| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2024/09006/И |
| Дугаар | 001/ХТ2026/00019 |
| Огноо | 2026-01-13 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2026 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 001/ХТ2026/00019
“Б” С-ны
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Батзориг, Э.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 191/ШШ2025/04997 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 210/МА2025/01631 дүгээр магадлалтай,
“Б” С-ны нэхэмжлэлтэй
“РГИ” ХХК-д холбогдох,
37,247,340 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, хариуцагчийн өмгөөлөгч Г.Ц нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, хариуцагчийн төлөөлөгч Н.Н, хариуцагчийн өмгөөлөгч Г.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Б” С нь хариуцагч “РГИ” ХХК-д холбогдуулан 37,247,340 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.
2. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 191/ШШ2025/04997 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-д заасныг баримтлан хариуцагч “РГИ” ХХК-аас 26,002,860 төгрөг гаргуулан “Б” С-нд олгож, нэхэмжлэлээс 11,244,480 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 344,186 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 287,964 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Б” С-нд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-д зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.12.09-ний өдрийн 31059 дугаар захирамж шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр байхыг дурдаж шийдвэрлэсэн.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 210/МА2025/01631 дүгээр магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 191/ШШ2025/04997 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “РГИ” ХХК-аас 13,001,430 төгрөг гаргуулан “Б” С-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 24,245,910 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 344,186 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 222,957 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Б” С-нд олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 287,965 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хууль зүйн үндэслэлгүйгээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, мөнгөн дүнг хасаж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироож байгаад гомдолтой байна.
Нэхэмжлэгч “Б” С нь хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд нийт оршин суугчдын бүх гишүүдийн хурлаар 01 дугаартай тогтоол гаргаж, хариуцагч “РГИ” ХХК-ийн эзэмшиж, ашиглаж буй 1,171 м.кв талбайг 1 м.кв үнэ тарифийг 600 төгрөгөөр тогтоосон нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байхад давж заалдах шатны шүүх үндэслэлгүйгээр үнийн дүнг 50 хувиар хассан.
Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн болон нийт оршин суугчдын зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
5. Хариуцагчийн өмгөөлөгч Г.Ц хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д зааснаар хууль хэрэглээний зөрүүг арилгах, 172.2.2-т заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Шийдвэр, магадлалд “РГИ” ХХК-ийг сууц өмчлөгчдийн холбооны гишүүн гэж С-ны төлбөр төлөх ёстой гэснийг эс зөвшөөрч байна.
Мөн давж заалдах шатны шүүх С-д төлөх төлбөр 1 м.кв тутамд 600 төгрөг биш 300 төгрөгөөр тогтоохоор шийдвэрлэж нэхэмжлэлийг багасгасан нь мөн хуульд нийцэхгүй байна.
5.1. Хууль хэрэглээний зөрүүг арилгах, хуулийг зөв тайлбарлан хэрэглэх талаар: Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт “Нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоо /цаашид “холбоо” гэх/-г байгуулна”, 143.4 дэх хэсэгт “Орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна”, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.2-т “сууц, сууцны бус зориулалттай хэсэгт хууль тогтоомжид нийцүүлэн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа бол”. 4.1.5-д “дангаар өмчлөх сууцны сууцны бус зориулалттай хэсэг” гэж тухайн сууцны гал зуух, ариун цэврийн болон угаалгын өрөө, өрөө хоорондын хонгил, агуулахыг гэжээ.
Дээрх зохицуулалтаас харвал С-ны гишүүн гэдэг нь орон сууцны зориулалттай хөрөнгө өмчилж байгаа, орон сууцны зориулалттай хэсгийн сууцны бус хэсэг буюу 00-н өрөө, хонгил гэх мэт хэсэгт үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж байгаа өрх, иргэд, аж ахуйн нэгж байхаар хуульчилсан. Харин аж ахуйн зориулалттай зураг төсөлтэй, уг зориулалтаар улсын комисс хүлээн авсан хэсгийг өмчлөгч нь С-ны гишүүн байх ёстой гэсэн шүүхийн дүгнэлт дээрх хуульд нийцэхгүй байна.
Хариуцагч “РГИ” ХХК нь Хаягт 1,171 м.кв талбайг өмчлөх эрхийн гэрчилгээгүй, одоогоор тус өмчлөх эрхийн гэрчилгээг “РГИ” ХХК-ийн нэр дээр гаргахыг даалгасан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа болно. “РГИ” ХХК нь бодитоор тус 1,171 м.кв талбайд хүнсний зах, худалдааны төвийн үйл ажиллагааг эрхлэн явуулж байгаа бөгөөд үүнтэй талууд маргаагүй.
