| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 165/2024/0090/э |
| Дугаар | 2024/ШЦТ/90 |
| Огноо | 2024-09-10 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Т.Түмэнжаргал |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 2024/ШЦТ/90
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,
нарийн бичгийн дарга Т.Дэлгэрмөрөн,
улсын яллагч Т.Түмэнжаргал,
шүүгдэгч Э.Х, түүний өмгөөлөгч Б.Өлзийбадрах нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Э-ийн Хт холбогдох эрүүгийн 2417000770088 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1990 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ................ ХХК-д ачигч, буулгагч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ............ дугаар хороо, ...... тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Х овогт Э-ийн Х /РД:.........../,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Яллагдагч Э.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Д.Х нь 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 20-21 цагийн үед Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар баг 16 дугаар зөрлөгийн 493/166 дугаар шонгийн ойролцоо засмал замд өөрийн эзэмшлийн 05-94 УАМ улсын дугаартай приус-20 загварын тээврийн хэрэгслийг жолоодон явж байх үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 б/ Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 12.2 Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч, уг тээврийн хэрэгслийн жолоочийн хажуу талын суудалд зорчиж явсан С.Б нас барсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
1. Шүүгдэгч Э.Х үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /х.х-ийн 169-171 хуудас/
2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 20 цаг 46 минутад намайг ажил дээрээ буюу Рашаант агуулахад ажлаа хийж байхад талийгаач дүүгийн маань эхнэр Б миний утас руу залгасан. Би утсаа автал бид нар машинтай явж байгаад Чойр өнгөрөөд осолд орчихлоо. Ослын улмаас Б нас барчихлаа гэж надад хэлсэн. Б 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Замын-Үүд рүү явах талаар надад хэлж байсан. Б, түүний эхнэр, хүүхэд мөн найз Хтай хамт явж байсан талаар мэднэ. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 30 хуудас/
3. Хохирогч Т.Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2024 оны 05 дугаар сарын 05-ны өдөр манай нөхөр Б, хүү Г, Х бид 4 Дорноговь аймгийн Замын-Үүд сум руу аялахаар явахаар ярилцаад Х тухайн өдрийн өглөөний 7 цагийн үед хүү нөхөр бид 3-ыг гэрээс 05-94 УАМ улсын дугаартай саарал өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгслээр ирж авсан. Маргааш нь буюу 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 15 цаг хүртэл бид 4 Бат-Эрдэнийн найзын гэрт байж байгаад Улаанбаатар хот руу буцахаар 15 цаг өнгөрч байхад Замын-Үүд сумаас хөдөлсөн. Тэгээд замдаа Дорноговь аймгийн Сайншанд сумаар дайраад дэлгүүр орж 4 ширхэгийн Сэнгүр, 3 ширхэг жижиг жимстэй пиво авсан бөгөөд тухайн пивыг талийгаач бид 2 хувааж уусан. Тухайн машиныг Х жолоодоод түүний хажуугийн урд талын суудалд Б сууж байсан. Харин би хүүгийнхээ хамт арын суудал дээр сууж явсан. Пивоноос Х машин жолоодож байсан болохоор огт амсаагүй. Тэгээд бид нар Говьсүмбэр аймагт ирсэн. Говьсүмбэр аймагт хэдэн цагт ирсэн гэдгээ сайн мэдэхгүй байна. Нар жаргаагүй байсан. Тэгээд харанхуй бүрий болж байхад Говьсүмбэр аймгаас гараад нэлээн явчихсан байсан. Би хүүгийнхээ хамт хойд талын суудлыг нэлээн налуулаад хэвтэж байсан. Гэтэл гэнэт машин түжигнээд явчихсан бөгөөд яах ийхийн завдалгүй машин бүтэн 3 эргээд замаас зүүн тийш гарч ертөнцийн зүгээр баруун тийш харж зогссон. Би машиныг онхолдсоныг мэдээд машины хойд талын хаалганы цонхоор гарсан. Мөн Г миний хажууд байсан болохоор хүүхдээ бас аваад машинаас гарсан. Гэтэл машинд манай нөхөр байгаагүй ба жолоочийн суудал дээр Х сууж байсан. Тэгээд би нөхөрөө хайтал нөхөр маань машинаас хол нэлээн зайтай газар хэвтэж байсан ба толгой нь тасарсан байсан. Х осол болох үед хэр хурдан явж байсныг би мэдэхгүй байна. Ямар ч байсан хурдан явж байх шиг байсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. ” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 36-37 хуудас/
