Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 130/ШШ2022/00147

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А  , Хаяг:Баян-Өлгий аймаг, Өлгий сумын 9 дүгээр багт оршин суух,

Нэхэмжлэгч: Т, Хаяг:Баян-Өлгий аймаг, Өлгий сумын 9 дүгээр багт оршин суух,

Нэхэмжлэгч: Ай  , Хаяг:Баян-Өлгий аймаг, Өлгий сумын 9 дүгээр багт оршин суух,

Хариуцагч: Г /дарга М, Хаяг:Баян-Өлгий аймаг, Өлгий сумын 5 дугаар багт орших,

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2 дугаар байрны манаачийн үүргийг давхар гүйцэтгэж, эд хөрөнгийн хамгаалж байсны нэмэгдэл хөлс нэг хүнд сард 60000 төгрөг, гурван хүнд 180000 төгрөгөөр тооцож, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр дуустал хугацааны 3 хүний 11 сарын нэмэгдэл хөлс болох бүгд 1980000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч: А , Т , Ай ,

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч: С.А,

Орчуулагч: А.Ахмерей,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Арманбек.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид болох Н , Т нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэж, мэдэгдэх хуудаст гарын үсэг зуруулсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй ба нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдааныг хариуцагч талын эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хариуцагч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч А , Т , Ай  нар нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2 дугаар байрны манаачийн үүргийг давхар гүйцэтгэж, эд хөрөнгийн хамгаалж байсны нэмэгдэл хөлс нэг хүнд сард 60000 төгрөг, гурван хүнд 180000 төгрөгөөр тооцож, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сар  дуустал хугацааны 3 хүний 11 сарын нэмэгдэл хөлс болох бүгд 1980000 төгрөг гаргуулахыг хүсэж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан байна. Үүнд:

2.Бид гуравтай хамт Б гэдэг хүн нийлж дөрвүүлээ тус аймгийн Өлгий сум дахь Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуульд олон жилийн өмнөөс үндсэн ажилтан орон тоонд буюу сургуулийн гадна, дотно эд хөрөнгийг хамгаалдаг манаач, сахиулын үүргийг гүйцэтгэж байгаа билээ. Манай сургуулийн дэргэд нурж унах аюултай гэж ашиглахыг зогсоосон, урьд өмнө нь 1 дүгээр 10 жилийн дунд сургууль гэж байсан 3 давхар байр нь Аймгийн Засаг даргын тамгын газрын мэдэлд байдаг бөгөөд тэдний дансанд тус газрын 2 дугаар байр гэж нэрлэгдэж бүртгэгдсэн байгаа. Энэ байрыг манай сургуулийн 4 манаач болох А , Б , Ай , Ө /одоо Ө ийн оронд нь Т  бүр мөсөн ажилладаг болсон/ бид нартай Аймгийн Засаг даргын тамгын газрын дарга байсан Т.М нь давхар манаачийн үүрэг гүйцэтгэгчээр томилох тухай тушаал гаргаж хөдөлмөрийн гэрээ хийж тохирсны дагуу цалин хөлсийг өгч ирсэн юм. Хариуцагч талаас хөдөлмөрийн гэрээг нэг жилийн хугацаагаар байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэж байгаа боловч энэ талаар бид нарт сануулаагүй мөн бид нарыг ажилд томилсон тушаалыг хүчингүй болгоогүй тул бид ажлаа хийгээд  байсан. Мөн энэ хугацаандаа удаа дараа очиж шаардаж байсан энэ үед бид нарт тухай  хөрөнгө нь Өлгий сумын 1дүгээр бүрэн дунд сургуулийн өмч гэж хэлээгүй. Бид цалингаа сар болгон авч байсан боловч сүүлийн нэг жилийн хугацаанд цар тахал энэ тэр гэж шалтаг  хэлж өгөхгүй гэж байгаа юм. Аймгийн Засаг даргын Тамгын газраас бидэнд цалинг хагас, жил, улирлаар бөөндөн өгөх зэргээр сургуулийн санхүүгээр дамжуулж олгодог байсан болохоор бид захирал Х.Бд цалинг авч өгөхийг хэд хэдэн удаа хүсэлт болгож хэлсэн юм. Захирал Х.Б нь Засаг дарга, түүний тамгын газарт манаач нарын үүрэг гүйцэтгэсний төлөө авах цалинг олгохыг хэд хэдэн удаа шаардсан боловч Засаг даргын Тамгын газраас “Өнөө маргааш өгнө” гэсээр сүүлдээ амралтад явсан, төсөв хүрэлцэхгүй, Ковид-19-ийн хямралд орсон гэх мэтээр шалтаглаж, тайлбар хэлж сургуулийн дансанд бидний цалинг нэмж тусгаж өгөхгүй байна. Бид хийсэн хөдөлмөрийнхөө хөлсийг авах эрхтэй. Сургуулийн захирал гомдлоо шүүхэд гарга гэснээр нэхэмжлэл бичиж байна.