Тус 1,171 м.кв талбай нь хэрэгт авагдсан барилгын зураг төслийн дагуу орон сууцны хэсгээс тусдаа зориулалт бүхий, орц гарц, цэвэрлэгээ үйлчилгээ тусдаа, лифт хэрэглэдэггүй, бие даасан харуул хамгаалалттай, галын аюулгүй байдлын бие даасан дүгнэлттэй, эрхлэх үйл ажиллагааны хүрээнд эрх бүхий байгууллагаас тусдаа зөвшөөрөл авдаг, цахилгааны чадлын хэмжээ ялгаатай аж ахуйн зориулалттай хөрөнгө болно.
5.2. Нотлох баримтыг зохих журмын дагуу үнэлээгүй, давж заалдах шатны шүүх хуульд заасан эрх хэмжээгээ хэтрүүлсэн тухай
“Б” С нь 2019.09.29-ний өдөр хариуцагч “РГИ” ХХК-д засвар үйлчилгээний төлбөр 1 м.кв нь 600 төгрөг байхаар хурал хийж тогтоосон гэх боловч тус хурлын ирц хүрээгүй, хэлэлцэх асуудалд төлбөр тогтоох талаар байгаагүй, эрх ашиг нь зөрчигдсөн этгээд болох хариуцагчийг оролцуулаагүй болох нь баримтаар тогтоогдсон бөгөөд “РГИ” ХХК нь шүүхэд энэ талаар маргасан болно.
Тариф тогтоосон гэх “Б” С-ны 2019.09.29-ний өдрийн хуралд 129 өрх оролцох ёстойгоос 54 өрх оролцсон, ирц 75 хувьтай гэсэн нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.5 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байхад шүүхээс тус хурлын шийдвэрийг хүчинтэй гэж үзэж төлбөр гаргуулсан нь буруу.
Мөн “РГИ” ХХК-иас 1 м.кв бүрт 600 төгрөгийн буюу 1 сард 702,600 төгрөг авах болсон хууль зүйн үндэслэл тодорхойгүй, эдийн засгийн тооцоо судалгаа байхгүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа нь хууль бус байна.
Аж ахуйн нэгж, байгууллагаас гаргуулах 600 төгрөгийн тариф нь ямар нэртэй, хэдэн төгрөгийн үнэтэй шугам сүлжээ, удирдлагын зангилааг ямар давтамжтай засварлах шаардлагатай байгаа талаар танилцуулсан, судалсан, зах зээлийн үнийг тогтоосон зүйлгүй.
Гэтэл шүүхээс тус тариф тогтоосон шийдвэрийг хууль ёсны, үндэслэлтэй гэж үзэж төлбөр гаргуулахаар шийдвэрлэхээс гадна давж заалдах шатны шүүхээс магадлалын 6.3 дах хэсэгт “Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлөөс баталсан айл өрхийн жишиг тарифийн дээд хэмжээгээр 300 төгрөгөөр тооцон гаргуулахаар шийдвэрлэсэн” нь хууль зөрчсөн. Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлөөс хэзээ, ямар тогтоол баталсан нь тодорхойгүй, хэрэгт тус тариф тогтоосон баримт байхгүй, анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй баримтыг үндэслэн шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.5, 116 дугаар зүйлийн 116.2, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3 дахь хэсгийг тус тус зөрчжээ. Давж заалдах шатны шүүхээс С-ны удирдах зөвлөлийн эрхийг хэрэгжүүлэн эрх мэдлээ хэтрүүлэн тариф тогтоож байгаа нь хууль бус юм.
Иймд шийдвэр, магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1, 172.2.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр алдааг засварлан шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
6. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.12.02-ны өдрийн 001/ШХТ2025/01138 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, хариуцагчийн өмгөөлөгч Г.Ц нарын гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлээр хүлээн авч хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.
ХЯНАВАЛ:
7. Нэхэмжлэгч “Б” С нь хариуцагч “РГИ” ХХК-д холбогдуулж 37,247,340 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлийг “хариуцагч өөрийн ашиглаж байгаа 1,171 м.кв талбайн зардлыг 2020 оны 02 дугаар сараас хойш 2024 оны 07 дугаар сар хүртэл хугацаанд 1 м.кв талбайд 600 төгрөгөөр тооцон төлөх үүрэгтэй” гэж тайлбарлажээ.
