Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1076

 

 

 

 

 

 

 2024         10           08                                      2024/ШЦТ/1076

  

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

Улсын яллагч Э.Хилчинбаатар /томилолтоор/,

Шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч А.Золжаргал /ҮД:2779/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн А.Ад холбогдох 2306 05669 1886 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 20......оны 06 дугаар сарын ...........-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн .......... дугаар хороо, ................. дугаар байрны ........... тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Агийн А /РД:........../.

Хэргийн товч агуулга:     

А.А нь 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 24-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 36 дугаар хороо, Баянмонгол хорооллын 412 дугаар байрны гараашинд байрлуулсан байсан иргэн Бэзэмшлийн 0000УАТ улсын дугаартай Жийп Жирокий загварын тээврийн хэрэгслийн дугуйг хутгаар зүссэн, мөн копут, урд буфер, урд крыло, багажны хаалга, зүүн хойд урд хаалга хэсгийг хутгаар зүсэж гэмтээж 7,080,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.А өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

          Гэм буруугийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

А.А нь 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 24-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 36 дугаар хороо, Баянмонгол хорооллын 412 дугаар байрны гараашинд байрлуулсан байсан иргэн Бэзэмшлийн 0000УАТ улсын дугаартай Жийп Жирокий загварын тээврийн хэрэгслийн дугуйг хутгаар зүссэн, мөн копут, урд буфер, урд крыло, багажны хаалга, зүүн хойд урд хаалга хэсгийг хутгаар зүсэж гэмтээж 7,080,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээс гадна,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.10/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Бөгсөн: “Би А гэх охиноос 3 дахь өдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр салсан. Бид хоёр үерхээд 6 cap болсон. Тэгээд 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө 01 цагийн орчимд А нь Баянзүрх дүүргийн 36 дугаар хороо Баянмонгол хорооллын автомашины зогсоолд байсан миний машины урд 2 дугуйг хагалж, жолооч талын хаалган дээр “пизда” гэж сийчсэн байсан. Мөн жолооч талын хаалганы урд үзүүрээс хойд талын үзүүр хүртэл 2 зураас татсан байсан, тээшин дээр богино хэмжээний зураас үүсгэсэн байсан. Тэгээд би камер шүүтэл А миний машин руу явж байсан бичлэг үлдсэн байсан. Тэгээд би тэрийг тоогоогүй, цагдаад хандаагүй өнгөрсөн. Гэтэл 2023 оны 10 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө 01 цагт А миний машиныг дахиж гэмтээсэн, ингэж гэмтээхдээ дөрвөн дугуйг нь хагалж, хамар, бүх талын хаалга, тээш гэх зэрэг бүх газар зураас үүсгэж үг бичиж сараачсан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би машинаа бүрэн бүтэн өмнө байсан шиг нь болгомоор байна...” гэх мэдүүлэг /хх.15-16/,

“Вендо” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 45462 дугаартай дүгнэлт /хх.19-28/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтол /хх.52-53/,

Яллагдагчид эрх үүрэг тайлбарласан баталгаа /хх.56-57/,

Мөрдөн шалгах ажиллагаанд А.Агийн яллагдагчаар өгсөн: “... Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” /хх.59, 63/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.41-51, шинээр гаргасан 1 хуудас/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгч А.Агийн гаргасан хүсэлт /хх.67/,

Хохирол Бхэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх.68/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорын тогтоол /хх.74/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч А.А өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч Б.Сайханбилэг нь “хохиролд машин засварт 3,000,000 төгрөг А.А өгсөн, үнэлгээгээр гарсан үлдэгдэл мөнгийг авахгүй байхаар шийдэж тохирсон байгаа, одоо гомдол саналгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй” гэх тул шүүгдэгч А.Аг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Ад 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч  А.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

          Шүүгдэгч А.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “учруулсан хохирлыг төлсөн” гэж заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

А.Агийн хувийн байдлыг харгалзан үзэж, түүнд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.А нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Агийн Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ад 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч А.Ад оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5  сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.А нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 3,000,000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Сайханбилэг нь гомдол саналгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                  С.ӨСӨХБАЯР