Иймд Засаг даргын тамгын газрын 2 дугаар байрны манаачийн үүргийг давхар гүйцэтгэж эд хөрөнгийг хамгаалж байсны хөлс нэг хүнд сард 60000 төгрөг, гурван хүнд 180000 төгрөгөөр тооцож 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр дуустал хугацааны  3 хүний 11 сарын нэмэгдэл хөлс болох бүгд 1980000 төгрөгийг аймгийн Засаг дарцын тамгын газрын санхүүгээс гаргуулан олгож өгнө үү гэв.

 

3.Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын дарга М ийн  хариу тайлбар, татгалзал: Нэхэмжлэгч А , Т , Ай  нарын нэхэмжлэлтэй танилцаж үзээд дараах тайлбарыг хүргүүлж байна.

Дээрх нэхэмжлэгч нартай аймгийн Засаг даргын Тамгын газрын 2 дугаар байрны манаачийн үүргийг гүйцэтгэх тухай 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн түр гэрээ байгуулсан байна. Хөдөлмөрийн гэрээний үндсэн нөхцөлийн 1 дүгээр зүйлийн 1.8-д гэрээний нөхцөл 1 жил байхаар харилцан тохиролцон бөгөөд тус хугацаа нь 2021 оны 01 дүгээр сард дуусгавар болсон. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш манаачийн үүрэг гүйцэтгүүлээгүй юм. Учир нь тус аймгийн Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн хуучин байр нь тухайн сургуулийн өөрийн өмчийн бүртгэлд байсантай холбогдуулан аймгийн Засаг даргын тамгын газар өмчийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах шаардлагагүй болсон.

Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхийг хүсье гэв.

4.Нэхэмжлэгч нараас тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 130/ШЗ2021/02879 дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамж, нэхэмжлэгч нарын тус бүрийн улсын тэмдэгтийн хураамжид 15544 төгрөг төлсөн баримт, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 97 дугаартай  албан бичиг, А , Т , Ай  нарын цахим үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбарууд, тус шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 116 дугаартай шийдвэрийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан хувь, аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Х.Т , орон нутгийн өмчийн газрын дарга Н  нарын баталсан 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн түр гэрээ, 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 206/2016/00067 дугаартай магадлал болон 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 260 дугаартай гүйцэтгэх хуудасны хуулбар үнэн тэмдэг дарагдсан хувь, 2014 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 19 дугаартай Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын даргын “Ажилд томилох тухай” тушаалын нотариатаар батлуулсан хуулбар зэрэг нотлох баримтуудыг,

5.Хариуцагчаас Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газраас нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбар болон Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01/02 дугаар албан бичиг, Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 3-02/72 дугаартай албан бичгээр олгосон Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Т , Орон нутгийн өмчийн газрын дарга Н  нарт шүүхэд төлөөлөх итгэмжлэл тус тус шүүхэд гаргаж өгсөн болно.   

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

2.Нэхэмжлэгч нараас дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Бид нарыг аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2014 оны 19 дугаар тушаалаар аймгийн ЗДТГазрын 2 дугаар байрны давхар манаачийн үүрэг гүйцэтгэгчээр томилж, хөдөлмөрийн гэрээ хийж, хөдөлмөрийн гэрээнд тохирсон цалинг өгч ирсэн. Гэтэл сүүлийн нэг жил гарим хугацаанд бидний манаачийн үүргийг давхар хийсэн нэмэгдэл хөлсийг удаа дараа шаардсан боловч Засаг даргын Тамгын газраас “Өнөө маргааш өгнө” гэсээр сүүлдээ амралтад явсан, төсөв хүрэлцэхгүй, Ковид-19-ийн хямралд орсон гэх мэтээр шалтаглаж, тайлбар хэлж сургуулийн дансанд бидний цалинг нэмж тусгаж өгөхгүй байна. Хариуцагч талаас хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэж байгаа боловч энэ талаар бид нарт гэрээ цуцалсан талаар мэдэгдээгүй мөн бид нарыг ажилд томилсон тушаалыг хүчингүй болгоогүй тул бид одоо хүртэл манаачийн үүргийг давхар гүйцэтгэж байгаа тул хөдөлмөрлөсөн хөлсөө хариуцагч байгууллагаас нэхэмжилж байна гэж тайлбарлажээ.

 

3.Хариуцагч аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаас нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн: Үүнд: Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, гэрээний хугацаа дуусгавар болсны дараа манаачийн үүргийг гүйцэтгүүлээгүй, тус байр нь Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн үндсэн өмчийн бүртгэлтэй тул аймгийн Засаг даргын Тамгын газар нь өмчийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах шаардлагагүй гэжээ.

 

4.Хавтаст хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар нь тус аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд манаачаар ажилладаг А , Ай , Т  нартай тохиролцсоны дагуу ажилтны ажлын цагтаа багтаан, өөр ажлыг хавсран гүйцэтгүүлж, тэдгээрийн ажлын ачааллыг нэмэгдүүлэн ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба энэхүү үйл баримт Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Ажилд томилох тухай 19 дүгээр тушаалаар тухайн үед мөрдөгдөж байсан 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.-д заасны дагуу Өлгий сумын 1 дүгээр ахлах сургуулийн хуучин байрыг Төрийн захиргааны 2 дугаар байр болгож ашиглахаар шийдвэрлэсэн тул уг байрны бүрэн бүтэн байдлыг хамгаалуулахаар А , Ай  нарыг 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус барилгыг хамгаалах манаачаар давхар ажиллуулахаар томилж, улмаар А , Ай , Т  нартай тус тус хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулсан талаарх бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

5.Хариуцагчаас нэхэмжлэгч нартай хөдөлмөрийн гэрээг нэг жилийн хугацаагаар байгуулсан ба хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, тэгээд ч ЗДТГазрын 2-р байр нь аймгийн Засаг даргын Тамгын газрын үндсэн хөрөнгийн дансанд бүртгэлгүй, уг барилга нь аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн үндсэн хөрөнгийн дансанд бүртгэлтэй тул гэрээний хугацаа дуусгавар болсны дараа манаачийн үүргийг гүйцэтгүүлээгүй тул нэхэмжлэгч нарын нэхэмжилж буй цалин хөлс олгох боломжгүй гэж маргажээ.

6.Гэтэл талуудын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн түр гэрээ байгуулагдаж, уг гэрээний 1.8-д хөдөлмөрийн гэрээний хугацаа 1 жил гэсэн ба гэрээний хугацаа 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр дуусгавар болсон байгаа хэдий ч тухайн үед мөрдөгдөж байсан 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно гэж зааснаар хариуцагч аймгийн Засаг даргын Тамгын газраас гэрээний нэг тал болох А , Ай , Т  нарт гэрээг цуцалсан тухай саналаа тухайлан мэдэгдсэн эсэхээ бичгийн нотлох баримтаар нотолж чадаагүй тул Хөдөлмөрийн түр гэрээг сунгагдсан байна гэж шүүх үзлээ.

Түүнчлэн ажил олгогч буюу хариуцагч аймгийн Засаг даргын Тамгын газраас ажилтан А , Ай , Т  нарыг 2014 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 19 дүгээр тушаалаар ЗДТГазрын 2-р байрын барилгыг хамгаалах давхар манаачийн ажилд томилсон тушаалаас чөлөөлсөн эсэх талаарх бичгийн нотлох баримтаа ирүүлээгүй тул нэхэмжлэгч нарыг ажил томилсон тушаал нь хүчинтэй хэвээр гэж үзнэ.

Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусмагц түүнийг цуцлах тухай ажилтанд санал тавих, тэд нарыг давхар манаачийн ажилд томилсон тушаалыг ажил олгогчийн санаачилгаар хүчингүй болгосон бол Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмыг баримталж, ажилтанд энэ тухай гаргасан шийдвэрийг гардуулах үүрэгтэй бөгөөд энэ талаарх нэхэмжлэгч нарын хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусмагц цуцалсан тухай санаачилгыг ажил олгогч нь бидэнд мэдэгдэж, цалин урамшуулал олгохгүй болсон тухай тушаалыг танилцуулаагүй, ажилд томилсон тушаалыг хүчингүй болгоогүй гэсэн тайлбар нь тухайн үед мөрдөгдөж байсан 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 37 дугаар зүйлийн 37.1, 40 дүгээр зүйлийн 40.1.-т заасан зохицуулалтад нийцсэн байна гэж шүүх үзлээ.

 

7.Хариуцагчаас маргаан бүхий аймгийн ЗДТГазрын 2-р байр нь аймгийн Засаг даргын Тамгын газрын үндсэн хөрөнгийн дансанд бүртгэлгүй, уг барилга нь аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн үндсэн хөрөнгийн дансанд бүртгэлтэй гэж 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын 01/02 дугаар албан бичгийг нотлох баримтаар ирүүлсэн боловч уг барилга нь аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн үндсэн хөрөнгийн дансанд бүртгэлтэй эсэх мөн нэхэмжлэгч нарыг ажилд томилсон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 19 дүгээр тушаалд ...Өлгий сумын 1 дүгээр ахлах сургуулийн хуучин байрыг Төрийн захиргааны 2 дугаар байр болгож ашиглахаар шийдвэрлэсэн тул уг барилгын бүрэн бүтэн байдлыг хамгаалахын тулд ... томилсугай гэсэн ба уг шийдвэрийг хүчингүй болгосон эсэх талаарх бичмэл нотлох баримтаа шүүхэд гаргаж өгч нотолж чадаагүй тул аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын 01/02 дугаар албан бичгийг үндэслэж үүргийн харилцаа аймгийн Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуульд шилжсэн байна гэж дүгнэх боломжгүй болно.

 

8.Нэхэмжлэгч А , Ай , Т  нар нь маргаан бүхий ЗДТГазрын 2-р байрын манаачийн үүргийг давхар гүйцэтгэж байгаа нь аймгийн Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 97 дугаар албан бичиг, ажил олгогчийн нэхэмжлэгч нарыг тухайн ажилд томилсон тушаал, талуудын тайлбараар тогтоогдож байгаа тул тэд ажил олгогчоос Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 4-т зааснаар хүн бүр хийсэн хөдөлмөртөө тохирсон цалин хөлс авах үндсэн эрхтэй ба энэ эрхийг Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 42 дугаар зүйлийн 42.1.3-т гүйцэтгэсэн ажил үүрэгтээ тохирсон цалин хөлс авах эрхтэй талаар баталгаажуулсан байна. Нэхэмжлэгч нар шүүхэд хариуцагчид холбогдуулан анх гомдол гаргахдаа тухайн үед мөрдөгдөж байсан 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 49.1.-д зааснаар хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс авах, 50 дугаар зүйлийн 50.2.-т зааснаар ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан нэмэгдэл хөлсийг гаргуулахаар мөн Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 158 дугаар зүйлийн 158.1.5-д хууль тогто омжид заасан бусад маргаан-ны талаар хариуцагчид холбогдуулан шаардлага гаргах эрхтэй, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т гүйцэтгэсэн ажил үүрэгт нь тохирсон цалин хөлсийг тогтоосон хугацаанд ажилтанд олгох, .. журмыг ажилтанд мэдээлэх үүрэгтэй гэж зааснаар ажил олгогч буюу хариуцагч үүрэгтэй байна.

 

9.Иймд талуудын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн түр гэрээний 1.5-т сарын үндсэн цалингийн нэмэгдэл болгож сар бүр хүн бүрд 60000 төгрөгөөр тооцож олгохоор талууд харилцан тохиролцсон байх тул 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сар дуустал хугацааны 11 сар ЗДТГазрын 2-р байрын манаачийн үүргийг давхар гүйцэтгэсэн нэмэгдэл хөлс нь нэг манаачид 660000 (11сар х 60000) төгрөг ба 3 манаач буюу нэхэмжлэгч А , Ай , Т  нарт 1980000 (3 х 660000) төгрөгийг аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүүгээс гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

10.Нэхэмжлэлийн шаардлага болох 1980000 төгрөгт улсын тэмдэгтийн хураамжид 46630 төгрөг төлөх ёстой байсан боловч нэхэмжлэгч нараас 302 төгрөг илүү төлсөн байх тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46932 төгрөгөөс 46630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 302 төгрөгийг аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 0100020000941 дугаартай данснаас мөн хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүүгээс улсын тэмдэгтийн хураамжид 46630 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А , Т , Ай нарт олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 109 дүгээр зүйлийн 109.6, 158 дугаар зүйлийн 158.1.5-д заасныг тус тус баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын санхүүгээс нэмэгдэл хөлс 1980000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А , Т , Ай  нарт олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46932 төгрөгөөс 46630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 302 төгрөгийг аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 0100020000941 дугаартай данснаас мөн хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүүгээс улсын тэмдэгтийн хураамжид 46630 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А , Т , Ай нарт олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   А.ЖАРХЫНГҮЛ