8. Хариуцагч “РГИ” ХХК нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан тайлбарын үндэслэлийг “манай байгууллага тус С-ны гишүүн биш бөгөөд барилгын 1, 2 дугаар давхарт байрладаг, манай талбай С-ны талбайд хамаарахгүй, ашиглалтын зардлаа өөрдөө байнга төлдөг, гадна тохижилт, цэвэрлэгээг өөрсдөө хийж төлбөрийг төлдөг, 2019.09.29-ний өдөр болсон бүх гишүүдийн хурал нь хүчин төгөлдөр бус, аж ахуй нэгж, байгууллагын төлөх төлбөрийг 1 м.кв талбайд 600 төгрөгөөр ялгамжтай тооцсон нь үндэслэлгүй, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.5-д заасныг зөрчсөн, манай үл хөдлөх эд хөрөнгө Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1.-д заасан орон сууцанд хамаарахгүй, үйлчилгээний зориулалттай талбай учраас нэхэмжлэл үндэслэлгүй, шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэжээ.
9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ “Хаягт байрлах 1,171 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч “РГИ” ХХК нь 2017 оноос хойш эзэмшиж ашигладаг, тус 18 дугаар байрны оршин суугч сууц өмчлөгчид 2019.09.29-ний өдрийн бүх гишүүдийн хурлын 01 тоот тогтоолоор “Б” С-г байгуулж, бүртгүүлсэн, мөн уг тогтоолоор сууц өмчлөгч гишүүний дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг аж ахуй, нэгж байгууллагад 1 м.кв талбайд 600 төгрөгөөр тогтоосон, хариуцагч Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.1, 148.2, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2-т тус тус заасан сууц өмчлөгчийн эрх, үүргийг хүлээсэн, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 147.2-т Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т тус тус зааснаар дээрх ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг төлөх үүрэгтэй” гэжээ.
10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “Анхан шатны шүүхээс хариуцагч “РГИ” ХХК-ийг 1,171 м.кв талбайг эзэмшиж, ашиглаж үйл ажиллагаа явуулж байгаа тул Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4 дэх хэсэгт зааснаар С-ны гишүүн, сууц өмчлөгчийн эрх, үүргийг хүлээнэ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй, хариуцагч нь “Б” С-г үүсгэн байгуулсан бүх гишүүдийн хурлын ирц, хурлын хүчин төгөлдөр байдлын талаар маргасан байх боловч тус хурлын 2019.09.29-ний өдрийн 01 тоот тогтоолыг өөрчилсөн, хүчингүй болгосон талаарх баримт хэрэгт авагдаагүй, “Б” С-ны бүх гишүүдийн хурлын 2019.09.29-ний өдрийн 01 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтаар айл өрхөөс авах засвар, үйлчилгээний зардлыг 1 м.кв тутамд 200 төгрөг байхаар, аж ахуйн нэгжээс авах зардлыг 1 м.кв тутамд 600 төгрөг байхаар тогтоосон, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.2-т “сууц, сууцны бус зориулалттай хэсэгт хууль тогтоомжид нийцүүлэн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа бол засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг бусад сууц өмчлөгчдөөс илүү өндөр хэмжээгээр төлүүлж болох бөгөөд ийнхүү төлөх хэмжээг бүх гишүүдийн хурлаар тогтооно” гэж заасан боловч аж ахуйн нэгжээс 1 м.кв талбай тутам 600 төгрөгөөр тогтоосон нь тодорхой бус, баримтаар нотлоогүй, тус С-ны бүх гишүүдийн 2019.09.29-ний өдрийн хурлаар тогтоосон айл өрхийн төлөх төлбөрийн хэмжээ болох 1 м.кв тутмын 200 төгрөгөөс 100 төгрөгөөр илүү буюу Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлөөс баталсан айл өрхийн төлөх жишиг тарифийн дээд хэмжээ болох 300 төгрөгөөр тооцож, 2021.06.01-ний өдрөөс 2024 оны 6 дугаар сарыг дуусталх хугацаанд хамаарах төлбөрийг гаргуулна” гэж дүгнэжээ.
11. Хоёр шатны шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа нотлох баримтад тулгуурлаагүй алдаа гаргасныг хяналтын шатны шүүхээс залруулна.
12. “Б” С нь Хаягт орон сууц өмчлөгчдийн эрх ашгийг хамгаалах үйл ажиллагаа явуулдаг, хариуцагч “РГИ” ХХК уг байрны 1, 2 дугаар давхарт үйлчилгээний зориулалттай 1,171 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө эзэмшдэг талаарх үйл баримтыг хоёр шатны шүүх зөв тогтоосон.
13. Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт “Нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоо /цаашид "холбоо" гэх/-г байгуулна”, 143.4 дэх хэсэгт “Орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна”, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т "сууц өмчлөгч" гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь сууцыг захиран зарцуулах эрх бүхий этгээдийг” хэлнэ, Орон сууцны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар баригдсан хэсэгт болон сууцандаа бусад оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүйгээр энэ хуулийн 17.1-д зааснаас бусад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж болно” гэж тус тус заажээ.
13.1. Хариуцагч “РГИ” ХХК нь нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь үйлдвэр үйлчилгээний зориулалтаар баригдсан 1, 2 дугаар давхарт 1,171 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө эзэмшиж байгаа байдлыг үндэслэн уг байрны оршин суугч нарын байгуулсан С-ны гишүүн гэж дүгнэхгүй юм. Гэтэл анхан шатны шүүх хариуцагч “РГИ” ХХК-ийг сууц өмчлөгчийн эрх, үүргийг хүлээнэ гэж хуульд тулгуурлаагүй алдаатай дүгнэснийг давж заалдах шатны шүүх залруулаагүй байна. Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт сууц өмчлөгчийн эрхийг, 148.2 дахь хэсэгт сууц өмчлөгчийн үүргийг тодорхойлсон зохицуулалтыг үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө эзэмшигчийг сууц өмчлөгчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээлгэх хууль зүйн үндэслэл болохгүй болно.
Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т “дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох” гэж заасан сууц өмчлөгчийн үүргийг зохицуулсан хэсгийг анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсныг давж заалдах шатны шүүх хасч залруулсан нь зөв боловч мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан шаардах эрхтэй давхардсан гэсэн алдаатай дүгнэлт хийжээ.
13.2. Хариуцагч “РГИ” ХХК нь нийтийн зориулалттай орон сууцны байшинд үйлчилгээний зориулалтаар үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшигчийн хувьд уг орон сууцны байшингийн засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг төлөхөд сууц өмчлөгчийн нэгэн адил оролцох нь ёстой. Энэ асуудлаар талууд гэрээ байгуулах замаар шийдвэрлэх боломжтой ч бодитоор нэг тал санаачилсан ч нөгөө тал зөвшөөрөхгүй тохиолдолд уг аргыг хэрэглэх боломжгүй юм.
13.3. Гэтэл Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө”, 147.3 дахь хэсэгт “Орон сууцны дээвэр, доод хонгил, халаалт болон халуун, хүйтэн усны удирдах зангилааны анхны хаалт хүртэл, цахилгаан оролтын самбар хүртэл холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэл, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээ, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээ, даатгал болон холбогдох бусад зайлшгүй зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчийн оролцох хэмжээг тодорхойлохдоо сууц эзэмшигчийн дангаар өмчлөх талбайг, тухайн орон сууцны байшингийн дангаар өмчлөх өмчлөлд байгаа нийт талбайд харьцуулан гаргана”, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1- д орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд “орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө”-ийг хамааруулахаар тус тус заажээ.
Уг зохицуулалтын хүрээд нийтийн зориулалттай орон сууцны байшингийн хэсгийг орон сууцны бус зориулалтаар эзэмшиж, ашиглаж буй этгээд холбогдох зардлыг тодорхой хэмжээгээр хуваалцах учиртай.
13.4. Хариуцагч “РГИ” ХХК нь нийтийн зориулалттай орон сууцны байшинд үйлчилгээний зориулалтаар үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшигчийн хувьд уг орон сууцны байшингийн засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг төлөхөд сууц өмчлөгчийн нэгэн адил оролцох нь ёстой. Энэ асуудлаар талууд гэрээ байгуулах замаар шийдвэрлэх боломжтой ч бодитоор нэг тал санаачилсан ч нөгөө тал зөвшөөрөхгүй тохиолдолд уг аргыг хэрэглэх боломжгүй юм.
Эдгээр төлбөр, зайлшгүй зардал бодитоор гарах бөгөөд гэрээ байгуулахгүй байгаа гэх нөхцөл байдлыг үндэслэн хариуцагч “РГИ” ХХК-ийг зохих төлбөрөөс чөлөөлөх эрх зүйн үндэслэлгүй бөгөөд бусдын зардлаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэхээр байна. Иймд нэхэмжлэгч “Б” С нь Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт зааснаар холбогдох зардлыг нэхэмжлэх эрхтэй гэж дүгнэв.
14. “Б” С-ны бүх гишүүдийн хурлын 2019.09.29-ний өдрийн 01 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтаар айл өрхөөс авах засвар, үйлчилгээний зардлыг 1 м.кв тутамд 200 төгрөг байхаар, аж ахуйн нэгжээс авах зардлыг 1 м.кв тутамд 600 төгрөг байхаар тогтоосон гэх баримтыг нэхэмжлэгч тал гаргаж өгсөн бөгөөд хариуцагч “РГИ” ХХК нь уг төлбөрийг тогтоосон хурлын ирц хүрээгүй, хурлын хэлэлцэх асуудалд ороогүй, өөрт нь мэдэгдээгүй, хуульд нийцээгүй гэсэн тайлбар гаргасан боловч тогтоолыг хүчингүй болгуулах талаар шаардлага гаргаагүй байна. Энэ тохиолдолд уг тогтоолыг хүчинтэй гэж хоёр шатны шүүх дүгнэснийг буруутгах боломжгүй. Уг тогтоолыг Баянзүрх дүүргийн хөгжлийн төв ТБАГУТҮГ газарт баримтаар бүртгэлд авагдсан байгааг дурдах нь зүйтэй.
15. Анхан шатны шүүх “Б” С-ны бүх гишүүдийн хурлын 2019.09.29-ний өдрийн 01 тоот тогтоолоор аж ахуйн нэгжээс авах зардлыг 1 м.кв тутамд 600 төгрөг гэж тогтоосныг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх уг зардлыг хэмжээг 1 м.кв тутамд 300 төгрөг байхаар өөрчлөхдөө баримтад тулгуурлаагүй алдаа гаргажээ.
15.1. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.2-т “сууц, сууцны бус зориулалттай хэсэгт хууль тогтоомжид нийцүүлэн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа бол засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг бусад сууц өмчлөгчдөөс илүү өндөр хэмжээгээр төлүүлж болно” гэж заасан нь давж заалдах шатны шүүхэд уг зардлын хэмжээг талуудын хооронд өрнөсөн маргаанаас өөрөөр тодорхойлох эрх хэмжээг олгохгүйгээс гадна Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлөөс баталсан айл өрхийн төлөх жишиг тарифийг аж ахуй нэгж байгууллагын төлөх төлбөрийн хэмжээний доод хязгаар гэж үзэх талаарх дүгнэлт хийгээгүй.
15.2. Иймд “Б” С-ны бүх гишүүдийн хурлын 2019.09.29-ний өдрийн 01 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтаар аж ахуйн нэгжээс авах зардлыг 1 м.кв тутамд 600 төгрөг байхаар тогтоосон хэмжээгээр хариуцагчийн төлбөрийн хэмжээг тооцох нь зүйтэй.
16. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 2020 оны 02 дугаар сараас 2024 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд хамаарна гэж тодорхойлсон ба хэдийгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжихөөс үүсэх үүргийг шаардах эрхийн хугацааг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т “тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” байх зохицуулалтаар хязгаарлахгүй ч анхан шатны шүүхээс уг хугацааг хязгаарлаж шийдвэрлэсэн хэсэгт гомдол гаргаагүй тул шийдлийг хэвээр үлдээнэ.
16.1. Иймд анхан шатны шүүхийн шийдэл болох хариуцагч “РГИ” ХХК-аас 26,002,860 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Б” С-д олгож нэхэмжлэлээс 11,244,480 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдлийг хэвээр үлдээж, уг шаардах эрхийг Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт зааснаар тодорхойлж өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зарим алдаа болон хариуцагчийн нэрийг зөвтгөж шийдвэрлэсэн тул хүчингүй болгох шаардлагагүй гэж дүгнэв.
17. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч “Б” С-ны хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, хариуцагч “РГИ” ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 210/МА2025/01631 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 191/ШШ2025/04997 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч “РГИ” ХХК-аас 26,002,860 төгрөг гаргуулж “Б” С-д олгож, нэхэмжлэлээс 11,244,480 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч “Б” С-ны хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025.10.15-ны өдөр 222,958 төгрөг, хариуцагч “РГИ” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025.10.27-ны өдөр төлсөн 400,000 төгрөг төлснийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Э.ЗОЛЗАЯА
Б.УНДРАХ
Д.ЦОЛМОН