4. Гэрч Д.Ч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би Говьсүмбэр аймгийн 16 дугаар зөрлөгийн ойролцоо хувийн компани дээр тогоочоор ажиллаж байгаа юм. Тэгээд 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 20 цаг 40 минутын орчим би ажлаа хийж дуусгачихаад гадаа охинтойгоо утсаар яриад байж байсан. Гэтэл төв засмал зам дээр нэлээд хурдтай машин явж байсан. Гэтэл удалгүй түс тас хийх чимээ гараад 3 удаа бүтэн эргэж онхолдсон. Тэгээд тухайн тээврийн хэрэгсэл баруун тийш гараад 3 удаа бүтэн эргэж онхолдсон. Би осол болсон газар луу айгаад ойртож чадаагүй. Миний харсан газраас ослын газар ертөнцийн зүгээр баруун талд барагцаагаар 300 орчим метр байсан байх” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 45 хуудас/
5. Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Говьсүмбэр аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 22 дугаар дүгнэлтэнд: “С.Б цогцост хийсэн задлан шинжилгээгээр толгой аман хүзүүний дээд хэсгээр таслагдсан шарх, гол судасны өгсөх хэсэг, улаан хоолойн дээд хэсэг, цагаан мөгөөрсөн хоолойн дээд хэсэг, төвөнхийн доод хэсгээр бүрэн тасарсан шарх, баруун талын эгэм 1,2,3,4,5,6,7,8,9-р хавирганы хугарал, зүүн талын 2-р хавирганы хугарал, хавирга завсарын зөөлөн эдийн няцрал, дотор эрхтэний доргилт баруун дэлбэнгийн язрал, дэлүүний дээд ирмэгийн задрал, няцрал, цээжний баруун дээд хэсэгт цус хуралт, цээж хэвлийн баруун хажуу тал, нуруугаар тархмал зулгаралт, духанд зүүн талдаа хуучин зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Духанд зүүн талдаа хуучин зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам” 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. Бусад гэмтлүүд нь нас барах агшинд үүссэн. Толгой аман хүзүүний дээд хэсгээр таслагдсан шарх гэмтэл нь шууд нас баралтанд хүргэнэ. С.Б нь B/III/ бүлгийн харьяалалтай цустай байна. Талийгаачийн цусанд 2.3 промилли этилийн спирт илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна. С.Б нь толгой аман хүзүүний дээд хэсгээр таслагдсан шарх гэмтлийн улмаас нар баржээ.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 65-67 хуудас/
6. Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 17-18, 5-16, 19-25 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгаж, шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүхээс нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгч Э.Х нь дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
Хяналтын прокуророос шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэгт түүний үйлдэлд тохирсон, шүүгдэгч Э.Х нь шүүх хуралдаанд өмгөөлөгч Б.Өлзийбадрахтай оролцож гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокуророос сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрснийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Х нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.Х нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч Т.Б, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О нар нь хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч Э.Хыг бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Э.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 3 сарын хугацаагаар зорчих эрх хязргаарлах ялаар тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Э.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ХГҮ гэж хаягласан хөвөн бамбар 3 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 , 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Э-ийн Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хт шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч Э.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ХГҮ гэж хаягласан хөвөн бамбар 3 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай
9. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