Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 214

 

                                    Э.Н-т холбогдох эрүүгийн

                                  хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 324 дүгээр шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 09 дүгээр магадлалтай, 201419000693 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч Ц.Дарьжав нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1988 оны 2 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Э.Н нь Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т заасан “Танхайн сэдэлтээр хүнийг санаатай алах” гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос Э.Н-т 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, Э.Н-ийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жил хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 09 дүгээр магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Н, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Э.Н гаргасан гомдолдоо: “...Анхан болон давж заалдах шатны шүүх намайг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон ял оногдуулахдаа хэрэгт цугларсан нотлох баримтыг дутуу үнэлэх, зарим баримтыг огт үнэлэхгүйгээр орхигдуулах зэргээр гэрч Бямбадаваа, Баянмөнх нарын эргэлзээтэй, зөрүүтэй, бусад баримтаар үгүйсгэгдсэн мэдүүлгийг голлон үндэслэж надад ял халдаасан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

...Талийгаачийг хутгалсан гэх 5 ширхэг хутганы алийг нь ч би бариагүй байхад гэрт байсан хүнсэнд хэрэглэдэг 2 хутга, огт хэрэглэдэггүй хаана байсныг нь ч мэдэхгүй талхны мохоо 3 хутгыг эзэнгүй гэрээс хурааж аваад ... эдгээр хутганы аль нэгээр Н талийгаачийг хутгалж амь насыг нь хохироосон хэмээн дүгнэж байгаа нь ойлгомжгүй.

Бямбадаваа, Оюунбаатар нар талийгаачийг гэрээс нь яагаад худал хэлж авч гарах болсон, зодоон болоогүй гэх атлаа түүний хувцаснууд хаана, хэзээ урагдаж ханзарсан болох, хутгалуулсан гэх хүнийг хэнд ч хэлж үзүүлж харуулалгүй авч явсан, яаралтай эмнэлэгт хүргэх гээд хүнд хэлэлгүй яарч явсан гэх атлаа туршилт хийсэн хугацаанаас 2 дахин удаан явсан, сумын цагдаа миний мөнгийг ямар ч тэмдэглэл үйлдэхгүй хураан авч алга болгоод хүн амины хэргийг дан ганц надад тулган бусад хамт явсан сэжиг бүхий хүмүүсийн хувцас болон биед үзлэг хийж хутга мэс, уранхай цоорхой тоос шороо байгаа эсэхийг ч шалгахгүй тэгш бус хандсан асуудал зэрэг нь жинхэнэ эзнийг олж тогтоох сонирхолгүй байгааг харуулна.

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 01 тоот дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг, эд мөрийн баримтаар тооцож авсан 5 ширхэг хутга, мөр судлалын шинжээчийн дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Гэрч Бямбадаваа, Баянмөнх нарын мэдүүлгүүд дотроо болон өөр хоорондоо, бусад нотлох баримттай зөрүүтэй үнэмшилгүй эргэлзээ бүхий байхад тэдгээр мэдүүлгүүдийг шүүх туйлын үнэн хэмээн дүгнэж тухайн гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдон тогтоогдоогүй байхад хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэн ял шийтгэсэнд гомдолтой байна. Иймд хэргийг хянаж жинхэнэ эзэн этгээдийг тогтоож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дарьжав гаргасан гомдолдоо: “...Мөрдөгч энэ хэргийг шалгах явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр түүний аав, ээж, эхнэрийн хэн алиныг бус ах Ганзоригийг тогтоож, шүүх хохирлыг Ганзоригт олгохоор шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, гэмт хэргийн ул мөр үлдсэн агуулсан эд зүйлийг тооцно гэж заасан. Э.Н-ийн гэрээс хураан авсан 5 ширхэг хутганд шинжилгээ хийхэд хэрэгт ач холбогдолтой ул мөр илрээгүй байхад эд мөрийн баримтаар тооцсон нь хууль зөрчсөн үйл ажиллагаа мөн. Бямбадаваа, Баянмөнх нар Э.Н-ийг хутга барьсаныг хараагүй гэдэг. Мөрдөгч хэрэг шалгах явцад уг хутгануудыг алга болгосон тул түүнд арга хэмжээ тооцсон баримт хэрэгт хавсаргасан байх боловч нэгэнт эд мөрийн баримт алга болсон тул шийдвэрлэх боломжгүй, эсхүл эд мөрийн баримт гэж үзэхгүй талаар шүүх ямар нэг байдлаар дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д заасныг зөрчиж байна. Н-ийн дээлнээс ч хэргийн ул мөр илрээгүй байхад шүүх шийтгэх тогтоолдоо устгахаар заасан нь ойлгомжгүй бөгөөд эд мөрийн баримтаар тооцох хууль зүйн үндэслэлгүй. Мөрдөгч болон прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй байхад шүүх хэт нэг талыг баримтлан Э.Н хүнийг хутгалж алсан гэм буруутайд тооцож ял шийтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй буюу хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Гэрч Бямбадаваа, Баянмөнх нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдийг харьцуулахад үйл баримтын талаар янз бүр мэдүүлсэн байгаа нь тэд үнэн зөв мэдүүлэг өгдөг эсэх нь эргэлзээтэй.

Хохирогч Ган-Эрдэнэ нь хүнд зэргийн согтолттой байсан талаар шинжээчийн дүгнэлтэнд тэмдэглэгдсэн тул энэ тохиолдолд бусдыг сугадаж чирч явах, машин жолоодох чадвартай эсэх талаар шалгах, Сэвжид, Бямбадаваа нарын мэдүүлгийг шалгах, сумын цагдаа Цэрэнбудыг гэрчээр байцаан Н-ийн мөнгө эд зүйл хаана байгааг тогтоох, гэрч Ганболд, Эрдэнэцэцэг нарын мэдүүлгийн зөрүүг арилгах зэрэг ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагатай байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Н.Н-ийн үйлдсэн гэмт хэрэг хангалттай нотлогдон тогтоогдсон. Өмгөөлөгчийн гаргасан гомдлыг удаа дараа шалгасан байдаг. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг зөв тогтоосон. Хууль буцаан хэрэглэсэн нь үндэслэлтэй бөгөөд шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Э.Н, түүний өмгөөлөгч Ц.Дарьжав нарын гаргасан гомдлыг үндэслэн Э.Н-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй бөгөөд шийтгэх тогтоол, магадлал нь хуульд заасан шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Э.Н нь 2014 оны 12 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө согтуугаар Төв аймгийн Цээл сумын нутагт Г.Ган-Эрдэнийг цээжин тус газарт нь хутгалж алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Прокуророос Э.Н-ийг танхайн сэдэлтээр хүнийг санаатай алах гэмт хэрэгт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Э.Н-ийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөхдөө Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүх Э.Н-т Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жил хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, түүний гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж үзэв.

Шүүгдэгч Э.Н нь амь хохирогч Г.Ган-Эрдэнийг хутгалж санаатай алсан үйл баримтыг анхан болон давж заалдах шатны шүүх гэрч Д.Бямбадаваа, Ө.Баянмөнх нарын мэдүүлэгт тулгуурлан үндэслэлтэй зөв тогтоосон бөгөөд нэр бүхий гэрчүүдийн мэдүүлгийг үгүйсгэх, тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэж сэжиглэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхээс тогтоосон үйл баримтыг эс зөвшөөрч, шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгох талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 324 дүгээр шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 09 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Н, түүний өмгөөлөгч Ц.Дарьжав нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                            С.БАТДЭЛГЭР

                                                                                                Б.БАТЦЭРЭН

                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН