүүн зулай, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг/хх.28/-ээс гадна,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх.23-24/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.16-21/,
Хохирлын баримтууд /хх.16-19,44-48, 60/,
Хохирогчийн сэтгэл санааны хохирол тогтоолгосон тухай бичгээр гаргасан тайлбар /хх.50/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Баттогтохын өгсөн: “Би 02 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 50 дугаар байрны гадаа ирээд машинаа зогсоолд оруулах гэж байхад согтуу эмэгтэй хүн таксинаас бууж ирээд явж байсан машины хамар луу цохиод байсан, тэгтэл хамт явж байсан хүмүүс нь машинаас бууж ирээд машины цонхон дээр ирээд намайг явуулахгүй хэрэлдээд дайраад байсан. Тэгтэл нөхөр гэх 170 орчим махлаг саарал өнгийн костюм өмссөн залуу машины цонхоор миний хамар хэсэгт 1 удаа гараараа цохиод дараа нь нүүр лүү 5-6 удаа цохисон, тэгтэл ирсэн машины залуу бууж ирээд салгасан, тэгээд би цагдаад хандсан...” гэх мэдүүлэг /хх.06/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Алтансувдын өгсөн: “Тухайн өдөр би нөхрийнхөө хамтаар такситай Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 50 дугаар байрны гадна ирсэн юм, гэтэл такси маань жоохон уруу их эвгүй зам дээр зогсчхоод би машинаас буух гэтэл гутлын өсгий тээглээд газарт уначихсан юм, босох гэтэл урдаас 1 машин ирснээ гэрлээрээ дохиод сигналдаад, хараагаад байсан, би машинд мөргүүлчих вий гээд айгаад юу гэж хараасныг нь сайн санахгүй байна, ямар ч байсан “п минь” гэх мэтээр хараагаад байсан, тэгээд би тэр машины жолооч залууд хандан “Чи ямар онцгүй залуу вэ? Бууж ирээд тусалчихгүй юм аа” гэхэд “ямар муухай зан гаргадаг юм бэ? хүн дайрлаа шүү дээ” гэх мэтээр бид 2-ын дунд маргаан болоод 1 харсан чинь манай нөхөр оччихсон байсан, манай нөхөр цонхоор нь гараа оруулаад цохичихсон гэсэн, би тэрийг нь бол харж чадаагүй, тэд нарын хооронд ямар нэг харилцан зодоон болоогүй. Тэр залуу надад “танай нөхөр чинь намайг цохичихлоо шүү дээ” гээд машинаасаа буугаад ирсэн. Таксины жолооч гол нь зам дээр зогсчихсон юм...” гэх мэдүүлэг /хх.12/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч С.Эрдэнэцэцэгийн 2024 оны 09 дугаар сарын 02-ны өдрийн 11311 дугаартай:
1. Ч.Баттогтохын биед хамар ясны хугарал, зүүн зулай, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх.18-19/,
Яллагдагчид эрх үүрэг тайлбарласан баталгаа /хх.26 /,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бын яллагдагчаар өгсөн: “... би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.27-28/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.17, 34-37, 54-57/,
Шүүгдэгчид гомдолгүй, төлбөр тооцоо бүрэн төлж барагдуулсан, шүүх хуралдаанд оролцохгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай хохирогч Ч.Баттогтохын гаргасан хүсэлт /хх.60/,
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгч Б.Бын гаргасан хүсэлт /хх.58/,
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорын тогтоол /хх.66/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Б.Б өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Б.Бын хувийн байдлыг харгалзан үзэж, түүнд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд нь авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч К овогт Бийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Б.Бд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 7,112,000 төгрөг нөхөн төлсөн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Хохирогч Ч.Баттогтох нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн боловч тэрээр энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Б.Баас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР