| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 101/2021/04570/И |
| Дугаар | 101/ШШ2021/04104 |
| Огноо | 2021-12-08 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 101/ШШ2021/04104
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.М нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Г А Ө” ХХК-д холбогдох
23,052,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 9 дүгээр сарын 29-ний хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Баярлах, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Чинбат, хариуцагчийн төлөөлөгч Н.М-, нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.М- нь өөрийн эзэмшлийн Баянзүрх дүүрэг, 0 , Шар хоолойн аманд амины орон сууц бариулахаар Монгол улсын хуулийн этгээд болох “Г А Ө” ХХК--тай 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр №14/02 тоот “Амины орон сууц захиалан бариулах гэрээ”-г байгуулсан. Уг гэрээний дагуу Төмөр карказ бүхий М.КВ талбайтай, “Амины орон сууц”-г 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн хооронд нийт 30 хоногийн хугацаанд багтаан 24,000,000 төгрөгөөр бариулахаар тохиролцсон. Захиалагч Б.М-ы зүгээс гэрээнд заасан үүргээ биелүүлж нийт 21,000,000 төгрөгийн төлбөрийг доор дурдсан байдлаар төлсөн. Үүнд:
-2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 4,800,000 төгрөг,
-2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 1,000,000 төгрөг,
-2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 6,200,000 төгрөг,
-2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 4,000,000 төгрөг,
-2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 3,200,000 төгрөг,
-2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 500,000 төгрөг,
-2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 250,000 төгрөг,
-2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 150,000 төгрөг,
-2020 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 300,000 төгрөг,
-2020 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 10,000 төгрөг,
-2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 340,000 төгрөг,
-2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 250,000 төгрөг,
Гэтэл гүйцэтгэгч “Г А Ө” ХХК-, түүнийг төлөөлж, гарын үсэг зурсан гүйцэтгэх захирал Н.М- нь гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, ажлыг удаан хугацаанд нь эхлүүлээгүй, гүйцэтгээгүй, ажил гүйцэтгэх хугацаанд хүлээлгэн өгөөгүй бөгөөд маш олон удаа худлаа ярьж, өөр бусад газруудад ажил гүйцэтгэж байгаа шалтгаанаар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Захиалагч Б.М- нь өөрийн эхнэрийн хамт “Г А Ө” ХХК--ийн гүйцэтгэх захирал Н.М-гийн араас хөөцөлдөж, гомдол санал гаргаж, муудалцаж, чирэгдсэний улмаас үндсэн дээр “Амины орон сууц”-г хагас дутуу бариулсан.
Ийнхүү “Г А Ө” ХХК--ийн гүйцэтгэх захирал Н.М- нь үлдсэн дутуу хэсгийг бүрэн гүйцэтгэж, улмаар ажлын үр дүнг хүлээлгэн өгөх асуудал яригдаж, 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн орой байшингаа үзэхээр газар дээрээ очиход гүйцэтгэсэн байшин нь дээврийн хэсгээрээ нурсан байдалтай, хүн амьдрах ямар ч боломжгүй харагдаж байсан. Улмаар “Г А Ө” ХХК--ийн гүйцэтгэх захирал Н.М- нь газар дээр ирж байшингийн дээвэр нурсан шалтгааныг зарим газар гагнуур хийхээ мартсанаас шалтгаалан салхинд нурсан байна гэсэн тайлбар өгсөн. Уг асуудлыг Б.М- болон түүний эхнэр үл тэвчиж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргасан. Гэтэл “Г А Ө” ХХК- нь барилга байгууламжийн норм, нормативыг мөрдөөгүй бөгөөд хүн амьдрах боломжгүй барилга байгууламж барьсан болохыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тогтоосон. Улмаар нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Л.Жаргалсайхан нь 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 0068571 тоот дугаар бүхий “Шийтгэлийн хуудас”-аар “Г А Ө” ХХК--ийг зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авсан. Түүнчлэн уг “Шийтгэлийн хуудас”-аар “Г А Ө” ХХК--ийн гүйцэтгэсэн дутуу барилгыг үнэлж, улмаар Б.М-д хохиролд 11,987,000 төгрөгийг “Г А Ө” ХХК--иас гаргуулахаар шийдвэрлэсэн.
“Г А Ө” ХХК- нь Б.М-ы данс руу 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 10,000,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 1,987,000 төгрөг, нийт 11,987 төгрөгийг шилжүүлсэн. Нэхэмжлэгч Б.М- нь сүүлд 2021 оны 03 дугаар сард “Г А Ө” ХХК--ийн дутуу бариад орхисон орон сууц дээрээ очиход дээврийг хэсэг нь салхинд унасан, үүдний өрөөний хэсгийн хана нурсан, бүх хэсгээрээ цуурч, гандсан, амьтдаар дүүрсэн байдалтай байсан. Уг байшинг засаж, сайжруулах боломжгүй бөгөөд буулгаж байж дахин шинээр барих боломжтой байна. Тиймээс нэхэмжлэгч Б.М- нь “ИМЦ” ХХК-тай 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр №01 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан. Энэ гэрээний дагуу “Г А Ө” ХХК- нь барьж байгаад хаясан М.КВ амины сууцыг буулгаж, хаягдлыг нь хогийн цэгт хаях, Төмөр карказ бүхий М.КВ талбайтай, “Амины орон сууц”-г барих ажлыг 35,039,000 төгрөгөөр бариулахаар тохиролцсон.
Иймд ажил гүйцэтгэгч “Г А Ө” ХХК--ийн хийсэн ажлын үр дүн нь цаашид хүн амьдрах , ашиглах боломжгүй байсан тул түүнийг буулгаж, хог хаягдлыг хогийн цэг рүү хаях, дахин хийж гүйцэтгэхэд гаргах зардал болох нийт 35,039,000 төгрөгөөс “Шийтгэлийн хуудас”-аар “Г А Ө” ХХК--ийн гүйцэтгэсэн дутуу барилгыг үнэлж, Н.М-гээс захиалагч Б.М-д хохиролд шилжүүлсэн 11,987,000 төгрөгийг хасч, нийт 23,052,000 төгрөгийг “Г А Ө” ХХК--тай байгуулсан гэрээг цуцалсантай холбогдуулан учирсан хохиролд гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.М- нь манай компанид холбогдуулан “Ажил гүйцэтгэх гэрээг цуцалсантай холбогдуулан учирсан хохиролд 23,052,000 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. Манай компани нь Б.М-тай 24,000,000 төгрөгийн гэрээ байгуулж 21,000,000 төгрөгийг авч амины орон сууцны барилга барьж байх явцад дээврийн хэсэг нь салхинд хууларч унасан. Давагдашгүй хүчин зүйлийн улмаас нурсан дээврийг дахин засаж өгье гэтэл танайхаар байшингаа бариулахгүй гэсэн. Тэгээд дахиж тэр газар очоогүй. Манай компанийг мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргаж үнэлгээ хийлгээд 11,987,000 төгрөгийг бид нэхэмжлэгчид буцаан төлж хохиролгүй болгосон.
Зөрчлийн хэрэг үүсгэн шийтгэвэрт 5,000,000 төгрөгийг төлсөн.Гэтэл дээвэр нурсан асуудлаар манай компани хариуцлага хүлээж хохирлыг төлсөн атал энэ асуудлаар дахин манай компаниас 23,052,000 төгрөгийг шаардаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.М- нь хариуцагч “Г А Ө” ХХК--д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 23,052,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хариуцагч “Г А Ө” ХХК--ийн захирал Н.М- бид хохирол 12,000,000 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараас дараах нөхцөл байдал тогтоогдов.
Нэхэмжлэгч Б.М- өөрийн эзэмшлийн Баянзүрх дүүрэг, 0 , Шар хоолой аманд төмөр карказ бүхий М.КВ талбай амины орон сууц бариулахаар харилцан тохиролцож Гэрэлт–асар өргөө ХХК-ийн захирал Н.М-тэй 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр “Амины орон сууц захиалан бариулах тухай гэрээ”-г байгуулжээ./хх-ийн 20-23 дугаар тал/
Уг гэрээгээр хариуцагч “Г А Ө” ХХК- нь 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн хооронд гэрээнд заасан үүргийг гүйцэтгэж захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч ажлын хөлс 24,000,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д зааснаар Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон үүргийг хүлээх бөгөөд тус хуулийн 343.2, 343.3-д зааснаар гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх ба үүрэг гүйцэтгэгч үүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй.
Зохигчдын хооронд байгуулсан гэрээний:
2.1. Гэрээний үйлчлэх хугацаа: 2020.02.14 - 2020.03.14;
3.1. Гэрээний нийт үнийн дүн 24,000,000 төгрөг байна. Энэ үнэнд НӨАТ ороогүй болон хүргэлт, ажлын хөлс зардал зэрэг бусад бүх төлбөл зардлыг оруулсан болно. ;
3.2.Захиалагч гүйцэтгэгчээс ирүүлсэн, гэрээний зүйл буюу гүйцэтгэх ажлын загвар дизайны эхийг баталгаажуулсны дараа Гүйцэтгэгчийн нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш ажлын 1 хоногийн дотор урьдчилгаа 20 хувийн төлбөрийг Хаан банкны *******/Н.М-/ тоот дансанд, ажил гүйцэтгэх явцад төлбөрийн 60 хувийг дээрх дансанд, гэрээний зүйлийг бүрэн бэлэн болгож, захиалагч талд актаар хүлээлгэн өгсний дараа үлдэх 20 хувийн төлбөрийг ажлын 1 хоногийн дотор Гүйцэтгэгчийн нэхэмжлэлийг үндсэн төлбөрийн Хаан банкны ******* /Н.М-/ тоот дансанд тус тус шилжүүлнэ ;
4.1. Гүйцэтгэгч нь захиалгат ажлыг гүйцэтгэж дуусмагц Захиалагчид мэдэгдэж хүлээлгэн өгнө;
4.2. Захиалагч гэрээний зүйлийг шалгаж баримт /баримтаар хүлээн авна. Уг баримт гэрээний салшгүй хэсэг болно./ ;
5.1.2.Захиалагч захиалгат ажил үйлчилгээний явц, үр дүнг шалган. Захиалгад авсан болон стандартын шаардлага хангаагүй /захиалагчийн хүсэл шаардлагын дагуу гэрээний зүйлийг гүйцэтгээгүй батлагдсан загвараас өөрөөр гүйцэтгэсэн,чанарын шаардлага хангаагүй өнгө будаг муу, материал тоо хэмжээ зөрсөн г.м/ тохиолдолд хүлээн авахаас татгалзах, дахин гүйцэтгэхийг шаардах эрхтэй;
5.1.3. Гүйцэтгэгч нь чанар стандартын шаардлага хангаагүй гэрээний зүйлийн үнэ төлбөргүй өөрийн зардлаар дахин гүйцэтгэж хүлээлгэн өгнө.;
5.1.5. Захиалагч ажил гүйцэтгэгчийн ажлын хөлсийг гэрээнд заасны дагуу төлнө.;
6.1.Гүйцэтгэгч ажлыг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөөгүй буюу чанарын доголдлыг тогтоосон хугацаанд арилгаагүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй ажлын үнийн дүнгийн 0.1 хувиар алданги төлнө.;
6.3. Учирсан хохирол гэдэгт талуудын гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйн улмаас нөгөө талд учирсан шууд болон шууд бус хохирол, гуравдагч этгээдийн гомдлын шаардлагыг ойлгоно. ;
7.1. Гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас захиалагч буюу гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих хугацаанд нь хийж гүйцэтгээгүй бол шаардлагатай хугацаагаар түүнийг гүйцэтгэхийг сунгаж болно. гэж тус тус тохирчээ.
Нэхэмжлэгч Б.М- Хаан банкны ******* данснаас хариуцагч Н.М-гийн Хаан банкны ******* дансанд
2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 4,800,000 төгрөгийг;
2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 1,000,000 төгрөгийг;
2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 4,000,000 төгрөгийг
2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 3,200,000 төгрөгийг;
2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 500,000 төгрөгийг;
2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 250,000 төгрөгийг,
2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 150,000 төгрөг, нийт 13,900,000 төгрөгийг,
хариуцагчийн эхнэр Б.*******гийн Голомт банкны ******* дансанд 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 6,200,000 төгрөгийг, нийт 20,100,000 төгрөгийг шилжүүлжээ./хх-ийн 32-37 дугаар тал/
Түүнчлэн нэхэмжлэгчээс хувийн сууцанд зориулж 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 300,000 төгрөгийг цахилгааны ажлын төлбөр, 05 дугаар сарын 08-ны өдөр 200,000 төгрөгийг сангийн мат. төлбөр, усны нөөцийн савны төлбөрт 340,000 төгрөг нийт 840,000 төгрөг нийт 20,940,000 төгрөгийг “Г А Ө” ХХК--д шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул хариуцагч “Г А Ө” ХХК--иас зохигчдын хооронд байгуулсан 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №14-02 тоот “Амины орон сууц захиалан бариулах гэрээ”-ний үүрэгт Б.М-аас хариуцагч талд шилжүүлсэн 20,940,000 төгрөгөөс “Г А Ө” ХХК--иас буцаан шилжүүлсэн 11,987,000 төгрөгийг хасаад үлдэгдэл 8,953,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч талд олгох зүйтэй гэж дүгнэв./хх-ийн 38 дугаар тал/
Харин нэхэмжлэгчээс 05 дугаар сарын 10-ны өдөр Зарлагын баримтад БМД 10,000 төгрөгийн баримтад худалдан авагчийн нэр бичигдээгүй байх тул үнэлэх боломжгүй юм./хх-ийн 38 дугаар тал/
Хариуцагч шүүхийн хэлэлцүүлэгт “.......нэхэмжлэгчээс ирүүлсэн дээрх эд хөрөнгө байшиндаа байгаа” гэж тайлбарласан боловч Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.4-д “ажил гүйцэтгүүлэхээр захиалагчаас олгосон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах талаар өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээ авах” гэж хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна.
Иргэний хуулийн 348 дугаар зүйлийн 348.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэх гэрээний хугацааг талууд тохиролцон тодорхойлох бөгөөд ажлын онцлогийг харгалзан засварын буюу тусгай хугацаа тогтоож болно.” гэж зааснаар гүйцэтгэгч “Г А Ө” ХХК- нь 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр гүйцэтгэсэн ажлыг захиалагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй хэдий ч үүргээ хугацаанд гүйцэтгээгүй тул нэмэлт хугацаа тогтоосон гэж үзэв.
Хэрэгт НМХГ-ын дэд бүтцийн хяналтын барилгын техникийн хяналтын улсын байцаагч Л.Жаргалсайханы “Г А Ө” ХХК--ийн захирал Н.М-д 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр “Эрх бүхий албан тушаалтны даалгавар” нотлох баримтаар авагдсан байна. /хх-ийн 25-26 дугаар тал/
Уг даалгаварт ”... уг амины орон сууцны барилгын суурийн төмөр гулзайсан гагнуур бүрэн хийгдээгүй, газрын хөрс рүү суулгаж бетондсон байдал бат бэхлэх бэхэлгээний чанар байдал хангагдаагүй, саравчны төмөр рам хугарсан, модон хийцлэл бүхий шувуу нурууны сараалж модны уулзвар залгаас, суултын зай тодорхой зайнд байрлаагүй, бэхэлгээг анкер боолтоор хийгээгүй хадаасаар хадсан. Хучилтын долгионт материалыг бэхэлгээг хийгээгүй орхисноос салхинд хуурч унасан улмаар дулаалгын материал хурын усанд норсон, битүүмжлэл алдагдсан, уур, ус тусгаарлалтын материалын чанар гарал үүсэл тодорхойгүй байгаа нь Инженерийн бус хийцтэй барилгыг төлөвлөх, барих зөвлөмж, дээврийн ажил БНбДЗ31-0705 дээврийн хучлагын БНбД31-023-ийн холбогдох шаардлагууд болон Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйл зөрчсөн” талаар дурджээ.
Улмаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Зөрчлийн хэрэг нээх тухай 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн №07-0200519091/0819 тоот зөрчлийн хэрэг нээж, 08 дугаар сарын 07-ны өдөр №0068571 Шийтгэврийн хуудсаар “Г А Ө” ХХК--ийг 5,000,000 төгрөгөөр торгосон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, хариуцагч дээрх шийтгэвэрт гомдол гаргаагүй, хүчин төгөлдөр болсон байна.
Нэхэмжлэгч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргаснаар хариуцагч “Гэрэлт–Асар өргөө” ХХК-ийн гүйцэтгэсэн барилгын зах зээлийн үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлтээр 11,987,000 төгрөгөөр үнэлсэн гэж нэхэмжлэгч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбарт хариуцагч маргаагүй.
Нэхэмжлэгч Б.М-ы Хаан банкны ******* дансанд 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч ******* өргөө ХХК-иас 10,000,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 10 ны өдөр 1,1987,000 төгрөг нийт 11,987,000 төгрөгийг шилжүүлжээ./хх-ийн 30-33 дугаар тал/
Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч 2020 оны 5 дугаар сард “.......хариуцагчаас удаа дараа барилгыг дуусгаж хүлээлгэн өгөхийг шаардсан боловч, дээврийг нь засна, бусдыг засахгүй гэж орхиод явсан”, хариуцагч “.... дээврийг засаад өгье гээд гуйхад танайхаар дахиж бариулахгүй гэхээр дахиж очоогүй” гэж тус тус тайлбараас үзэхэд Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-т “Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусгахаас өмнө захиалагч хэдий ч гэрээг цуцлах эрхтэй.” гэж зааснаар хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тул захиалагч үүргийн харилцааг цаашид дуусгавар болгожээ.
Гэрээнээс татгалзсаны үр дагаврыг зохицуулсан Иргэний хуулийн 204 дугаар зүйлийн 204.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй, 225 дугаар зүйлийн 225.1 дахь хэсэгт “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй”, 227 дугаар зүйлийн 227.1-д “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.” гэжээ.
Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д “Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.” гэж зааснаар нэхэмжлэгч өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч Б.М- 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр “Их мөрөн цамхаг” ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээг байгуулжээ. Уг гэрээнд нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт “Г А Ө” ХХК--ийн барьсан барилгын хог хаягдлыг буулгахад 1,000,000 төгрөг, тээвэрлэн хогийн цэг рүү зөөхөд 450,000 төгрөг нийт 1,450,000 гэж төсөв тусгажээ.
Хариуцагч “Г А Ө” ХХК- нь захиалагчийн гэрээнээс татгалзсан 2020 оны 05 дугаар сараас хойш 56м.кв амины орон сууцыг буулгаагүй болох нь тогтоогдож байх тул 1,450,000 төгрөгийг төлөх үүрэгтэй.
Иймд хариуцагч “Г А Ө” ХХК--иас “Амины орон сууц бариулах гэрээ”-ний үүрэгт 8,953,000 төгрөгийг, барилга буулгах, зөөвөрлөхөд гарах зардал 1,450,000 төгрөг, нийт 10,403,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12,649,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч “Г А Ө” ХХК--иас 10,403,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.М-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 12,649,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.М-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 273,210 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Г А Ө” ХХК--иас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох 181,398 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан хэлэлцэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т заасныг баримтлан тус шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 19329 дугаартай “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамжийг давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах хугацаанд хүчинтэй байхыг дурдсугай.
4. Зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